| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2024/0054/З |
| Дугаар | 110/ШШ2025/0051 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 110/ШШ2025/0051
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,
Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газар,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Н, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.К, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч нараас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/495 дугаар захирамжийг хүчингүй болгож, 4160 м2 болон 307.6 м2 хэмжээтэй газрыг Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт, 782 м2 газрыг Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус тус эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь анх шүүхэд “...7000 м2 газрыг эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй газрын хэмжээг 582.4 м2 (782.4) гэж тодруулсан болно.
3. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
3.1. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн аймгийн Засаг даргын 392 дугаар захирамжаар 7000 м2 газрыг эзэмшиж ирсэн. 2019 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдан гарснаар Хүнс, хөдөө аж ахуйн газраас Мал эмнэлгийн газрыг салган Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа агентлаг шинээр байгуулагдсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 513 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшилд байсан 7000 м2 газраас 2532.4 м2 газрыг тус байгууллагын эзэмшилд үлдээж, 4467.6 м2 газрыг Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн.
3.2. 2022 онд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, хуучин Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшилд байсан газарт дахин хэмжилт хийж, 2 байгууллагад газар эзэмших гэрчилгээг тус тусад нь гаргаж өгөх хүсэлт гаргасан. Гэтэл хэмжилт хийсний дараа 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн аймгийн Засаг даргын А/495 дүгээр захирамжаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшлийн газрыг хэмжээг шинэ кадастрын зургийн дагуу 5240 м2 гэж тогтоож, үүнээс 1750 м2 газрын эрхийн гэрчилгээг Хүнс, хөдөө аж ахуйн газарт, 3490 м2 газрыг Мал эмнэлгийн газарт эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан. Ингэснээр Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын өмнөх эзэмшил газраас нийт 1760 м2 газар дутсан ба 2024 оны 3 дугаар сард Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирсэн шалгалтаар тухайн шийдвэрийг хууль бус зөрчилтэй шийдвэр гэж үзэж, эзэмших ёстой нийт 7000 м2 газраас 1760 м2 газар дутуу байгааг илрүүлэн Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 3 сарын хугацаатай үүрэг чиглэл өгсөн
3.3. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын эзэмшлийн газар 4467.6 м2 байх ёстойгоос 670 м2, Асрамжийн байгууллагын хашаанд байгаа хуучин гарааж байрлаж буй 307.6 м2 газар, Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хувьд тус тус эзэмших ёстой газраас 977 м2 газар дутуу байна.
3.4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газрын маргааныг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт тавихад “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 7000 м2 газар эзэмшүүлсэн ба тухайн үед олгосон газрын гэрчилгээ байгаа боловч 7000 м2 газрын кадастрын зураг байхгүй, Засаг даргын 2022 оны А/495 дугаар захирамжаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын хэмжээг 5240 м2 гэж тогтоож, үүнээс 3490 м2 газрыг Мал эмнэлгийн газарт хэсэгчлэн шилжүүлэн эзэмшүүлсэн байна.” гэж хариу өгсөн. 2006 онд газрын хэмжээ 7000 м2 байсныг 2022 онд Засаг даргын захирамж гаргахдаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар ямар эрх зүйн актыг үндэслэж газрын хэмжээг 5240 м2 гэж тогтоосон нь тодорхойгүй байна. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газарт олгосон гэрчилгээтэй хамт гэрээ, гараар калк цаасанд зурсан зураг нь одоо хүртэл хадгалагдаж байгаа болно.
3.5. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар Хүнс, Хөдөө аж ахуйн эзэмшилд олгосон 7000 м2 газарт өөрчлөлт оруулсан тухай шийдвэр гараагүй ба 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/495 дугаартай захирамжаар газрын хэмжээ 5240 м2 болж өөрчлөгдсөнийг хууль зөрчиж байна гэж үзнэ гэжээ.
4. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1. 2018 онд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Мал эмнэлгийн газрыг тусгаарлаж, шинээр байгуулагдсан. Тухайн үед хоёр байгууллагын газар болон өмч хөрөнгийг Төрийн өмчийн хорооны газрын ажлын хэсэг хувааж эзэмшүүлсэн байдаг. Байгууллагын тухайн үед эзэмшиж байсан газраас өнөөдөр эзэмшиж байгаа газар нь зөрүүтэй байгаа учраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “та нарын газар чөлөөтэй байна, заавал эзэмшсэн байх ёстой, шүүхээр нэхэмжилж аваарай.” гэж шаардлага тавьсан.
Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт Төрийн өмчийн хорооны 2019 513 дугаар тогтоолоор хуваасан газрын хэмжээ 2332.4 м2 байх ёстой юм. Харин аймгийн Засаг дарга захирамж гаргаснаар газрын хэмжээ 1750 м2 талбайтай болж, 582.7 м2 газар дутаж байна гэв.
5. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
5.1.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/495 дугаар захирамжаар манай байгууллагад 3490 м2 талбайтай газар олгогдсон.
Иймээс 2022 оны А/495 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, газрын зөрүү 670 м2 талбайтай газрыг нэмж эзэмшүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 670 м2 талбайтай газар нь манай байгууллагын хойд талын эзэнгүй газар юм. Манай байгууллагын хашааны доторх машины зогсоол тавьдаг газар байгаа ч уг газарт гэрчилгээ байхгүй. Тухайн газрын хэмжээ 242 м2 талбайтай, зүүн хойд талд байгаа сул газрын хэмжээ 182 м2 талбайтай гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Дээрх хоёр газрын хэмжээг нэмэхээр 424 м2 талбайтай газар болж байна. Гэхдээ 670 м2 талбайд хүрэхгүй байна.
5.1.2. Асрамжийн газрын хашаанд байгаа манай байгууллагын үндсэн хөрөнгө болох 3 гарааж байрлах 307.6 м2 талбайтай газарт газрын гэрчилгээ байхгүй.
Нэгэнт нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас 307.6 м2 газрыг нэмж эзэмшүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Гарааж нь манай байгууллагын хөрөнгө учраас газрыг нь эзэмших ёстой. Гэхдээ нөхцөл байдлыг үзэхэд 307.6 м2 хэмжээтэй газрыг авах ямар ч боломжгүй байна. Шүүх ямар шийдвэр гаргана, тэрүүгээр болох байх гэв.
6. Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарт:
6.1. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар 7000 м2 газрыг эзэмшүүлсэн байна. Эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу газрын гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан боловч хэмжилт хийж, нарийвчлан гаргасан кадастрын зураг байхгүй байна. Тухайн үед үйлдсэн схем зурагт албан конторт ЦТП болон гараажийн доорх газрыг нэмж тооцоолсон байсан ба одоогийн захирамжид /163м2+98м2/ тэдгээрийн доорх газар болох 261 м2 газар нь ороогүй байна. Учир нь ЦТП болон гарааж нь тус тусдаа салангид нэгж талбар байна. Мөн 233 м2 гаруй газрыг 3 байгууллагын орц, гарц бүхий газраар үлдээсэн байна.
6.2. 1999 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 030100084 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр анх тус байгууллагад 12250 м2 газар олгосон байжээ. Үүнээс өөр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хэчнээн хэмжээний газрыг хэрхэн хуваасан талаар ямар нэгэн зураглал байхгүй байна.
2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 154 тоот албан бичгээр тус байгууллагын эзэмшил газарт мэргэжлийн компанийн хийсэн кадастрын зургийн дагуу хоёр байгууллагын газарт тус тусдаа гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн. Газар эзэмшигчийн өөрийн зүгээс кадастрын компанид хийлгэсэн хэмжилтийн дагуу аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/495 дугаар захирамжаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшил газрын нийт хэмжээг 5240 м2 гэж тогтоож, үүнээс 3490 м2 газрыг аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлэн эзэмшүүлсэн байна гэжээ.
7. Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
7.1. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь анх 12000 м2 талбай бүхий газартай байсан. Уг газрыг өмч хувьчлалаар авсан аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад захирамж гаргаж тус тусдаа хуваарилсан түүхтэй юм.
Дараа нь аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар 7000 м2 газартай гэж захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Тухайн үед газрын булангийн координатуудыг тогтоосон кадастрын зураг байгаагүй. Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Х.Н гэдэг хүний байршил тогтоосон схем зураг байна. Дараа нь 7000 м2 талбайтай газрын кадастрыг хийж, 2011 онд газрын даамлаар ажиллаж байсан Х.Н гэдэг хүн газрын байршлын албан ёсны координатыг тогтоогоод өгсөн. Үүнийг шинжээч одоогийн кадастрын зурагтай харьцуулж газрын хил заагийг тогтоосон байна. Хэрвээ шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүхээс шийдвэр гарвал хариуцагчийн зүгээс холбогдох шийдвэрийг гаргаж явна.
7.2. 7000 м2 талбайтай газар яагаад багассан гэхээр ертөнцийн зүгээр хойд талд байгаа хашаа татаагүй, сул чөлөөтэй газрыг 2011 оны кадастрын зургаар олгосон, хил залгаа “М” ХХК-ийн эзэмшил газартай тодорхой хэмжээний газар давхцалтай зэрэг зөрүүнүүд шинжээчийн дүгнэлтээр гарсан байна. Хойд талын сул чөлөөтэй газарт Хүнс, хөдөө аж ахуйн газар хашаа татаагүйн улмаас өөр иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон, барилга байшин барьсан тохиолдлууд гарсан байна.
Тухайн үед Газрын албаны зүгээс газар давхацсан байж магадгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэдгийг хэлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Эдгээр нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан тул харгалзаж үзэх нь зүйтэй байх гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг үндэслэлтэй байна.
2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.3.2. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан.
3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0067855 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшсэн газрын хэмжээ 7000 м2 байх ба уг шийдвэрийг үндэслэн Газрын албанаас 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн Өлгий сумын газрын даамал Х.Н 2006 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт эзэмшүүлэх 7000 м2 газрын хэмжээ, байршлын талаарх схем зургийн эх хувиас үзэхэд 7000 м2 газарт байгууллагын конторын барилгыг оролцуулж, барилгын эргэн тойрны 6545 м2 (4770м2+1775м2) газар, уг газрын зүүн талд байршилтай ЦТП-ийн барилга орших 151 м2 (85м2+66м2) газар, мөн гараажийн барилга орших газрыг оролцуулсан ойр орчны нийт 304 м2 газар тус тус багтсан байх ба эдгээр газрууд нь тус тусдаа байршилтай байна.
Энэхүү баримтын талаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт Өлгий сумын газрын даамлаар ажиллаж байсан гэрч Х.Н нь шүүхэд “...2006 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Газрын албаны газрын даамлын хувьд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшлийн 7000 м2 хэмжээтэй газрын бүдүүвч зургийг гараар үйлдсэн. Энэ нь тухайн байгууллагын эзэмшил газрын схем зураг мөн.” гэж мэдүүлсэн.
5. Уг баримтыг үндэслэн Өлгий сумын газрын даамал Х.Н нь 2011 онд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшсэн газарт кадастрын зураг үйлдэж, байгууллагын конторын барилгатай газрын хэмжээг 6529.9м2, гараажтай газрын хэмжээг 307.6м2-аар тодорхойлж, газрын хил заагийг тогтоосон нь талуудын тайлбар, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн 6529.9м2 болон 307.6м2 газрын кадастрын зураг, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 04-04-029/338 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийн “…газрын байршлын кадастрын зургийг …мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Насихат 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэж, талбайн хэмжээ нь 6529.9м2 +307.6м2=6837.5м2 болохыг тогтоож өгсөн байна.” гэх хэсэг, гэрч Х.Н “...Би Газрын албанд 2006 оноос 2021 он хүртэл ажилласан. 2011 оны 11 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тус тусдаа байршилтай 6529.9 м2 болон 307.6 м2 газрын кадастрын зургийг би үйлдэж, газрын байршлыг тогтоож байсан. Эдгээр хуулбар баримтуудыг үзэхэд тухайн 2011 онд миний үйлдсэн кадастрын зураг мөн байна.
Эдгээр кадастрын зургийг би үйлдэхдээ 2006 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн дээрх 7000 м2 газрын бүдүүвч зургийг үндэслэн газрын хэмжээ байршлыг тогтоосон ба 7000 м2 газрын бүдүүвч зураг дахь газрын хэмжээг тухайн үед манай газрын албанд ашиглагдаж байсан тоон зурагт оруулж, 2011 оны 11 дүгээр сард дээрх кадастрын зургийг үйлдсэн.” гэх мэдүүлэг бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон.
6. Өлгий сумын газрын даамлын үйлдсэн 6529.9м2 болон 307.6м2 буюу нийт 6837.5м2 газрын байршлыг шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/Д3 дүгнэлтийн хавсралт-1, хавсралт-7 баримтаас тус тус үзэхэд 6837.5м2 газарт 2006 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшил газрын хэмжээ” баримтад тусгагдсан ЦТП-ийн барилга орших 151 м2 талбай бүхий газар ороогүй, энэ нь өөр байршилтай газар байх тул 6837.5м2 газарт 151 м2 газрыг нэмэхэд газрын нийт хэмжээг 6988.5 м2 байна. Шинжээчийн дүгнэлтээр /хавсралт-7/ ЦТП-ийн барилга орших газрын хэмжээг 159 м2 гэж тогтоосон байх ба энэ хэмжээг үндэслэхэд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшиж байсан газрын хэмжээг 6996.5 м2 (6837.5 м2+159 м2) байсан гэж үзэхээр байна.
Иймд 2006 оны байдлаар Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газрын эзэмшсэн газрын талбай 7000 м2 байсан гэх нэхэмжлэгч нарын тайлбар нь үндэслэлтэй байх ба энэ талаар хариуцагчаас маргаагүй болно.
7. Нэхэмжлэгч талын тайлбарласнаар 2019 онд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаанаас мал эмнэлгийн чиглэлийн чиг үүрэг тусгаарлагдаж, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газар байгуулагдсан байх ба Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 513 дугаартай “Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” тогтоолын хавсралтаар Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт 4160 м2 газар, хуучин гараажийг 307.6 м2 газрын хамт нийт 4467.6 м2 газрыг хуваарилжээ. Үүнээс үзэхэд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшиж байсан 7000 м2 газраас нийт 4467.6 м2 (4160м2+307.6м2) газрыг Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газар, үлдсэн 2532.4 м2 газрыг Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар тус тус эзэмшихээр болжээ.
8. Хариуцагчийн тайлбарын агуулга, хэрэгт авагдсан кадастрын зураг бүхий баримтуудаас үзэхэд дээрх байдлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 513 дугаар тогтоол гарсны дараа нэхэмжлэгч нараас тус тус эзэмших эрхтэй газрын кадастрын зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгэхэд, хоёр байгууллагын нийт эзэмших эрхтэй газрын хэмжээг 5240 м2-аар, үүнээс Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын эзэмших эрхтэй газрыг 3490 м2-аар, Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн эзэмших эрхтэй газрын хэмжээг 1750 м2-аар тус тус тодорхойлж, газрын хил зааг, байршлыг тогтоосон байх ба үүний дагуу нэхэмжлэгч нар хүсэлт гаргаснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/495 дугаар захирамжаар газрын нийт хэмжээг 5240 м2 гэж тогтоож, үүнээс 3490 м2 газрыг Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт, үлдсэн 1750 м2 газрыг Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ. Уг үйл баримтын талаар нэхэмжлэгч талаас маргаагүй болно.
9. Ингэснээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 513 дугаартай дээрх тогтоолоор Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт хуваарилсан 4467.6 м2 газар нь 997.6 м2-аар (4160 м2-3490 м2=670 м2 болон хуучин гараажтай газар 307.6м2), Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт үлдсэн 2532.4 м2 газар нь 782.4 м2-аар тус тус багассан байх ба энэ талаарх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй байна.
10. Газрын хэмжээ, хил заагтай холбоотой хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудыг үндэслэн газрын асуудлаар шинжээчийн гаргасан 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/Д3 дугаартай дүгнэлтээр дараах нөхцөл байдал тогтоогдсон.Үүнд:
10.1. Өлгий сумын газрын даамал Х.Н 2011 онд кадастрын зураг үйлдсэн 6529.9 м2 хэмжээтэй газарт нэхэмжлэгч нарт Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/495 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн нийт 5240 м2 газар (3490м2+1750м2) багтсан.
10.2. 6529.9 м2 болон 5240 м2 газрын кадастрын зургуудыг давхцуулахад 5240 м2 газраас илүү 1289.9 м2 газар нь байршлын хувьд:
10.2.1 Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт эзэмшүүлсэн 1750 м2 газрын зүүн урд хэсэгт байршилтай тус байгууллагын хашаалсан талбай доторх 26.48 м2, хашаанаас гаднах 31.39 м2, нийт 57.87 м2 газар,
10.2.2. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт эзэмшүүлсэн 1750 м2 газрын баруун хойд хэсэгт байршилтай 221.8 м2 газар,
10.2.3. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт эзэмшүүлсэн 1750 м2 газрын хойд хэсэг, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт эзэмшүүлсэн 3490 м2 газрын баруун талд байршилтай 277.23 м2 газар,
10.2.4. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт эзэмшүүлсэн 3490 м2 газрын баруун хойд хэсэгт байршилтай 242.3 м2+237.77м2+221.92м2+31.01 м2 буюу нийт 733 м2 газар болох нь,
10.3. Хуучин гарааж, ЦТП-ийн барилга бүхий объектууд нэхэмжлэгч нарын эзэмшил газрын баруун талд байршилтай, тодруулбал нэхэмжлэгч нарын эзэмшил газрын баруун талаас газар эзэмшсэн Баян-Өлгий аймгийн Асрамжийн газрын хашаалсан талбайн баруун хэсэгт ЦТП-ийн барилга хил залгаа байршилтай, уг барилга орших газрын хэмжээ 159 м2, хуучин гарааж байрлаж буй гэх маргаан бүхий 307.6 м2 газар нь тус байгууллагын хашаалсан талбайд багтсан, үүнээс гарааж орших газрын хэмжээ 97.5 м2, үлдсэн газрын хэмжээ 210.1 м2 болох нь, гарааж руу орох хойд хэсгийн 210.1 м2 газрын 92.1 м2 газар нь Баян-Өлгий аймгийн Асрамжийн газрын барилгын суурь газартай давхацсан болох нь тус тус тогтоогдож байна.
11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж үзэхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт эзэмшүүлсэн 7000 м2 газраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 513 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт хуваарилагдсан гэх 4467.6 м2 газарт маргаан бүхий захиргааны актаар тус байгууллагад эзэмшүүлсэн 3490 м2, уг газрын хойд хэсэгт байршилтай шүүхийн энэхүү шийдвэрийн 10.2.4-т дурдсан нийт 733 м2 (242.3 м2+237.77м2+221.92м2+31.01 м2) газар, 10.3 дахь хэсэгт дурдсан хуучин гараажийн суурь болон орчны 307.6 м2 газрууд, Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмших эрхтэй гэх үлдсэн 2532.4 м2 газарт маргаан бүхий захиргааны актаар тус байгууллагад эзэмшүүлсэн 1750 м2, шүүхийн энэхүү шийдвэрийн 10.2.1-д дурдсан 57.87 м2, 10.2.2-т дурдсан 221.8 м2, 10.2.3-т дурдсан 277.23 м2, ЦТП-ийн барилга орших 159 м2 газрууд тус тус хамаарна гэж үзэхээр байна.
Иймд маргаан бүхий захиргааны актаар хоёр байгууллагын газрын нийт хэмжээг 5240 м2 гэж тогтоосон нь үндэслэлгүй байна.
12. Талуудын тайлбар, шүүхээс хийсэн үзлэг, шинжээчийн дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 443 дугаартай, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/432 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захиармж, 2013 оны 367 дугаартай “Захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж, 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0405338, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 000598308 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00608 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өрийн 306 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нэхэмжлэгч нарын маргаж буй тус тусын байршилтай 1289.9 м2 газрын /7000 м2-5240м2 =1289.9м2) шүүхийн шийдвэрийн 10.2.1-д заасан 57.87 м2, 10.2.4-т заасан 242.3 м2 +221.92 м2+31.01 м2 буюу нийт 495.23 м2, ЦТП-ийн барилга орших 159 м2, хуучин гарааж орших 97.5 м2 газрууд нь сул чөлөөтэй болох нь, харин шүүхийн шийдвэрийн 10.2.4-т заасан 237.77 м2 газарт орон сууцны барилга баригдсан, бусдын эзэмшилд олгогдсон газар болох нь тогтоогдож байна.
Дээрх газрууд нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт эзэмшүүлсэн 7000 м2 газарт багтаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул нэгэнт бусдын эзэмшилд олгож, улмаар нийтийн орон сууц баригдсан 237.77 м2 газраас бусад сул чөлөөтэй байгаа дээрх газруудыг (57.87м2+242.3м2+221.92м2+31.01м2+97.5м2) нэхэмжлэгч нар эзэмших эрхтэй гэж дүгнэв.
13. Харин шүүхийн шийдвэрийн 10.2.2-т заасан 221.8 м2 газрыг энэ хэмжээгээр нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хойд хэсгээс газар эзэмшдэг “М” ХХК-ийн 1762 м2 газартай давхацсан гэх дүгнэлтийг шинжээч гаргасан.
14. Хэргийн нотлох баримтаар “М” ХХК-ийн эзэмшлийнх гэх 1762 м2 газарт Газрын албанаас кадастрын зураг үйлдсэн байх боловч тус компани нь тухайн байршлаас 1168 м2 газрыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 62 дугаартай захирамж, 0005877 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшсэн нь, “М” ХХК-д 1762 м2 газар эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй нь гэрч тус компанийн захирал Х.Х, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдсон. Ингэснээр “М” ХХК-ийн тухайн байршлаас эзэмшсэн 1168 м2 газрыг 594 м2-аар нэмэгдүүлж, 1762 м2 газарт кадастрын зураг үйлдэгдсэнийг үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Мөн “М” ХХК-ийн эзэмшсэн 1168 м2 газарт кадастрын зураг үйлдэгдээгүй байх ба тус компанийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар албан бичгээр шүүхэд тухайн 2004 онд Өлгий сумын газрын даамал асан Ч.Д гараар үйлдсэн гэх 1168 м2 газрын байршлын зурагт газрын хэмжээ, байршлыг харуулсан байх ба “7.5, 33, 14, 22, 26, 23.5” гэсэн хэмжээнүүдийг тусгажээ.
Гэрч “М” ХХК-ийн захирал Х.Х шүүхэд “…Манай компанид эзэмшүүлсэн 1168 м2 газрын байршил болон одоогийн Мал эмнэлгийн газар хооронд нийтийн эзэмшлийн авто зам байгаа. Уг авто зам нь 2004 оны газрын даамал асан Ч.Д үйлдсэн зурагт тусгагдсан ба авто замаас 7.5 м зай үлдээгээд манай компанид эзэмшүүлсэн 1168 м2 газрын зааг эхэлж байгаа. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтээр давхацсан гэх 221.8 м2 газрыг манай компанийн нэр дээр үйлдсэн 1762 м2 газраас хасахад үлдэж байгаа 1540 м2 газрын байршлыг зургаас үзэхэд 1168 м2 газрын байршлын зурагтай тохирохгүй байна. 221.8 м2 газар нь минийхээр 1168 м2 газартай давхцаж байна гэж үзэж байгаа бөгөөд 221.8 м2 газрын байршил нь 2004 онд газрын даамал Ч.Д үйлдсэн зургаар бол манай компанийн газраар тодорхойлогдож байна. Эсхүл уг давхацсан гэх 221.8 м2 газар нь авто замын заагаас манай эзэмшлийн 1168 м2 газар хоорондын 7.5 метр газарт хамааралтай ч байж болох юм.” гэх мэдүүлгийг өгсөн.
Иймд газрын асуудал хариуцсан хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэхүү баримтыг үндэслэн “М” ХХК-д тухайн байршлаас эзэмшүүлсэн 1168 м2 газрын байршлыг тодорхойлж, 221.8 м2 газар нь “М” ХХК-ийн эзэмшсэн газартай давхацсан эсэх, эсхүл сул чөлөөтэй газар эсэхийг тогтоосны үндсэн дээр дээрх 221.8 м2 газрыг нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
15. Шүүхийн шийдвэрийн 10.2.3-т заасан Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт эзэмшүүлсэн 1750 м2 газрын хойд хэсэг, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт эзэмшүүлсэн 3490 м2 газрын баруун талд байршилтай 277.23 м2 газрыг нэхэмжлэгч төрийн байгууллагууд болон тус байршлаас газар эзэмшдэг “М” ХХК нь орц, гарцын зориулалтаар нийтээр эзэмшиж байгаа гэж хариуцагчаас тайлбарласан ба уг нөхцөл байдал нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон, мөн энэ талаар нэхэмжлэгч нараас маргаагүйг дурдах нь зүйтэй.
Уг 277.23 м2 газартай холбогдуулж нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас /дарга Б.Н/ шүүх хуралдааны явцад “…Манай байгууллага руу орох хаалгагүй болсон тул хашааг чөлөөлж, замаас холдуулсан, Мал эмнэлгийн байгууллага хашаагаа мөн татаж авсан. Тэгэхээр эзэмшсэн газраас 277.23 м2 талбайтай газар нийтийн эдэлбэрийн газарт шилжсэн гэж ойлгож байна.” гэж тайлбарлан нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглаж байгаа гэх уг газартай холбогдуулж маргахгүй гэдгээ мэдэгдсэн болно.
16. Маргаан бүхий 307.6 м2 газрын хувьд хуучин гарааж орших 97.5 м2 газрыг нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газар эзэмших эрхтэй байна. Учир нь уг үл хөдлөх хөрөнгө нь тус байгууллагын үндсэн хөрөнгө болох нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дээрх 513 дугаартай тогтоолоор тогтоогдсон. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.7.газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх.” гэж тус тус заасан тул гарааж орших 97.5 м2 газрыг нэхэмжлэгч эзэмших эрхтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын маргаан бүхий 307.6 м2 газрыг бүхэлд нь эзэмших эрхтэй гэх маргаан нь хэргийн нотлох баримтуудаас үзэхэд үндэслэлтэй байх боловч 97.5 м2 талбайтай гарааж орчны 210.1 м2 газрын 92.1 м2 талбайтай хэсэг нь Баян-Өлгий аймгийн Асрамжийн газрын барилгын суурь газартай давхацсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдон. Иймд 307.6 м2 газрыг нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газар бүхэлд нь эзэмших боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул гарааж орчны 210.1 м2 газраас дээрх 92.1 м2 газрыг хасаад үлдсэн 118 м2 хэмжээтэй газрыг гарааж руу орж гарах зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг хариуцагч захиргааны байгууллагаас шалгаж тогтоосны үндсэн дээр уг 118 м2 газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
17. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 513 дугаар тогтоолд заасан хэмжээгээр нэхэмжлэгч нар газар эзэмших эрхтэй гэж үзвэл, уг тогтоолоор Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт хуваарилсан нийт 4467.6 м2 газарт ЦТП-ийн барилга орших 159 м2 газар ороогүй байна.
ЦТП-ийн барилга орших 159 м2 /газрын даамлын тодорхойлсноор 151 м2/ нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт эзэмшүүлсэн 7000 м2 газарт багтаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба 7000 м2 газраас Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын эзэмших эрхтэй гэх 4467.6 м2 газрыг хасахад Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн эзэмших эрхтэй гэх үлдсэн 2532.4 м2 газарт ЦТП-ийн барилга орших 159 м2 газар багтахаар байгааг шүүхийн шийдвэрийн 11 дэх хэсэгт дүгнэсэн.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газар нь ЦТП-ийн барилга нь манай байгууллагад харьяалалтай гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн ба энэ талаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар маргаагүй болно.
Иймд анхны 7000 м2 газарт багтаж байгаа ЦТП-ийн барилга орших 159 м2 газрыг аль байгууллага эзэмших эрхтэйг тодруулсны дараа 159 м2 газрыг аль байгууллагад эзэмшүүлэх асуудлыг хариуцагч газрын асуудал хариуцсан захиргааны байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх нь зүйтэйг дурдсугай.
18. Энэхүү газрын маргааны хувьд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар:
Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 2006 оны байдлаар хуульд заасан газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр үндсэндээ 7000 м2 газар (6996.5 м2) эзэмших эрхтэй нь,
үүнээс нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газар нь 4467.6 м2, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 2532.4 м2 газрыг тус тус эзэмших эрхтэй нь,
маргаан бүхий захиргааны актаар хоёр байгууллагад эзэмшүүлэх газрын нийт хэмжээг 5240 м2-аар тогтоосон нь үндэслэлгүй болох нь,
хоёр байгууллагын эзэмших эрхтэй 7000 м2 газраас багассан газрын зөрүү 1760 м2 (6996.5 м2-5240м2 = 1756.5 м2) болох нь, уг газраас тус тусдаа байршилтай ЦТП-ийн барилга орших 159 м2, хуучин гарааж орших 97.5 м2 болон 5240 м2 газрын ойр орчны 57.87м2, 242.3м2, 221.92м2, 31.01м2 хэмжээтэй газрыг нэхэмжлэгч нар эзэмших эрхтэй болох нь, газрын зарим хэсэг болох 221.8 м2 газар нь “М” ХХК-ийн 2004 онд эзэмшсэн гэх 1168 м2 газартай давхацсан эсэх, хуучин гарааж орчны сул газар болох маргаан бүхий 307.6 м2 газрын зарим хэсэг бүхий 118 м2 газрыг ашиглах боломжтой эсэхийг шүүхийн шийдвэрт заасан үндэслэлээр газрын асуудал хариуцсан хариуцагч захиргааны байгууллагаас дахин шалгаж тогтоох шаардлагатай нь, харин нийтийн орон сууц баригдсан 237.77 м2, Баян-Өлгий аймгийн Асрамжийн газрын барилгын суурь газартай давхацсан маргаан бүхий 307.6 м2 газрын зарим хэсэг болох 92.1 м2 газруудыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлэх боломжгүй гэж үзэх нөхцөл байдлууд тогтоогдсон.
Ингэснээр Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газар нь нийтдээ 5240 м2-аас илүү газар эзэмших эрхтэй байх тул нэхэмжлэгч нарын энэ талаарх маргааныг үндэслэлтэй гэж үзээд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/495 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
19. Дээрх байдлаар маргаан бүхий газрын зарим хэсэг нь бусдын эзэмшил газартай давхацсан эсэх, нэхэмжлэгч нар эзэмшиж, ашиглах боломжтой эсэхийг Газрын тухай хуульд заасан журмаар газрын асуудал хариуцсан хариуцагч захиргааны байгууллагаас дахин шалгаж тогтоох шаардлагатай нөхцөл байдал байгааг харгалзан, түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “…төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана; “, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж зааснаар газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаар хуульд зохицуулагдсан тул шүүхээс нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт шууд даалгах нь үндэслэлгүй юм.
Нөгөө талаар нэхэмжлэгч нараас маргаан бүхий газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
20. Иймд нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох ...4160 м2 болон 307.6 м2 хэмжээтэй газрыг Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт, 782.4 м2 /582.4 м2/ газрыг Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус тус эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж газар эзэмшүүлэх тухай” А/495 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “4160 м2 болон 307.6 м2 хэмжээтэй газрыг Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт, 782.4 м2 газрыг Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус тус эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА