Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01311

 

Б.Одонтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00462 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1675 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Одонтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Гүлдарьт холбогдох

Зээлийн гэрээний үндсэн үүрэг 180 000 000 төгрөг, алданги 90 000 000 төгрөг, нийт 270 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч С.Гүлдарийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Одонтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Одонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Гүлдарь нь надаас 200 000 000 төгрөгийг хүүгүй зээлчих гэж гуйсан. Ариг банкнаас зээл аваад буцааж өгнө гээд анх надаас 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 200 000 000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгийг зээлэхдээ 160 000 000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлж, үлдэх 40 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан ба хүүгүй тохиролцсон. Харин зээлээ хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор болсон. Зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 42 тоот хаягт байрлах 400 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Гэрээний хугацаа дуусаад С.Гүлдариас зээлээ нэхэхэд төлөх боломжгүй болчихлоо үл хөдлөх хөрөнгө чөлөөлсөн үүрэг дуусгавар болгох хэлцэл байгуулчих. Би үл хөдлөх хөрөнгөө суллаад өөр газраас зээл аваад өгье гэсэн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүрэг дуусгавар болгосон тухай хэлцэл байгуулж С.Гүлдарь нь хөрөнгөө чөлөөлж авсан. Тухайн өдөртөө надад авсан зээлээсээ 20 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдсэн 180 000 000 төгрөгийг 9 хоногийн хугацаатай хүүгүй зээлийн гэрээг байгуулсан. Гэрээнд зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан. С.Гүлдарьтай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 180 000 000 төгрөгийг тухайн өдөртөө нэмж өгөөгүй, өмнө нь байгуулсан 200 000 000 төгрөгийн зээлээс өгсөн 20 000 000 төгрөгийг нь хасаад шинээр гэрээ байгуулсан. С.Гүлдарьтай 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу дахин барьцааны гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дууссан тул 7 сар буюу 200 гаруй хоног өнгөрсөн. Нэг хоногт ногдох алданги нь 900 000 төгрөг. Алданги нь 50 хувиас хэтэрч болохгүй учир 90 000 000 төгрөгийн алданги, зээл 180 000 000 төгрөг нийт 270 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Гүлдарь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Одонтуяа нь мөнгө чөлөөлөх, зээл гаргаж өгөх нэрээр, гэрээгээр халхавчлан төөрөгдүүлэн луйвар, залилангийн шинжтэй үйлдэл гаргаж байна. Б.Одонтуяа нь зээл чөлөөлдөг, зээл гаргадаг гэх мөнгө хүүлэгчээр ажилладаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний зээлийг дахин зээл гаргахаар 200 000 000 төгрөгийн гэрээ хийж үүнээс 160 000 000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлж өгсөн бөгөөд уг гэрээг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Одонтуяа нь өөрийнхөө “МАР” ББСБ-аар зээл гаргуулах боллоо гээд уг гэрээг дуусгавар болгосон. Харин 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр 180 000 000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар уг гэрээг байгуулагдсанд тооцохгүй, харин 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн 160 000 000 төгрөгийг эргүүлэн төлөх үндэслэлтэй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00462 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.Гүлдариас үндсэн зээлийн төлбөрт 180 000 000 төгрөг, алданги 90 000 000 төгрөг, нийт 270 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Одонтуяад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Одонтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 507 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гүлдариас улсын тэмдэгтийн хураамжид 1 507 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Одонтуяад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1675 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...232.6...” гэснийг “...232.4...” гэж, “...281.1...” гэснийг дараа “...175 дугаар зүйлийн 175.1...” гэж тус тус нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч С.Гүлдарийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Гүлдарийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 057 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Гүлдарь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхээс тайлбарлахдаа: 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан ба уг өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 3 удаа хурлыг хойшлуулсан 60 хоногийн хугацааг сунгасан байхад хариуцагч нь тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг шүүх олгоогүй гэж үзэхгүй гэж дүгнэжээ. Үндэслэлгүй байна. Намайг хавтас хэрэгтэй танилцахаар ирэхэд 2016 оны 06-р сарын 01-ний өдрөөс шүүхийн бүтцэд өөрчлөлт орж хэрэг өөр шүүгчид шилжиж байгаа та холбогдохоор ирж хэргийн материалтай танилцаж нотлох баримтаа гаргаж өгөөрөй гэж өмнөх шүүгчийн туслахын тайлбарласны дагуу шүүхээс дуудахыг хүлээж байтал шүүх хуралдааны товыг мэдэгдсэн мэдэгдлийг шуудангаас хүлээж авсан. Миний бие өвчний учир нотлох баримтыг гарган өгч хүсэлт гарган хуралдааныг хойшлуулж байсан бөгөөд эдгээр хүсэлтэнд хуралд заавал биечлэн оролцох болохоо удаа дараа мэдэгдэж байсан. Шүүхээс шүүгчийн туслах тухай бүр шуудангаар хурлын товыг мэдэгдэж байсан бөгөөд 2016 оны 08-р сарын 01-ний өдөр хурал зарласан болохыг мэдэгдээгүй бөгөөд хэрэгт шинээр нотлох баримт ирсэн ирж танилцахыг утсаар мэдэгдсэн болно. 2016 оны 08-р өдрийн 01-ний өдөр туслах шүүгчийн 99728594 тоот дугаараас 11 цаг 47 минутанд хэргийн материалтай танилцах мөн хурал 15-ны өдөр зарлагдсан болохыг англи үг хэллэг оролцуулан мэдэгдсэн мэссеж ирсэн бөгөөд энэ үед би хөдөө амарч байсан бөгөөд хотод ирснээс хойш утсаар холбогдон 15-ны өдөр хурал хэвээрээ эсэхийг лавлахад шүүх хурал товлоогүй байгаа шүүгчид хэргийн материал байгаа авахаараа хэлье гэсэн тайлбар өгсөн боловч 2015 оны 08-р сарын 18-ны өдөр мөн холбогдоход хурал 8-р сарын 1-нд хийсэн шийдвэрийг шуудангаар явуулсан болохыг хэлсэн болно. Иймд шүүхээс шүүх хурлын товыг англи хэлээр буруу мэдэгдэн хариуцагч миний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй шүүх хуралдаан хийсэн болох нь нотлогдож байна. Мөн шүүх хуралдаанд нотлох баримт гаргах шинээр ирсэн нотлох баримттай танилцах хариу тайлбар гаргах, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан мэссежний утсанд үзлэг хийж баримтжуулалгүй нотлох баримтаар авсан, мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэл дээр явуулах хуулийн заалтыг зөрчсөн зэрэг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд дараах гомдлын шаардлагыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрхийг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн хяналтын гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Б.Одонтуяа шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр нэхэмжлэл гаргасан, шүүх 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр С.Гүлдарьд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, 5 дугаар сарын 3-ны түүнд өдөр эрх үүргийг нь тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

Хариуцагч С.Гүлдарь 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хариу тайлбар бичгээр гаргасан нь хэрэгт авагдсан ба шүүхээр ямар нэгэн ажиллагаа хийлгүүлэх, нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлт гаргаагүй байна.

Шүүх хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж хурлын товыг нэхэмжлэгч, хариуцагч нарын холбогдох утсанд 6 дугаар сарын 15-ны өдөр анх мэдэгдсэн боловч хариуцагч С.Гүлдарийн хүсэлтээр шүүх хуралдааныг 6 дугаар сарын 28, 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд хойшлуулж, улмаар 8 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэжээ. Дээрх өдрүүдэд шүүх хуралдаан зарласан товын тухай мэдэгдлийг хариуцагч С.Гүлдарьд тухай бүрд нь утсаар болон шуудангаар хүргүүлжээ./хх-16, 23, 27, 50, 51/

Дээр дурдсанаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагчид холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх гомдол хуулийн үндэслэлгүй юм.

Шүүх зээлийн гэрээний үүргийг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн баримтанд үндэслэгдсэн байна.

Хэрэгт баримтаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 200,0 сая төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 180,0 сая төгрөгийн зээлийн 2 гэрээ авагджээ.

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээнд 160,0 сая төгрөгийг С.Гүлдарийн ХААН банкны 5006015710 тоот дансанд шилжүүлсэн гэж, 40,0 сая төгрөгийг бэлнээр авсан гэж хариуцагч гарын үсэг зурж бүгд 200,0 сая төгрөгийг өгснөөр тэмдэглэсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг зааж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээгээр 200,0 сая төгрөг зээлдүүлсэн үүнээс 20,0 сая төгрөг төлсөн тул үлдэгдэл 180,0 сая төгрөгт нь энэхүү гэрээг байгуулсан гэж тайлбарлажээ.

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгч талд 180,0 сая төгрөгийг 9 хоногийн хугацаатай, хүүгүй зээлээр олгосон, гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцжээ. Хариуцагч 180,0 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргээс татгалзаж 5006015710 тоот дансанд шилжүүлсэн 160,0 сая төгрөгийг эргүүлэн төлнө гэсэн тайлбар татгалзлаа өөр бусад баримтаар нотолж нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй байна. Хариуцагч зээлийн гэрээний үүргээс төлөлт хийгээгүй байх тул нэхэмжлэгч үндсэн зээлийн 180,0 сая төгрөг, гэрээнд заасан алданги нь үүргийн 50%-иас хэтэрсэн тул хуульд нийцүүлэн тооцож гэрээний үүрэгт бүгд 270,0 сая төгрөг нэхэмжилсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасан шаардах эрхийн хүрээнд байна.

Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Барьцааны гэрээг нэхэмжлэгч гаргасан байгаач уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасан шаардлагыг хангаагүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд шүүх хоёр шатны шүүх зээлийн гэрээний үүргийг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах бүрэн эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1675 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч С.Гүлдарийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР