Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/161

 

 

 

 

    2024           01            30                                        2024/ДШМ/161

 

Г.Мд холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1503 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1706006640108 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Г.М, 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ....................... тоотод оршин суух,

Нийслэлийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 234-А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 18 жил хорих ял тус тус шийтгэгдсэн, /РД: ...................../;

Г.М нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 40 минутаас 21 цаг 00 минутын хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 1-7112а  тоотод оршин суух хохирогч Л.Нын өвлийн байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, түүний эзэмшлийн унадаг дугуй, шинэ цагийн манан хөөрөг, 2*3 метрийн хэмжээтэй хивс 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид нийт 452,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мг 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 11 жил 11 cap 11 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Мгийн эдлэх ялыг 13 жил 11 cap 11 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 13 жил 11 cap 11 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 215 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мгаас нийт 452,000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Нт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өөрийн гэм буруутай үйлдэлд дүгнэлт хийж, алдаа дутагдалаа бүрэн ухамсарлаж, цаг хугацаа, залуу насаа торны цаана олон жилийн хугацаагаар өнгөрүүлж яваадаа туйлын ихээр харамсаж, гэмшиж, зөв амьдрах хүсэл зоригийг хорих ял эдлэх хугацаандаа Нийгэм сэтгэл зүйн албаны сургалт хүмүүжлийн хичээл, сургалтад тогтмол хамрагдаж, өөрийн буруу дадал зуршил, чиг хандлагыг өөрчилж, алдаа дутагдлаа цэгнэн, шударга зарчмаар үлдсэн насандаа зөв амьдрах ёстойг өөртөө бүрэн төлөвшүүлж, гэм буруутай үйлдэл бүхэнд өдөр бүрийг гэмшиж, сэтгэлээ чагнан өөрийгөө өөрчилж, өөрчлөгдөхийн төлөө хичээн хорих ял эдэлж яваа билээ. Тийм учраас би нэг ч гэсэн хохирсон иргэний эрх ашгийг хүндэтгэн цагдаагийн байгууллага илрүүлээгүй, эрүүгийн 1706006640108 дугаартай хэргийг өөрийн сайн дураар илчилж, гэмт хэргийн холбогдолтой хүсэлтийг хорих ял эдлэх хугацаандаа ирүүлж байсан болохыг илэрхийлсэн болно. Анхан шатны шүүх хуралдаанд хохирлыг төлж барагдуулаагүй боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо хохирол төлбөрөө төлж барагдуулаад оролцож байгаа болно. Өөрт холбогдох гэмт хэрэгт анхнаасаа маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, сайн дураар хэргээ хүлээсэн нөхцөл байдал, хохирлоо төлсөн, мөн ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж эдлэх ялыг минь хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нөхцлийг бүрдүүлж өгнө үү гэж хүсэж байна. Шүүхийн байгууллага надад боломж олгох юм бол би хохирол төлбөрийг барагдуулахын төлөө, цалинтай ажилд тогтмол хамрагдаж, 43 наснаас 50 нас хүртлээ эрчимтэй хөдөлмөр эрхэлж, хохирсон иргэдийн хохирлыг бүрэн төлж барагдуулан ял эдлэх явцдаа хүмүүжлийг өөртөө бүрэн төлөвшүүлж, дахин алдах эрхгүй болохоо ухамсарлан ойлгож яваа билээ. Одоогоор 72 настай эцэг Г , 67 настай эх Д нарынхаа шархалсан зүрх сэтгэлийг нь, бэтгэрсэн шаналал бүрийг нь арилгаж, дахин хэзээ ч амьдын хагацал үзүүлэхгүй явах, ухаарал бүрийг сэтгэлдээ бий болгож, ааваараа овоглосон нэрээ ариунаар дуудуулж, элэг бүтэн амьдармаар байна. Аав, ээжийгээ үлдсэн насанд нь ачилж, зөв оюун бодлыг эрхэм болгон хуулиа дээдэлж хүн шиг амьдарч явахаа энэ дашрамд илэрхийлэхийг хүссэн юм. Бүх зүйлд би буруутай байснаа, өөрөөсөө болж ийм хүнд хэцүү цаг үеийг туулах болсныг, өөрийн төрөл садан, аав, ээж, дүү нараа хамт яллаж олон жил зовоож яваадаа өөрийгөө би үргэлж буруутган зэмлэж, өнгөрсөнд харамсаж, эргэцүүлэн бодож, тунгааж явдаг. Иймд хүсэлтийг хүлээн авч хорих ялыг уян хатан байдлаар тооцож өгөхийг хүсэж, цаашид эдлэх ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шаны шүүхийн 1503 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мгийн цагдан хоригдсон 215 хоногийг түүний эдлэх ялд оролцуулан тооцсугай гэснийг өөрчилж өгнө үү. Учир нь, шүүгдэгч Г.М 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Анхан шатны шүүх хуралдаан болтол Г.М 1 жил 7 сар 1 хоног буюу 580 хоног цагдан хоригдсон байсан. Цагдаагийн байгууллагад гомдлоор бүртгэгдсэн байсан боловч мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, илрээгүй байсан хэргийг хорих ангиас удаа дараа улсын ерөнхий прокурорт гомдол гаргаж хэргийг Г.М илрүүлж өнөөдрийн нөхцөл байдал бий болсон. Шүүгдэгч Г.М нь 20 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид ял эдэлсэн боловч хорих ангиас зохион байгуулсан бүхий л сургалтад сууж, сэтгэл зүйч нартай уулзаад “өнөөдрийг хүртэл би буруу замаар явж байсан байна, нэг ч хохирогчийг үлдээж гэмт үйлдлээ нуун дарагдуулж болохгүй юм байна” гэсэн хүсэлтийг гаргасан. Шүүгдэгч Г.М нь өөрийнхөө үйлдлийг илчилж ирсэн нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилго биелээд байна гэж харж байгаа. Харин эрүүгийн хариуцлагын хохирол төлбөр төлөх, нийгэмшүүлэх гэсэн хоёр зорилго биелэхгүй байна. Хаалттай дэглэмийг нээлттэй болгож өгснөөр шүүгдэгч Г.М тодорхой хэмжээгээр цалинтай ажилд хамрагдах боломжийг олгох юм байна. Шүүгдэгч Г.М нь 42 настай, ял эдлээд гарахаар нийгэмшиж чадах болов уу, хохирогч нарын хохирлыг төлөх боломж хэр байх вэ гэдэг асуудлыг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү. Шүүгдэгч Г.М нээлттэй хорих байгууллагад дэглэм өөрчлөгдөөд цалинтай ажил хийгээд хохирогч нарын хохирлыг төлөх нь эрүүгийн хариуцлагын зорилгын нэг зүйлчлэл биелэгдэх боломжтой байна. Тийм учраас шүүгдэгч Г.Мг ажилд сургах, нийгэмшүүлэхийн тулд дадал зуршилд сургах шаардлагатай байна гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.Мгийн өндөр настай аав ээж рүү нь залгаад 452,000 төгрөгийг төлнө үү гэж хэлэх боломж байсан ч Г.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг өндөр настай аав, ээж нь төлөх нь шударга бус байна гэж үзээд ар гэр рүү нь хэлээгүй. Шүүгдэгч Г.Мгаар хохирол төлбөрийг өөрөөр нь төлүүлэх зорилготой байна. Иймд шүүгдэгч Г.Мгийн хаалттай хорих дэглэмийг нээлттэй болгож, хохирогч нарын хохирол төлбөрийг нь төлөх боломжоор хангаж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Г.М нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 40 минутаас 21 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 1-7112а  тоотод оршин суух хохирогч Л.Нын өвлийн байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, түүний эзэмшлийн унадаг дугуй, шинэ цагийн манан хөөрөг, 2*3 метрийн хэмжээтэй хивс 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид нийт 452,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.Нын “... 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 11 цагт гэрээсээ гарч яваад 21 цаг 40 минутын ирэхэд хаалганы цоож бүрэн бүтэн, байшингийн баруун урд цонх хагарч, гэрээс хуучин унадаг дугуй, шинэ үеийн манан хөөрөг, 2*3 метрийн харьцаатай бурхны хөрөгтэй шинэвтэр хивс, 2*3 метрийн харьцаатай алхан хээтэй шар өнгийн шинэвтэр хивс зэрэг эд зүйлс алдагдсан. Унадаг дугуйгаа 180.000 төгрөгөөр, манан хөөрөг 130.000 төгрөг, 2 хивсээ түс бүр 150.000 төгрөгөөр үнэлнэ. Хагарсан цонхоо 240.000 төгрөгөөр үнэлнэ...” /1хх 45-46/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1035 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд тэнцэж буй 3 гэж дугаарласан гарын мөр санд MN000510019167 дугаараар бүртгэгдсэн Ганбаатарын Г.М гэх хүний баруун гарын хээ байна...” /хх 58-61/ гэсэн дүгнэлт,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 38-41/, “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 52-64/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Прокуророос шүүгдэгч Г.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Мг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 11 жил 11 cap 11 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Мгийн эдлэх ялыг 13 жил 11 cap 11 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 13 жил 11 cap 11 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Мгаас “... хорих ялыг уян хатан байдлаар тооцож өгөхийг хүсэж, цаашид эдлэх ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцитай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мгийн хохирогч Л.Нын өвлийн байшинд нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлсан үйлдэлд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэм бурууд нь тохирсон байна.

Мөн шүүгдэгч Г.Мд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь, хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхитэй үйлдлээр илрэх ба амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдлээр бусдын өмчлөлд халдаж буй нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Г.Мгийн хувьд урьд энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж, олон удаа ял шийтгүүлж байсан атлаа засарч хүмүүжихгүй дахин тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй.

Түүнчлэн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоодог ба шүүгдэгч Г.Мг хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин шүүх шүүгдэгч Г.Мгийн цагдан хоригдсон хоногийг 215 хоног гэж буруу тооцсоныг зөвтгөх нь зүйтэй тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1503 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Мгийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 75 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1503 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтад “...цагдан хоригдсон 215 хоногийг түүний эдлэх ялд ...” гэсэн хэсгийг “...цагдан хоригдсон 563 хоногийг түүний эдлэх ялд ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мгийн цагдан хоригдсон 75 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР 

                                              ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ