Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 409

 

Т.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир, хохирогч нарын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 542 дугаар магадлалтай, Т.Т-т холбогдох 1710011810439 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Булгантамир нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ***, ам бүл 5,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 167 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж байсан, Ч овогт Т-н Т-.

Т.Т- нь “Шинэ зам хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд БНХАУ-ын засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр сургаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 8 хүүхдийн эцэг, эхээс тус бүр 1,200 ам доллар буюу 33,795,054 төгрөгийг,

мөн иргэн С.Д-д Австрали улсын сургалтын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд нийт 5 удаагийн үйлдлээр 8,750,000 төгрөгийг,

мөн О.А-с хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5,000,000 төгрөг буюу нийт 47,545,054 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Т-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Т-ийг 1 жил 6 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.          

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Т- гаргасан гомдолдоо “ ...Би бодит байдлыг ялган таниагүйн улмаас хэрэгт холбоотой дүгнэлтэд эргэлзэж, нягтлан шалгуулж байсан ч өнөөдрийн нөхцөл байдлаас харвал учир дутагдалтай байсныг ойлгон гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрөө барагдуулан хохирогчид болон нэр бүхий хүмүүсээс уучлал хүсч эвлэрч, гомдол саналгүй болсон тухайгаа энэхүү өргөдлөөрөө дамжуулан уламжилж байна.

Хорих ангид ял эдэлж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байгаагүйн дээр ажил хийж шагналын хоног авч байгаа болно. Гэвч хоригдсон цагаас хойш миний эрүүл мэндийн байдал дордож элэгний В вирусын өндөр идэвхжилттэй, зүрхний хэм алдаж, тогтмол артерийн даралт ихсэж хоёрдугаар зэрэг болсон зэрэг нь бага насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн хувьд сэтгэл санааны дарамт болж, амьдын хагацал зовлон бэрхшээлийг мэдрүүлж, үлдсэн богино амьдралдаа гагцхүү сайн ээж, сайн багш байх ёстой болохыг цаг мөч бүр ойлгуулж ухааруулж байна.

Цаашид алдаагаа давтахгүй биеэ зөв авч явж, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлан хичээж явахаа илэрхийлж байна. Иймд миний ар гэр, ахуй амьдрал, эрүүл мэндийн байдал, сүүлийн 18-19 жил боловсрол, нийгмийн салбарт хичээн ажилласан болон анх удаа хэрэгт холбогдож байгаа зэрэгт бодитоор хандаж биеэр эдлэж байгаа хорих ялыг минь хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Т.Т-ийн хувьд үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжтой юм. Учир нь бага насны 7-14 насны 3 хүүхэдтэй. Ажил байдлын хувьд нийгмийн идэвх санаачлагатай, олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог, дүүрэг, нийслэл, аймгийн хэмжээнд тогтмол оролцож тодорхой амжилт гаргаж ажиллаж байна.

Хавтаст хэрэгт байгаа баримтаар МУБИС-ийн 2005 оны серфитикат, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө төвийн өргөмжлөл, Монгол Улсын боловсрол шинжлэх ухааны яамны 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Жуух бичиг”, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны 01 дүгээр сарын 29-ны “Жуух бичиг”, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн ажил байдлын тодорхойлолт, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Оном сургуулийн ажлын байрны тодорхойлолт, зээлийн гэрээ, хэлцлийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.Т-н үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 6.7 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан, анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан хохирлыг бүрэн барагдуулж, хор уршгийг арилгасан, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо хэлсэн саналдаа “Өнөөдрийн байдлаар хохирогч н.Анхбаярын 5,000,000 төгрөгийг барагдуулаагүй байгаа. Т.Т- нь анхан шатны шүүхэд гэм буруугаа хүлээсэн. Харин давж заалдах шатны шүүхэд гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр суурьтай байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Булгантамир нарын гаргасан гомдлыг үндэслэн Т.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Т.Т- нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын хооронд нэр бүхий хохирогч нарыг “БНХАУ-ын засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр сургаж өгнө”, “Австрали улсын сургалтын виз гаргаж өгнө”, “3 хоногийн хугацаатай, 5,000,000 төгрөг зээлээч, 1 дэх өдөр Баянгол дүүргийн халамжийн хэлтээс сургалт хийсэн төлбөр орж ирэхээр буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 47,545,054 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Т-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Т.Т-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...хувийн байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 542 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т- болон түүний өмгөөлөгч Б.Булгантамир нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН