Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/186

 

 

 

 

     2024          02            07                                        2024/ДШМ/186

 

Г.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч А.Б,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Уын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1706006640108 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн  Г.У, 1982 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ........................ тоотод оршин суудаг,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:............................./;

Г.У нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 52 тоот хашаанд байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Ж.Оийн танил Ц.Сийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бүх хувцсыг нь хүч хэрэглэн тайлуулж, түүнийг цохих үйлдлээр зодож, улмаар хүзүү, ууцанд зулгаралт, мөр бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, түүний бэлэг эрхтэнд архины шилийг хүчээр хийж, үтрээний хананд 3 см орчим урагдалт бүхий гэмтэл учруулсан, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн, харгис хэрцгий аргаар буюу гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцдаа түүнийг зодож, хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Уыг харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилж “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж” хүчиндэх гэмт хэрэг, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ут оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уын цагдан хоригдсон 137 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.У нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.С тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршийг шүүгдэгч Г.Уаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугийн үйлдэлдээ анхнаасаа маргаж ирсэн. Учир нь, эр бэлгийн эс, архины шилэн дээрх ДНК хохирогчоос илрээгүй. Уг хэргийг нотлох баримтад тулгуурлан үндэслээгүйд маш их гомдолтой байна. Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. Гэрч Ж.О нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, намайг уг хэргийг үйлдээгүйг мэдүүлсэн. Мөн иргэдийн төлөөлөгч Б.Өлзиймөнх нь “шүүх хуралдаанд эргэлзээтэй зүйл их байна, бүгд тодорхой хэмжээний согтолттой байсан бөгөөд хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсан байна. Иймд Г.Уыг гэм буруугүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүх хэргийг шийдэхдээ цагаатгах болон яллах талын нотлох баримтыг харилцан харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан. Мөн прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавихдаа хэт нэг талыг баримталсан. Эрх зүйн байдлыг минь улам дордуулж шүүх хуралдаанд оролцсонд маш их гомдолтой байна. Би хийгээгүй хэргийнхээ төлөө хүнд зүйл ангиар олон жилийн хорих ял авсан. Иймд хэргийг гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр тал бүрээс нь бодитой шийдвэрлэж намайг гэм буруугүй болохыг тогтоож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Уын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Гэрч “...согтоод тасраад унасан болохоор мэдээгүй...” гэж мэдүүлдэг. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр хууль сануулж мэдүүлэг авахад “би бүх үйл явдлыг санаж байгаа, тасарсан зүйл байхгүй, энэ хэргийг шүүгдэгч үйлдээгүй, энэ үйл явдал болоогүй” гэж мэдүүлдэг. Шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэхдээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг нь үнэлсэн атлаа гэм буруугийн хуралдаанд өгсөн мэдүүлгийг үнэлээгүй. Энэ хэрэгт гэр бүлийн хамаарал бүхий этгээд нь гэрчээр орсон. Шүүх гэр бүлийн хамаарал бүхий хүн учраас гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үүнд гомдолтой байгаа. Эд зүйл, хумс, архины шил, сав зэргээс ДНК илрүүлэх шинжилгээ хийлгэхээр хүсэлт өгсөн боловч шинжилгээний хариу гараагүй, ачаалалттай байгаа учраас шинжилгээг цаг тухайд хийж өгөөгүй. Тухайн үйлдлийг хийхдээ ашигласан эд зүйл дээрээс ДНК илрүүлэх гэсэн боловч шинжилгээний хариу гараагүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Хохирогчийн мэдүүлгээр мөрдөн байцаалтын ажиллагаа болон прокурорын ажиллагаа явагдсан. Хохирогч шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Тухайн хэрэг болсон газраас гэртээ харих хугацаа тохирохгүй байгаа. Хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсан гэж байгаа боловч шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “би согтоогүй эрүүл байсан, эхнэртэйгээ бэлгийн харилцаанд орж байхад нь хараад зогсож байсан, гарах гэтэл хаалга түгжсэн байсан” гэж мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан зургийн баримтаар монгол гэрийн хаалга түгжээд, гарч чадахгүй байх нөхцөл байдал байгаагүй. Өмгөөлөгчийн зүгээс үр дагаврыг нь тайлбарлаж өгөхөд “би хийгээгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх боломжгүй” гэдэг. Шүүгдэгч Г.У нь тухайн хэргийг үйлдсэн бол өдийг хүртэл би буруугүй гээд давж заалдах гомдол гаргахгүй байх байсан. Гомдлыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх талаар хянан шийдвэрлэж өгнө үү. Мөн  хэрэгт авагдсан эд зүйлсээс биологийн дээж илрээгүй байхад хохирогчийн мэдүүлэгт үндэслээд шүүгдэгч Г.Уыг яллаж байгаа нь үндэслэлгүй байна. ...” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1149 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дүгнэхдээ шүүгдэгч Г.Уыг харгис  хэрцгий аргаар хохирогчийг тохуурхан доромжилж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэсэн гэм буруугийн дүгнэлт болон түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын хэмжээ тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.У нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 52 тоот хашаанд байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Ж.Оийн танил Ц.Сийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бүх хувцсыг нь хүч хэрэглэн тайлуулж, түүнийг цохих үйлдлээр зодож, улмаар хүзүү, ууцанд зулгаралт, мөр бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, түүний бэлэг эрхтэнд архины шилийг хүчээр хийж, үтрээний хананд 3 см орчим урагдалт бүхий гэмтэл учруулсан, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн, харгис хэрцгий аргаар буюу гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцдаа түүнийг зодож, хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн болох нь:

Хохирогч Ц.Сийн “...Би 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын 1-7 тоот дахь гэртээ байж байтал манай урд айлын залуугийнд ирсэн эмэгтэй "намайг гэрт хүргээд өг" гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороон дахь /хаягийг нь сайн мэдэхгүй/ гэрт нь хүргэж өгсөн. Тэгтэл гэрт нь тэр эмэгтэйн нөхөр гэх туранхайвтар, шар царайтай залуу байсан ба бид хоёрыг гэрт нь ороход тэр хоёр хоорондоо маргалдаж эхлээд байхаар нь би гэрээс нь гарах гэтэл тэр залуу намайг гэрээсээ гаргахгүй чирч оруулаад байсан. Тэгээд тэр залуугаас би арай гэж зугтаад гэрээс нь гартал тэр залуу явуулахгүй гээд намайг газарт унагааж газраар чирээд гэртээ оруулж байгаад миний өмдийг болон эхнэрийнхээ хувцсыг бүгдийг нь тайлсан. Ямар шалтгаанаар тийм үйлдэл хийснийг нь би мэдэхгүй байна. Миний өмдийг шувталж байгаад архины шил аваад миний бэлэг эрхтэн рүү 2-3 удаа чихэж цус гаргасан. Би энэ үед бүх хугацаанд боль гэж хэлсэн ч тэр залуу тоохгүй байсан. Тэгээд тэр залуу намайг болон эхнэрээ зодоод байсан бөгөөд би энэ үед гэрээс нь зугтаж гарч ирсэн. ...Миний бэлэг эрхтэн рүү архины шил 2-3 удаа хийж, намайг цохиж зодсон. ...” /1хх 33-34/,

“...Нөхөр нь эхнэрээ хаагуур яваад ирэв гээд уурлаад эхнэрийнхээ нуруу руу гараараа цохиод үсдээд байсан. Би болиоч гэсэн чинь над руу “чи юу гээд байгаа юм" гээд миний хүзүүний ар хэсэгт цохиод, зүүн мөр лүү газарт унагааж байгаад өшиглөөд байсан. Тэгээд газарт унасан байхад үснээс чирэхэд миний нуруу улайсан байсан. Ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Тэр үед хаалга нь онгорхой байсан болохоор би гүйгээд гарсан. Хашааны хаалгаар нь гарах гэсэн чинь араас нөгөө нөхөр нь гэх залуу гүйж ирээд үснээс чирээд буцаад гэр лүүгээ оруулаад миний гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн ба эхнэр нь “чи болиоч” гэсэн чинь нөгөө залуу арай тайвшраад тэр хоёр баруун талынхаа орон дээр хамт хэвтсэн. Би нэг ус уучихаад “миний бие өвдөөд байна” гэсэн чинь тоохгүй байсан. Нөгөө залуу эхнэрийнхээ бүх хувцсыг тайлаад бэлгийн харилцаанд орсон. Тэр үед эхнэр нь эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд тэр хоёр бэлгийн харилцаанд орж дууссаныхаа дараа над дээр ирээд нөгөө залуу эхнэрийнхээ хажууд зэрэгцүүлээд хамт хэвтүүлсэн ба эхнэр нь согтуу ч гэсэн сэрүүн унтаагүй байсан. Тэгээд тэр эрэгтэй надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би болиоч гээд хэлсэн чинь болихгүй байсан ба би гараараа түлхэх гээд дийлээгүй. Миний өмд болон дотоож, оймс, гутлыг тайлаад намайг дээш нь харуулж хэвтүүлээд надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би эсэргүүцээд дийлээгүй. Болиоч гээд орилсон боловч болихгүй байсан. Би тухайн үед бага зэрэг согтолттой байсан. Надтай бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч болон хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй. Тэр эрэгтэй надтай бэлгийн харьцаанд орох үедээ тавьсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би тэр үед шоконд ороод зарим зүйлийг санахгүй байна. Тухайн үед миний биеэс ямар нэгэн шингэн гарсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд эхнэр дээрээ дахиад очсон чинь эхнэр нь түлхээд “заваараад байгаа юм” гээд байсан. Эхнэр болон тухайн залуугийн голд хэвтэж байсан чинь нөгөө залуу нэг мэдсэн чинь Хараа нэртэй архины шил гаргаж ирээд миний дээр гарч байгаад миний хоёр хөлийг хоёр тийш нь дэлгэж миний бэлэг эрхтэн рүү шууд хийсэн. Тэгснээ гаргангуутаа дахиж хийгээд нааш цааш нь хөдөлгөөд байсан. Би боль гэхэд болихгүй байсан. Миний эрхтнээс бага зэрэг цус гарсан. Тэгээд гэнэт өөрөө болиод эхнэртэйгээ тэврэлдээд хэвтэхээр нь хувцсаа өмсөөд шууд гарсан. Гэрээс нь гарч байх үед миний эмзэг эрхтэн хорсож өвдөөд байсан бөгөөд би шууд далан дагаад явж байгаад алхсаар байгаад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод байх гэртээ очсон. ...Би тухайн үед эмнэлэг дээр өвдөөд бэлэг эрхтэн рүүгээ юм чихүүлсэн болохоор шоконд ороод тэрийгээ бодоод бэлгийн харьцаанд ороогүй гэж бодоод мэдүүлсэн байна лээ. ...Намайг хамт байх үед нөхөр нь явуулахгүй байсан. Тэгээд нэг гарах гэтэл араас гарч ирээд буцаагаад үсдээд оруулсан. Гарах гэхээр хаалга цоожлоод гаргахгүй байсан. ...” /1хх 36-38/,

гэрч Н.Г-ийн “...2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн орой 19 цагийн үед О нь манай багын найз Эы хамт ирсэн. О нь манай гэрт ирэхдээ нэлээн халамцуу байдалтай Сэнгүр нэртэй 0,5 литрийн хэмжээтэй 1 лааз пиво барьчихсан орж ирсэн бөгөөд Э эрүүл байсан тул буцаж гараад орж ирэхдээ дэлгүүрээс Экс нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи 1 шилийг авч ирээд өөрөө уугаагүй. Тэр архийг О бид хоёр хувааж уусан. Тэгээд тэр архины талыг ууж байтал Э 22 цагийн үед явсан. Э явахдаа Оээс хүргүүлэх үү гэж асуухад О үгүй гээд манай гэрт унтсан. Тэгээд О бид хоёр манай гэрт унтаад өгсөн. О нь газраар, би харин орон дээр унтсан. ...” /1хх 40/,

гэрч Н.Тын “...Би 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ...ажил дээрээ байж байтал 17 цагийн үед манай эхнэр А  нь миний утас руу залгаад "ээж зодуулсан байна, доошоо цус алдаад байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаа тараад гэртээ очтол доошоо нэлээн цус алдсан, хамаг гар хөл нь салганасан, хөл хавдаж хөхөрсөн, мөн хоёр гар нь хөхөрсөн байсан. Тэгээд би 103 дугаарын утсанд залгаж эмч дуудахад түргэний эмч ирээд доогуур үзлэг хийхгүй, ил үзлэг хийнэ, эмэгтэйчүүдийн эмнэлэгт ханд гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгтөл ээжийгээ авч яваад эмэгтэйчүүдийн эмнэлэгт яаралтай үзүүлээд буцаагаад оноштой нь цуг аваад ир гэж хэлсэн ба Амгалан амаржих эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлтэл доогуур нэлээн хүнд цус алдалттай, гадна дотор 8, 8 ширхэг оёдолтой, ээжээс юу болсон талаар асуухад О гэх хүний нөхөр намайг зодоод явуулахгүй, доошоо эмзэг эрхтэн рүү архины шил чихсэн гэж хэлэхэд нилээн хүнд байна, эмнэлэгт хэвт гэж хэлэхээр нь эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд би манай урд талын айлын хашааны Ганзориг гэх хүнээс асуухад О, Э нар манай гэрт ирсэн. Тэгээд ууж байгаад Э нь яваад өгсөн. О нь үлдэж манай арын хашаанд байх Ц.Сийг аваад гарсан. Тэгээд О өөрийн гэр лүүгээ явсан гэж надад хэлэхээр нь би Э гэх хүнийг олоод Оийн гэрийг заалгуулаад Оийн гэрт очтол Оийн нөхөр гэх хүнийг цагдаагийн алба хаагч нар согтуу байсан тул эрүүлжүүлсэн. ...” /1хх 44/,

гэрч Ж.Оийн “...Би 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 52 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Г.Уын хамт байж байгаад бид хоёр архинаас болж хэрүүл маргаан хийсэн. Г.У би гарлаа гээд байхаар нь би тэр чигтээ яваарай гэсэн чинь Г.У гараад явсан. Би гэртээ байж байгаад өдөр 16 цагийн үед найз Мөөжигтэй уулзахаар тохироод гэрийн урд байдаг автобусны буудал дээр уулзаад байж байсан чинь Мөөжиг намайг хоёулаа Ганзоригийнд очъё гээд байсан. Бид хоёр Г-д очихоор болоод Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн тэнд зүс таних Г-ийн гэрт ирсэн чинь тэдний гэрт нэг танихгүй ах байж байсан. Тэгээд Мөөжиг Г-ийг архи уух уу гэсэн чинь тэгье гээд бид 0,75 литрийн Экс нэртэй архи уугаад байж байсан чинь нэг танихгүй эгч ороод ирсэн байсан. Би архи ууснаасаа болоод Ганзоригийн гэрт тасарсан байсан. Өглөө нь сэрсэн чинь нөгөө эгч над дээр ирэхээр нь би манай нөхөр над руу залгаад байхаар нь айгаад нөгөө эгчид хэлсэн чинь тэр эгч “чи архи авчих, эд нар надаас архиа харамлаад байна, хоёулаа танайд очъё” гээд байсан. Тэгээд би тэр эгчтэй гэр лүүгээ хамт явахаар болсон. Яагаад гэвэл Г.У намайг зодож цохиод байдаг юм. Тэр эгч бид хоёр замаасаа 0,75 литртийн Хараа нэртэй архи нэгийг аваад гэртээ ирсэн чинь Г.У ганцаараа согтуу байсан. Гэхдээ ухаантай байсан. Бид гурав нөгөө авсан архиа уугаад байж байсан чинь нөгөө эгч “чи Ганзоригтой унтсан биз дээ” гээд хэлсэн чинь Г.У над руу “чи угаасаа тийм биз дээ, чи гадуур заваарч яваад ирсэн биз дээ” гээд байсан. Тэгээд тэр хоёр хоёулаа нийлээд над руу дайраад байсан. Нэг мэдсэн чинь би тасарчихсан байсан. Орой сэрсэн чинь нөгөө эгч байхгүй байсан. Харин Г.У миний хажууд хэвтэж байсан. Тэгсэн чинь цагдаа ирээд Г.Уыг аваад гараад явсан. Цагдаа ирэх үед Г.У согтуу унтаж байсан. ...Г.У над руу хашхираад байсан. Би ямар ч хувцасгүй нүцгэн унтаж байсан. Гэхдээ шөнө сэрсэн чинь Г.У надад нөгөө эгчийн бэлэг эрхтэн нь жижигхэн юм байна лээ гэхээр нь би “чи юу яриад байгаа юм, надтай ийм юм ярихаас ичдэггүй юм уу, чи яаж мэдэж байгаа юм” гэсэн чинь би тэр эгчтэй унтсан юм гээд байсан. ...Би Г.Утай бэлгийн харьцаанд орсон. ...” /1хх 54-56/,

гэрч О.А-ийн “...Би 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын 1-7 тоотод гэртээ хүүхдүүдээ хараад байж байтал манай нөхрийн дүү О 16 цагийн үед орж ирээд “ээж доошоо цус алдаад байна, түргэн дуудаад өг” гээд байсан. Тэгээд би ээжийн гэр лүү орсон чинь бага зэрэг согтуу, доошоо цус гарсан, өмд болон дотоож нь цус нэвтэрсэн байсан. Би 103 дуудаад дараа нь нөхөр Тайванбаатарт ээж цус алдаад байгааг хэлсэн чинь цагдаад хэл гээд байсан. Би цагдаагийн 102 дугаар луу залгаад болсон зүйлийн талаар хэлсэн чинь тухайн хаягаа хэлэхгүй бол цагдаа явуулах боломжгүй байна гээд байсан. Тэгээд ээжийг 103-т үзүүлсэн чинь харьяа дүүргийн эмнэлэг болон эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд явсан. Ээж надад 5-н буудлын тэнд нэг айлд нөхөр нь эхнэрээ зодоод миний доошоо шил хийсэн, яагаад ийм зүйл болсон талаар би мэдэхгүй байна, би гэртээ алхсаар байгаад ирсэн гэж хэлсэн. Би нөхрийг ирэхээр нь Амгалан амаржих газарт очоод үзүүлэхэд хярзанг нь урсан байна гээд гадна 8, дотор 8 ширхэг оёдол тавьсан. Тэгээд эмнэлэгт хэвтсэн. ...” /1хх 58-59/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8500 дугаартай “... Ц.Сийн биед үтрээний ханын урагдал, хүзүү, ууцанд зулгаралт, мөр, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Ц.Сийн цусанд ДОХ, хламид, заг хүйтэн, трихомониаз илрээгүй. Тэмбүүгийн халдвар эмчлэгдсэн. Ц.Сийн үтрээний наалдац, арчдаст эр бэлгийн эс илрээгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /1хх 78-80/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2608 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цайвар саарал углаа хөнжлийн даавуунд үүссэн 30х20мм хэмжээтэй гэмтэл нь гогдогдон татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт, цайвар саарал хөнжлийн углаа хөнжлийн даавуунд үүссэн 10х10мм, 10х8мм, ногоон дэвсгэр даавуунд 540x170мм хэмжээтэй талбайд үүссэн гэмтлүүд нь дулаан илчээр үйлчлэх үед үүссэн хуучин түлэгдэлт, ногоон дэвсгэр даавуунд үүссэн 60мм, цайвар дэрний уутанд үүссэн 130мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин ханзралт байна...” /1хх 101-103/ гэсэн дүгнэлтүүд,

2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-25/, Амгалан амаржих газрын 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 24 минутад үзлэг хийсэн “Яаралтай түргэн тусламжийн хуудас” болон хохирогч нь уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой өвчний түүх /1хх 182-202/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Г.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 дахь заалтад тус тус зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Уыг харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилж “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж” хүчиндэх гэмт хэрэг, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 жил 30 хоногийн хугацаагаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасныг журамлаж шүүгдэгч Г.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, шүүгдэгч Г.Уын хүний эрүүл мэндэд үтрээний ханын урагдал, хүзүү, ууцанд зулгаралт, мөр, бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа болон үйлдэхээс өмнө хохирогчийн хүзүүний ар хэсэгт цохих, газарт унагааж байгаад өшиглөх, газраар чирэх, үснээс нь чирээд гэр лүүгээ оруулах, гэдэс рүү нь 2-3 удаа өшиглөх явцад үүссэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт журамлах шаардлагагүй ба хүчиндэх, хөнгөн хохирол учруулах үйлдлүүд нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Г.Уаас “... намайг гэм буруугүй болохыг тогтоож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Г.У согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Сийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бүх хувцсыг нь хүч хэрэглэн тайлуулж, түүний бэлэг эрхтэнд архины шил хүчээр хийж, үтрээний хананд 3см орчим урагдалт бүхий гэмтэл учруулсан, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн, харгис хэрцгий аргаар буюу гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцдаа түүнийг зодож, тохуурхан доромжилж хүчиндсэн, хохирогчийг цохиж зодон улмаар хүзүү, ууцанд зулгаралт, мөр бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байх бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Уын гэмт үйлдэл нь хохирогч Ц.Сийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1149 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Уын гаргасан  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Уын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1149 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэсэн хэсгийг... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж,

2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял ...” гэсэн хэсгийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял ...” гэж,

3 дахь заалтад “... 7 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ялын ...” гэсэн хэсгийг “... 7 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ялын ...” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уын цагдан хоригдсон 83 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР 

                                              ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ