Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/243

 

 

 

 

    2024           02            22                                        2024/ДШМ/243

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Л.Б,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2303006600495 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Р овгийн   Д.Б, 1964 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................. тоотод оршин суух,

Завхан аймгийн 6 дугаар хэсгийн ардын шүүхийн 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Завхан аймгийн Улиастай дахь Сум дундын шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 он 12 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: .............................../;

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 40 дүгээр хороо, “Лавай” худалдааны төвийн арын замд “Honda Fit” маркийн 33-89 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хорооллын доторх замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Нийг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн хөлийн өлмийн 2, 3 дугаар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Бг “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бгээс 15.420.000 төгрөгийг гаргуулан хохирогч П.Нд олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч П.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бгээс 15.420.000 төгрөгийг гаргуулан хохирогч П.Нд олгох шийдвэр гаргасан. Д.Б миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд гэм буруу дээрээ маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Хохирогчид тухайн үед шаардлагатай эм тарианы төлбөрт 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хуулийн мэдлэггүй учраас хохирогчид сэтгэл санааны хохирол өгдөг гэдгийг мэдээгүй шүүх хуралд орсондоо маш их харамсаж байгаа. Анхан шатны шүүх хурлаас хойш хохирлын мөнгийг төлж байгаа. Миний бие Өмнөговь аймагт уул уурхайн зам тээврийн ажил эрхэлдэг “Алтан шар зам” ХХК-нд оператороор 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2023 оны 3 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан тул нийгмийн даатгалын мөнгийг төлөхгүйгээр сард 2.800.000-3.500.000 төгрөгийн цалин авдаг. Зорчих эрх хязгаарласан тохиолдолд ажлаа хийх боломжгүй, хохирогчийн хохирлыг төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул надад оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, торгуулийн арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Д.Б нь “Алтан шар зам” ХХК-д 2020 оноос хойш ажилласан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үндсэн ажилтнаар ажиллаж байгаа. Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг Д.Бгийн байгууллагаас нь тусламж болгож төлж барагдуулсан. Учир нь, Д.Б хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодох болон засвар техникийн хувьд туршлагатай, найдвартай ажилтан. Иймд зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэхгүйгээр торгуулийн ял оногдуулах тал дээр анхаарч өгнө үү гэж өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Тухайн гэмт хэрэг гарах үед Д.Б нь согтууруулах ундаа хэрэглээгүй, шүүх хуралдаан болж дууссаны дараа хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учир миний үйлчлүүлэгч Д.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад хохирогчийн хохирлыг төлж барагдуулахад хүндрэл үүсэх учир тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бгээс хохирогч П.Нд 15,420,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед шүүгдэгч Д.Б нь хохирол төлбөрийг төлөөгүй учир анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч Д.Б нь дансаар 5,000,000 төгрөг, бэлнээр 10,000,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан нь шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Л.Бгийн гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солиход прокуророос татгалзах зүйл байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 40 дүгээр хороо, “Лавай” худалдааны төвийн арын замд “Honda Fit” маркийн 33-89 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хорооллын доторх замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Нийг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн хөлийн өлмийн 2, 3 дугаар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч П.Нийн “... 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ...Лавай захын хойд зорчих хэсгээр явж байтал хойноос машин ирж байгаа мэдрэгдэхээр нь баруун тал руугаа явган хүний зам руу гарах гээд эргэтэл араас ирж явсан машин зүүн хөлийн өсгий хэсэгт дайраад би газарт унасан. Тэгээд 103 ирж, гэмтлийн эмнэлэгт очсон. Миний бие ослын улмаас зүүн хөлийн тавхайн яс хугарсан, хөлийн чигчий, ядам хуруу хөхрөлттэй, даралт ихсээд буухгүй байна. ...” /хх 24/,

иргэний хариуцагч Б.Ш-ийн “... 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай эхнэр Д.Б над руу залгаад аав хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тухайн Honda Fit” маркийн 33-89 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа юм. Би аав Д.Бгийн хамт дундаа унаж жолооддог. ...” /хх 37/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12159 дүгээр шинжээчийн “...П.Нийн биед зүүн өлмийн 2, 3-р ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 52-53/ гэсэн дүгнэлт,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 61-66/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн магадалгаа /хх 69/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 5-6/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-21/,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын нарын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх 114/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Бг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Д.Бгээс “... зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхээс хохирогчид гаргуулахаар заасан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, хохирогчийн шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан хүсэлт зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б нь 15.000.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад төлж барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Бгийн гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс хэдийгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж байгаа ч анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан ял оногдуулахдаа тухайн зүйл, хэсэгт заасан ялыг оногдуулахаас өмнө зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад хүлээлгэх үүргийг хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагад нийцэхгүй болохыг цаашид анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б нь хохирогч П.Нд давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 15.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

  5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН   

                                               ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ