| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0059/э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 65
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Х.Энхтуул,
Шүүгдэгч З.Ч-ийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: З.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, З ургийн овогтой З-ийн Ч-д холбогдох эрүүгийн 1835000610077 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургуулийн оюутан, ам бүл-7, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Ховд сумын 2-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОП95061313, З ургийн овогтой З-ийн Ч.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.Ч нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой Увс аймгийн Ховд сумын 2-р багийн нутагт хохирогч Ц.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч З.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.Ч нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой Увс аймгийн Ховд сумын 2-р багийн нутагт хохирогч Ц.Э-ийн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Э-ийн: “ 2018 оны 02 дугаар 08-ны өдөр би өөрийн мал байдаг газар болох Шивэр багийн нутаг “Нүнсэл” гэх газар өөрийн аав Ц-ын гэрт очиж малаа эргэчихээд орой 19 цагийн үед багийн төв дээр болж байгаа цагаан сарын битүүний үйл ажиллагаан дээрээс эхнэр Г-г авахаар очсон. Тэгсэн багийн төвд зохион явуулсан арга хэмжээ тарчихсан байсан ба манай үеийн залуучууд тухайн ажиллагааг зохион байгуулж дуусгаад хоорондоо бүлгийн даргаа сонгохоор багийн төвийн контор дотор юм яриад сууж байсан. Би тэнд суугаад юм яриад сууж байтал М гэх залуу хоёр шил “Ерөөл” нэртэй архи авч ирээд намайг “ архи сөгнөчих” гэхээр нь би тухайн архийг хийж тойруулаад дуусгачихаад сууж байтал Н, Ч хоёр багийн хурлын даргын өрөөнд маргалдаад байхаар би очиж салгах гэтэл Н надтай хэрэлдсэн. Тэр үед М намайг салгаж Н-г О гэх залуу дагуулаад гарсан. Бас хурлын дарга Г бид хоёрыг салгасан. Тэгээд би дээрх залуучуудыг “Тарцгаая” гэхэд Ч над руу “Чи яахаараа манай үеийнхнийг тараадаг юм. Чи хэн юм бэ” гээд дайрч байгаад гараад яваад өгсөн бөгөөд багийн контор дотор байсан залуучууд бас гараад явсан. Надтай М, хурлын дарга Г нар үлдсэн. Тэгээд би гараад явж байтал Ч намайг дуудаад багийн конторын хойд талд гаргаад “Чи манай үеийнхнийг тараадаг хэн юм” гэж дахин хэлээд намайг хавирч унагаагаад цохьсон. Тэгсэн хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан ба би мотоциклоо асаагаад харих гээд хөдөлсөн. Манай эхнэрийг Л машиндаа суулгаад намайг дагаад явсан. .....тэгээд машин дотор Л бид хоёр байж байтал Ч машины кабины хаалгыг татаж онгойлгоод “Буугаад ир” гээд намайг заамдаж татаад буулгасан. Тэгээд миний толгой руу цохиж унагаахад нь би босоод иртэл дахин заамдаж авсан. Тэгсэн гэнэт машины гэрэл гарч намайг мөргөх шиг болоход би газарт унаад амьсгаа авч болохгүй байсан. Тэр үед хэн нэгэн намайг машинд суулгах шиг болсон бөгөөд яг хэн суулгасныг би мэдэхгүй байна. Би машины ар талын суудал дээр суугаад явж байтал Л намайг “Зүгээр үү, бие чинь яаж байна” гэхээр нь би “Амьсгаа бага зэрэг дутуу авагдаад байна” гэж хариулахад Л “Тэгээд одоо хоёулаа яах уу” гэж асуухаар нь би “Багийн эмчийн гэрт очъё” гэж хэлсэн. Тэгээд явж байтал урдуур мотоцикль орж ирж машиныг зогсоож Л-ыг буулгаад намайг сумын төвийн эмнэлэгт хүргэж ирсэн. Ч гэх залуу миний толгойн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Л гэх залуу машинаараа нурууны ар талын хэсгээр шүргэсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан. Одоо миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад Ч, Л гэх залуучуудад гомдол санал байхгүй. Дээрх залуучууд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, надаас уучлал гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-16х/,
хохирогч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн “ Ч нь намайг Шивэр багийн конторын ар талд барьж авахдаа зүүн нүд тус газар нэг удаа гараараа цохисон. Мөн багийн манаач Ч-ийн гэрийн гадна хоолой боож толгойн тус газар нэг удаа гараараа цохьсон. Тухайн үед миний зүүн нүд хөхөрсөн, толгой бага зэрэг өвдөж байсан. Намайг зодсоныг эхнэр Г болон Л нар харсан байх. Тухайн үед орой болчихсон байсан учир өөр хэн нэгэн хараагүй. Ч-д зодуулах үед миний амьсгал хэвийн авагдаж, мөн хавирганд ямар нэг бэртэл гэмтэл байгаагүй. Харин зүүн нүд өвдөж байсан. Ч нь намайг Ч-ийн гэрийн гадна миний толгойн тус газар нэг удаа гараараа цохиж мөн заамдаж мушгиж унагаасан. Тухайн үед миний толгойнд гэмтэл учирсан. Намайг үеийн залуучуудад нь хандаж “Орой болсон байна, одоо таръя” гэж хэлснээс болж цохисон байх гэж бодож байна. Харин Л нь намайг машиндаа суулгаж авч явах гээд эргэхдээ шүргэсэн байх гэж бодож байна. Миний биений баруун талын хавирга тус газар машинаараа ирж шүргэсэн. Тухайн үед Л халамцуу байсан. Миний зүүн нүд зовиуртай, толгой бага зэрэг өвдөж байсан. Л намайг машинаар мөргөсний дараа амьсгал авч болохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
гэрч Г.Г-гийн “ 2018 оны 02-р сарын 08-ны өглөө би ээжийн хамт 11 цагийн үед багийн төв дээр хуралд ирэх хүмүүсийн хоол цай хийж өгөхөөр буюу үйлчилгээнд ирсэн. Тухайн багийн битүүний үйл ажиллагааг манай төгсөлтийн 10 гаруй залуучууд зохион байгуулсан. Дээрх битүүний үйл ажиллагаанд ахмад настай 40-50 хүн болон сумын удирдлагууд ирсэн. Орой 18 цагийн үед арга хэмжээгээ дуусгаж, хүмүүсээ явуулчихаад манай багийн залуучууд бүлгийн даргаа сонгохоор үлдэж бүлгийн даргаар Ж гэх залууг, нарийн бичгээр Д нарыг сонгосон. Тэгээд хоорондоо багийн төвийн байранд битүүг сайхан зохион байгуулсан талаараа ярьж суунгаа “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи уусан. Яг хэдэн шил архи уусныг би мэдэхгүй байна. Манай нөхөр болох Э багийн битүү тарсны дараа өөрийн мотоцикльтой ирж, бид нарын ууж байсан архинаас уусан. Мөн Л-ын машин дотор бас нэг шил “Ерөөл” нэртэй архи хувааж ууж байсныг би өөрөө харсан. Тэгээд бид нар багийн контороос гараад би Л-ын машинд Ө-гийн хамт суугаад явсан. Харин манай нөхөр Э нь өөрийн мотоциклоо бариад бид нарыг дагаад харих гээд явж байтал А гэх ах замд таараад “Машины мотор цохилоо. Чи яваад ус аваад ир” гэж манай нөхөрт хэлсэн. Тэгсэн манай нөхөр Л-ын хамт машинаар нь усанд яваад, Ө бид хоёр А болон түүний эхнэрийн хамт 4-үүлээ А-гийн машины хажууд бууж хоцорсон. Тэгээд удалгүй нөгөө хоёр 60 литр ус авч ирээд А ах машинаа асаагаад бид 4 машинаар Шиврийн голын гүүрэн дээр А ахыг гаргаж өгчихөөд буцаад зам дээр орхисон манай нөхрийн мотоциклийг авах гээд очиход байхгүй байсан. Тэгээд нөгөө ус авсан саваа хүргэж өгөхөөр Ч-ийн гэрт очиход гэрийн гадна манай нөхрийн мотоцикль зогсож байсан. Тухайн үед манай нөхөр Э машины урд талын суудал дээр сууж байтал Ч гэх залуу ирж “Нааш ир” гээд Э-ийг дуудаад явсан. Тухайн үед Ч гэх залуу эрүүл шахуу байсан учир би гэрт орж нөхрийнхөө мотоциклийн түлхүүр авахаар орсон. Гэтэл гадна хүмүүс шуугилдахаар нь би гарахад урдаас М “Нөхрийг чинь машин мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгээд би нөхөр дээрээ яваад очтол Э доошоо хараад бөхийсөн байдалтай хэвтэж байхаар нь “Юу болов” гэж асуухад “Амьсгаа авч болохгүй байна” гэж хариулсан. Тэгээд бид нар сумын төвийн эмнэлэг явсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
гэрч Ч.Ц-ийн өгсөн “.. би багийн манаач Ч-ийн гэрт очоод гадаа нь байж байтал Ч, Э гэх хоёр залуу хоорондоо түлхэлдээд зогсож байтал Л гэх залуу гэнэт машинтайгаа ирээд Э-ийг шүргэх шиг болсон. Тэгэхээр нь би “Хүн аллаа чи” гээд орилоход гэр дотор байсан хүмүүс бүгд гарч ирээд “Юу болсон” гээд Эөөс асууж эхэлсэн. Би тухайн залууд айсандаа ойртож очоогүй. Тэр үед Л “Юу болсон бэ зүгээр үү” гээд Э-өөс асууж байсан. Тэгээд Э-ийг машиндаа суулгаад урагшаа яваад өгсөн. Тухайн үед Э архи согтууруулах ундаа хэрэглэсэн нилээн согтолттой байсан. Л мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
гэрч Ч.Ц-ийн дахин өгсөн “2018 оны 02 дугаар сарын 08-ны орой би Шивэр багийн конторын гадна зогсож байтал Ч, Э хоёр багийн конторын ар тал руу явахаар нь би дагаад явтал Ч нь Э-ийг газарт унагаачихсан байсан. Тэгэхээр нь би Ч-г салгаж аваад холдуулаад багийн төвийн манаач болох Ч-ийн гэрийн гадаа очсон. Би тэдний гэрийн гадаа зогсож байтал машин ирж зогсоод Э, Л хоёр буусан. Тэр үед Ч очоод Э-тэй маргалдаад байхаар нь би очтол намайг “Цаашаа бай” гэж Э хэлэхээр нь би мотоцикль руугаа яваад өгсөн. Тэгээд Ч, Э хоёр юм яриад зогсож байтал Л нь машинаараа Э-ийг шүргэх шиг болсон. Тэр үед Э газарт хэвтсэн ба гэр дотор байсан хүмүүс гэрээс гарч ирцгээсэн. Намайг харж байхад Ч нь Э-ийг хавирч унагаасан. Өөрөөр яаж цохисон болохыг нь би хараагүй. Тухайн үед харанхуй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
гэрч Д.Л-ын “...Тухайн үед би машин дотроос Ч, Э хоёр луу машиныхаа гэрэл асаагаад зогсож байтал Ч нь Э-ийг тонгорч унагаагаад нүүр тус газарт нь гараараа цохих шиг болсон. Тухайн үед Э-ийн биед ямар нэгэн гэмтэл учирсан эсэхийг хараагүй. Тухайн үед харанхуй байсан. Э миний машинд явж байхдаа Ч-д зодуулсан талаараа хэлж байсан ч хаанаа ямар гэмтэл авснаа хэлээгүй. Би Ч-ийн гэрийн гадна Ч Э-ийг машинаас буулгаж зодсоныг хараагүй. Би Э-ийг суудлын 74-87 УВХ улсын дугаартай “Тоёото самру” маркийн машинаар шүргэсэн. Би тухайн үед бага зэрэг согтолттой байсан учир Ч-ийн гэрийн гаднаас машинаа буцааж эргүүлж Э-ийн гэр лүү явах гээд асаагаад хөдөлтөл машины гэрэлд Ч, Э хоёр сууж байсан. Тэгсэн нэг нь миний машинд шүргүүлэх шиг болохоор нь би буугаад хартал Э газар хэвтэж байсан. Тэгээд би Э-ийг машинд суулгаад явахад “Амьсгал дутуу авагдаад байна” гэж хэлж байсан ба өөр ямар нэг бэртэл гэмтэл авсныг олж хараагүй. Тухайн үед харанхуй байсан, дээр нь би сандарсан байсан учир нүүр царайг нь сайн харж чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №153 дугаартай: “Үзүүлэгч Ц.Э-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, цээжний баруун талын 6-р хавирга зөрөөгүй хугарсан, зүүн нүдний салстад цус хуралт, нүдний зовхинд хар хөхөрсөн, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ц.Э-ийн биед урьд нь хамар муруйлттай байсан байна. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 53/,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 220 дугаартай: “ 1.Иргэн Ц.Э-ийн биед учирсан цээжний 6-р хавирга хугарсан гэмтэл нь тусдаа бие даасан гэмтэл мөн байна. 2.Цээжний баруун талын 6-р хавирганы хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 3. Ц.Э-ийн биед учирсан тархины доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, нүдний зовхинд хар хөхөрсөн гэмтэл нь тусдаа бие заасан гэмтэл мөн байна. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хх-ийн 66х/,
шинжээч эмч О.Пунцагийн “Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ховд сумын иргэн Э-ийн биед үзлэг хийгээд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн карт болон бусад шинжилгээг үндэслэн тархины доргилт, цээжний баруун талын 6-р хавирганы зөрөөгүй хугарал, зүүн нүдний салстад цус хуралт зэрэг гэмтлүүдийг үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах дүгнэлт гаргасан. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлээр нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байж болно. Э-ийн биед учирсан 6-р хавирганы хугарал гэмтэл нь машин шүргэснээс болж үүссэн гэмтэл мөн. Харин толгойн доргилт, нүдний салстад цус хуралт гэмтлүүд нь гараар цохиход үүссэн гэмтэл болно. Нүдний салстад цус хуралт, толгойн доргилт зэрэг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6-р хавирганы хугарал гэмтэл нь мөн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл юм” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,
гэрч А.Н-ийн “2018 оны 02-р сарын 08-09-нд шилжих шөнө 01 цагийн үед Э-ийн биед үзлэг хийсэн. Үзлэгээр орчиндоо харьцаа сул, архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн, зүүн нүдний дээд зовхи нь хөхөрч хавагнасан, цээжний баруун талд тэмтэрч үзэхэд хөндүүр, өвчин эмзэглэлтэй байсан. Хамар, аманд нь бага зэрэг цус хатсан байдалтай, амин үзүүлтүүдийг үзэхэд хэвийн байдалтай байсан. Цээж болон ил харагдах биед нь ямар нэг хөхрөлт няцралт, ил гэмтэл байгаагүй. Тухайн залуу архи согтууруулах ундаа их хэмжээний хэрэглэсэн байдалтай манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Тухайн үед Э хүнд зодуулж, машинд шүргүүлсэн гэж хэлж байсан. Манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зүйл байхгүй. Харин цус тогтоох тариа, хордлого тайлах шингэн зэрэг эмчилгээ хийлгээд ирсэн шөнөө надаар бичиг хийлгэж аваад өглөө үүрээр ах дүү нар нь аваад Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлхээр явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,
шүүгдэгч З.Ч-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай үеийн залуучууд Ховд сумын Шивэр багийн сар шинийн битүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулсан ба тухайн үйл ажиллагаа орой 17 цагийн үед тарсан. Харин бид нар үүрийн даргаа сонгохоор үлдэж М гэх залууг сонгосон. Тэгээд хоорондоо юм ярьж суух зуураа хоёр шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж ууссан. Тэр үед Э согтоод багийн даргын өрөөнд орохоор нь би араас нь яваад ортол ширээ сандал эвдчихсэн байсан. Мөн манай үеийн залуучуудыг “Орой ирж тараана” гээд орилоод байхаар нь би “Чи боль” гэж хэлэхэд намайг хэл амаар доромжилж, миний нүүрийг самардахаар нь би Э-ийг дагуулж багийн конторын ар талд гаргаад ойлгуулж хэлэх гэхэд намайг заамдаад дээлний энгэр урахаар нь би хавсарч унагаагаад толгойн тус газар нэг удаа цохьсон. Тэгээд Э надтай зууралдаад байхаар нь би салгаад П гэх хүнтэй айл руу явчихсан юм. Тэгээд тухайн айлд нилээн байж байгаад буцаад багийн конторын гаднаас мотоциклоо очиж аваад, харих гээд явж байтал замд Д гэх залуугийн мотоциклийн дугуй хагарчихсан зогсож байхаар нь бид нар Ч-ийн гэрийн гадна очсон. Тэгээд Ч-ийн мотоциклийн дугуйг авч хийх гээд зогсож байтал араас машин ирж зогсоод удаад байхаар нь би тухайн машин руу харахад Э машинд сууж байхаар нь би очоод Э-ийг дуудаж буулгаад ойлгуулж хэлэх гээд холхон гараад сууж байтал гэнэт машины хурц гэрэл гарч тулж ирсэн. Тэр үед би босоод зугатааж холдсон. Харин Э-ийг шүргээд унагаачихсан. 2018 оны 02 дүгээр сарын 08-ны орой би архи, согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Харин Э архи уучихсан, согтуу байсан. 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой Э элдэв янзын үг хэлээд, дайраад байхаар нь түүний толгойн тус газар нэг удаа, нүүр нь тус газар нэг удаа цохьсон. Бид хоёрын хооронд урьд өмнө нь ямар нэг өр авлага өс хонзонгийн асуудал байгаагүй. Э-ийг цохиж байх үед П машин дотроо байсан. Мөн Л харж байсан юм. Э нь манай үеийнхнийг тараана гэж хэлээд мөн чамайг ална энэ тэр гээд элдэв бусаар хэлээд байхаар нь би түүнийг цохисон. Би Э-ийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Э-д учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Э бид хоёр учраа олж эвлэрсэн. Би Увс аймгийн Ховд суманд оршин суудаг. Одоо Завхан аймаг дахь МУИС-ийн салбар сургуульд Татвар нягтлангийн ангийн 4-р курсын оюутан юм. Би өөрийн гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч З.Ч-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Э-ийн биед тархины доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, нүдний зовхинд хар хөхөрсөн гэмтэл учирсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаардаг болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч З.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Харин тухайн үед буюу 2018 оны 2 дугаар сарын 08-ны орой Ц.Э-ийн биед цээжний баруун талын 6-р хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл учирсан нь шүүгдэгч З.Ч-ийн үйлдэлтэй холбоогүй бөгөөд уг гэмтлийг Д.Л гэгч машинаар шүргэж учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Д.Л нь 74-87 УВХ улсын дугаартай , Тоyoто Camri маркийн автомашины жолоодож яваад “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 9.2-д заасныг зөрчиж Ц.Э-ийг шүргэж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан зам тээврийн ослын талаар гаргасан 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хууль/ 27.10 дугаар зүйл/ -д заасан гэмт хэргийн шинжгүй тул мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй нь үндэслэлтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
2. Шүүгдэгч З.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон байна.
Шүүгдэгч З.Ч-ийн хувийн амьдрал, зан байдлын талаар гэрч И.Д-ын “Ч нь миний эмэгтэй дүүгийн хүүхэд юм. Ам бүл-7 аав, ээж, 4 дүүгийн хамт амьдардаг, айлын хамгийн том хүүхэд юм. Ч нь Улаангом сумын 1-р 10 жилийн сургуулийг 2013 онд төгсөөд МУИС-ийн Завхан аймаг дахь салбарын Татвар, нягтлан бодогчийн ангид элсэн орж суралцаж байгаа юм. Ч нь хувь хүний хувьд даруу төлөв зантай, нийтэч, хүнд тусархуу, аав ээждээ халамжтай, гэрээс барагтаа гараад байдаггүй хүүхэд юм. Архи, тамхи, хэрэглэдэггүй. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй даруухан хүүхэд юм. Ч-ийн аав болох З нь Ховд сумын Шивэр багт оршин суудаг баг дотроо нэр хүндтэй, сум аймгийн аврага малчин бөгөөд 1000 гаруй малтай. Амьжиргааны түвшингийн хувьд гайгүй айл юм” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,
гэрч И.Д-гийн “Ч нь миний төрсөн дүүгийн хүүхэд юм. Ч нь МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургуулийн Татвар, нягтлан бодогчийн ангид сурдаг хүүхэд юм. Ч нь хувь хүний хувьд даруу төлөв зантай, нийтэч, хүнд тусархуу, аав ээждээ халамжтай, гэрээс барагтаа гардаггүй хүүхэд юм. Хорт зуршлын хувьд архи, тамхи, хэрэглэдэггүй. Ч нь айлын хамгийн том хүүхэд бөгөөд Улаангом сумын 1-р 10 жилийг 2013 онд төгссөн. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй даруухан хүүхэд юм. Ч-ийн аав болох З Ховд сумын Шивэр багт оршин суудаг, баг дотроо нэр хүндтэй сум, аймгийн аврага малчин 1000 гаруй малтай хүн байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч З.Ч-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ц.Э нь шүүгдэгч З.Ч-ээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, түүнчлэн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн газарт нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй талаар хүсэлт /нотариатаар гэрчлүүлсэн/ гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч З.Ч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З ургийн овогтой З-ын Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ч-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч З.Ч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Ч-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН