Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2025/0055

 

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: С.Ү, З.Б, А.А, К.Х,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Засаг дарга ,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Т.А,

Гуравдагч этгээд: Х.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  С.Н нарын хоорондын газрын маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С. Ү, А. А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Зулхаш,  хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Т.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, орчуулагч  Т.Хуаныш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1.Нэхэмжлэгч “Баян-Өлгий аймгийн Засаг  даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг  хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” захирамжийн  нэхэмжлэгч нарт холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Баян-Өлгий аймгийн Засаг  даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжаар “Ак дам” ХХК-ийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, 5310 м.кв эзэмшил газрын 5120 м.кв газрын эрхийн гэрчилгээг  Х.Н шилжүүлсэн байх ба  уг 5120 м.кв газарт  нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө байрладаг байна.

3. Нэхэмжлэгч нар уг захирамжийг эс зөвшөөрч хянуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргад гаргасан гомдолд  2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7-03/1036 дугаар албан бичгээр “хүсэлтийг хангах боломжгүй” гэсэн хариу өгснийг  2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр  хүлээн авснаар 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр   шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 4. Нэхэмжлэгч С.Ү, З.Б, А.А, К.Х нар  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:

“С.Ү, З.Б, А.А, К.Х бид “Ак дам” ХХК-ийн барааны захын эзэмшилд байгаа 12894 м.кв талбайтай газраас түрээсийн гэрээ ёсоор тодорхой хэмжээний газрыг түрээслэн авч, 2000 оноос эхлэн тус захад худалдаа наймаа эрхэлж, тогтоосон газрын түрээсийг төлж ирсэн юм. Гэтэл “Ак дам” ХХК-ийн захирал асан О.Ш нь худалдаа наймааг хамгаалалтын болон ариун цэвэр, эрүүл ахуйн талаас битүү орчинд явуулахыг шаардан, түрээсийн газарт барилга байгууламж барих, бид бүгдэд үл хөдлөх хөрөнгөтэй болохыг  зөвшөөрч, хүн тус бүрд схем зураг үйлдэж өгч, өөрөө гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулж өгч байсан юм. Энэхүү зөвшөөрлийн дагуу “Ак дам” ХХК-ийн эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж буй хүмүүс өөрсдийн хөрөнгөөр дэлгүүр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьсан бөгөөд зарим нь бусдын барилга байгууламжийг худалдан авсан юм.

Тухайлбал, нэхэмжлэгч С.Ү нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр “Ак дам” захын дотор байршилтай, Х.Ө улсын бүртгэлийн ...... дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авч, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн  улсын бүртгэлийн ..... дугаартай гэрчилгээ ёсоор өмчилж байгаа бол У.З гэх хүний өмчлөлд байсан 37.5 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авч, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн улсын бүртгэлийн ....... дугаартай гэрчилгээ авснаар тухайн үл хөдлөх хөрөнгө С.Ү хууль ёсны өмчлөлд шилжсэн юм. 

Мөн “Ак дам” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Ш гуайн нэхэмжлэгч С.Ү миний нөхөр Л.Т нэр дээр “Ак дам” ХХК-ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай эзэмшил газарт дэлгүүрийн барилга байгууламж барих зөвшөөрлийг бичгээр үйлдэж, байршил газрын схем зургийг  өөрийн гараар 2005 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэж, тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулж өгснөөр урьд түрээсийн  гэрээгээр ашиглаж байсан талбайд 69 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьсан бөгөөд одоо болтол зориулалтын дагуу ашиглаж байна. Мөн нэхэмжлэлд нотлох баримтаар гаргаж өгсөн  иргэн Х.Ө худалдаж авсан 35 м.кв талбайтай дэлгүүрийн барилга байгууламж, мөн иргэн У.З худалдан авсан 37.5 м.кв талбайтай дэлгүүрийн хоёр барилгыг хөрш залгаа байсан тул хамтатган нийлүүлж, нэг дэлгүүрийн барилга болгон өөрчлөн зохион байгуулсан ба нийт  68 м.кв талбайтай нэг дэлгүүрийн үл хөдлөх эд хөрөнгө юм.  

Нэхэмжлэгч З.Б мөн “Ак дам” ХХК-ийн эзэмшил газарт байрлах, 45 м.кв талбайтай , барилгын материалын дэлгүүрийн барилгыг улсын бүртгэлийн ..... дугаартай гэрчилгээ ёсоор 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн өмчилж байна. Одоо хүртэл тухайн дэлгүүрийг өмчилж, үйл ажиллагааг тогтмол явуулж байна. 

Нэхэмжлэгч А.А би “Ак дам” ХХК-ийн эзэмшил газарт газрын түрээсийн гэрээ ёсоор 2 дэлгүүрийн барилгыг барьж ашиглаж байгаа бөгөөд уг хоёр дэлгүүрийг “Ак дам” ХХК-ийн захирал О.Ш гуайн тухайн үед өгсөн зөвшөөрлийн бичиг, схем зургийн дагуу барьж ашиглалтад оруулсан ба 1 дэх дэлгүүрийг 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад оруулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00021918 дугаартай гэрчилгээ авснаар өмчлөх эрх маань баталгаажсан. Харин хоёр дахь дэлгүүрийг мөн “Ак дам” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу газар эзэмшигчийн зааж өгсөн газарт барьсан ба 37 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх хөрөнгө байгаа бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлж байгаагүй тул урьд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, тухайн дэлгүүрийн эзэмшил газартай холбоотой нэхэмжлэлийг давхар гаргаж байна.

Нэхэмжлэгч К.Х  би бусад нэхэмжлэгч нарын нэгэн адил “Ак дам” ХХК-ийн эзэмшил газарт нэг өрөө сэлбэгийн дэлгүүрийг барьж, “Ак дам” ХХК-ийн захирал О.Ш тавьсан шаардлага, тухайн газарт барилга барихыг зөвшөөрсөн зөвшөөрлийг үндэслэж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр .... дугаартай гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаас авч, хууль ёсоор өмчилж, одоо хүртэл зориулалтын дагуу өөрөө ашиглаж байгаа юм. 

Нэхэмжлэгч С.Ү, З.Б, А.А, К.Х бид “Ак дам” ХХК-ийн эзэмшилд байсан газарт үл хөдлөх эд хөрөнгө барьж, 2006-2007 оноос эхэлж Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өмчлөх эрхийг баталгаажуулж , өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон юм. 

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж болон бусад зүйл газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасан нь бидний өмчлөлд байгаа барилга байгууламжийн доорх газар нь нэхэмжлэгч С.Ү, З.Б, А.А, К.Х бидний эзэмшилд хууль ёсны шийдвэрээр олгогдоогүй ч гэсэн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх,эд юмсыг хууль ёсоор мэдэлд авах замаар эзэмшил үүснэ”, 90 дүгээр зүйлийн 90.1-д  “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан зохицуулалтаар 2006-2007 оноос хойш тухайн барилга байгууламжийг өмчилж, зориулалтаар ашиглаж ирсэн нэхэмжлэгч бид түүний доорхи газар буюу бүрдэл хэсгийн хувьд шударга эзэмшигч болох юм. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамж гаргахдаа тухайн эзэмшил газарт бусдын эзэмшил үүссэн эсэх, бусад үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх, эзэмшил хүчин төгөлдөр эсэх, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг шалгаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дах хэсэгт заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээд буй эсэх, 15 дугаар зүйлд заасан оролцогчдын эрхийг хангах,  24, 25, 27 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа хийх зэрэг хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран хүчингүй болгох” үндэслэл болж байна. 

Нэхэмжлэгч бидний “Ак дам” ХХК-ийн эзэмшил газарт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д “Байнгын зориулалттай, газарт бэхлэгдсэн байшин, барилга байгууламж, бусад зүйл газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасан тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаартай захирамж нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан, өмчлөх эрхийг хязгаарласан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг харгалзахгүй гэж үзэж байна. 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжаар Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай “Ак дам” ХХК-ийн эзэмшлийн газрын 5120 м.кв газрыг иргэн Х.Н хууль ёсны эзэмшилд шилжүүлэн өгснөөр нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийн байршил газар тус тус иргэн Х.Н эзэмших эрхэд хууль бусаар шилжиж, иргэн Х.Н нь нэхэмжлэгч биднийг тухайн газарт байршилтай үл хөдлөх хөрөнгийг нүүлгэх, газрыг чөлөөлөх талаар 2024 оны 11 дүгээр сараас хойш өөрөө болон бусдаар дамжуулан удаа дараа амаар шаардлага тавьж, газрыг чөлөөлөх талаар сануулсан бөгөөд бидний зүгээс эсэргүүцэл  үзүүлж, албадан нүүлгэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гаргах, эсвэл бичгээр мэдэгдэх хуудас өгөх шаардлага тавьж татгалзсан хариу өгөөд байна. 

Мөн иргэн Х.Н нь тухайн газарт 2024 оны 4 дүгээр сараас эхлэн худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж барьж, бидний үл хөдлөх хөрөнгийг устгалд оруулах, албадан нүүлгэх шаардлага тавьж байгаа нь цааш нь нэхэмжлэгч С.Ү, З.Б, А.А, К.Х бид нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг алдах, эд хөрөнгө өмчлөх эрхэд ноцтой хохирол, хор уршиг учрах , хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөх эрсдэл бий болж, өмчлөх эрхэд саад учрах бодит нөхцөл бүрдээд байна. 

 Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг буюу нэхэмжлэгч С.Ү “Ак дам” ХХК-ийн эзэмшил газарт байршилтай,  улсын бүртгэлийн 2017 оны Ү:-- дугаарт бүртгэгдсэн болон 2018 оны Ү:-- дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ бүхий 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн байршил газар, нэхэмжлэгч С.Ү  улсын бүртгэлд бүртгэгдээгүй 69 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн байршил газар, нэхэмжлэгч А.А “Ак дам” ХХК-ийн эзэмшил газарт байршилтай улсын бүртгэлийн 2009 оны Ү-- дугаартай гэрчилгээ бүхий 50 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн байршил газар, А.А улсын бүртгэлд бүртгэгдээгүй 37 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн байршил газар,  нэхэмжлэгч З.Б “Ак дам” ХХК-ийн эзэмшил газарт байршилтай улсын бүртгэлийн 2009 оны Ү:-- дугаартай, 48 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн байршил газрыг иргэн Х.Н эзэмшилд шилжүүлсэн хэсгийг тус тус  хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч К.Х “Ак дам” ХХК-ийн эзэмшил газарт байршилтай улсын бүртгэлийн 2006 оны Ү:-- дугаарт бүртгэгдсэн, 80 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн байршил газрыг иргэн Х.Н  шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж,дэлгүүрийн эзэмшил газрын бодит хэмжээ, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг  нотлох баримтаар 39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдсон тул 39 м.кв газрыг Х.Н  шилжүүлсэн хэсгийг хүчингүй  болгож өгнө үү” гэжээ 

Нэхэмжлэгч С.Ү шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

”Миний бие 1990 оноос эхлэн өнөөдөр хүртэл “Ак дам” захад хувиараа бизнес эрхэлдэг. 2003 онд талийгаач О.Ш  7х8 м.кв талбайтай газрыг хэмжиж өгөөд, 1,500,000 төгрөг авсан, уг газрыг түрээсээр эзэмшүүлсэн. Миний бие 2003 оноос дэлгүүр барьж, одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн хүч, хөрөнгөөр барьж байгуулсан. 2003 онд уг газарт байгаа З, Ө нараас дэлгүүр буюу үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Миний 23 жил эзэмшсэн үл хөдлөх хөрөнгөтэй газрыг талийгаач О.Ш хүү А нь бид нарт мэдэгдэхгүйгээр Х.Н худалдсан.  Х.Н нь бид нарт дарамт, шахалт үзүүлж, уг газраас хөөж, байнга дарамталдаг. “Ак дам” ХХК нь газрыг авснаас хойш 25 жилийн хугацаанд маргаан бүхий  газарт нэг ч барилга бариагүй, зориулалтын дагуу ашиглахгүй байгаа. Уг хууль бус захирамжийг хүчингүй болгож, бидний эрх ашгийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч А.А  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“Миний бие  2000 оноос эхлэн “Ак дам” зах дээр худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг. Талийгаач О.Ш нь тоосгоны үйлдвэртэй байсан.  2006 онд талийгаач О.Ш “миний тоосгоны үйлдвэрээс тоосгоо аваад, үл хөдлөх хөрөнгө барьж аваарай, та нарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө, дараа нь  газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэснээр тоосгыг нь  аваад үл хөдлөх хөрөнгө барьсан. Анхны барьсан үл хөдлөх хөрөнгөд гэрчилгээ олгосон. Бид нарт мэдэгдэхгүйгээр маргаан бүхий газрыг зарсан учраас маргаан үүссэн. “Ак дам” захад үйл ажиллагаа явуулдаг олон хүний эрх ашиг зөрчигдөж байна. Шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч нар аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 тоот захирамж  гарах үндэслэл болсон эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж, түрээсийн гэрээ байгуулж, мөн тухайн газарт үл хөдлөх хөрөнгө байршуулан, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүтгэгдсэн байдлаас харахад Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар  шийдвэр гаргах ажиллагааны оролцогч мөн юм. Захиргааны байгууллагаас шийдвэр гаргах үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар оролцогчийг татан оролцуулах, 15 дугаар зүйлд заасан  оролцогчийн эрхийг эдлүүлэх, тухайн шийдвэртэй холбоотой мэдээлэл, холбогдох бичиг баримтыг авах, мөн хуулийн 26 дугаар зүйлд  заасан сонсох ажиллагаа явуулах зэрэг журмыг  тус тус зөрчиж захирамж гаргасан. 

Захиргааны байгууллага тухайн захирамжийг гаргахаас өмнө нь нэхэмжлэгч нар буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нарт Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар сонсох ажиллагаа хийх, нотлох баримт гаргаж өгөх, тайлбар гаргах зэрэг боломжоор хангах үүргийг биелүүлээгүйгээс болж маргаан үүссэн. Эдгээр заалтуудыг зөрчиж гаргасан Засаг даргын захирамж хууль ёсны болж чадаагүй юм.

Хоёрдугаарт, Иргэний хуульд заасан иргэний эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан.  Тухайлбал, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” тус тус заасан. Нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө нь Засаг даргын захирамжаар Х.Н шилжсэн газар дээр  байршиж буй учраас үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг газар эзэмших эрхээс салган ойлгож болохгүй. 

Гуравдугаарт, Иргэний хуулийн  85 дугаар зүйлийн 85.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар  үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг нь газар байгаа бөгөөд энэ эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар  бие биедээ хамаарал бүхий, салгаж үл болох эрх байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Гэтэл “Ак дам” ХХК-аас Х.Н аймгийн Засаг даргын А/353 дугаар захирамжаар шилжүүлсэн газарт нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа гэдгийг тухайн үед газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа үнэлж үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй.  Тухайн газарт нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө нь байршиж байхад тэдний эзэмшил газрыг бусдад дур мэдэн шилжүүлж байгаа Засаг даргын захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэдгийг нотолж байна. 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай  5 дугаар зүйлийн 5.1-т  “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 5.2-т “Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага болж байгаа зарим газрыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, эдгээр хүмүүсийн өмчлөх эрхэд Засаг даргын захирамж хууль бусаар халдсан гэж үзэж байна. 

 Нэхэмжлэгч нар “Ак дам ХХК-д олон жилийн турш түрээсийн төлбөр төлж байсан гэдгээр өнөөдөр нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. Тухайн үеийн бүртгэлийн газрын дарга болон улсын бүртгэгчээр ажиллаж байсан Х.А нарын гэрчийн мэдүүлэг, мөн үл хөдлөх эд хөрөнгийг С.Ү гэдэг хүнд худалдсан З, Ө нарын мэдүүлгээр газар эзэмшигч нь үл хөдлөх эд хөрөнгө барихыг хүлээн зөвшөөрсөн үйл баримт  тогтоогдож байна. Мөн 2003 оноос хойш маргаан бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж, үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн эрхийг Засаг даргын нэг удаагийн захирамжаар зөрчих боломжгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

5.Хариуцагч  Баян-Өлгий аймгийн  Засаг дарга хариу тайлбартаа: 

“Газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаас судалж үзэхэд маргаан бүхий газрыг анх Өлгий сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар захирамжаар “Ак дам” ХХК-д олгож, дараа нь аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар “Ак дам” ХХК-д үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэр гарсан байна. 

Түүнчлэн хоорондоо тохиролцон хууль, журмын хүрээнд гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсний дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжаар 5120 м.кв газрын эрхийн гэрчилгээг Өлгий сумын иргэн Х.Н хэсэгчлэн эрх шилжүүлэн эзэмшүүлжээ. 

Дээрх баримтуудаас үзэхэд маргаан бүхий газар нь анхнаасаа “Ак дам” ХХК-ийн эзэмшилд байсан ба уг компани нь хууль ,журмын хүрээнд гэрээ байгуулж,нотариатаар гэрчлүүлсний дагуу иргэнд шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4 дэх хэсэгт заасантай нийцэж байх ба маргаан гаргасан иргэдэд тухайн газарт газар эзэмших байгаа гэх эрх зүйн ямар нэг акт, шийдвэр байхгүй байна. Иймд дээрх иргэдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“Маргаан бүхий газрыг анх 2000 онд Өлгий сумын Засаг даргын захирамжаар “Ак дам” захад олгосон. Улмаар 2006 оны Засаг даргын захирамжаар захын зориулалттай газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан. Түүнчлэн хооронд тохиролцож, хэсэгчилсэн газар шилжүүлэх тухай Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжаар Х.Н шилжүүлсэн. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий газарт байрладаг дэлгүүрүүдийг газар эзэмшигчтэй тохиролцсоны дагуу үл хөдлөх хөрөнгө барьж, ашиглаж ирсэн байна. Урьд өмнө нь маргаан бүхий газрыг  “Ак дам” зах эзэмшиж байх үед нэхэмжлэгч нар ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй. Харин Х.Н газар эзэмших эрхийг шилжүүлсний дараа маргаан үүссэн. Дээрх баримтуудаас үзэхэд маргаан бүхий газар нь анхнаасаа “Ак дам” захын эзэмшилд байсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газрыг хэсэгчилсэн шилжүүлсэн. Нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг эзэмших тухай ямар нэгэн эрхийн акт байхгүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Х.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“С.Ү нар нь “Ак дам” зах дээр байрлах иргэн Х.Н эзэмшлийн газрыг түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа түрээслэгч нар юм. Тухайн газрыг “Ак дам” ХХК-аас хууль, журмын дагуу Х.Н би шилжүүлэн эзэмшсэн бөгөөд дээрх түрээслэгч нарын “Ак дам” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу үргэлжлүүлэн түрээслүүлж байгаа болно. 

Түрээсийн гэрээний үндсэн дээр тухайн газрыг ашиглах эрх үүсэж, улмаар газрыг түрээслэн ашиг олохын тулд дээр нь дэлгүүр барьж ашигладаг юм. Түрээслэгч нар барьж буй дэлгүүрт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан нь түрээсийн гэрээний үндсэн дээр газар эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа юм. Гэхдээ газар эзэмшигчийн эзэмшил өөрчлөгдөхгүй. Зөвхөн түрээсийн үндсэн дээр газрыг ашиглан, дээр нь үл хөдлөх хөрөнгө барьж байгаа асуудал юм. Үүнээс болж газар эзэмшигчийн эрх зөрчигдөх ёсгүй. 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн захирамжид гомдол гаргах, мөн тухайн газрыг “Ак дам” ХХК-д эзэмшүүлсэн бусад шийдвэрүүдэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн юм.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн захирамж гарснаар түрээслэгч нарын субьектив эрх ашиг хөндөгдөхгүй, анхнаасаа тухайн газрыг эзэмшигч биш байсан, түрээсийн гэрээгээр тухайн газрыг ашиглаж байсан түрээслэгч нарын эрх ашиг огт зөрчигдөөгүй” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан  нэмэлт тайлбартаа: 

“Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг бодит нөхцөл байдлаас өөр байдлаар, өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор тайлбарлаж байна. Талийгаач О.Ш нь  нэхэмжлэгч С.Ү, А.А, К.Х, З.Б нарт газар худалдсан зүйл байгаагүй. Газар эзэмших эрх шилжсэн, газар худалдсан талаар ямар нэгэн баримт байхгүй.

 Тухайн газар нь “Ак дам” ХХК-ийн эзэмшлийн газар байсан. Тухайн газрыг захын зориулалтаар ашигладаг, зах дотор үйл ажиллагаа явуулахын тулд түрээслэгч нар үл хөдлөх хөрөнгө буюу дэлгүүр барьсан. Дэлгүүрийг өөрсдийн хөрөнгөөр барьж байгаа учраас газрын асуудлыг түрээсийн гэрээгээр зохицуулж, түрээсийн төлбөр төлж ирсэн. Газар дээр нь барьсан өөрсдийн үл хөдлөх хөрөнгө буюу дэлгүүрийг гэрчилгээжүүлэх зорилгоор хүсэлт гаргасан байна. “Ак дам” захын захирал талийгаач О.Ш тодорхойлолт олгож, улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ явуулж, гэрчилгээжүүлэх ажиллагаа хийгдэж байсан. Түрээсийн гэрээнд түрээсийн гэрээг цуцалсан тохиолдолд түрээслэгчийн барьсан байшин, дэлгүүр зэрэг барилга байгууламжийг өөрсдийн зардлаар нүүлгэж, газрыг цэвэрлэж, нөхөн сэргээж өгнө гэж тохиролцсон. Үүнээс хойш иргэн Х.Н нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, үйл ажиллагаа явуулах боломжийг нь  бүрдүүлж байгаа, өнөөдрийн байдлаар түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Тиймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, “Ак дам” захаас Х.Н газар шилжүүлэхтэй холбоотой нэхэмжлэгч нарын ямар ч эрх ашиг зөрчигдөөгүй, нэхэмжлэгч нарын эзэмшилд ямар нэгэн газар байгаагүй, тухайн газрыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байгаад түрээслүүлэгч нь өөрчлөгдсөн. Түрээслүүлэгч нь өөрчлөгдсөн ч гэсэн ялгаагүй үйл ажиллагаа явуулах боломжтой. “Ак дам” захыг хааж, үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг хөөж гаргасан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нар Х.Н дарамт үзүүлсэн гээд  байна, Х.Н яаж дарамт үзүүлсэн бэ,  түрээсийн гэрээний дагуу одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улсад газар эзэмших эрхийн гэрээний үндсэн дээр газар эзэмшдэг, нэхэмжлэгч нар газар эзэмшдэггүй, газар эзэмшигчтэй хийсэн түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Газрыг шилжүүлэн эзэмшиж байгаа Х.Н хувьд өмнөх байгуулсан түрээсийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, нөхцөл боломжийг одоо хүртэл хангаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нарын эрх яаж сэргээдэх юм бэ, ямар эрх зүйн үр дагавар бий болгохын тулд хүчингүй болгох гээд байгаа вэ. Тиймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Ү, З.Б, А.А, К.Х нарын  “Баян-Өлгий аймгийн Засаг  даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг  хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” захирамжийн  нэхэмжлэгч нарт холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлгүй байна.

2. “Ак дам” ХХК нь  Өлгий сумын төв барааны захын баруун талд орших 12984 м.кв талбайтай  хүнсний ба техникийн  захын  зориулалт бүхий барилга байгууламжийн өмчлөгч  бөгөөд 2000 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн  030100112 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр уг 12894 м.кв газрыг эзэмшиж байжээ. 

Улмаар Өлгий сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар захирамжаар  “Ак дам” захын одоогийн ашиглаж буй талбай болох 1,12 га газрыг  эзэмшүүлсэн  шийдвэр гаргасан байх ба уг шийдвэрийг үндэслэн 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Ак дам” ХХК-ийн захирал О.Ш газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Үүний дараа аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар  “Ак дам” ХХК-ийн  газрын хэмжээг  12093 м.кв болгож өөрчлөлт оруулсан, мөн  аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/393 дугаар захирамжаар газрын хэмжээг кадастрын шинэ зургийн дагуу 12624 м.кв болгон шинээр тогтоож, уг 12624 м.кв газрын 7254 м.кв  талбайтай хэсгийг 5310 м.кв болон 1944 м.кв хэмжээтэйгээр 2 хуваан “Ак дам” ХХК-ийн  эзэмшилд үлдээж, үлдсэн 5370 м.кв газрыг Х.Ш, Ш.Ш нарт   шилжүүлсэн байна.

 Тухайн 2020 оны  А/393 дугаар захирамжаар “Ак дам” ХХК-ийн эзэмшилд  үлдээсэн  7254 м.кв  газрын 5310 м.кв газрыг 36 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 000007414 дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээг тус компанид  2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож /Хавтаст хэргийн 123-124,137-142,152,153,225-230 дах тал/ байгаа ба  хэргийн оролцогчид  эдгээр үйл баримтын талаар маргахгүй байна. 

3.Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг  даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжаар “Ак дам” ХХК-ийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, 5310 м.кв эзэмшил газрын 5120 м.кв газрыг буюу  газар эзэмших  эрхийн гэрчилгээг  Х.Н шилжүүлснээр  2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 000143446 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

4. Гуравдагч этгээд Х.Н шилжүүлэн эзэмшүүлсэн 5120 м.кв газарт нэхэмжлэгч С.Ү 68 м.кв болон 69 м.кв талбайтай 2 дэлгүүр,  З. Билимханы 48,3 м.кв талбайтай 1 дэлгүүр,  А.А 37 м.кв болон  50 м.кв талбайтай 2  дэлгүүр, К.Х 39 м.кв талбайтай 1 дэлгүүр тус тус байрладаг  бөгөөд нэхэмжлэгч С.Ү 69 м.кв талбайтай дэлгүүр, А.А 37 м.кв талбайтай дэлгүүр нь  тус тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй болох нь  хэргийн оролцогчдын тайлбар, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, схем зураг,  фото зургууд, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын  2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 260 дугаар албан бичиг, түүнд  хавсаргасан схем зураг зэрэг нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 164-174,250-251 дэх тал/ тус тус тогтоогдож байна. 

5. Нэхэмжлэгч С.Ү нь  68 м.кв талбайтай дэлгүүрийн барилгаа /2 өрөө/ Х.Ө, У.З  нараас  худалдаж авсан гэж  тайлбарласан ба Х.Ө нь “Ак дам” ХХК-д олгогдсон 030100112 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, тус компанид газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар  сарын 19-ний өдрийн 96 дугаар захирамж, “Ак дам” ХХК-ийн захирал О.Ш байгуулсан түрээсийн гэрээ, “Ак дам” ХХК-ийн захирал О.Ш 2007 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн тодорхойлолт, “Ак дам” захын эзэмшил газрын бүдүүвч зураг болон дэлгүүрийн барилгынхаа байршлын схем зураг, фото  зургийг тус тус хавсаргаж, “Ак дам” захад  байршилтай  35 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг 2007 оны 02 дугаар  сарын 28-ны өдөр  эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад гаргаснаар  2007 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ---- дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээ /Хавтаст хэргийн 65-74 ,81 дэх тал/ олгожээ.

Улмаар Х.Ө нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн  үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр уг 35 м.кв талбай бүхий объектыг хариуг  төлбөргүй шилжүүлснээр нэхэмжлэгч С.Ү нь  2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр  35 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж,  2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн --- дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон /Хавтаст хэргийн 82-87 дах тал/ байна. 

У.Зулхарнай  нь  “Ак дам” ХХК-д олгогдсон --- дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, тус компанид газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар  сарын 19-ний өдрийн 96 дугаар захирамж, уг  захирамжийг үндэслэн “Ак дам” ХХК-тай байгуулсан  газар эзэмших гэрээ болон  дэлгүүрийн барилгынхаа байршлын схем зураг, фото  зургийг тус тус хавсаргаж, “Ак дам” захад  байршилтай  37,5 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр  эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад гаргаснаар  2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ---дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээ /Хавтаст хэргийн 88-97 дах тал/олгожээ.

Улмаар 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн  үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр уг дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг У.З худалдан авч, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр  37,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр нэхэмжлэгч С.Ү хүсэлт гаргаснаар  2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ---- дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон /Хавтаст хэргийн 16, 98-107 дах тал/ байна. 

Дээрх 2 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэгч С.Ү  үйлчилгээний зориулалттай, 37,5 м.кв болон 35 м.кв талбайтай,  тус бүр нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн байгаа боловч одоо тухайн 2 дэлгүүрийн барилгыг нийлүүлсэн байх   ба бодит байдалд талбайн хэмжээ нь  68 м.кв байгаа  болохыг /Хавтаст хэргийн 164-174 дэх тал/  дурдах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгч К.Х нь “Ак дам” ХХК-д олгогдсон ---- дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, тус компанид газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар  сарын 19-ний өдрийн 96 дугаар захирамж,уг захирамжийг үндэслэн байгуулсан 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн газар эзэмших гэрээ, нэхэмжлэгч К.Х болон “Ак дам” ХХК-ийн захирал О.Ш нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ болон  дэлгүүрийн барилгынхаа байршлын схем зураг, фото  зургийг тус  тус хавсаргаж, “Ак дам” захад  байршилтай  дэлгүүрийн барилгыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад гаргаснаар  2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ---- дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээ /Хавтаст хэргийн 47-55 дах тал/ олгожээ. 

Уг   өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйлчилгээний зориулалттай, 80 м.кв талбайтай, нэг өрөө бүхий сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр бүртгэсэн талаар тусгасан байгаа боловч нэхэмжлэгч К.Х нь эд хөрөнгө өмчлөх эрх,  түүнтэй холбоотой  эд хөрөнгийн бусад эрхийн  улсын бүртгэлийн  мэдүүлэгтээ 80 м.кв  хэмжээтэй, харин бичгээр гаргасан өргөдөлдөө 31,5 м.кв хэмжээтэй дэлгүүрийн барилгыг өмчлөх эрхийг бүртгүүлэхээр уг үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг зөрүүтэй бичиж хүсэлт гаргасан байх ба  бодит байдалд тухайн барилга нь 39 м.кв талбайтай  байгаа болохыг /Хавтаст хэргийн 164-174 дэх тал/ дурдах нь зүйтэй. 

7. Нэхэмжлэгч А.А нь “Ак дам” ХХК-д олгогдсон --- дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, тус компанид газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар  сарын 19-ний өдрийн 96 дугаар захирамж,уг захирамжийг үндэслэн байгуулсан 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн газар эзэмших гэрээ, нэхэмжлэгч А.А болон “Ак дам” ХХК-ийн захирал О.Ш нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, “Ак дам” ХХК-ийн захирал О.Ш 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт болон дэлгүүрийн барилгынхаа байршлын схем зураг, фото  зургийг тус тус хавсаргаж, “Ак дам” захад  байршилтай  40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг 2007 оны 3 дугаар  сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад  гаргаснаар  2007 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ----дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээ /Хавтаст хэргийн 56-64,237 дэх тал/ олгожээ.

Уг  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйлчилгээний зориулалттай, 40 м.кв талбайтай, дэлгүүрийн өмчлөгчөөр бүртгэсэн талаар тусгасан байгаа боловч бодит байдалд тухайн барилга нь 50 м.кв талбайтай болохыг /Хавтаст хэргийн 164-174 дэх тал/ дурдах нь зүйтэй.

8. Нэхэмжлэгч З.Б нь  дэлгүүрийн барилгаа М.С  худалдаж авсан гэж  тайлбарласан ба М.С нь  “Ак дам” ХХК-ийн захирал О.Ш байгуулсан түрээсийн гэрээ, “Ак дам” ХХК-ийн захирал О.Ш 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт, “Ак дам” захын эзэмшил газрын бүдүүвч зураг болон дэлгүүрийн барилгынхаа байршлын схем зураг, фото  зургийг тус тус хавсаргаж, “Ак дам” захад  байршилтай  45 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг 2006 оны 10 дугаар  сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад гаргаснаар  2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0000201405 дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээ /Хавтаст хэргийн 108-116,122 дах тал/ олгожээ.

Улмаар 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн  үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр уг дэлгүүрийн барилгыг М.С  худалдан авч, 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр  45 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай  барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр нэхэмжлэгч З.Б  хүсэлт гаргаснаар  2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 000086377 дугаартай  улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон /Хавтаст хэргийн 117-122 дах тал/ байна. 

Уг  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 45 м.кв талбайтай, барилгын материалын  дэлгүүрийн байрны  өмчлөгчөөр бүртгэсэн талаар тусгасан байгаа боловч бодит байдалд тухайн барилга нь 48,3 м.кв талбайтай болохыг /Хавтаст хэргийн 164-174 дэх тал/ дурдах нь зүйтэй.

9. Нэхэмжлэгчид нь “Ак дам” ХХК-ийн үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа буюу тус компанийн өмчлөлийн “Ак дам” гэж нэрлэдэг захын  үйл ажиллагаа явуулдаг   газрыг түрээсийн гэрээгээр ашиглаж, түрээсийн төлбөр төлж байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч К.Х, А.А нарын “Ак дам” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ, мөн  нэхэмжлэгч С.Ү  тухайн газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэсэн Х.Ө,  нэхэмжлэгч З.Б тухайн газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан М.С нарын “Ак дам”  ХХК-тай  байгуулсан түрээсийн гэрээ, С.Ү, К.Х, А.А нарын ““Ак дам”  ХХК-тай  байгуулсан гэрээ, худалдаа үйлчилгээ явуулсны төлөө “Ак дам” захад төлсөн хураамжийн тооцоо”-ны дэвтрүүд,түрээсийн төлбөр төлөлтийн талаарх жагсаалт, гэрч Х.Ө, У.З нарын мэдүүлэг, гэрч “Ак дам” захад менежерээр ажиллаж байсан М.А мэдүүлгээр /Хавтаст хэргийн 53,60,69,112, 240-243,248-249, 2 дах хавтаст хэргийн 7-8,12-13,18-48 дах тал/ тус тус тогтоогдож байна. 

Тухайн түрээсийн гэрээнүүдэд түрээслэх газар талбайн хэмжээ, сарын түрээсийн төлбөрийн хэмжээ, төлөх  хэлбэр, түрээсийн гэрээний хугацаа, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүргийн талаар тусгаснаас гадна  гэрээний 1.12 дах заалтад “газар эзэмших эрх нь  “Ак дам” ХХК-д  байх”   талаар тусгайлан заасан, мөн  4.3, 4.4 дэх заалтуудад  “...төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нөхцөлд  …эзэмшил газрыг чөлөөлүүлэн гарсан хохирлыг барагдуулах”, “...заалтыг зөрчвөл  байрыг нүүлгэх буюу нурааж, гарсан хохирлыг төлүүлэх”  талаар  тус тус  заажээ.

Мөн нэхэмжлэгч А.А  болон нэхэмжлэгч С.Ү, З.Б нарт  үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан Х.Ө, У.З, М.С нараас “Ак дам” ХХК-ийн үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа газарт буюу тус компанийн өмчлөлийн “Ак дам” захад байрлах дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдээ анх улсын бүртгэлд бүртгүүлэх үед  бүрдүүлж өгсөн баримт бичгүүд  болох “Ак дам” ХХК-ийн захирлын тодорхойлолт, бүртгүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн  схем зурагт  “газар эзэмших эрх “Ак дам” ХХК-д байх”  талаар тус тус тусгасан /Хавтаст хэргийн 60,68,70,91,111 дэх тал/ байна.

Түүнчлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэсэн талаар гэрч  Х.А  “...Эдгээр иргэдийн үл хөдлөх үл хөрөнгүүд нь “Ах дам” ХХК-ийн эзэмшлийн газарт байрладаг. ... Тухайн үед эдгээр иргэд үл хөдлөх хөрөнгүүдээ бүртгүүлэх гээд манай байгууллагад хандсан ба  хүсэлтийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн фото болон схем зургийг авчирсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээгүй тул болохгүй гэдгийг хэлсэн. Гэтэл тухайн иргэд дахин дахин хандаад байсан тул  бид нар тухайн үед манай дээд шатны байгууллага болох Үл хөдлөх эд хөрөнгийн газарт энэ асуудлын талаар хандсан. Өөрөөр хэлбэл,  газар эзэмших эрх нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө барьсан иргэдэд байхгүй, бусдын газарт барилга, байгууламж барьсан иргэд байсан. Газар эзэмших эрхгүй иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх эсэх талаар дээд шатны байгууллагаас лавласан. Тухайн үед шатны шатны байгууллагаас газар эзэмших эрх бүхий этгээд нь өөрийнх нь эзэмшил дээр барьсан барилга байгууламжийг бүртгэхийг зөвшөөрсөн тохиолдолд бүртгэж болно гэсэн чиглэл өгсөн. Энэ чиглэлийг бичгээр биш амаар өгсөн. ...Тухайн хүмүүсийн үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх  болсон гол зорилго нь үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлснээр зээл авах, бизнес хийх зорилготой байсан. Тухай үед мөн манай  байгууллагын зүгээс иргэдэд газар эзэмших эрх “Ах дам” ХХК-ийнх,  та нарт газар эзэмших эрх байхгүй хэлж сануулж байсан” гэж мэдүүлсэн. 

Үүнээс гадна нэхэмжлэгч С.Ү, З.Б, А.А, К.Х нар нь “...“Ак дам” ХХК-ийн барааны захын эзэмшилд байгаа 12894 м.кв талбайтай газраас түрээсийн гэрээ ёсоор тодорхой хэмжээний газрыг түрээслэн авч, 2000 оноос эхлэн тус захад худалдаа наймаа эрхэлж, тогтоосон газрын түрээсийг төлж ирсэн” талаар нэхэмжлэлдээ тусгажээ.

10. “Ак дам” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 000007414 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр  эзэмшиж байсан 5310 м.кв газрын тодорхой хэсгийг буюу 5120 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар гуравдагч этгээд Х.Н  2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэн аймгийн Засаг  даргаас маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээд Х.Н 5120 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

11. Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нарын худалдааны үйл ажиллагаа явуулж буй  дэлгүүрийн барилгууд нь  “Ак дам” ХХК-ийн  өмчлөлийн “Ак дам” зах дотор буюу тус компанийн эзэмшлийн газарт  баригдсан бөгөөд  уг үл хөдлөх хөрөнгүүд байрлаж буй газрыг  “Ак дам” ХХК-тай харилцан тохиролцож  байгуулсан  түрээсийн  гэрээний үндсэн дээр ашиглаж, гэрээнд заасан төлбөрийг төлж байсан.

Мөн “Ак дам” ХХК нь эрх бүхий этгээдээс  гаргасан газар эзэмшүүлэх тухай шийдвэр, уг шийдвэрийг   үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний үндсэн дээр 2000 оноос эхлэн эзэмшиж байгаа газартаа  зах  ажиллуулдаг  байх ба   нэхэмжлэгч нарын  уг зах дотор байрлах, түрээсийн  гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа газрыг оролцуулан  5120 м.кв газрыг  буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээдэд гэрээний үндсэн дээр шилжүүлсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байна гэж дүгнэлээ.

12. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно”, 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.1-т “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”,13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 13.5.1.тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг; 13.5.4.газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар;13.5.5.барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;13.5.6.улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт;13.5.8.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл” , 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө: 14.1.6.энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол”, 15 дугаар зүйлийн  15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна” гэж тус тус зохицуулсан.

Эдгээр заалтуудаас үзэхэд, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй  тохиолдолд уг газар  дээрх  тэдгээрийн /газар эзэмшигчийн/ үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхээр хуульчилсан байхад нэхэмжлэгч нарын бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт барьсан  үл  хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, өмчлөх  улсын бүртгэлийн гэрчилгээ  олгосон нь дээрх хуулиудын заалтуудтай нийцээгүй байна гэж дүгнэлээ.

13.Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”,  27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж  тус тус заасан. 

14. Дээрх байдлаар нэхэмжлэгч нар нь  худалдааны зориулалтаар ашиглаж  байгаа дэлгүүрийн барилгууд нь байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй буюу эзэмших эрхгүй,  “Ак дам” ХХК-ийн эзэмшлийн газрыг анхнаасаа  газар эзэмшигчтэй тохиролцож,  түрээсийн гэрээний үндсэн дээр  тогтоосон төлбөрийг төлж ашиглаж байсан үйл баримт тогтоогдож байх тул газар эзэмшигч “Ак дам” ХХК нь өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэсгийг буюу  5120 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,27.3,27.4, 31 дүгээр зүйлийн  31.3,38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нарын хувьд “бидний эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаж байна” гэж маргаж байгаа боловч  дээр дурдсанаар  нэхэмжлэгч нар нь “Ак дам” ХХК-ийн эзэмшлийн газарт   дэлгүүрийн барилга барьж, түрээсийн гэрээгээр тухайн газрыг ашиглаж байгаа, өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдээс тухайн газрыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн, ашиглуулсан шийдвэр, гэрээ , гэрчилгээ байхгүй  тул “газар давхацсан”  гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. 

Үүнээс гадна, дээр дурдсанаар  нэхэмжлэгч нарын  бусдын эзэмшлийн газарт барьсан  үл хөдлөх эд хөрөнгөд олгосон  өмчлөх  эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг  хууль, журмын дагуу олгогдсон гэж үзэх үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх хуулийн дагуу үүсээгүй байх  тул  “нэхэмжлэгчдийн үл хөдлөх эд хөрөнгүүд байрладаг”  гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын  нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгө байрладаг  хэсгийг гуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлснийг  хүчингүй болгох  хууль зүйн  үндэслэлгүй байна. 

15. Нэхэмжлэгч нар “Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж болон бусад зүйл газрын үндсэн бүрдэл хэсэг байна”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж тус тус зааснаар бидний өмчлөлийн барилга байгууламжийн доорх газрын хувьд бид  шударга эзэмшигч болно,  маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгч С.Ү, З.Б, А.А,  К.Х бидний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан, өмчлөх эрхийг хязгаарласан”  гэж маргасан.

Гэтэл нэхэмжлэгч нар нь “Ак дам” ХХК-ийн эзэмшлийн газрыг тус компанитай байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр  ашиглаж байсан, өөрөөр хэлбэл, дэлгүүрийн барилга барьсан газар  нь бусдын эзэмшлийн газар болохыг хүлээн  зөвшөөрч үйл ажиллагаа явуулж байсан буюу “Ах дам” ХХК нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрыг эзэмшиж байх хугацаанд, мөн тухайн газрыг 2021 онд гуравдагч этгээдэд шилжүүлснээс хойш 2025 он хүртэлх хугацаанд газар эзэмших эрхийн талаар маргаагүй  байна.

Дээрх нөхцөл байдал болон  нэхэмжлэгч нарын “...Х.Н нь нэхэмжлэгч биднийг тухайн газарт байршилтай үл хөдлөх хөрөнгийг нүүлгэх, газрыг чөлөөлөх талаар 2024 оны 11 дүгээр сараас хойш өөрөө болон бусдаар дамжуулан удаа дараа амаар шаардлага тавьж, газрыг чөлөөлөх талаар сануулсан” гэсэн тайлбараас үзэхэд  “Ак дам”  ХХК-ийн эзэмшлийн газрын тодорхой хэсгийг  гуравдагч этгээд Х.Н шилжүүлсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших,ашиглах эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн “Ак дам” ХХК-аас гуравдагч этгээдэд шилжүүлсэн газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь нэхэмжлэгч нарт хуулийн дагуу үүсээгүй байх  тул газар эзэмшигч “Ак дам” ХХК нь тодорхой хэмжээний газрыг бусдад шилжүүлсний улмаас  тус компанийн эзэмшлийн газарт  дэлгүүрийн барилга барьж, түрээсийн гэрээгээр тухайн газрыг ашиглаж байгаа нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. 

16. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нар нь “Ак дам” ХХК-ийн эзэмшлийн газарт   дэлгүүрийн барилга барьж, түрээсийн гэрээгээр тухайн газрыг ашиглаж байгаа, өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдээс тухайн газрыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн, ашиглуулсан шийдвэр, гэрээ, гэрчилгээ байхгүй  учир газар эзэмшигч “Ак дам” ХХК-ийн эзэмшлийн газрынхаа тодорхой хэсгийг Х.Н шилжүүлэх тухай гэрээг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн  эрх бүхий этгээдийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй  байх тул  Захиргааны  ерөнхий хуулийн 13,26 дугаар зүйлд  тус тус зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж хариуцагчийг  буруутгах  үндэслэлгүй байна.

17. Иймээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” захирамжаар  “Ак дам” ХХК-ийн газрын тодорхой хэсгийг гуравдагч этгээдэд шилжүүлснийг  хууль бус гэж үзэх, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж тус тус үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,27.3,27.4, 31 дүгээр зүйлийн  31.3, 34 дүгээр зүйлийн 34.10, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ү, З.Б, А.А, К.Х нарын  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

                       

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ