Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/242

 

 

 

 

    2024           02            22                                       2024/ДШМ/242

 

Т.Зт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч У.Х,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/806 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Анужингийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Т.Зт холбогдох эрүүгийн 2302006080369 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Т.З, 2005 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “::::::” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт, ...............................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................................../.

Т.З нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Наадам центрт байхдаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 2,4189 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Зыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зоригбаатарыг 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2.4189 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Анужин бичсэн эсэргүүцэлдээ: “... Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээг нь хязгаарлаж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм. Хэдийгээр шүүгдэгч Т.Зт оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд" оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж нийслэлийн хэмжээнд тогтоосон нь буруу байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/806 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай" гэж өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулах саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Т.Зын өмгөөлөгч У.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Т.З нь 18 настай бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь кино үзээд ижил төрлийн ургамлыг биедээ авч явж байгаад баригдсан байдаг. Шүүгдэгч Т.Зын чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Зын хувийн байдлыг харгалзан үзэж ажил хийх боломжоор хангасан бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Т.З нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Наадам центрт байхдаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 2,4189 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь:

гэрч Г.Г-ийн “... 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Бэлхээс түүсэн гээд Т.З надад жоохон өвс өгснийг би гэрийнхээ ариун цэврийн өрөөнд ганцаараа цаасанд ороож байгаад татаж үзсэн. Би Т.Зт өвс байхаар нь сонирхоод авсан бөгөөд авсан өдрөө тамхи шиг ороогоод, нэг удаа татаад дуусгасан...” /хх 37-38/,

гэрч Б.С-ын “...2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчимд би Бэлхэд Т.Зт байсан өвснөөс татаж, хэрэглэж үзсэн. 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр би найз Т.З, Билгүүн, Ганхүлэг нарын хамт Наадам центр дээр болж байсан шоу үзэж байгаад, цагдаад баригдаж, цагдаагийн газарт ирэхэд Т.Заас өвс гарч ирсэн. Т.Зт өвс байсан талаар би мэдээгүй...” /хх 40-41/,

Т.Зын яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Бэлхээс хойшоо өгсөөд, миний мэдэж байгаагаар Сэлбэ гэж нэрлэдэг газраас ганцаараа мансууруулах үйлчилгээтэй өвс гэх зүйлийг түүж аваад, 2023 оны 8 дугаар сарын 23-ны орой Бэлхийн уулан дээр ганцаараа гараад янжуур тамхины дотор талыг нь асгаж, дотор нь өвсөө хийгээд татаж хэрэглэсэн. 2023 оны 8 дугаар сарын 26-ны орой 18 цаг өнгөрч байхад Наадам центрт болсон “Трибл экс” шоун дээр найз Ганхүлэг, Сүхбат, Билгүүн нарын хамт очоод цагдаад баригдсан. Баригдах үедээ  өмсөж явсан хүрэмний зүүн талын дотор халаасанд байсан гялгар ууттай өвсөө хураалгасан. ...” /хх 108-109/ гэсэн мэдүүлгүүд,

2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүний биед болон хувцас, эд зүйлд үзлэг хийсэн “...Т.З нь “миний өмсөж яваа савхин хүрэмний зүүн талын энгэрийн халаасанд өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис байгаа” гэснээр үзлэгийг эхлүүлэв. Түүний өмсөж явсан хувцасны халаасанд нэг бүрчлэн нарийвчилсан үзлэгийг явуулахад өмсөж явсан савхин хүрэмний энгэрийн халааснаас тунгалаг өнгийн уутанд хийсэн өвч мэт зүйл гарч ирснийг албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 2.7 грамм байсныг “1” дугаараар тэмдэглэн хурааж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Т.Зын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...ТНС төрлийн бодис хэрэглэсэн гэсэн утгыг зааж байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3910 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн “Т.З ИЭ05273137” гэж хаягласан шээс нь ...шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т.З ИЭ05273137” гэж хаягласан ...шээснээс тетрагидроканнабинолын (tetrahydrocannabinol) илрэв. ... тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” /хх 67-68/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3909 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Т-159 Т.Зын биеэс хураан авсан 2.7 грамм өвс а/ч М.Айдын 2023.8.27” гэж хаягласан зиплок ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 2.4189 грамм байна ...” /хх 62-63/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 721 дугаартай “...Т.З нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.З нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /хх 58-59/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Т.Зын хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Зыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Зт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Т.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, хугацааг нь 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосныг давж заалдах шатны шүүхээс буруутгах, эсхүл өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/806 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.Зын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан түүний зорчих эрхийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоохоор өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 2,4189 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарч байх тул эд мөрийн баримт устгах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/806 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтад “... шүүгдэгч Т.Зт оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ...” гэснийг “... шүүгдэгч Т.Зт оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ...” гэж,

6 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2.4189 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2.4189 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН 

                                              ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ