Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01104

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01104

 

 

Э.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/01110 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Цын хариуцагч Б.Д ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 3 962 807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Д ХК-тай 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулан 78-03 УАЕ улсын дугаартай, Тоёота Ланд Круизер 200 маркийн автомашиныг даатгуулсан. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Багануурын чиглэлд замын хөдөлгөөнд оролцож явахад элсэн шуурга болж тус автомашины баруун их гэрэл гэмтсэн. Тухайн үед гар утасны сүлжээ байхгүй байсан учир хариуцагчид мэдэгдэж чадаагүй. Автомашины хохирлын үнэлгээг М ХХК-аар хийлгэхэд 23 899 575 төгрөг болсон бөгөөд 14 хувь хөнгөлөөд 20 553 635 төгрөгөөр засварлана гэж тодорхойлсон. Уг үнэлгээг үндэслэн Б.Д ХК-д нөхөн төлбөр гаргуулахаар хүсэлт гаргахад төлбөрийн 80 хувь буюу 16 590 828 төгрөгийг гаргаж өгсөн. Энэ нөхөн төлбөрийг зөвшөөрөөгүй учир хариуцагчид хүсэлт гаргасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02/454 дугаар албан бичгээр даатгалын гэрээний 9.6-д заасныг үндэслэн хохирлын 80 хувиар нөхөн төлбөр олгох үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн. Хариуцагч нь 100 хувийн хамгаалалттай Платинум даатгалын гэрээний 9.6-д заасныг буруу тайлбарлаж, үндэслэлгүй хариу өгсөн учир Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасны дагуу хорооноос нөхөн төлбөрийг нэхэмжлэлийн дагуу олгох нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн. Иймд даатгалын нөхөн төлбөрийн зөрүү болох 3 962 807 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Д ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Д ХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, 78-03 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан. Нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед Улаанбаатараас Багануур дүүрэг хүрэх замд шуурганд өртсөн талаар гэрээний 8.10-т заасны дагуу нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй мөн оны 9 дүгээр сарын 29-ний өдөр материал бүрдүүлэн 20 738 535 төгрөгийн нөхөн төлбөр олгохыг хүссэн. Даатгалын гэрээний 9.5.1-д даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөрийг гарсан хохирлын дүнгийн 60 хүртэл хувь хэмжээгээр олгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид нөхөн төлбөрт олгох байсан боловч нэхэмжилсэн дүнгийн 80 хувиар буюу 16 590 828 төгрөгийн нөхөн төлбөр олгож үлдэх хэсгээс татгалзан шийдвэрлэсэн.

Иймд даатгуулагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь түүний тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон, нөхөн төлбөрийг хохирлын дүнгээр бүрэн олгох үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д ХК-иас 3 962 807 /гурван сая есөн зуун жаран хоёр мянга найман зуун долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Цт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 360 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 78 360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Цт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Д ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх даатгуулагчийн мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй, энэ талаархи баримт гаргаж нотолсон хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй, даатгагчийн бүрдүүлсэн баримтыг даатгуулагч бүрдүүлж гэрээний үүргээ биелүүлсэн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Даатгалын гэрээний 9.24.1-9.24.4-т заасан баримтуудыг даатгуулагч бүрдүүлэн ирүүлэх үүрэгтэй боловч нэг ч баримт ирүүлээгүй бөгөөд ослын тэмдэглэлд хавсаргасан 4 ширхэг фото зураг нь осол бий болсон үед бус Б.Д ХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дарсан зураг юм. Гэтэл шүүх даатгуулагчаас бүрдүүлж өгсөн зураг гэж үзэн даатгуулагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхээс даатгуулагч нь даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэх хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгөөгүй, даатгалын гэрээний эрсдэл хуваарилалт, нарийвчилсан зохицуулалтыг үл харгалзан зөвхөн байгалийн эрсдэл үүссэн гэж үзэн 100 хувиар нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчсөн.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 9/58 тоот албан бичигт гол маргаж буй даатгуулагчийн нэн даруй мэдэгдэх үүрэгтэй холбогдуулан дүгнэлт өгөөгүй, гагцхүү даатгагчаас үндэслэл болгосон гэрээний заалт нь гэрээн дээрх заалттай тохирохгүй байгаа талаар дурдаад засвар үйлчилгээний төвийн баримтыг үндэслэсэн байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 440 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хороо нь нөхөн төлбөр олгох эсэх талаар захирамжилсан шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш гэдгийг тогтоосон тул уг 9/58 тоот албан бичгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Б.Д ХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 962 807 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0310900545 дугаартай Платиниум 360 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-гээр даатгуулагч Э.Ц нь 78-03 УАЕ улсын дугаартай, Тоёота Ланд Круизер 200 маркийн автомашиныг даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч Б.Д ХК нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцлийн дагуу нөхөн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-5-7/ Энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй тул тэдгээрийн хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

Нэхэмжлэгч Э.Ц гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу даатгалын хураамжид 2 365 000 төгрөг төлсөн, мөн даатгалын тохиолдол бий болсон, тээврийн хэрэгсэлд 23 899 575 төгрөгийн хохирол учирсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, даатгалын нөхөн төлбөрийг 80 хувиар тооцон 20 533 635 төгрөг олгосон нь тэдгээрийн маргааны зүйл болжээ. /хх-10, 12-14/

Хариуцагч тал, даатгалын гэрээний 8.10-т заасны дагуу даатгалын тохиолдол бий болсон тухай даатгуулагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, 9.24-т зааснаар холбогдох баримтыг бүрдүүлж өгөөгүй учир гэрээний 9.5.1-д заасны дагуу нөхөн төлбөрийг гарсан хохирлын дүнгийн 80 хувиар олгосон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Э.Цын тээврийн хэрэгсэл нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүргийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцож явахдаа хүчтэй элсэн шуурганд өртсөний улмаас 23 899 575 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдсон байна. /хх-12, 34-36/ Энэ талаар 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчид мэдэгдэж, гэрээнд заасны дагуу холбогдох материалаа бүрдүүлж өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийг даатгалын тохиолдлыг нэн даруй мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Гэхдээ нэхэмжлэгч даатгалын тохиолдлыг мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс даатгагч буюу хариуцагч Б.Д ХК-ийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь даатгалын нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Мөн талууд гэрээний 9.5.1 дэх заалтаар даатгуулагчийн илт буруутай үйлдлээс буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, зам тээврийн ослын талаар замын цагдаа болон даатгагчид нэн даруй мэдэгдэхээр тохиролцсон байх ба энэ нь байгалийн эрсдлээс учирсан хохирлын нөхөн төлбөрт хамааралгүй тул энэ талаархи хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Талууд гэрээний 3.2-т байгалийн эрсдэлийн хохирлыг 100 хувь нөхөн төлөхөөр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 20 хувь буюу 3 962 807 /23 899 575-20 553 635/ төгрөгийг шаардах эрхтэй. /хх-5, 16/ Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийн заасанд нийцсэн байна.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 9/58 дугаартай албан бичгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, маргааны үйл баримт хэргийн оролцогчийн гаргасан бусад бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар нотлогдсон байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/01110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 78 360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД