Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01116

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01116

 

 

 

Ц.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/01215 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Бгийн хариуцагч БГДЭМТд холбогдуулан гаргасан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, өмгөөллийн хөлс, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие БГДЭМТд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчиж, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Тус төвийн даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Би хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирсэн гамшгийн бэлэн байдлын шалгалтаар Эрүүл мэндийн төвийн дарга З.Бт албан шаардлага ирсний дагуу тэрээр өөрийн эрх хэмжээний хүрээнд уг шаардлагыг биелүүлсэн. Миний хувьд ямар эд зүйлс, хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл авахыг шийдвэрлэх эрхгүй бөгөөд зөвхөн хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл, материалаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж ажилдаг. Эм эмнэлгийн хэрэгслийн чанарт Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба, Хамгаалах хэрэгсэл, халдварын сэргийлэлтийг халдвараас сэргийлэх хяналтын алба зэрэг байгууллагын даргад захирагддаг алба, нэгжийн дарга нарт санал хүргүүлэх, хангалтыг хянах эрхтэй байдаг. Иймээс энэ хүрээнд намайг буруутгах үндэслэлгүй. Мөн байгууллагын дотоод журмын 4.1.9-д ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол комиссын дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заасан. Миний мэргэжил, ур чадваргүй болохыг шалгаж тогтоогоогүй, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд тэнцэхгүй болсныг тогтоосон комиссын дүгнэлт гараагүй. Ажлаас халагдсан байхад байгууллагын дотоод журмын 6.3.2-т заасан ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд тэтгэмж олгох эсэх асуудлыг шийдвэрлэсэн заалтыг тусгасан нь уг тушаалыг үндэслэлгүй болохыг нотолж байна. Хөдөлмөрийн гэрээний 6.4.4-т байгууллагын салбар нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдсон, үйл ажиллагааг хууль, дүрэмд заасан шаардлагын хүрээнд удирдан зохион байгуулж үйл ажиллагааг явуулж чадаагүй нь тогтоогдсон гэсэн боловч нэгжийн үйл ажиллагаа доголдсон тогтоол, дүгнэлт, комиссын шийдвэр байхгүй тул энэхүү заалтаар ажлаас халах тушаал үйлдсэн нь үндэслэлгүй.

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Удирдлагын зөвлөлийн хурлаар эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь мэргэжил ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр протоколоор сануулах арга хэмжээ авсан. Энэ өдрөөс 7 хоногийн дараа мөн ижил үндэслэлээр ажлаас халах тушаал гаргасан. Иймд өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БГДЭМТийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.Бг тус эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилон ажиллуулсан. Түүнд ажил үүрэгтэй нь холбоотой асуудлаар Удирдлагын зөвлөлийн хурлаар удаа дараа үүрэг даалгавар өгч байсан. Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил үүргийн салшгүй нэг хэсэг болох эрүүл мэндийн даатгалын орны эргэлтийн талаар Удирдах зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар 2020 оны 8 сараас эхлэн ЭМД-ын гүйцэтгэлийг нөхөн хийж ажиллах төлөвлөгөө гаргах, хүүхдийг эмнэлэгт хэвтэхэд онцгой анхаарах зэрэг үүрэг чиглэлийг өгч байсан боловч төлөвлөгөө, тайлан, хэрэгжилтийн талаар тодорхой хийсэн ажил байхгүй. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлаар НЭМГ-ын даргын 2019 оны А/59 дугаартай тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг чиглэл өгч, тус тушаалд 2020 онд Уламжлалт анагаах ухааны тасаг, сэргээн засах эмчилгээний тасаг, тархины харвалт шигдээсийн нэгж, нярайн эмгэгийн тасаг, нян судлалын лаборатори стандарт, лабораторийн олон улсын магадлан итгэмжлэл авах зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж өргөжүүлэх чиглэл өгөгдсөн боловч биелэлт хангалтгүй, эмч, эмнэлгийн ажилтнуудад мэдээ, мэдээллээ өгдөггүй зэрэг алдаа дутагдлаас үүдэн дээрх тасгуудын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл бүрэн хэмжээгээр нээн ажиллуулаагүй байна. Хавдрын мэс засал болон хүүхдийн мэс заслын үйл ажиллагааг тасаг нэгжийн эрхлэгч нарын хүрээнд эхлүүлсэн боловч жигдрүүлээгүй. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хүүхдийн эмнэлгийн орны ачаалалд зохицуулалт хийж орны эргэлтийг нэмэгдүүлэх үүрэг өгөгдсөн боловч ажил хийгдээгүйгээс орны эргэлт буурч байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд доголдол үүсэх эрсдэл үүссэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлаар Хавдар судлалын үндэсний төвөөс түр хугацаагаар хавдрын мэс заслын хагалгааны тасаг шилжин ирж ажиллаж байгаатай холбоотойгоор хавдрын хагалгаанд мэс заслын эмч, сувилагчийг дадлагажуулах, Ковид-19 эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албаны штабын бэлэн байдал, хамгаалах хувцас өмсөх, тайлах сургалтыг тасаг нэгж бүрт хэрэгжүүлэх, орны зохицуулалт дээрээ анхаарах зэрэг үүрэг даалгавруудыг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Бд удаа дараа өгч байсан боловч хэрэгжилт хангалтгүй. Байгууллагын даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/98 дугаартай тушаалаар Ц.Бг Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албаны штабын даргаар томилж, штаб болон мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах, шаардлагатай хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх багаж хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон боловч гүйцэтгэл хагас дутуу төвийн даргыг мэдээ мэдээллээр хангаж ажиллаагүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Коронавирусын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хянах шалгалт ирсэн, тус шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах албан шаардлага ирсэн. Тус албан шаардлагад дурдагдсан коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах талаар хяналт тавьж ажиллаагүй ба төлөвлөгөөнд тодотгол хийх ажлыг бүрэн гүйцэтгээгүй.

Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт эмнэлгийн тусламж шаардлагатай өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлээгүй буцааснаас үйлчлүүлэгч гэртээ хариад нас барсан асуудал гарсан зэрэг олон дутагдал гарч байгаа нь эмнэлгийн тусламжийн асуудал эрхэлсэн даргыг өөрчлөх шалтгаан болсон. Хүнд өвчтний эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношлогоо, эмчилгээг тодруулах зорилгоор холбогдох дээд шатны байгууллагын нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэгийг цаг алдалгүй явуулж шуурхай шийдвэрлэх зөвлөх эмч нарыг томилон ажиллуулдаг. Энэ ажлын хүрээнд зөвлөх эмч нар болон өөрийн байгууллагын эмч нарын уялдаа холбоог нэгтгэн ажиллуулах, зөвлөн туслуулах, сургах, эмч нараа чадавхижуулах, зөвлөхүүдийн мэдлэг ур чадварыг заалгах, туршлага солилцуулах талаар санаачлага гарган ажиллаагүй. Ц.Бд удаа дараа ажлын хариуцлага алдаж байгааг анхааруулж удирдлагын зүгээс цаашид мэргэжлийн чиглэлийн дагуу харвалтын нэгжийн эрхлэгчээр ажиллаж үйл ажиллагааг нь жигдрүүлэх ажлыг санал болгосныг татгалзсан тул ажлаас чөлөөлсөн шийдвэрээ дэмжиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бг БГДЭМТийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 2 757 495 төгрөгийг, хариуцагч БГДЭМТөөс гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг БГДЭМТд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч өмгөөллийн хөлс, сэтгэл санааны хохирол гаргуулах нэхэмжлэлээ татан авсныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 59 070 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын зорилт чиг үүргээ мэддэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Энэ нь удаа дараагийн Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байхад анхан шатны шүүх үнэлээгүй, нэхэмжлэлийг хангаж байгаа нь үндэслэлгүй байна. Удирдлагын зөвлөлийн удаа дараагийн хурлаар Ц.Бд үүрэг өгсөн байдаг бөгөөд ажлаас чөлөөлөх хүртэл өөрийн ажил үүргээ мэдэхгүй маргаж байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 3.8а-д удирлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр үүрэг өгч болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Ц.Б нь ажилдаа хариуцлагагүй ханддаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар гүйцэтгэл байдаггүй, үйл ажиллагааныхаа мэдээ мэдээллийг амаар болон бичгээр тайлагнадаггүй. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүрэг ажлын онцлогыг ойлгож мэргэжил арга зүйгээр хангаж ажлаагүй.

БГДЭМТийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/98 тоот гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн анги байгуулах тушаал гарсан. Уг тушаалын 2-т Штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах, шаардлагатай хүн нэг бүрийг хамгаалах хэрэгсэл, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх багаж хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулахыг штабын дарга Ц.Бд даалгаж, төсөв зарцуулалтыг ч мөн шийдсэн байдаг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр короновирус /ковид-19/-ийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хянах шалгалт ирсэн бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай албан шаардлага ирсэн. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь короновируст халдварын эсрэг хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах талаар хяналт тавиагүй, төлөвлөгөөнд тодотгол хийх ажлыг бүрэн гүйцэтгээгүй. Гэтэл миний хийх ажил биш, төсөв шийдээгүй гэж хэлдэг боловч дээрх тушаалаар үгүйсгэгдэнэ.

Байгууллагын удирдлага нь Ц.Бгээс БГДЭМТийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалын 1, 2, 4 дүгээр зорилтын хүрээнд гүйцэтгэх чиг үүргийг мөрдөж биелүүлэхийг шаардсан. Тэрээр өөрийн албан тушаалын хүрээнд гүйцэтгэх ёстой үүргээ мэдэхгүй миний хийх ёстой ажил биш гэж маргадаг. БГДЭМТийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь бүтэц зохион байгуулалтын хувьд төвийн даргын дараагийн албан тушаал бөгөөд стационари, амбулатори, оношлогоо, урьдчилан сэргийлэх үзлэгийн баг, эм зүйн албыг шууд харъяалан удирддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч БГДЭМТд холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай гомдлын шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар хэн аль нь маргаагүй.

Ажил олгогч БГДЭМТийн дарга 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б/67 дугаартай тушаал гаргаж, ажилтан Ц.Бг Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлаас чөлөөлснийг тэрээр эс зөвшөөрч, шүүхэд гомдлын шаардлага гаргаснаар тэдгээрийн хооронд маргаан үүсчээ.

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй, мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарладаг бөгөөд энэ нь зохигчдын маргааны зүйл болсон байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.9, 6 дугаар зүйлийн 6.3.2, 6.3.3 /д/, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.4-т заасныг тус тус удирдлага болгон, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг холбогдох тасаг, нэгжийн дарга, эрхлэгч, мэргэжилтнүүдэд чиглэл өгч нэгтгэн удирдан зохион байгуулж ажиллаж чаддаггүй, эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэл, нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хяналт тавьж ажиллаагүй, гамшгаас хамгаалах цаг үеийн бэлэн байдал, эрүүл мэндийн штабын үйл ажиллагааг тогтмолжуулаагүй хариуцлага алдсан, нэгдсэн удирдлагаар хангаж шуурхай мэдээ, мэдээллийг өгөөгүй зэрэг алдаа дутагдлыг удаа дараа гаргаж ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлүүдийг тусгажээ.

Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т тус тус заасан байна. Ажил олгогч байгууллага нь дээрх хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй тохиолдолд тухайн үйл явдал нь тогтоогдсон байх шаардлагатай.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг дээрх гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх тайлбараа нотлохоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/136 тоот тушаал, уг тушаалын хавсралт, Нийслэлийн БГДЭМТийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/04 тоот тушаал, мөн оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/29, 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/98 тоот тушаалууд, түүний хавсралт, БГДЭМТийн Хөдөлмөрийн дотоод журам, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, мөн оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22, 9 дүгээр сарын 10-ны өдрийн 24, 10 дугаар сарын 26-ны өдрийн 27, 11 дүгээр сарын 02-ны өдрийн 28, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар бүхий удирдлагын багийн шуурхай хурлын тэмдэглэлүүд, 2018, 2019, 2020 оны Стационарын үзүүлэлт, БГДЭМТийн удирдлагын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх30-81/

Хариуцагч БГДЭМТийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.9-д Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажилтныг тухайн албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлсийг зогсоож даргын тушаалаар томилогдсон комиссын дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох-оор заажээ.

Энэ журамд заасны дагуу нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон тус байгууллагын комиссын дүгнэлт, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэхэмжлэгчид мөн зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдсэн гэдгийг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... удирдлагын арга барил дутмаг, ... даргаар ажиллах чадвар муу байсан гэх тайлбар дээрх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй учир нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй.

Талууд хөдөлмөрийн гэрээний 6.4.4-т Байгууллагын салбар нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдсон, үйл ажиллагааг хууль, дүрэмд заасан шаардлагын хүрээнд удирдан зохион байгуулж үйл ажиллагааг явуулж чадаагүй нь тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцжээ. /хх-9/

Хэрэгт буй хариуцагч байгууллагын Удирдлагын багийн шуурхай хурлын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай, 9 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай, мөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай, 11 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаартай тэмдэглэлүүдээр нэхэмжлэгч Ц.Бд ямар хугацаатай үүрэг даалгавар өгсөн нь тодорхойгүй байхаас гадна тус хурлын шийдвэрүүдэд тусгагдсан үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйл ажиллагаа нь доголдсон гэх үйл баримтууд баримтаар нотлогдоогүй.

Мөн Стационарын үзүүлэлт, 2020 оны жилийн эцсийн байдлаар БГДЭМТийн орны эргэлтийн хувь 39.2 хувиар буурсан нь Ц.Бгийн ажлын ур чадвар, хариуцлага буюу ажилтны үйлдэл, эс үйлдлээс үл хамаарах тул Удирдлагын зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар хүүхдийн эмнэлгийн орны ачаалалд зохицуулалт хийж, орны эргэлтийг нэмэгдүүлэх үүргийг биелүүлээгүйгээс орны эргэлт буурч байгууллагын санхүүгийн ажиллагаанд доголдол үүсэх эрсдэл үүссэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах, шаардлагатай хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх багаж хэрэгслээр хангах ажлыг нэхэмжлэгч зохион байгуулаагүй буюу байгууллагын даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/98 дугаар тушаалыг нэхэмжлэгч биелүүлээгүй гэх зөрчил нь хариуцагч талаас шүүхэд өгсөн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02-03-078/785 тоот албан шаардлагаар БГДЭМТд шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгажээ. /хх-75-76/

Хариуцагч байгууллагын удирдлагын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч Ц.Бг хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, тасаг нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй гэж үзэн, түүнд протоколоор сануулж, 7 хоногийн хугацаанд эргэж танилцуулах хугацаатай үүрэг өгсөн атлаа уг үүргийг биелүүлэх хугацаа дуусаагүй байхад хариуцагч БГДЭМТийн Удирдлагын зөвлөл 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаж, нэхэмжлэгч Ц.Бг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, улмаар байгууллагын даргын мөн өдрийн Б/67 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 77-81/

Дээрхээс дүгнэхэд хариуцагч БГДЭМТ нь нэхэмжлэгч Ц.Бг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, үүний улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх үйл баримтаа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байх тул тус байгууллагын даргын 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.5 дах хэсэгт заасантай нийцээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсгийн заасантай тус тус нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Харин нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өмгөөлөгчийн хөлс, сэтгэл санааны хохирол гаргуулах шаардлагаасаа татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт уг шаардлагыг тусгасан, мөн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн шаардлагын агуулгыг заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 118.3 дах хэсэгт нийцэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/01215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 60 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД