Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 721

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Т*******

Хариуцагч: Налайх дүүргийн Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Т*******, хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооны дарга Н.Б*******, хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Т******* гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлдээ: “...2016 оны орон нутгийн сонгуулийн Налайх дүүргийн 4-р хороонд бие даан нэр дэвшигч Ж.Т******* би сонгуулийн хорооны тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Би Сонгуулийн хорооны шаардсан бүх бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж 257 хүний гарын үсэг зуруулж авсан. 

Иймд Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооны дарга М.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Туулын 12 дугаар гудамжны 01 тоотод оршин суугч Жалбубайн Т******* нь бие даан нэр дэвшигчийн сонгогч бүртгэлийн хуудсыг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ирж дүүргийн Сонгуулийн хорооны албан тасалгаанаас гарын үсэг зурж авахад Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн бүртгүүлэх бичиг баримтын талаарх мэдээллийг өгсөн бөгөөд нэр дэвшигчдийн бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын талаарх мэдээллийг өгсөн бөгөөд нэр эр дэвшигчдийн бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтыг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасны дагуу 6 төрлийн бичиг баримтаа хуульд заасан хугацаанаас өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлсэн. Бие даан нэрээ дэвшүүлсэн хүмүүсийг нягтлан шалгах ажлыг дүүргийн Сонгуулийн хорооны 11 гишүүн тус бүр 1 хүнийг санамсаргүй байдлаар сугалж шалгасан бөгөөд Ж.Т*******ы бичиг баримтыг Сонгуулийн хорооны гишүүн О.М******* нягтлан шалгаж зөрчил дутагдал байсан эсэх талаар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Ж.Т*******ы сонгогч дэмжигчийн бүртгэлийн хуудасны гарын үсгийг шалгаж үзэхэд 257 хүний гарын үсэг зуруулж ирүүлснээс хаяг бичигдээгүй 44, өөр хүний өмнөөс гарын үсэг зурсан 6, нэр давхардсан 9, гарын үсэг зураагүй 7, хаяандаа байхгүй 1, утасны дугааргүй 7, хуулийн хугацаа өнгөрснөөс хойш буюу 09 дүгээр сарын 1,2-нд гарын үсэг зуруулсан 4, эцэг эхийн нэр бичээгүй 85, нийт 153 зөрчил илэрч, шаардлага хангасан хүчинтэй 104 гарын үсэг зурагдсан байсан. 

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар “Бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэж заасны дагуу нэр дэвшигчид нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатай бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.4 дэх хэсэгт “Бие даан нэр дэвшигчдээс сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн нэр, эцэ /эх/-ийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна” заалт, мөн Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд зааснаар 158.1.1 дэх хэсэгт “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй”, 158.1.3 дахь хэсэгт зааснаар “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол”, 158.1.3 дахь хэсэгт “гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэсэн хуулийн олон заалтуудыг зөрчсөн нь Ж.Т*******ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болсон юм. Иймд дүүргийн Сонгуулийн хорооны хуралдааны 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Т*******ы Налайх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан  “Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан нэмэлт тайлбар зэргийг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Т******* нэхэмжлэлийн шаардлагаа Налайх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар  “Бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно. 

Нэг. Нэхэмжлэгч Ж.Т******* маргаан бүхий акт нь түүний  Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж маргажээ. 

Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт орон нутгийн сонгуульд нэр дэвших иргэнд тавигдах нийтлэг шаардлага, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д тусгай шаардлагыг заасан байх бөгөөд эдгээр  шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвших эрхтэй. 

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлага нь бие даан нэр дэвшигчид мөн адил хамаарах ба бүрдүүлэх баримт бичгийн хувьд мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт зааснаар зургаан баримт бичиг байна. Бүрдүүлэх баримт бичгийн 2-т буюу Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.2-т “сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт” гэж заасан ба уг маягтыг бүрэн гүйцэд бөглөөгүй буюу зарим мэдээллийг дутуу, буруу, хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Т*******ыг сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Сонгуулийн тухай 157 дугаар зүйлийн 157.4-д “Сонгуулийн төв байгууллага нь хуулийн нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт, бичиг баримтын загварыг батална.”, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “ ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжид заасан дүрэм, журам, заавар, баримт бичгийн загвар маягт батлах эрхтэй гэж тус тус заасан байх ба Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн  “Баримт бичгийн маягт, үнэмлэхний загвар батлах тухай” 264 дүгээр тогтоолын наймдугаар хавсралтаар бие даан нэр дэвшигчийн дэмжигч- сонгогчийн бүртгэлийн маягтыг баталжээ. 

Налайх дүүргийн сонгуулийн хорооноос бие даан нэр дэвшихээр баримт бичгээ ирүүлсэн нэр дэвшигчдийн цуглуулсан сонгогчдын бүртгэлийг нягтлан шалгах ажлыг зохион байгуулсан байна. 

Сонгуулийн хорооны гишүүн О.М******* бие даан нэр дэвшигч Ж.Т*******ы цуглуулсан сонгогчдын бүртгэлийг нягтлан шалгаж, сонгогчдын бүртгэлд бүртгэгдсэн 257 хүний бүртгэлээс бүрэн гүйцэд бүртгэл хөтлөгдөөгүй шалтгаанаар 153 зөрчлийг илрүүлснээс өөр хүний өмнөөс гарын үсэг зурсан буюу хуурамч гарын үсэг зурсан 6, нэр давхардсан 9, гарын үсэг зураагүй 7, хаягандаа байхгүй 1, хаяг тодорхой бичигдээгүй 44 утасны дугааргүй 7, хуулийн хугацаа өнгөрснөөс хойш гарын үсэг зуруулсан 4, эцэг /эх/-ийн нэрээ гүйцэд бичээгүй 85 зэрэг зөрчлийг илрүүлсэн байх ба эдгээр зөрчлөөс гарын үсэг хуурамчаар зурсан, хаягандаа байхгүй 7 зөрчлийг нягтлан шалгасан, бусад зөрчлийг бүртгэлээс шүүж гаргасан илэрхий зөрчил болох талаар шүүхэд гэрчээр мэдүүлсэн  байна.      

Нэхэмжлэгч Ж.Т******* нь дэмжигч-сонгогчийн бүртгэлийн маягтыг Налайх дүүргийн сонгуулийн хорооноос өөрөө очиж авсан бөгөөд сонгогчдын гарын үсэг цуглуулах ажиллагаанд өөрөө болон гэр бүлийн гишүүд, бусад туслах залуучуудыг оролцуулан 2 хэсэг болж айлуудаар явуулж сонгогчдын гарын үсэг цуглуулсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, бүртгэлтэй холбоотой илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн ба хүлээн зөвшөөрөхгүй байгаа зөрчил болон үндэслэлээ тодорхойлж маргаагүй боловч сонгогчийн утасны дугаар, эцэг /эх/-ийн нэрээ гүйцэд бичээгүй зэрэг нь зөрчилд тооцогдохгүй байх боломжтой эсэх талаар саналаа илэрхийлсэн болно.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт сонгуулийн хороо нь бие даан нэр дэвшигчдийн цуглуулсан сонгогчдын гарын үсгийг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгаж болохоор заасан байх хэдий ч энэ нь сонгогчдын бүртгэлээс гарын үсгээс  бусад мэдээллийг тодруулах, нягтлан шалгах шаардлагагүй гэсэн үг биш бөгөөд нэгэнт эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзэж бүртгэлд тусгах мэдээллийг тодорхойлж баталсан  байх тул бүртгэлд дурдсан мэдээллийг цуглуулах, уг мэдээллийн дагуу сонгогчийн тухайн бие даан нэр дэвшигчийг дэмжиж байгаа эсэхийг тодруулах ач холбогдолтой байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Ж.Т*******ы шүүх хуралдаанд тайлбарласнаар өөрийн хүсэл зоригоор бус хорооны зарим иргэдийн санал тавьснаар сонгуульд бие даан нэр дэвшиж, сонгуульд бие дааж нэр дэвшсэн З.С*******ийн хамт дэмжигч –сонгогчийн гарын үсгийг цуглуулах ажлыг зохион байгуулсан байх ба сонгуулийн хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан маягтыг үнэн зөв, гүйцэд бөглүүлээгүй, зарим гарын үсгийг хуурамчаар зурсан нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан хууль дээдлэх, 5.1.3-д заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. 

 Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.2.4-д зааснаар дүүргийн сонгуулийн хуралд нэр дэвшигч нь 201-ээс доошгүй сонгогчийн гарын үсгийг зуруулах сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулахаар заасан байх тул нэхэмжлэгч Ж.Т*******ы сонгогчийн утасны дугаар, эцэг /эх/-ийн нэрээ гүйцэд бичээгүй зэргийг зөрчилд тооцохгүй байх талаар гомдлыг хүлээн авах боломжгүй байх ба эдгээр зөрчил буюу утасны дугааргүй 7, эцэг /эх/-ийн нэрээ гүйцэд бичээгүй 85 нийт 92 зөрчлийг зөрчилд тооцохоос татгалзсан ч хуульд заасан 201 сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.

 Хоёр. “Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 05 дугаар тогтоолын эрх зүйн үндэслэлийн тухайд:

 Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт тус тус зааснаар дүүргийн Сонгуулийн хороо нь тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг бие даан зохион байгуулж явуулах эрхтэй байх бөгөөд мөн хуулийн  34 дүгээр зүйлийн 34 дугаар зүйлийн 34.1.8-д зааснаар нэр дэвшигчдийг бүртгэх асуудал нь сонгуулийн хорооны эрх хэмжээнд хамаарч байна.

Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 08 сарын 13-ны өдрийн 01 дүгээр “Дүүргүүдийн сонгуулийн хороодыг байгуулах тухай” тогтоолын хавсралтаар Налайх дүүргийн сонгуулийн хороог есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. 

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д зааснаар сонгуульд бие даан нэр дэвшүүлэх хугацаа нь санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхэлж 7 хоногийн хугацаанд дуусахаар байх ба энэ хугацааг Иргэний хуулийн 72 дугаар 72.1, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг баримтлан тоолбол 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуусч, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-д зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17.00 цагаас өмнө сонгуулийн хороонд баримт бичгийг хүргүүлэх, сонгуулийн хороо нь мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д заасан хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэхээр байна.   

Налайх дүүргийн сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр найман гишүүний бүрэлдэхүүнтэйгээр буюу 88.8 хувийн ирцтэйгээр хуралдаж дүүргийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг хэлэлцэхдээ сонгуулийн хорооны гишүүн О.М*******ийн бие даан нэр дэвшигч Ж.Т*******ы цуглуулсан сонгогчдын гарын үсэг цуглуулсан бүртгэлийг нягтлан шалгасан талаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн  100 хувийн саналаар бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн  нь “Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Сонгуулийн хороо нь эрх хэмжээнийхээ асуудлыг асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж заасантай нийцсэн байна. 

Нэхэмжлэгч Ж.Т*******ыг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Налайх дүүргийн сонгуулийн хорооны “Бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 05 дугаар тогтоолд бие даан нэр дэвшигчийн сонгогчдын гарын үсэг цуглуулахдаа Сонгуулийн тухай хуулийн 158.1.4-д заасан аль зөрчлийг гаргасан талаар  дурдаагүй нь учир дутагдалтай байх хэдий ч  тогтоолын үндэслэл болгосон Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу эсхүл хуурамч бол” гэсэн заалт нь намаас болон бие даан нэр дэвшигчид аль алинд хамаарах, шүүх хуралдаанд хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хуульд заасан үндэслэл буюу мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4а, 158.1.4ё хэсэг гэж тодруулсан, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байх тул сонгуулийн хорооны тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. 

Дүгнэвэл Налайх дүүргийн сонгуулийн хорооны хорооны “Бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 05 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч Ж.Т*******ы  Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 9, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “сонгогдох эрх” нь зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 27 дугаар зүйлийн 27.2, 157 дугаар зүйлийн 157.3, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нэхэмжлэгч Ж.Т*******ы “Налайх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар “Бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолын Ж.Т*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ