Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Т.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Б д холбогдох 1828000240036 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 23-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Баруунсайханы 18-14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т.Б , регистрийн дугаар ЗЮ91022302,

Шүүгдэгч Т.Б  нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 18-14 тоотод төрсөн охин 6 нас 9 сартай Б.Хг зодож, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүүхдүүдээ хичээл нь тарахаар авч гэртээ ирчихээд хоол ундыг нь хийж өгсөн. Б.Хд хичээлийг нь хийлгэх гээд суусан чинь үсгээ хооронд нь солиод уншиж чадахгүй байхаар нь уурандаа охиноо шугамаар зодсон. Бага охин халуураад байсан учраас эргэж анхаарал тавьж чадаагүй гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Х ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манай ээжийг Т.Б  гэдэг. Тухайн үед манай 2 дүүгээс өөр хүн байгаагүй. Ээж намайг урьд нь зодож байгаагүй. Манай ээж заазуураар цохиогүй, би сандраад тийм зүйл  хэлсэн. Намайг миний хичээлийн төмөр шугамаар цохьсон...” гэжээ. /хх-11/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Т.Б  бол багаасаа их томоотой даруухан хүүхэд байгаа юм. Дундговьд барилгын коллеж төгссөн. 2011 онд Өмнөговь аймгийн Тулгазаантай гэр бүл болж тусдаа амьдарсан. Түүний охин Б.Х нь над дээр байнга ирж очиж байдаг байсан. Урьд нь Б.Х над дээр очихдоо ээж зодсон гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Би Улаанбаатар хотод амьдарч байгаа, Б.Х над дээр 02 дугаар сарын 10-ны үед очсон. Тэр үед хоёр гарын шуун дээр нь хөхөрсөн сорви байсан, бусад нь эдгэрсэн гэж байсан. Өөр шарх сорви байгаагүй. Одоо бие нь зүгээр болсон байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, би Б.Хг өөр дээрээ авч байгаа одоо шилжүүлгийг нь хийлгэж Улаанбаатар хот руу явахаар бэлтгэсэн байгаа. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй, би Улаанбаатар хотод ажилд орох гээд нэг компанид өргөдөл өгсөн байсан чинь намайг ирж ажилд ор гээд дуудаад байгаа учир эргэж ирэх боломжгүй байна...” гэжээ. /хх-12-13/,

Насанд хүрээгүй гэрч Б.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Ээж намайг бага байхад зоддог байсан. Манай ээжийг Бумаа гэдэг, ээж намайг өчигдөр шөнө заазуурын ар талаар толгой руу цохиод зүүн гарын чигчий хурууг зүсээд, гар хөндүүр болгосон, хөл бүр хөндүүр болсон. Тэр хөлийг гараараа цохьсон, нуруун дээр заазуураар цохьсон ээж миний толгой, гарыг заазуурын бөгсөөр цохьсон. Намайг ээж жоохон байхад зодож байсан. Манай аав уурхайд ажилладаг. Манай аавыг Донхоо гэдэг, жинхэнэ нэрийг нь мэдэхгүй, манай ээжийг Бумаа гэдэг. Ээж гэртээ байдаг. Миний толгой, гар өвдөж байна, ээж ийм болгосон. Намайг яагаад зоддог учрыг нь мэдэхгүй байна...” гэжээ. /хх-16/,

Гэрч А.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Монгол улсын их сургуульд сурдаг, 9 сараас хойш сургуульдаа яваагүй байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч 10 цаг болж байхад манай ахын эхнэр Т.Б  өөрийн хоёр хүүхэд Б.Х, Х хоёрыг дагуулаад ирсэн. Түүний бага хүүхэд нь хатгаа аваад эмнэлэгт хэвтсэн байсан болохоор надаар хоёр хүүхдээ харуулах гэж ирсэн. Тухайн үед би анзаараагүй байсан. Нэг харахад Б.Хгийн зүүн талын чих, гар нь шалбарсан байхаар нь би Б.Хгаас “Яагаад ингэсэн юм бэ?” гэхэд Б.Х ээж намайг заазуураар зүссэн гэж хэлсэн. Яриад сууж байхад ээж нь гарч явсан байсан. Буцаад ороод ирэхэд нь би түүнээс “Та яагаад хүүхдээ зодсон юм бэ?” гэхэд “Үгэнд орохгүй байхаар нь зодсон юм” гэж хэлсэн. Хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн байсан болохоор эмнэлэг рүү яараад гараад явсан, явсан дараа нь би нэг их анзаараагүй байсан. А.О  эгч гэрт ирээд Б.Хгийн хувцасыг нь тайлаад үзсэн байсан. Намайг хүрээд ир гэж утсаар дуудсан. Би гэртээ ирээд Б.Хгийн биеийг нь үзэхэд нүүр нь хавдсан гуя шилбэ, ар дал, хоёр гар дээр нь хөхрөөд, хавдсан байсан, толгой нь хагараад цус нь гараад хатсан байхаар нь “Яагаад ингэсэн юм бэ?” гэж асуухад Б.Х ээж заазуурны ар талаар цохьсон гэж хэлсэн. Би Б.Хгийн хөхөрсөн хэсгүүдийн зургийг нь аваад, аав нь хөдөө ажилладаг болохоор утсаар зургийг нь явуулаад яах уу гэж асуухад тэр мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандсан. Т.Б  3 хүүхэдтэй, бага нь 2 настай, дундах хүү нь 4 настай, том нь 6 настай энэ жил нэгдүгээр ангид сурч байгаа. Т.Б  ер нь гэртээ хүүхдээ загнаж зандарсан байдлаар ханддаг. Харин хоёр багад нь арай гайгүй, Б.Хг л загнаад байдаг юм шиг надад санагддаг. Б.Х өөрөө ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд. Миний хажууд Т.Б  хүүхдээ зодож байгаагүй. Харин 2017 оны 10 сард билүү 11 сард байсан санагдаж байна, Б.Хгийн зүүн талын нүүр нь хавдсан хурууны мөр гарсан байсан. Би Хишгмаагаас яасан юм бэ гэж асуухад Б.Х ээж намайг алгадсан юм гэж хэлж байсан. Т.Б  ер нь архи уучих гээд байдаг, нөхөр Тулгазаан нь “Ухаа худаг” уурхайд ажилладаг, голдуу эзгүй байдаг. Эхнэр нь гэртээ хүүхдээ хараад байж байдаг. Яагаад хүүхдээ зодсоныг мэдэхгүй. Т.Б  манай ахтай гэр бүл болоод 7 жил болох гэж байна, Т.Б  жаахан ширүүн зантай юм болов уу гэж боддог...” гэжээ. /хх-17/,

Гэрч А.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагийн үед А.А тай гэрт нь очиход Т.Бийн хоёр хүүхэд байж байсан. Б.Хгийн бие нь хавдсан байхаар нь би Б.Хгийн гар толгойг нь үзэхэд шалбарсан байсан. А.А г утсаар дуудаад ирэхэд нь Б.Хгийн цамцыг тайлж үзэхэд далан дээр нь хөхөрсөн байсан. Яагаад ийм зүйл болсон юм бэ гэж асуухад ээж намайг заазуураар зодсон гэж хэлж байсан. Б.Хгийн аав нь хөдөө уурхайд ажилладаг болохоор хүүхдийг чинь ээж нь зодсон байна гэж хэлэхэд тэр мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандсан. 2017 оны 11 дүгээр сард байсан санагдаж байна. нэг удаа Б.Хгийн зүүн талын шанаа нь хавдаад гарын мөр гарсан байхаар нь би Б.Хгаас “Яасан юм бэ?” гэж асуухад тэр хэлэхгүй байсан. Сүүлдээ ээж намайг алгадсан гэж хэлсэн. Би ээжид нь энэ талаар хэлээд “Яагаад хүүхдээ зодож байгаа юм бэ?” гэж хэлж байсан. Яг миний хажууд Т.Б  хүүхдээ зодож байсныг хараагүй.  Т.Б  хүүхэд үгэнд ордоггүй л гэж хэлж байсан. Т.Б  хүүхдүүдээ ширүүн харьцаатай юм болов уу гэж би боддог. Тэр 3 хүүхэдтэй том нь Б.Х. Т.Бийн бага хүүхэд нь хатгаа тусаад одоо эмнэлэгт хүүхдээ хараад хэвтэж байгаа. Т.Бийн гэр нь цоожтой хоёр хүүхэд нь А.А гийн гэрт байгаа...” гэжээ. /хх-18/,

Гэрч А.О ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “Тулгазаан гэрээрээ байнга очоод байдаггүй. Цагаан сараар л очдог. Манайх Тулгазааныхаас хол болохоор тэднийхэн ч манай ирээд байдаггүй. Би хааяа эгчийндээ очиход л /Ты ээжийн гэрт/ Тулгазааны хүүхэд очсон байж таардаг юм. Т.Бийг бэр болж ирснээс нь хойш хамт амьдарч байгаагүй. Тэр үед Б.Хгийн зүүн шанаанд гарын мөр юм уу гэмээр улайсан байсан. Б.Хгаас яг юу болсныг нь асуусан чинь ээж намайг зодсон гэж хэлсэн. Би Т.Б эс хүүхдээ алгадсан юм уу гэж асуусан чинь Т.Б  ёстой мэдэхгүй байна, би зодоогүй гээд байсан. Тухайн үедээ Б.Хг зодож цохьсоныг нь хараагүй болохоор тоогоогүй. Тухайн үед Б.Хг зодсон эсэхийг нь би мэдэхгүй. А.А  Б.Хгийн гэмтсэн хэсгийн зургийг аваад над руу чатаар явуулсан байгаа. Би тэр зурагнуудыг нь угаалгаж өгье. Б.Хгаас анх хэн зодсон юугаар цохьсон гэж асуухад ээж намайг заазуураар зодсон гэж хэлж байсан. Гэхдээ дараахан нь цагдаагийн газарт мэдүүлэг өгчихөөд гарч явахдаа надад ээж намайг төмөр шугамаар цохиод байсан гэж яриад байсан шүү, яг юугаар цохьсоныг нь би мэдэхгүй байна. Би Т.Бийг хүүхдээ гадуурхдаг үгүйг нь мэдэхгүй, тухайн үед хүүхдээ зодсон байхаар нь л гадуурхаж зодсон байх гэж бодсон юм. Т.Б  хүүхдийнхээ амь насыг хөнөөнө гэж сүрдүүлсэн оролдлого хийсэн тохиолдол байхгүй, би энэ заалтыг үгүй гэх гэж байгаад анзааралгүй буруу бөглөсөн байна. Би Т.Бийг хүүхдээ зодсон байхаар нь л ширүүн зан авиртай юм байх гэж бодоод “тийм” гэж сонгосон. Урьд нь Т.Б өөрийгөө хянах чадваргүй, хэрцгий, догшин ширүүн зан авиртай юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Аюулын зэргийн үнэлгээний 19 дугаарт “Хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүдийн эсрэг галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүчирхийлэл үйлддэг" гэсэн асуултад “тийм” гэсэн хариулт өгсөн. Тухайн үед Б.Х хэлэхдээ заазуураар зодсон гэж хэлсэн болохоор нь энэ асуултад “тийм” гэсэн хариулт өгсөн, уг нь ээж нь шугамаар зодсон юм билээ...” гэжээ. /хх-19/,

Шүүгдэгч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “.Би Тулгазаан гэх хүнтэй гэр бүл болоод 6 жил болж байна. Би Тулгазаантай суухдаа жирэмсэн байсан. Тэр нь Б.Х байгаа юм. Түүний эцэг нь Эрдэнэт хотод байдаг. Би үерхэж байгаад жирэмсэн болоод салчихсан байсан юм. Тулгазаантай гэрлэлтээ батлуулаагүй, хоёр хүүхдийг нь төрүүлсэн. Манай хүүхдүүд том нь Б.Х 6 настай, түүний дараагийнх нь Х 4 настай, Анужин 2 настай хүүхдүүд байгаа. Манай нөхөр Нүүрс тээврийн компанид хүнд механизмын жолоочоор ажилладаг. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би хүүхдүүдээ цэцэрлэг сургуулиас нь аваад гэртээ харьсан. Тухайн үед манай нөхөр Цогтцэций суманд ажил дээрээ байсан. Би хүүхдүүддээ хоол хийж өгчихөөд Б.Хгийн хичээлийг нь хийлгэж цагаан толгойн үсэгнүүдийг нь цээжлүүлж байгаад үсэг цээжлэхгүй байхаар нь гараараа гуя руу нь цохьсон. Уурандаа толгойруу нь шугамаар нэг удаа цохьсон, гар луу нь бас цохьсон. Бага хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ тэврээд дахиж хичээл хийлгээгүй. Манай бага хүүхэд халуураад байхаар нь түргэн тусламж дуудаад үзүүлсэн чинь эмч нь гайгүй байна гэсэн. Маргааш өглөө нь хүүхэд өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлээд шууд хэвтэж эмчлүүлсэн. Би хүүхдээ байнга зодоод байдаггүй л дээ, гэхдээ тухайн үед уурандаа тийм зүйл хийсэн. Би урьд нь Б.Хг огт зодож байгаагүй. Би 2017 оны 11-р сард Б.Хг зодоогүй. Манайд хүүхдүүдээс өөр хүн байгаагүй. Манай хашаанд 2 гэр байдаг. Хажуу талын гэрт С гэдэг хүн байдаг. Тухайн үед ажилтай гээд гэртээ байгаагүй эзэнгүй байсан. Б.Х Тны хүүхэд биш, гэхдээ манай нөхөр төрсөн хүүхдээсээ ялгаагүй ханддаг...” гэжээ. /хх-20/,

Шүүгдэгч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр 29-ний өдөр би гэртээ хүүхдүүдээ харж байгаад Б.Хгийн монгол хэлний хичээлийн гэрийн даалгаврыг хийлгэж байгаад цагаан толгойн үсэг цээжлэхгүй буруу уншаад байхаар нь Б.Хг хичээлд хэрэглэж байсан шугамаар гарын бугуйруу нь цохьсон. Бас толгой, гуя хөл рүү нь цохьсон, гараараа хөл гуяруу нь цохиод толгойруу нь цохьсон. Өөрөөр зодоогүй. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Би урьд нь Б.Хг зодож байгаагүй. Б.Х цагаан толгойн үсгээ цээжлэхгүй байснаас болсон, тухайн үед уурласнаасаа болоод зодсон юм. Эхлээд гараараа хөл гуяруу нь цохьсон, дараа нь төмөр шугамаар толгой, хөл гуяруу нь цохьсон. Тухайн үед шугамаар цохьсон. Толгойд нь зүүн чихний ар хэсэгт нь шалбарч цус гарсан байсан, бас гарын ар хэсэгт шалбарсан, байсан. Би хүүхдээ уурандаа арай дэндүүлчихэж гэж бодоод болиод байж байсан чинь манай бага 2 настай хүүхэд маань халуураад сандаргаад байсан болохоор эргэж Б.Хд анхаарал хандуулж чадаагүй юм. Тухайн үед би 3 хүүхэдтэйгээ л байсан өөр хүн байгаагүй. Б.Х 5-р сургуулийн 1а ангид сурдаг...” гэжээ. /хх-27-28/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх3-/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-5-6/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-7/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-8-9,14-15,30,44-46/,

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Хан-Уулын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-31/,

Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-32/,

Төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-33-34/,

Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-10/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-21/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №99 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Б.Хийн биед зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, 2 гарын шуу, зүүн дал, гуя, шилбэний цус хуралт, баруун шуу, зүүн мөрний өнгөц язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-22/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-23,24/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-25/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-26/,

Шүүгдэгч Т.Б хүсэлт /хх-29/,

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-35-41/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-47/,

Мөрдөгчийн мэдэгдэл /хх-48/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-49-50/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-51/,

Бичмэл нотлох баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-52-53/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-54-55/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-56/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б  нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 18-14 тоотод төрсөн охин 6 нас 9 сартай Б.Хг зодож бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Б д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Б.Х нь 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн ба 6 нас 9 сартай бага насны хүүхэд болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Х нь төрсөн эх Т.Бийн асрамж, хамгаалалтад байх ба шүүгдэгч Т.Б  нь төрсөн охиноо уншиж чадахгүй байна гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  бие махбодид нь халдан шугамаар зодож гэмтэл учруулжээ.       

Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл /хохирол/ болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №99 тоот шинжээч эмчийн: “Б.Хгийн биед зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, 2 гарын шуу, зүүн дал, гуя, шилбэний цус хуралт, баруун шуу, зүүн мөрний өнгөц язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд “...хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байж үзэл бодол саналаа илэрхийлэх эрхтэй ба эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй...” байхаар заасан ба шүүгдэгч Т.Б  нь цаашид хүүхдийнхээ хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдахгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн  17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх...” үүргээ биелүүлж амьдрах нь зөв зүйтэй байна.

            Улсын яллагч шүүгдэгч Т.Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял санал болгосон ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Т.Б эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон 18 насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хаалттай явуулсныг дурдах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Б гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 1 ширхэг төмөр шугамыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Б ийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б  нь 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр шугамыг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ