| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2024/06561/И |
| Дугаар | 197/ШШ2025/06234 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/06234
2025 05 16 197/ШШ2025/06234
Нэхэмжлэгч: ********** оршин суух, Мижиддоржийн Байгалмаа /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** оршин суух, Ш.Бд холбогдох
Ажлын хөлс 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч миний бие Ш.Б гуайг 3 хоног асарсан тул 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү, энэ ажлыг түүний бэр хүүхэнтэй утсаар тохиролцож, хийсэн тул хөлс шаардах эрхтэй гэж үндэслэлээ гаргаж байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан байх ба мөн хуулийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заажээ.
Шүүх хариуцагч Ш.Бд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явуулсан бөгөөд хариуцагчид мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг баталгаат шуудангаар явуулсан боловч хүлээн аваагүй байна. Иймд хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагаа явуулахад хариуцагч Ш.Б нь хүнд өвчний улмаас шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй талаар цагдаагийн албан хаагч илтгэх хуудас бичсэн. Иймд шүүгчийн туслах нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүрэг танилцуулах, хариу тайлбар авах, хуралдааны тов мэдэгдэх зэрэг ажиллагаа явуулахаар гэрт нь очиход хүндэтгэн үзэх шалтгаантай буюу хүндээр өвчилсөн байдалтай, түүнийг асран хамгаалах этгээд байгаагүй болох нь тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд иргэний эрх зүйн хэлцэл байгуулагдсан гэж үзэхээргүй байна.
Харин нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд М.Б нь Ш.Бг нэг өдрийн 100,000 төгрөгөөр асруулах үйлчилгээг түүний бэр гэх хүнтэй утсаар, амаар тохиролцсон байх ба энэ тохиолдолд хэлцлийн нөгөө талаас хөлсийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг зөв тодорхойлж, шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Ш.Бд холбогдох ажлын хөлс 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 9,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН