| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийсайхан Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 114/2025/0033/З |
| Дугаар | 114/ШШ2025/0033 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Тендер, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 114/ШШ2025/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “” ХХК /РД:/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох
“Гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай, индексийн 114/2025/0033/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зарласан “Уул уурхай болон бусад үйл ажиллагаанаас эвдэрч эзэнгүй орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх, дугаар бүхий тендер сонгон шалгаруулалтад “” ХХК, “” ХХК, “Т” ХХК, “” ХХК-ууд оролцсон ба үнэлгээний хороо 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлээр шаардлага хангасан нэг ч оролцогч тендер ирүүлээгүй гэх үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэж, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77, 78, 79, 80 дугаар албан бичгүүдээр тухайн тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлсэн байна.
2.2. Сангийн яам дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу тухайн тендерийн материалыг хянан үзээд, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “...захиалагчийн ...шийдвэрийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье...” гэх дүгээр албан бичгийн Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсний дагуу тус газрын үнэлгээний хороо дахин хуралдаж, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлээр хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор “” ХХК-ийг шалгаруулж, түүнд гэрээ байгуулах эрх олгохоор, бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлүүдийг дурдан мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
2.3. Уг шийдвэрт тендерт оролцогч нар гомдол гаргаагүй ба Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар албан бичгээр “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 161 дүгээр албан бичгээр захиалагчид хамгийн сайн тендер ирүүлсэн “” ХХК-тай 55 031 000 төгрөгөөр тендерийн хүчинтэй байх хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дотор гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн байна.
2.4. Дархан-Уул аймгийн Засаг дарга 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* дугаар захирамжаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээг төлөвлөх, шалгарсан аж ахуйн нэгж байгууллагатай хэлцэл хийх, гэрээ байгуулах эрхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад шилжүүлсний дагуу тухайн хэлтсийн дарга 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичгээр нэхэмжлэгчид “...тендерийн хүчинтэй байх хугацаа 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд гэрээ байгуулах боломжгүй боллоо” гэх хариуг хүргүүлжээ.
2.5. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, Сангийн яаманд гомдол, хүсэлт гаргасан бөгөөд Сангийн яам 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02/4600 дугаар албан бичгээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59
дүгээр зүйлийн 59.1-д ...заасан хугацаа өнгөрсөн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна” гэх хариу хүргүүлснийг хүлээн аваад эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж билээ. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас “Уул уурхайн болон бусад үйл ажиллагааны улмаас эвдэрч эзэнгүй орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх” ажлын дугаар бүхий тендер сонгон шалгаруулалт зарлагдаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлж манай компани оролцсон. Уг тендер сонгон шалгаруулалтын үр дүнтэй холбоотой гомдол гарч дахин үнэлгээ хийхэд манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу “хамгийн сайн” гэх үнэлгээг авсан тендерт шалгарсан тул гэрээ байгуулах эрхийг авсан билээ.
3.1. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг манай компанид ирүүлсэн бөгөөд тус албан бичигт “Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 хоногийн дараа худалдан авах гэрээг баталгаажуулж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс/-т ирүүлнэ үү” гэжээ.
3.2. Ийнхүү манай компани нэгэнт шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийн дагуу гэрээг баталгаажуулахтай холбоотой баримтаа бүрдүүлж хүргүүлсэн. Гэтэл аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс гэрээ байгуулах талаар дуудахгүй, удаа дараа утсаар холбогдож, биеэр очиж лавлахад “гэрээ боловсруулагдаж байгаа, удахгүй дуудна” гэж хэлдэг байсан.
3.3. Компанийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан гэрээ байгуулах хугацаа өнгөрч болзошгүй талаар мэдэгдэж, амаар болон бичгээр хүсэлтийг удаа дараа өгч байсан боловч эрх, үүрэг хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдлийг минь хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргалаа.
3.4. Хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар шалгарсан оролцогч гэрээг баталгаажуулж ирүүлэх хугацааг тогтоож өгөөгүйгээс, нэхэмжлэгч компани гэрээг баталгаажуулан захиалагчид хүргүүлээгүй. Энэ нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д заасан захиалагч гэрээ байгуулахаас татгалзах 2 үндэслэлийг үгүйсгэж байна.
3.5. Иймд Уул уурхайн болон бусад үйл ажиллагааны улмаас эвдэрч, эзэнгүй орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх дугаартай тендерийн гэрээ байгуулахгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, П.Б нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг холбогдох баримтын хамт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга П.Бэд ирүүлсэн.
4.1. “” ХХК-ийн тендерийн баримт бичигт авагдсан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ******* дугаар албан бичигтэй танилцахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хамтарсан 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар баталсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлыг тооцох аргачлал”-ыг зөрчсөн байна.
4.2. Энэ нь Дархан-Уул аймгийн Засаг даргын баталгаажуулсан техникийн тодорхойлолтын 7, 8, техникийн шаардлага 1, 2, 3-д заасантай нийцээгүй.
4.3. Уул уурхайн болон бусад үйл ажиллагааны улмаас эвдэрч эзэнгүй орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлтийн 2 га ажлыг гүйцэтгэх зардлын тооцоог дээрх аргачлалыг баримтлалгүйгээр төсвийн тооцоо гаргасан “” ХХК-тай гэрээ байгуулах эсэх асуудлаар 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 18 цаг 00 минутад хуралдаан зохион байгуулсан. Уг хуралдаанаар тендерт шалгарсан компанитай уулзаж хэлцэл хийж зөвшилцөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү “” ХХК-ийг оролцуулан 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин хуралдаан зохион байгуулж, төсөв тооцоогоо дахин шинэчлээд гэрээ байгуулаад явах уу, эсхүл дахин тендер сонгон шалгаруулт явуулах уу гэдэг асуудалд талууд саналын хувьд тэнцээд шийдвэр гаргах нөхцөл бүрдээгүй тул Засаг даргад танилцуулж асуудлыг шийдвэрлүүлэхээр тохирч хуралдаан өндөрлөсөн. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын орлогчид танилцуулж, “” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзаж, дахин тендер зарлах шийдвэр гаргасан.
4.4. Гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр гарсан үндэслэл нь “” ХХК-аас ирүүлсэн үнийн сангийн саналын нийт 23 305 000 төгрөг буюу 43 хувь нь бусад зардал, өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтийн зардлын бус тооцоо, 31 726 000 төгрөг буюу 57 хувь нь техникийн нөхөн сэргээлтийн машин механизм, тээврийн зардалд оногдож байна. Энэ нь аргачлал болон Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх техникийн ерөнхий шаардлага MNS 5917:2008 стандартыг ноцтой зөрчсөн.
4.5. Байгаль орчны газраас 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Шарын гол сумын Санжит багийн нутагт Уул уурхайн болон бусад үйл ажиллагааны улмаас эвдэрч эзэнгүй орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлтийн га ажлыг гүйцэтгэх зардлын тооцоог ирүүлсэн. Гэвч “” ХХК нь дээрх зардлын тооцоог баримтлан төсвийн задаргаа ирүүлэх байсныг зөрчсөн.
4.6. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр албан бичгийн хариуг Дархан-Уул аймгийн Байгаль орчны газраас 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 140 дүгээр албан бичгээр ирүүлсэн. “” ХХК-д 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичгээр гэрээ байгуулах боломжгүй тухай хариуг хүргүүлсэн.
4.7. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлуулахаар ******* дугаар албан бичгийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга хүргүүлсэн.
4.8. Нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1-д заасныг зөрчсөн учраас гэрээ байгуулаагүй. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын хувьд гэрээг баталгаажуулж ирүүлэх талаар хугацааг тогтоосон болон гэрээ байгуулахаар судалж байна, төсөл хийгдэж байна гэх зэргээр нэхэмжлэгчид хэлсэн зүйл байхгүй.
4.9. Иймд “” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс дээрх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...хамгийн сайн тендерээр шалгарч гэрээ байгуулах эрх авсан оролцогчийн материалыг дахин хянах, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ хариуцагчид байхгүй, гэрээ байгуулахаар судалж байна, төслийн бэлдэж байна гэх хариуг өгсөөр байгаад тендерийн хүчинтэй байх хугацааг өнгөрөөж, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг гаргасан, хариуцагчаас гэрээг баталгаажуулж ирүүлэх хугацааг тогтоож өгөөгүй учраас гэрээ баталгаажуулж, банкны баталгааг гаргаж хариуцагчид хүргүүлээгүй...” гэж,
хариуцагчаас уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...хамгийн сайн тендерээр шалгарсан нэхэмжлэгчийн үнийн дүнгийн тооцоолол нь холбогдох аргачлал, стандартыг зөрчсөн бөгөөд энэ нь тендерийн баримт бичгийн 7, 8, техникийн шаардлагын 1, 2, 3-д заасантай нийцээгүй, гэрээг баталгаажуулж захиалагчид ирүүлээгүй, хариуцагчаас гэрээ байгуулахаар судалж байна, төслийг бэлдэж байна гэх мэт хариуг түүнд өгч байгаагүй, тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Сангийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу одоо гэрээг байгуулах боломжгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгаж шийдвэрлэх учиртай.
4. Хэргийн энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх хуулийн дагуу үүссэн эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тус тус дүгнэлт хийх шаардлагатай юм.
5. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зарласан “Уул уурхай болон бусад үйл ажиллагаанаас эвдэрч эзэнгүй орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх, дугаар бүхий тендер сонгон шалгаруулалтад 4 хуулийн этгээд оролцсон ба тус газрын Үнэлгээний хороо 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлээр хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор “” ХХК-ийг шалгаруулж, түүнд гэрээ байгуулах эрх олгохоор, бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлүүдийг дурдан мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
5.1. Нэхэмжлэгчид Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрхийг олгосноор түүнд уул уурхай болон бусад үйл ажиллагаанаас эвдэрч эзэнгүй орхигдсон газарт нөхөн сэргээлт хийхтэй холбоотой гэрээг байгуулах эрх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу үүссэн байна.
6. “” ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 03, 10-ны өдрүүдэд цахим хэрэгслээр, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 25/007, мөн сарын 23-ны өдөр 25/040 дүгээр албан бичгүүдээр гэрээ байгуулах тухай хүсэлтүүдийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс болон албан хаагч нарт хандсан байх бөгөөд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 оны ******* дугаар захирамжаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээг төлөвлөх, шалгарсан аж ахуйн нэгж байгууллагатай хэлцэл хийх, гэрээ байгуулах эрхийг шилжүүлэн авсан мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичгээр нэхэмжлэгчид “...тендерийн хүчинтэй байх хугацаа 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд гэрээ байгуулах боломжгүй боллоо” гэх хариуг хүргүүлжээ.
6.1. Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа түүний хууль бус үйл ажиллагааг эс үйлдэхүй гэж тодорхойлсон бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичиг бол зөвхөн тендер хүчинтэй байх хугацаа дууссанг мэдэгдсэн утгатай, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бол зөрчигдөөгүй. Харин хариуцагч гэрээ байгуулах хугацааг тогтоогоогүй, тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй, “” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 25/055 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасны улмаас түүний гэрээ байгуулах эрх зөрчигдсөн” хэмээн тайлбарласан.
6.2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийн үнийн саналын задаргаа нь холбогдох хууль тогтоомж буюу аргачлал, стандартад нийцээгүй, энэ нь Дархан-Уул аймгийн Засаг даргын баталгаажуулсан техникийн тодорхойлолтын 7, 8, техникийн шаардлагын 1, 2, 3-д заасныг зөрчсөн, мөн Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Сангийн сайдаас ирүүлсэн чиглэлийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулаагүй гэрээг одоо байгуулах боломжгүй” хэмээн тайлбарлаж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
6.3. Учир нь нэгэнт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагчийн зарим эрхийг эдлэх эрх бүхий этгээд болох Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хороо нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийг тухайн тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан гэж үзээд хамгийн сайн тендерээр шалгаруулсан, тухайн шийдвэрийг хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон шийдвэр гаргаагүй, хариуцагчид уг хуулиар үнэлгээний хорооны шийдвэрийг хянах, хүчингүй болгож дахин зарлуулах эрх хэмжээ олгогдоогүй байна.
6.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.”, 30.3-д “Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна:”, 30.3.1-д “энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл үүссэн”, 30.3.2-т “энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон” гэж тус тус зааснаар захиалагч буюу Дархан-Уул аймгийн Засаг дарга шалгарсан оролцогч тогтоосон хугацаанд тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээг баталгаажуулан захиалагчид хүргүүлэх болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон бол гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй төдийгүй үүнээс бусад тохиолдолд гэрээ байгуулах үүрэгтэй байхаар зохицуулжээ.
6.5. Шүүхийн зүгээс Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас “...хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон шийдвэр гарсан” эсэх талаар тодруулахад “...захиалагч буюу Дархан-Уул аймгийн Засаг даргаас үндэслэлгүй албан бичгийг манайд ирүүлсэн тул буцаад хариуг өгсөн. Одоогоор эрх бүхий байгууллагаас уг тендерийг хүчингүй болгосон, дахин тендер зарлагдсан зүйл байхгүй” хэмээх тайлбарыг гаргасан, шүүхэд тус газраас ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 363 дугаар албан бичиг, https://user.tender.gov.mn/mn/plan/index?year=2025&selGovernorId=139&selClientId=1704820296208&get=1 цахим хуудас зэргээс тухайн тендерийг хүчингүй болгож, дахин зарласан нөхцөл байдал байхгүй байна.
6.6. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “....аймгийн Засаг дарга гэрээ байгуулах хугацааг тогтоодоггүй, шалгарсан оролцогч тогтоосон хугацаанд тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээг баталгаажуулан захиалагчид хүргүүлэх болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...захиалагч буюу аймгийн Засаг дарга хугацаа тогтоох үүрэгтэй, манайд гэрээ байгуулах хугацааг тогтоож өгөөгүй, гэрээ байгуулагдах гэж байна, судалж байна, төслийн шатандаа явж байна гэх зэргээр мэдэгдэж байсан” хэмээн тус тус тайлбарлан маргасан.
6.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:”, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах”, 48.2.7-д “худалдан авах гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, удирдлагаар хангах, хэрэгжилтийг цахим системд хөтлөх”, 48.2.11-д “гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх”, 49 дүгээр зүйлийн 49.4-д “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д зааснаас гадна худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 49.4.2-т “захиалагчийн энэ хуулийн 48.2.6, 48.2.7, 48.2.11-д зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх” гэж тус тус зааснаар орон нутагт захиалагчийн эрх, үүргийг ялгамжтай байдлаар буюу аймгийн Засаг даргад худалдан авах гэрээ байгуулах, худалдан авах гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, удирдлагаар хангах, хэрэгжилтийг цахим системд хөтлөх, гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх тусгайлсан эрх, үүргийг хуулиар олгосон бол бусад захиалагчийн эрх, үүргийг Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар хэрэгжүүлэхээр байна.
6.8. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохдоо “...Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6 хоногийн дараа худалдан авах гэрээг баталгаажуулж /аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс/-т ирүүлнэ үү” хэмээн гэрээг баталгаажуулж ирүүлэх хугацааг тогтоож өгсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн “...тендерийн хүчинтэй хугацаа 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болохыг анхнаасаа мэдэж байсан, дээрх албан бичгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан” гэх тайлбараас үзэхэд тэрээр 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр /сар шинийн баяр тохиолдсон/-өөс хойш ажлын 6 хоногийн дараа буюу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гэрээг баталгаажуулж захиалагч буюу Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй байжээ.
6.9. Гэтэл нэхэмжлэгчээс тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээг баталгаажуулж, гүйцэтгэлийн баталгааны хамт захиалагчид хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байхад хариуцагчийг шалгарсан оролцогчтой гэрээг байгуулаагүй гэж буруутган “” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрээ байгуулахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
6.10. “” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Ийнхүү манай компани нэгэнт шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийн дагуу гэрээг баталгаажуулахтай холбоотой баримтаа бүрдүүлж хүргүүлсэн” гэж дурдсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “гэрээг баталгаажуулж хүргүүлээгүй” гэх тайлбарыг гаргасан, шүүхээс Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөл, хөрөнгө оруулалтын хэлтсийн ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийхэд “” ХХК-аас өргөдөл, гомдол, хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдсон бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөлөөгч, өмгөөлөгч нар маргаагүй.
6.11. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн цахим харилцааны хэрэгслээр харилцсан тэмдэглэл, *******90 дугаарын үүрэн телефоны хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт зэргээс “” ХХК нь гэрээг баталгаажуулж хүргүүлсэн болон хариуцагчаас гэрээг баталгаажуулж ирүүлэх хугацааг дахин тогтоосон гэж үзэх боломжгүй байна.
7. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн гэрээ байгуулах эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “” ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3-д заасныг тус тус баримтлан “” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ