Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/160

 

 

 

 

    2024           01            30                                       2024/ДШМ/160

 

Б.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

яллагдагч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1885 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Эд холбогдох эрүүгийн 2305000001883 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Б.Э, 1984 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баянцогт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............................../;

Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 13 гудамжны 54 тоотод урьд хамтран хийж байсан ажлын хөлстэй холбоотойгоор Н.Мтай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад Н.Мын цээж, хавирга хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун 9, 10, 11-р хавирганы хугарал, цээжний баруун хөндийд хий хуралдалт, уушгины эдийн няцрал, зүүн сарвууны 1-р хуруунд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг тодорхойлсон. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад бичиг мэдэхгүй яллагдагч Б.Эыг оролцуулахдаа яллагдагчид эрх, үүрэг, шинжээчийн дүгнэлт болон хэргийн материал танилцуулах зэрэгт өмгөөлөгч оролцуулалгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ноцтой зөрчигдсөн гэж үзэв. Хэдийгээр урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Н.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж байгаа боловч дээр дурдсан ажиллагааны явцад өмгөөлөгч оролцсон нь зөвхөн хууль ёсны шаардлага хангасны эцэст яллагдагчийг хуульд заасан эрхээ эдэлсэн байна гэж үзнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлд хамаарна гэж дүгнээд яллагдагч Б.Эд холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Түвшинбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2305000001883 дугаартай прокурорын тогтоолыг танилцуулахад Б.Э нь бичиг мэдэхгүй нөхцөл байдал тогтоогдсон даруйд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар өмгөөлүүлэх эрхээр нь хангаж, тухайн цаг хугацаанаас хойш бүхий л мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч оролцсон болох нь хавтаст хэрэгт цугларсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэлд яллагдагчийн өмгөөлөгч Н.Н гарын үсэг зурсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч болон түүний өмгөөлөгч нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн оролцсон, бэхжүүлэн авсан зарим баримтад оролцсон өмгөөлөгч гарын үсэг зураагүй талаараа тодорхой мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт болох шүүх хуралдааны тэмдэглэлээр давхар нотлогдож байна. Прокуророос Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолтой өөрийн сонгосон өмгөөлөгчийн хамтаар танилцаж, мэдүүлэг өгсөн цаг хугацаанаас хойш тэрээр ямар гэмт хэрэгт яллагдагч байгаагаа, өөрийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтлийн талаар мэдэж байсан бөгөөд энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрхийг хязгаарласан, эрхийг эдлүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт хэргийг шуурхай илрүүлж шийдвэрлүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгдэнэ. Яллагдагчид эрх, үүрэг, шинжээчийн дүгнэлт танилцуулсан болон хэргийн материал танилцуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон өмгөөлөгч гарын үсэг зураагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил биш байна. Учир нь, эрх зөрчигдөөгүй, хууль бусаар хязгаарлаагүй талаар яллагдагч болон түүний өмгөөлөгч мэдүүлж байгаа, шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтыг шинжлэн судалж, нотлох баримттай холбоотой асуудлыг хэлэлцүүлэх замаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой. Нөгөөтээгүүр яллагдагчийг шүүхэд шилжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэн хэргийг шуурхай шийдвэрлэх боломжтой, прокурорт буцаах шаардлагагүй байна гэж үзэв. Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “хэргийг түдгэлзүүлэх” гэсэн заалтыг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул яллагдагч Б.Эд холбогдох эрүүгийн 2305000001883 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1885 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийг дэмжиж байгаа, нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Яллагдагч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргээ шийдвэрлүүлье гэж бодож байна. Өөр хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд бичсэн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад бичиг мэдэхгүй яллагдагч Б.Эд эрх, үүрэг, шинжээчийн дүгнэлт болон хэргийн материал танилцуулах зэрэгт өмгөөлөгч оролцуулалгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй ба заавал дээрх ажиллагааг прокурорт буцааж нөхөн гүйцэтгэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Эд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулахад тэрээр бичиг, үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй талаараа илэрхийлсэн мэдүүлэг авагдсан байх ба түүнийг хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр нь хангаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгч оролцуулан явуулсан болох нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэлд яллагдагчийн өмгөөлөгч Н.Н гарын үсэг зурсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс “...мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс хамт байсан, яллагдагчид эрх, үүрэг болон хэргийн материал танилцуулахад би Б.Эаар гарын үсэг зуруулсан боловч өөрөө зураагүй орхигдуулсан байна. ...” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Прокуророос Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба уг тогтоолтой тэрээр өмгөөлөгчийн хамтаар танилцаж, мэдүүлэг өгсөн, ямар гэмт хэрэгт яллагдаж байгаагаа болон өөрт холбогдох хэргийн нөхцөл байдлын талаар мэдсэн, өмгөөлөгчийн хамт хэргийн материалтай танилцсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байх тул мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрхийг хасаж, хязгаарласэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Учир нь, яллагдагч Б.Э нь өөрийнхөө эрхийг зөрчигдөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон талаараа мэдүүлж, хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байхад заавал хэргийг прокурорт буцааж, уг ажиллагааг дахин гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1885 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

Яллагдагч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1885 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.Энхсайхад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                      ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ