Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0062

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 860 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 860 дугаар шийдвэрээр:  Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг баримтлан “Л” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын ХV-014889, ХV-014890, ХV-014891 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгуулах, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан “Уул уурхай, хүнд үйлдвэр ийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалыг гаргах эрхгүй гэж маргаагүй юм. Хуульд зааснаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь эерэг болон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын аль алиныг гаргах эрхтэй. Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн а/63 дугаар тушаалын үндэслэлд маргасан. Хариуцагч Ашигт малтмалын газрын дарга /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дүгээр тушаалыг гаргахдаа Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Уг дүгнэлтийг гаргахдаа “Л” ХХК-иас гаргасан хүсэлт болон түүнд хавсаргасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухай нийт 83 хуудас баримтыг үндэслэсэн. Гэтэл дүгнэлт болон “Л” ХХК-ийн гаргаж өгсөн нийт 83 хуудас баримтууд байдаггүй юм. Гэхдээ энэхүү дүгнэлтийг тайланд дурьдсан байдаг. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий а/63 дугаар тушаал нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Л” ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлийг цуцлаагүй эсэхэд дүгнэлт хийлгүйгээр харин уг тушаалыг гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болгож, хэрвээ эрх бүхий байгууллагаас тухайн тусгай зөвшөөрлүүд нь хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, уг тушаалын нэг дэх хэсгийн хэрэгжилтийн тайланг танилцуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болгосон байдаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас “Л” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулаагүй, хууль тогтоомж зөрчсөн эсэх нь эрх бүхий байгууллагаар тогтоогдоогүй байхад буюу ямар үндэслэлээр а/49 дүгээр тушаал нь хууль бус байсан учраас хүчингүй болгох талаарх ямар нэгэн баримт байхгүй байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/69 дүгээр тушаалыг үндэслэн маргаан бүхий а/63 дугаартай актаар а/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь Ашигт малтмал, газрын тосны газрын ажил үүрэгт шууд оролцон ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийсэн үйлдэл нь хууль зөрчсөн. Сайдад агентлагийн даргын ажил үүрэгт оролцох эрх хуулиар олгоогүй. Ингэж Ашигт малтмал, газрын тосны газрын хуулиар олгогдсон эрх үүрэгт шууд оролцсоноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн, илт хууль бус шийдвэр болжээ гэж үзэж байна. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь а/63 дугаар тушаалыг батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар мэдэгдэж, тус компанид тайлбар гаргах боломжийг хангах ёстой байсан. Гэтэл шүүх “маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаал нь холбогдох хууль зөрчөөгүй, харин хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан, энэ байдал нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд тохирсон, хууль ёсны захиргааны акт болсон байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад маш их гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч талаас маргаан бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын а/69 дүгээр тушаал болон Ашигт малтмал, газрын тосны газрын а/63 дугаар тушаалыг гаргасан үндэслэлд тус тус маргасан байхад шүүх тушаал гаргасан үндэслэлээр биш өөр үндэслэлээр дүгнэлт хийсэнд гомдолтой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны а/69 дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар илт хууль бус акт юм. Тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн байдлыг нь тогтоох агуулга бүхий тус а/69 дүгээр тушаалыг үндэслэн а/63 дугаар тушаал гаргасан нь үндэслэлгүй юм. Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа а/69 дүгээр тушаалын дээрх агуулгыг тусгай зөвшөөрлүүдийг шүүх гэх мэт эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалган тогтоох гэж тайлбарлаж байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын а/69 дүгээр тушаал нь дотогш чиглэсэн захиргааны актын шинжийг агуулж байхад Ашигт малтмал, газрын тосны газрын дарга а/63 дугаар тушаалын үндэслэл болгосон нь буруу юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотолж чадаагүй юм. Тиймээс сонсох ажиллагаа хийгээгүй нь актыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхүү а/41 дүгээр тушаалаар хүчингүй болсон “Сонин хад” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл хангагдаагүй, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон талаар шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа дурдаж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тайлбараараа шүүгчид нөлөөлөх гэж оролдож байна хэмээн нэхэмжлэгч талаас эсэргүүцэж байсан. Гэтэл шүүх шийдвэртээ энэ талаар тусгаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “...хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Л” ХХК шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлээ Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын XV-014889, XV-014890, XV-014891 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан  “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 

Анхан шатны шүүх “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын XV-014889, XV-014890, XV-014891 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлийг анхааралгүй уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Тодруулбал,

 Цөмийн энергийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан бөгөөд “Л” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-014889, XV-014890, XV-014891 тоот тусгай зөвшөөрлийн эзэмшигч байх тул Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд үүсэх харилцаа Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулагдана.

Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ”, 15.2.1 “цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Энэ хуулийн 15.1.1, 15.1.3, 15.1.4, 15.2.1, 15.2.3, 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-ээс доошгүй сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс нэг сарын өмнө гаргах боломжтой байжээ.

Гэвч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан холбогдох баримтуудын хамт  ирүүлээгүй тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөр хугацаа дуусгавар  болсоноор бүртгэсэн байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Л” ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсээс хяналт шинжилгээ хийсэн тайланд үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/49 дүгээр тушаалаар “Л” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-014889, XV-014890, XV-014891 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, эрхийг нь сэргээхээр шийдвэрлэсэн байх боловч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/69 дүгээр тушаалаар ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг даалгасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалаар дээрх а/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон үйл баримт нотлогджээ.

Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тусгай зөвшөөрөл дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 27.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болох хугацааг хуулиар нарийвчлан зааж өгсөн байхад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй атлаа дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон нь хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т “Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох бөгөөд ийнхүү дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг сэргээх эрхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт хуулиар олгоогүй байна.

           Иймд захиргааны байгууллага өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах шударга ёс, хууль дээдлэх зарчимд нийцсэн /Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2/ гэж үзнэ. 

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлнэ", Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Яам сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагад хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын бодлого, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа болон үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч, тэдгээрт туслалцаа үзүүлнэ”, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Агентлаг нь ...сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Агентлагийн дарга агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг сайдын өмнө хариуцан тайлагнана“, 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэж тус тус зааснаар хариуцагч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ хэрэгжүүлж хууль бус захиргааны актыг хүчингүй болгосныг  буруутгах үндэслэлгүй.

         Харин  “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.

         Учир нь дээрх тушаал Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл  байгууллагын өөрийн дотоод зохицуулалт бүхий доод шатны албан тушаалтандаа үүрэг хүлээлгэсэн дотогшоо чиглэсэн акт байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, үр дагавар үүсгэсэн гэж үзэх боломжгүй. 

         Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

          Хэдийгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаал нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шууд үр дагавар агуулаагүй ч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь маргаан бүхий а/63 дугаар тушаалыг гаргахдаа дээрх тушаалыг баримталсан, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй зэрэг нь уг тушаалын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.   

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 860 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын XV-014889, XV-014890, XV-014891 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ           Д.БАТБААТАР 

                       ШҮҮГЧ           Н.ХОНИНХҮҮ   

                       ШҮҮГЧ           О.НОМУУЛИН