Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01099

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01099

 

 

 

Х.Ө нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01525 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Ө хариуцагч Б.Жөд холбогдуулан гаргасан худалдан авсан эд хөрөнгийн доголдол арилгахад гарсан зардал 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б.Баас 03... ДГО улсын дугаартай ачааны зориулалттай, 1997 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй Дэйву ультрановус маркийн ачааны автомашиныг худалдан авсан. Худалдагч тал Б.Б нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой өмчлөлийн ямар нэг маргаангүй автомашиныг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь автомашины үнэд 28 000 000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн.

Би 28 000 000 төгрөгөө төлсөн. Б.Б нь тээврийн хэрэгслийг ямар ч биет байдлын доголдолгүй, үүргээ сайн биелүүлэх чанарын шаардлага хангасан гэж надад итгүүлэн гэрээ хийсэн өдрөө буюу 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр надад хүлээлгэн өгсөн. Уг автомашин тухайн өдрөө мотор нь цохисон. Энэ тухай би Б.Бт хэлсэн боловч автомашинаа надад засч өгөөгүй тул би өөрөө мөнгө гаргаж моторыг солиулсан.

Б.Бт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч уг автомашины эзэн нь Б.Ж байсан учраас хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар сольсон. Б.Жийн эхнэрийн данс руу мөнгийг шилжүүлсэн болон авсан дээр маргаан байхгүй. Гэрч болон хэргийн оролцогчдын тайлбараар автомашины доголдлыг тэр дор нь мэдэгдсэн гэдэг нь нотлогдож байгаа. Доголдол байсан гэдэг нь баримтаар нотлогдоно. Гэрч мотор авсан талаар тайлбар өгсөн. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр доголдол байсан гэж үзэж байна. Иймд хариуцагч Б.Жөөс автомашин худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу мотор сольсон зардал 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Бын өмчлөлийн 03... ДГО улсын дугаартай автомашин 2-3 жилийн хугацаанд ломбардад байсан. Х.Ө болон н.Хашбаатар нар нь ломбардад байгаа автомашиныг очиж үзээд авч болох юм байна гээд тохирсон. Б.Бтай худалдах-худалдан авах гэрээ байгуулаад автомашиныг сайн шалгаж үзсэн. Нэхэмжлэгч автомашиныг худалдаж авсныхаа дараа мотор нь дуугараад байна гэсэн. Удаан зогссон автомашин учраас тосыг нь солиорой гэж хэлсэн. Моторыг солиход гарсан зардал 5 000 000 төгрөгийг буцаан авна гэж н.Хашбаатар хариуцагч руу ярьсан. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б.Бт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчаа сольсон. Би хариуцагч биш, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож гэрээн дээр гарын үсэг зурсан, автомашины эзэмшигч нь Б.Б юм. Тухайн автомашиныг доголдолгүй гэж өөрийн нэр дээрээ Х.Ө шилжүүлж авсан. Машиныг буцааж өгөөд мөнгөө буцаагаад шаардах боломжтой байсан. Дур мэдэн автомашинд засвар хийгээд мөнгийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Автомашины өмчлөгч нь Б.Б учраас Б.Баас мөнгийг шаардах хэрэгтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. н.Б, н.Э нарын данс руу 5 000 000 төгрөг орсон гэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Жөд холбогдох 5 000 000 төгрөг гаргуулах тухай Х.Ө нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч Б.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээнд худалдагч талыг төлөөлж оролцсон боловч худалдагч талын эрх эдэлж, үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх хариуцагчаар тодорхойлсон Б.Б нь нэхэмжлэгчид уг автомашин зөвхөн миний нэр дээр байсан боловч жинхэнэ эзэн нь Б.Ж юм, тиймээс би Б.Жөд итгэмжлэл хийж өгсөн автомашин худалдсан мөнгийг огт аваагүй Б.Ж авсан, би тийм болохоор автомашин худалдан авсан хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, надад энэ асуудал огт хамаагүй гэсэн тул шүүхэд энэ тухай тайлбарлан хариуцагчаар Б.Жийг солих хүсэлт шүүхэд гаргасан, шүүх шууд хүсэлтийг хангасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх өөрөө нотлох баримтаар тогтоогдсон жинхэнэ хариуцагч гэж үзээд хариуцагч Б.Быг Б.Жөөр солих захирамж гаргаж хариуцагчийг сольсон байдаг атлаа хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь Б.Ж биш гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг зөрчсөн байдаг.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч Б.Жтэй арваад жил найзалсан найз болох гэрч Ч.М найз Б.Ж өөрийн автомашинаа зарна гээд би хамт ажилладаг Х.Ө энэ хоёрыг уулзуулж автомашин авахад нь xaмт , эвдрэхэд нь хамт байсан. Энэ нь Б.Жийн өөрийн автомашин, Б.Ж, Х.Ө хоёрын хооронд бодитоор автомашин худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн, учир нь энэ хоёр л үнээ тохирсон, мөнгийг Б.Жийн хэлж өгсөн дансанд Х.Ө шилжүүлсэн, энэ автомашин худалдах-худалдан авах ажиллагаанд Б.Б гэдэг хүн бодитоор оролцоогүй гэж мэдүүлдэг.

Гэрч Ч.Мн мэдүүлэг нь мөнгө шилжүүлсэн дансны хуулга, нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Тодруулбал 5 000 000 төгрөгийг Б.Жийн хэлж өгсөн дансаар түүний эхнэрт шилжүүлсэн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдагч Б.Ж автомашиныг Х.Өд худалдаж, уг автомашины үнийг Х.Өсөх- Эрдэнэ нь Б.Жөд шилжүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг ойлгосон атлаа бодит байдалд огт нийцэхгүй шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дах заалтыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч Б.Жөд холбогдуулан худалдан авсан эд хөрөнгийн доголдол арилгахад гарсан зардал 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээнд төлөөлж гарын үсэг зурсан, хариуцагч биш гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр огноолсон Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ нотлох баримтаар авагдсан байна. Уг баримтаас үзвэл, худалдагч тал Б.Б нь 03... ДГО улсын дугаартай, Дэйву ультрановус /Daewoo ultranovus/ маркийн, ачааны зориулалттай 1997 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч авагч Х.Ө хувьд гэрээний үнэд 28 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байх ба гэрээнд худалдагч Б.Быг төлөөлж Б.Ж гарын үсэг зуржээ. /хх-4/

Уг гэрээний зүйл болох автомашин нь Б.Бын эзэмшилд 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэлтэй байсан, тэрээр гэрээний дагуу автомашины эзэмших эрхийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Х.Ө нэр дээр шилжүүлсэн, мөн худалдан авагч нь автомашины үнийг төлөөлөгч Б.Жийн заасан данс руу шилжүүлсэн үйл баримт хэргийн 4 дэх талд буй тээврийн хэрэгслийн гэрчилгээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-61-62/

Анхан шатны шүүх дээрх үйл баримтуудыг үндэслэн Б.Б, Х.Ө нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх журамд нийцжээ.

Учир нь хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан байна.

Хэргийн баримтаар хариуцагч Б.Ж нь төлөөлүүлэгч Б.Баас олгосон эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс нэхэмжлэгч Х.Өтэй хэлцэл хийсэн гэдэг нь тогтоогдсон тул уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг төлөөлүүлэгчид бий болно.

Иймээс худалдан авсан автомашины доголдлыг арилгахад гарсан зардлыг хариуцагч Б.Ж нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт нийцэж байна.

Хариуцагч талаас анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг, мөн нотлох баримт үнэлэх журмыг тус тус зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч нь Б.Быг хариуцагчаар тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Быг жинхэнэ хариуцагч Б.Жөөр солих хүсэлт гаргасан болох нь хэргийн 1, 9 дэх талд буй нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийг солих хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг сольсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Гэрч Ч.М нь Х.Ө худалдаж авсан машин Б.Жийн машин мөн үү гэх асуултад Мөн гэж, Б.Ж ... ахынхаа машиныг зарсан гэсэн зөрүүтэй мэдүүлэг өгсөн /хх-60/ байх бөгөөд уг мэдүүлэг нь талуудын маргааны зүйл болох автомашин хариуцагч Б.Жийн эзэмшилд байсан гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна. Мөн худалдан авсан автомашины үнийг хариуцагчийн эхнэрийн дансанд шилжүүлсэн гэх тайлбарыг үндэслэн хариуцагч Б.Жийг худалдах-худалдан авах гэрээний нэг тал, тэрээр уг гэрээний эрх, үүргийг хүлээх этгээд гэж үзэх боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД