Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/256

 

             

 

 

    2024            02             27                                          2024/ДШМ/256

 

Ц.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

шүүгдэгч Ц.О,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/100 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Алтайн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлээр Ц.От холбогдох эрүүгийн 2310027331927 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цэцэг овгийн Ц.О, 1971 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 15-99 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:М371022411/,

Ц.О нь 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 21 дүгээр байрны гадна хохирогч Г.Эын биед халдан цохиж, өшиглөн ноцолдох явцад түүний эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүхээс шалгавал зохих нөхцөл байдлыг шалгахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх. ...”, 4.5 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх. ...” зэрэг нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэв. Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно. ...” гэсэн, мөн 3 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хавсаргана. ...” гэж тус тус заасан хуулийн заалт хангагдаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн зөрчил байна. Иймд зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж, прокурорт хэрэг очтол яллагдагч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, яллагдагчийн бичиг баримт ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Алтай бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нь түүнийг хүчингүй болгох үндэслэл бий болсон байна

Тодруулбал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ногоо зарж байсан Ц.О, Г.Э нар нь маргалдаж, улмаар Ц.О нь Г.Эын биед халдан цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх бөгөөд тэдгээр нь ноцолдох явцад Г.Эын цамц урагдсан болох нь хохирогчийн “...цохисон гарыг нь бариад өөрийгөө хамгаалсан чинь миний зүүн хөл рүү дахин нэг удаа өшиглөхөд нь би хавсраад унагасан. Унахдаа миний цамцны энгэр хэсгээс зуураад миний цамцыг урсан. Миний цамцнаас Отгонбаяр ах барьсан байсан тул гарыг нь тавиулах гээд тонгойх үед хөлөөрөө миний хамар, уруул хэсэгт өшиглөхөд уруул болон шүднээс цус гарсан. ...” гэх мэдүүлгээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх үед ноцолдооны улмаас хохирогчийн хувцас урагдсан болох нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн. ...” гэх үйл баримт авагдаагүй, Ц.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Мөн хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ “...эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй. ...” гэж мэдүүлсэн байхаас гадна урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хохирогч Г.Э нь яллагдагч Ц.От гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтээ бичиж, хэрэгт хавсаргуулсан байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй. ...” гэсэн заалтыг орхигдуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хязгаарлан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэсэн мөн  шүүгчийн захирамж нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор С.Алтайн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5 дахь заалтуудад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэв. Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасан хуулийн заалт хангагдаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлгүй, мөн хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны үед болон урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хохирогч Г.Э нь яллагдагч Ц.От гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтээ бичиж, хэрэгт хавсаргуулсан. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг орхигдуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хязгаарлан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь, прокуророос шүүгдэгч Ц.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсгийн 4.5 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх. ...” гэж хуульчилсан бөгөөд хавтас хэргийн 113 дугаар талд хохирогч Г.Э энэ талаарх хүсэлтээ бичгээр гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хуулийн заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд анхан шатны шүүх нь яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой болно.

Иймд прокурор С.Алтайн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/100 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/100 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор С.Алтайн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БОЛОРТУЯА

 

                         ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

                         ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ