Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 119/ШШ2025/0023

 

                                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүгч Б.Болормаа, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “** ХХК /РД:**/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга /**/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,

Хариуцагч: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ГХБХБГ/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “** ХХК нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

-газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

3. Нэхэмжлэгч “** ХХК-д Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжаар Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт орон сууцны ** хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар 3 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

4. Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг Засаг даргын шийдвэрийн талаарх гомдлоо тухайн захиргааны байгууллагад гаргаж, хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

5. “** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “** ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар Баян-Өндөр сумын ** баг ** хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар ашиглах эрх олгосон. Энэ захирамж гарсанаас хойш газар ашиглах гэрчилгээ гаргуулах, гэрээ байгуулах асуудлаар Орхон аймгийн Засаг дарга болон Газрын албанд хандахад элдэв шалтаг зааж, асуудлыг шийдэхгүй байсан. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжаар тус компанид “Газар ашиглуулах эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон” тухай мэдэгдсэн. “**” ХХК захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс “Хариуцагч нь нэхэмжлэгчтэй тохиролцон газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох боломжтой байжээ. “**” ХХК-д газар олгосон өөрийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөрчилтэй захиргааны актыг гаргасан гэж үзэхээр байна” гээд Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Энэ хэрэг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн.

Нэгэнт газар ашиглах эрх олгосон захирамж хүчин төгөлдөр хэвээр үлдсэн тул Газрын албанаас газар ашиглах эрх олгосон гэрчилгээ олгох, гэрээ байгуулах үүрэгтэй байсан. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2021.11.29-ний өдрийн А/625 дугаар захирамжаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар газар олгосон нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн гээд А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна. Үүний өмнөх нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх явцад Засаг даргын зүгээс ийм шалтгаан тайлбар өгч байгаагүй. Төрийн байгууллага өөрийнхөө гаргасан шийдвэрийг тухай бүр өөр өөр өнцгөөс тайлбарлаж, биечилж уулзахыг шаардаж байгаа нь хувийн сонирхолоор асуудалд хандаж байгааг нотлож байна.

Энэ захирамжийг “**” ХХК-д мэдэгдээгүй бөгөөд шуудангийн хаягаар илгээсэн гэх боловч компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох ** дугаартай хүний утсыг шуудангийн дугтуй дээр тавьсан байна. Ийм учраас шуудангаас хаяг алдаатай, тодорхойгүй гэсэн үндэслэлээр буцаагдсан байна. Тухайн үед буюу 2021 онд ”**” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд Монгол Улсад томилогдоогүй, компанийг үүсгэн байгуулагч Хятад улсын иргэн ** нь Хятад улсад хилийн хоригтой, Монгол Улсад ирэх боломжгүй байсан тул компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд байсан.

Хятад улсад цар тахал өвчний улмаас тогтоосон хилийн хориг 2023 оны 2 дугаар сард цуцлагдсан. Хятад Улсын иргэн Хятад Улс дахь Монгол Улсын Консулын газраар дамжуулан Монгол Улсын иргэнд итгэмжлэл олгож үйл ажиллагаагаа төлөөлүүлэн явуулдаг байсан боловч зөвхөн Хятад улсын нотариатын газраас итгэмжлэл авах хуулийн зохицуулалттай болсон байдаг. Мөн Хятад улсын нотариатын газраас итгэмжлэл хүлээн авч байгаа этгээдийг нотариатын үйлдэл хийхэд заавал байхыг шаарддаг тул захирал ** өөрийн итгэж байгаа хүнд итгэмжлэл олгох боломжгүй байсан.

Газар ашиглах эрхийг Засаг даргаас өөрөө олгосон бөгөөд тухайн үед дуудлага худалдаа явагдаж байгаагүй, дуудлага худалдааны үнэ гэдгийг нөхөн авах журмаар үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн нь хожим мөрдөж эхэлсэн, нөхөж авч байгаа төлбөр билээ. Бид харилцан тохиролцож, хуульд заасны дагуу дуудлага худалдааны төлбөрийг төлөх үндэслэлтэй бол хуульд заасан үндэслэл журмаар төлөх болно.

Тус компанийн газар ашиглах эрхийг хууль бус үндэслэлээр цуцалж энэ тухай манайд хуульд заасны дагуу мэдэгдээгүй тул гомдол гаргаж байна. Газрын албаны зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргахад хүлээж авдаггүй байсан атал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй орхигдуулсанд гомдолтой байна.

“**” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2023 оны ** сард томилогдсон ** би 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “Эрэн сурвалжлагдаж, хилийн хориг тавигдаж, олон удаа дуудагдсан”-ны дагуу очсон. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт тус компанид аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 197 тоот албан бичгээр ** баг ** хороололд ашиглуулахаар шийдвэрлэсэн, газрын гэрээгээ байгуулж гэрчилгээ авахыг мэдэгдсэн тухай албан бичиг байгааг олж мэдсэн. Ингээд газрын алба дээр очиж уулзаад бичиг баримттай танилцаж, Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Засаг даргад гаргаж шуудангаар хүсэлтээ явуулсан. Удаа дараа утсаар асуухад “Манайх өргөдлийг шуудангаар хүлээж авсан, хянан шийдвэрлээд хариу өгнө” гэсэн боловч хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна...

Иймд Орхон аймгийн Засаг даргын 2021.11.29-ний өдрийн А/625 дугаар захирамж хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Нэгдүгээрт миний гаргасан нэхэмжлэл бол Орхон аймгийн ** хороолол “**” ХХК-д олгосон 7 га газрын захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус тул хүчингүй болгуулах. Тэгээд тэр 7 га газрын гэрээ, гэрчилгээг “**” компанид олгохыг даалгахаар шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэл байгаа. Үүнтэй холбоотойгоор би ийм  тайлбарууд хэлье. “**” ХХК-ийн 21 га газрыг багасгаж  2015 онд Орхон аймгийн Засаг дарга болон газрын албанаас 7 га болгож олгосон. 7 га газар дээр энэ компанийн барьсан 8 барилга байгаа. 8 барилгын нэг  болох 11 дүгээр барилгыг иргэд худалдаж авсан. 2015 онд захирамж гарчихаад газрын гэрчилгээ, кадастрын зургаа хийлгэе гэхээр газрын гэрчилгээ болон кадастрын зургийг нь ерөөсөө гаргаж өгч байгаагүй. Өгөөгүй, өгөхгүй явсаар байгаад 2018 он болсон. Бид нар аргаа бараад шүүхэд нэхэмжлэл гаргахад газрын алба яг өнөөдөртэй адилхан тайлбар хэлдэг. Энэ хүмүүс өөрсдөө гэрчилгээгээ аваагүй, газраа эзэмшээгүй гээд. Гэтэл бид нар бүр аргаа бараад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг өөрийнхөө зардлаар урьж БНХАУ-ын Эрээн хотод аваачиж уулзалт хийсэн.

Улсын Дээд шүүхэд шийдвэр гарсан. Энүүгээр 2015 онд захирамж гарчихаад газраа олгохгүй байсан нь хууль бус үйлдэл байна. Нэгэнт газрын гэрчилгээ олгохгүй, кадастрын зургийг нь гаргахгүй, гэрээ байгуулахгүй өнөөдрийн хүрсэн явдал нь хууль бус байна гэдгийг дүгнэчихсэн. Ингээд 2019 оны шүүхийн шийдвэрийг 2020 оны 2 дугаар сард анхан шатны шүүхэд ирсэн байдаг. Бид нар үүнийг аваад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өмгөөлөгч өргөдлөө өгөөд өмгөөлөгчийн ажиллагаа дууссан байдаг. 2020 оны 2 дугаар сараас авахуулаад дэлхий нийтийн хамарсан цар тахал өвчний улмаас “**” компани Монгол улсад өөрийн гэсэн төлөөлөгчгүй болсон. Би бас үүнийгээ нотолсон баримтыг шүүх хуралд өгсөн. “**” компанийн захирал ** гэдэг хүн 2015 онд Хятад улсад үүссэн өр авлагаа шийдэхээр хил даваад тэнд өртэй учраас хилийн хориг тавигдаад ирж чадахаа больсон. Монгол улсад томилсон түр захирал ** нь бусадтай хуйвалдаад “**” компанийг 1.2 тэрбум төгрөгийн өрөнд оруулсан байдаг. Энэ өрөнд оруулсан асуудлыг бид нар шүүхээр явсаар байгаад ямар ч байсан Улсын Дээд шүүхээр өргүй гэж шийдвэрлэгдсэн.

Ингээд 2017 оны 9 сараас авахуулаад энэ компанийн төлөөлөх эрхтэй хүн ** байсан гэдгийг үүгээр батлаад өгчихсөн байгаа. Шүүх хурал дээр нотлох баримтаар өгсөн байгаа. Ингээд 2015 оны захирамжийн дагуу өнөөдрийг хүртэл газрын алба бид нарт ингэж хэлж байгаа. Эхлээд шүүхэд өгсөн тайлбар дээр ирж өөрсдөө гэрээгээ байгуул, захирамжаа ав гэсэн байгаа. Гэтэл бид нар гэрээгээ байгуулаад захирамжийнхаа дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хуудсаа бичээд өгчихсөн. Шүүхийн шийдвэр албандаа бүртгэх болохоор захиргааны байгууллага захирамжаа гаргаад, кадастрын зургаа хийгээд, гэрээгээ гаргачихсан байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл байхгүй байгаа. Ер нь гэрээ гэрчилгээ аваагүй болохоор газар эзэмших эрхийг зогсооно гэдэг үг байхгүй. Газар эзэмших гэрээ, гэрчилгээ байгуулаагүй гэдэг асуудал байгаа. Гэнэтхэн 2021 онд 2015 оны захирамжийг хүчингүй болгох захирамж гаргасан. Энэ захирамж нь өөрөө Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тухайн этгээд дээр сөрөг үр дагавартай захирамж. Сөрөг үр дагавартай захирамж гаргахын тулд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулна. Сонсох ажиллагаа явуулаад ямар нэгэн шийдвэр гарвал шийдвэрийг нөгөө талдаа мэдэгдэнэ. Мэдэгдэхдээ эхлээд дуудна, ирэхгүй бол шуудангийн хаягаар явуулна, шуудангийн хаягаар явуулаад авахгүй бол шийднэ гэсэн байгаа. Гэтэл энэ талаар ямар ч юм байхгүй. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаанд оролцож газраа авсан байна гээд хүчингүй болгочихсон. Монгол улсын Захиргааны ерөнхий хуульд ингээд заачихсан байна. Хэрэв хууль зөрчсөн захирамж, шийдвэр гарсан бол 5 жилийн хугацаанд үүнийг хүчингүй болгож болно гэж заасан

Гэтэл 6 жил 1 сарын дараа 2015 оны захирамжид дуудлага худалдааны үнэ төлөөгүй гээд хүчингүй болгож байгаа. Өнөөдрийн байдлаар хариуцагч талаас дуудлага худалдааны үнэ ийм байсан, бид нар ийм үнэ төл гэж мэдэгдсэн болон эд нар ирээгүй гэдгийг нотлох баримт байхгүй. Ингэж болохгүй шүү дээ. Хүн болгон мэтгэлцэх үүрэгтэй, эрхтэй. Үүнийг шүүх хангах ёстой. Би зөндөө олон удаа хүсэлт гаргаж байна. Тэгвэл миний энэ хүсэлтийг шүүх хангахгүй байлаа гэхэд өнөөдөр мэтгэлцээд ийм учиртай юм, энэ газрын захирамж нь энэ байна, энүүгээр энд газар сууриараа давхардаагүй, баруун хойд талд байгаа барилгын зургийг кадастраар нь үзээд жишээлбэл 733 гэсэн цэгээр манай газар төгссөн боловч нөгөө айлын газрын цэг нь 733-аар эхэлчихсэн байх ёстой. Өнөөдрийн байдлаар ерөөсөө 1 ширхэг газар сууринуудыг бид нарын мэтгэлцэж байгаа хэмжээнд нотлох баримт өгөөгүй байгаа. Гэтэл өнөөдөр бүх юм цахимаар явагдаж байгаа. Өргөдлөө өглөө, нэг удаа дуудвал дуудна, таны юм дутуу байна гэдэг. Дуудлаа бүрэн юмыг нь бүрдүүлж өглөө, та цахимаас юмаа ав, би нар тантай харьцахгүй, та цахимаас ав гээд бид нар ТҮЦ машинаас юм уу, эсвэл газрын албаны өөрийнх нь конторт байдаг машинаас хэвлэж авдаг. Ийм л систем байгаа. Нэгэнт сөрөг үр дагавартай захирамж гаргаж байгаа бол үүнийгээ мэдэгдээгүй байж өнөөдөр хуулийн дагуу мэдэгдсэн гээд байгаа юм уу.

Энэ хууль бус учраас би 2015 оны захирамжийг хуульд заасан 5 жилийн хугацаа өнгөрсний дараа шал өөр үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь хууль бус юм гэдгийг хэлж байна. Миний нэхэмжлэлийн үндэс болгосон нэг зүйл юу вэ гэхээр төрийн байгууллага өдөр болгон ямар нэгэн дотоод шийдвэр гаргахдаа тэрнийхээ үндэслэлийг өөрчлөх ямар ч эрх байхгүй, залгамж чанар гэж байх ёстой. Гэтэл 2015 оны шүүхийн шийдвэр гаран гартал тийм л зүйл яриад байдаг. Гэтэл нөгөө хүмүүс нь ирсэн, уулзсан бүх юм хэрэгт үдэгдчихсэн байгаа. Дараагийн удаа бүүр шал өөр үндэслэлээр дуудлага худалдааны үнэ төлөөгүй гэдэг асуудал гаргаж ирсэн. Дуудлага худалдааны үнэ төлөөгүй асуудлыг би нотолж ярина. Анх 2009 онд газар олгохдоо яагаад татвар төлөхгүйгээр газар олгосон юм бэ гэдгийг тухайн үеийн эрх бүхий албан тушаалтан Шархүү гэдэг Орхон аймгийн Засаг дарга “Бид нар Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 40.000 айлын орон сууц хөтөлбөрийг Орхон аймагт хэрэгжүүлэхийн тулд өөрийнхөө хөрөнгөөр **хорооллыг барих хөрөнгө оруулагчийг олсон учраас газрын үнийг өсгөх татвар авах нь иргэдэд муу нөлөөтэй учраас үнийг нь өсгөхгүйн тулд газрын татваргүйгээр газар олгосон юм” гэж хэлсэн байгаа. Хоёрдугаарт өнөөдөр “**” компани яагаад барилгаа барьж чадаагүй юм бэ гэдгийг нотлох баримтаар 2010 оноос хойш өгсөн.

 Хэрэгт Орхон аймгийн Засаг дарга, Эрдэнэт үйлдвэрийн гуравласан гэрээ байгаа. Гэрээн дээр “**” ХХК өөрийнхөө хөрөнгөөр барилга барина. Барилга нь хямд төсөв өртөгтэй байна. Үнээ нэмэх юм бол үүн дээр нь хяналт тавина. Орхон аймгийн Засаг дарга нь болохоор газраар нь, Эрдэнэт үйлдвэр болохоор ажилчдаа зээлд хамруулна гэдэг үүрэг хүлээлцсэн. Энэ гэрээний дагуу **хороолол эхэлсэн. Өнөөдөр **хорооллын барилгын бүтэн хороолол барихын тулд “**” ХХК хамгийн түрүүнд инженерийн бүтцээ хийсэн. Энэ дээр шугам сүлжээгээ хийхийн тулд тэр дөрвөн том ТП барьчихсан байгаа. 8 барилга барихын тулд 4 том ТП барьдаггүй. Тэр ТП барилга төсөл гээд энэ хүмүүс мөнгөө оруулаад хамаг хөрөнгөөр шавхсан байгаа. ** юу гэж бодсон бэ гэхээр Монгол Улсын Засгийн газрын гэрээ хийгээд нээлт хийгээд Монгол улсын хамгийн том Эрдэнэт үйлдвэр үүрэг хүлээчихсэн юм чинь би энэ барилгаа борлуулж чадна гээд зэрэг 8 барилга эхэлсэн. Гэтэл 8 барилга эхлээд явж байтал Эрдэнэт үйлдвэрийн дарга солигдсон. Засаг дарга солигдсон. Бүгдээрээ бултчихсан. Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл буюу Монгол-Оросын ТУЗ-ийн протокол байгаа. Тэрэн дээр **хорооллын барилгын шугам сүлжээг хийнэ, мөнгийг нь гаргана гээд заачихсан. Би хуудас хуудсаар нь заагаад үүнийг тайлбарлачихсан байгаа. Ингээд явж байтал дараа нь нөгөө хурлаараа зориулсан мөнгийг өөр юманд зарцуулъя гээд биччихсэн шийдвэр нь байна. Хавтаст хэргээс харахаар Засаг даргаас танайх 50 доллар нэмчихсэн байна, үнээ буулга гэсэн бичиг байгаа. Гэхдээ төрийн захиргааны байгууллага нь яагаад орон сууцны үнэ хямд зарах талаар шаардсан юм бэ гэвэл үнэгүй газраа ашиглуулж байгаа учраас үүнийг шаардах эрхтэй болсон. Үүнийг бид нар ч гэсэн хүлээн зөвшөөрсөн. Бидний эзэмшиж байгаа газрыг дуудлага худалдааны үнэ төлөөгүй гэж хүчингүй болгож байгаа нь хууль зөрчиж байгаа гэдгийг баталж байгаа. Бид нар өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр, Засаг даргын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр хугацаа нь **хорооллыг барьж дууссаны дараа хүчингүй болно гэсэн боловч аль аль тал нь бүхэл бүтэн нэг компанийг өрөнд оруулаад, газаргүй болгочихсон байгаад бид нар гомдолтой байгаа. Сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэв.

7. Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “**” ХХК-д газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан боловч “**” ХХК-аас нэг ч удаа хууль тогтоомжид заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлж батлагдсан загварын дагуу газар ашиглах өргөдөл гаргаж байгаагүй болно. Дээрх мэдэгдлийг хүлээж аваагүй хэмээн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэлтэй албан ёсны хаягаар шууданг явуулсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно” гэж зааснаас үзэхэд баримт бичгийг гардуулсанд тооцогдоно.

 Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 121 дүгээр тогтоолын 2-т “Агаарын замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх, коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийж эхлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга ** д даалгасугай” гэж заасан. Үүнээс харахад нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлд хилийн хоригтой, Монгол Улсад ирэх боломжгүй байсан, ковид-19 цар тахлын улмаас хилийн хориг 2023 оны 02 дугаар сард цуцлагдсан гэх нөхцөл байдал нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч “**” ХХК-д аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар орон сууцны ** хороололд 7 га газрыг 3 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Газрын тухай хуулийн 33.1.2-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж заасан боловч “**” ХХК-д газар олгохдоо ямарч дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүй хууль бусаар газар ашиглуулах шийдвэр гаргасан байдаг.

Ийнхүү Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжаар газар ашиглуулах шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал сая нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж ярихдаа дуудлага худалдааны үнэ төлөөгүй гэдэг асуудал ярьж байна. Яг нэхэмжлэлийн гол маргаад байгаа акт бол дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүйгээр Газрын тухай хуулийг зөрчөөд “**” ХХК-д газар олгочихжээ. Ийм учраас хууль бус шийдвэрийг хүчингүй болголоо гэдэг захиргааны акт байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар бид “**” компанид 7 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн байдаг. Захирамжийн хавсралт дээр зураг нь маш тодорхой байгаа. Энэ зураг дээр нэхэмжлэгч талын маргаад байгаа баруун талд нь барилга байгаа гээд байгаа газар хоосон байгаа. Энэ газар угаасаа эдний ч газар биш. Сая Эрдэнэт усын барилга байгаа л гэж яриад байх шиг байна. Энэ газар нь угаасаа хоосон, бид нотлох баримтаар хэрэгт А/574 дүгээр захирамжийг хавсралттай нь өгсөн байгаа.

Өнөөдрийг хүртэл 2015 онд А/574 гэдэг захирамж гарснаас хойш энэ захирамжтай нэхэмжлэгч тал маргадаггүй. Энэ захирамжаар олж авсан 7 га газраа авъя л гэж маргадаг. Сая болохоор гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй гэж төр захиргааны байгууллагыг буруутгаад байна. 2020 онд хяналтын шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40.1.6-аар газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байна гээд хүчингүй болгосон. 40.1.6 бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу гэдэг үгтэй юм байна. Та нар гэрээ байгуулаагүй, гэрчилгээ аваагүй компанийн газрыг яагаад 40.1.6-аар хүчингүй болгодог юм бэ гэдэг асуудал ярьж “**” компани ялсан. Ирж гэрээгээ байгуулдаггүй, гэрчилгээгээ авдаггүй асуудал бол төр захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа биш. Сая итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэсэн гэдэг асуудал ярьж байна. Бид нар төлөөлөгч нарт нь мэдэгдсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ч мэдэгдсэн, компанид ч мэдэгдсэн. 2020 оны 4 сарын 30-ны өдрийн 197 дугаартай албан бичиг байна. 2020 оны 8 сарын 18-ны өдрийн 02/1942 дугаартай албан бичгүүд байна.

Бид Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаагаа хийсэн. Шуудангаар явуулах ёстой л гээд байна. Сая нэхэмжлэгч тал бид Захиргааны ерөнхий хуулийн 18.2-т заасны дагуу шуудангаар явуулсан. Эдгээр ажиллагаанууд бүгд хийгдсэн байдаг. Хятад захиралтай компани ковидын үе гэж яриад байна. Ковидын үе бол биш байсан юм гэдгийг бид Засгийн газрын тогтоолоор нотлоод байгаа. 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 121 дугаартай Засгийн газрын тогтоол дээр 2021 оны 8 сарын 31-ний өдрийн биш 2021 оны 5 сарын 10-ны өдрөөс агаарын болон боомтоор нэвтрэх зорчих хөдөлгөөнийг үе шаттайгаар эхлүүлж Ковидын дархлаажуулалтын вакцинд хамрагдаж шинжилгээ хийлгэсэн. Хүлээн зөвшөөрсөн улсуудтай харилцан хуваарьт нислэг үйлдэж эхлэхийг зөвшөөрсүгэй гэсэн Засгийн газрын тогтоол нь байж байгаа. Энэ маргаан бүхий захиргааны акт бол 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 625 дугаартай захирамж байгаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл эднийх ирээд гэрээгээ байгуулаад гэрчилгээгээ авчих хугацаа байсан. Сая нэхэмжлэгч хэлээд байна. Төлөөлөгч нь цахимаас хэвлээд авчихдаг гэдэг юм яриад байна.

Тэгвэл egazar.gov.mn гээд газрын харилцааны Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа сайт 2021 оноос ашиглалтад ороод өнөөдрийг хүртэл явж байна. Тэгтэл нэг ч удаа гэрээгээ байгуулъя гэж ирээгүй, гэрчилгээгээ авъя гэж ирээгүй байж одоо төр захиргааны байгууллагыг буруутгаад, шүүхээс татгалзъя, баруун талд нь барилга байгаа гээд нэхэмжлэлийн шаардлагаасаа шал өөр юм яриад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болж өгнө үү. Төр захиргааны байгууллагаас хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Бид Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаагаа хийсэн, мэдэгдлээ хүргүүлсэн ийм л процесс байгаа” гэв.

9. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгох, нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх үйл ажиллагаанд Газрын тухай хууль, Кадастрын зураглал газрын кадастрын тухай хууль болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг дагаж мөрдөн ажилладаг.

Дээр дурдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 14.2 д заасны дагуу Газрын улсын бүртгэлийн мэдээллийн хуудас иргэн, хуулийн этгээд бөглөн, улсын бүртгэлийн дундын мэдээллийн сангаас улсын бүртгэлийн дугаар авч, холбогдох баримтуудыг хавсарган нэгж талбарын хувийн хэрэг үүсдэг. Манай байгууллагын зүгээс “**” ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19**албан бичгээр гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар мэдэгдсэн ч гэрээ байгуулж, гэрчилгээ авах өргөдөл хүсэлтээ өгөөгүй учир нэгж талбарын хувийн хэрэг үүсээгүй болно” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “** сая бүгдийг нь ярьчихлаа. Гэрээ байгуулж, гэрчилгээ олгох тал дээр Газрын харилцаа, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 2-т эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллыг зааж өгсөн байдаг. 2.1.1-д “иргэн хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авч бүртгэх”, 3-т “иргэн хуулийн этгээд өргөдөл гаргах”, 3.1.1-д” шинээр газар эзэмших, ашиглах бол өргөдөл гаргана, журмын 3.2-т өргөдлийн харьяаллыг заахдаа аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмших, ашиглах бол газрын албанд өргөдөл гаргах”-ыг заасан байдаг. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын даамал аймаг, дүүргийн газрын алба нь аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ гэж хуульчилсан байгаагаас үзэхэд газар эзэмших гэрээ байгуулах гэрчилгээ олгохыг ганцхан захиргааны байгууллагад үүрэг болгоогүй байна.

 Мөн Иргэний хуулийн 39.1-т иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. 34.6-д газар эзэмшүүлэх гэрээний агуулгыг тодорхойлсон зэрэг нь гэрээний хоёр тал адил эрх эдэлж, үүрэг хүлээхийг онцгойлон хуульчилсан байгаа. Мөн 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах гэрчилгээ олгох журмаар тодорхой зохицуулсан ба газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгоход дан ганц захиргааны байгууллага иргэн аж ахуйн нэгжид давуу эрх олгосон, үүрэг хүлээсэн зохицуулалт байхгүй болно. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан байгаа хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “** ХХК /цаашид “**” ХХК” гэх/ нь “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “**” ХХК-д олгосон 7 га газрын кадастрын зурагт бусдын өмчлөлийн 7 байрны доорх газрыг орчны нийтийн эзэмшлийн зам талбай явган болон авто замыг оруулан олгож байгаа нь хууль бус болохыг тогтоож, “**” ХХК-д олгосон 7 га газарт тус компанийн өмчлөлд бүртгэлтэй 14 дүгээр байр, мөн “**” ХХК-ийн барьсан ** хорооллын цахилгаан, дулааны хангамжийн төвлөрсөн системд холбох 4 байшинг оруулсан кадастрын зургийг үйлдэж өгөхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

1.2. Гэвч тэрээр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй хүсэл зоригоо илэрхийлснээс гадна шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” гэж тодруулан, түүнийгээ дэмжиж оролцсон тул шүүх тухайн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

2.1. Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар “Газар түр ашиглуулах” захирамжаар орон сууцны **хорооллын барилгыг барих 21 га газрыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “**” ХХК-д барилгын ажил дуусах хүртэл хугацаанд зөвхөн орон сууцны цогцолбор барих хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглуулах эрхийн ** дугаартай гэрчилгээг 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр олгож, Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  319 дугаартай захирамжаар газар ашиглуулах хугацааг 2010 он 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх 319 дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийг гэрчилгээг сунгах тухай” захирамжийг мөн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 130 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэснийг Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаартай шийдвэрээр маргаан бүхий захирамжийн “**” ХХК-д холбогдох хэсгийг,

-Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14-04-020/162 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” дүгнэлтээр “**” ХХК-ийн 7 га газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.2. Орхон аймгийн Засаг дарга нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжаар “**” ХХК-д Баян-Өндөр сумын ** багийн ** хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар 3 жилийн хугацаатай ашиглах эрх олгож шийдвэрлэсэн, тус захирамжаа 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах шийдвэр хүчингүй болгох тухай” А/78 дугаартай захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

-Уг А/78 дугаар захирамжийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 360 дугаар тогтоолоор хүчингүй болгож тус тус эцэслэн шийдвэрлэсэн байна[1]. Тодруулбал: “**” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг ** хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар ашиглах эрхтэй холбогдох маргаан 2010 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйл баримтууд тогтоогдов.

2.3. Орхон аймгийн Засаг дарга нь  2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжаараа хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд захиргааны байгууллагаас хүчингүй болгож буй үндэслэлээ А/574 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн гэж тодорхойлжээ. /1 дэх хх-ийн 67 дахь тал/

2.4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзвэл:

-Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Хот байгуулалт, тохижилтын талаар Эрдэнэт хотод 2004 онд хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г баталсан 14 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 29 дүгээрт “Орон сууцны ** хорооллын барилгын ажлыг эхлүүлэх”,

-Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар захирамжаар “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “40,000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Эрдэнэт хотын орон сууцны **хорооллын барилгыг барих 21 га газрыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “**” ХХК-д барилгын ажил дуусах хүртэл хугацаанд зөвхөн орон сууцны цогцолбор барих эрхтэйгээр ашиглуулж, орон сууцны барилга ашиглалтанд хүлээн авах хүртэлх хугацаанд газар ашигласны төлбөрөөс чөлөөлж шийдвэрлэсэн,

-Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6/1119 дугаар албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын “40000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрдэнэт хотын **хороололд баригдах 2500 айлын орон сууцны бичил хорооллыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар ажиллаж байгаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “**” компанийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллаж байгаа болно...” гэж,

-Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай компанийн 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар хуралдааны протоколын  Долоо-гийн 7.2-т “Эрдэнэт хотын **

хорооллын инженерийн шугам сүлжээний барилгын ажлыг санхүүжүүлэх хөрөнгийг бүрэн хэмжээнд ашиглаагүй учир 3.4 тэрбум төгрөг  энэ хөрөнгийг  боловсруулсан журмын үндсэн дээр үйлдвэрийн ажилчдад орон сууц худалдан авахад зориулах”-аар,

-Орхон аймгийн Засаг дарга болон түүний ЗДТГ, газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнууд БНХАУ-ын Эрээн хотод 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр айлчилж, “**” ХХК /захирал **/-тай уулзалт зохион байгуулах зэрэг эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаас “**” ХХК-ийн газрын асуудлыг тус тус дэмжсэн, шийдвэрлэсэн үйл ажиллагааг явуулж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. /Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар шийдвэртэй захиргааны хэргийн 61, 107-108, 176 дугаар тал, 119/2018/0008/3 инпекстэй 1 дэх хх-ийн 101-102 дугаар тал, 119/2024/0005/3 индекстэй захиргааны хэргийн 1 дэх хх-ийн 189, 2 дахь хх-ийн 189-192 дугаар тал/

2.5. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж заасан.

Орхон аймгийн нутгийн удирдлагын болон захиргааны байгууллага /ИТХ болон Засаг дарга/-аас Монгол Улсын Засгийн газрын “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн Баян-Өндөр суманд 2500 айлын орон сууцны бичил хороолол барьж байгуулах эрхийг “**” ХХК-д олгосон байна.

Гэвч цаг хугацааны явцад дээрх бичил хорооллын барилга байгууламжийг барих суурь болсон газрын ашиглах эрхийг удаа дараа хүчингүй болгосон шийдвэрүүдийг гаргаж буй нь төрийн үйл ажиллагаа залгамжлах, тасралтгүй үргэлжлэх зарчмыг алдагдуулсан үйлдэл гэж дүгнэхээр байна.

2.6. Нөгөөтэйгүүр, Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/574 дугаар захирамж нь “**” ХХК-нд 7 га газрыг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийг олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байсан бол 2021 оны А/625 дугаартай захирамж нь уг эрхийг нь хүчингүй болгож байгаагийнхаа тухайд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болно.

Засаг дарга нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасан журамд заасны дагуу гаргах үүрэгтэй. Тодруулбал: Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр үйлийн 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтлан мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2 “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 2**зүйлийн 27.1 “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”-д зааснаар сонсох ажиллагааг хуулийн хүрээнд явуулаагүй, “**” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгоогүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдов.

2.7.Хариуцагч талаас “Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн, мэдэгдэл хүргүүлсэн” гэх тайлбарынхаа нотлох баримтаар  хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/1886 дугаартай албан бичиг /7 га газрыг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн талаарх/-ийг 2 удаа, мөн маргаан бүхий А/625 дугаартай “Газар ашиглуулах шийдвэр хүчингүй болгох тухай” аймгийн Засаг даргын захирамжийг тус тус заан “**” ХХК-д  шуудангаар хүргүүлсэн гэж мэтгэлцэж байна.

Гэвч Монгол шуудангийн магадлагаанд “хаяг алдаатай тодорхойгүй, хаяг алдаатай, хаягт ийм хүн байхгүй” гэх тэмдэглэгээнүүдийг хийж буцаасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. /1 дэх хх-ийн 102-104 дүгээр тал/

2.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** ээс “2020 оны 2 дугаар сараас авахуулаад дэлхий нийтийн хамарсан цар тахал өвчний улмаас “**” компани Монгол улсад өөрийн гэсэн төлөөлөгчгүй болсон. “**” компанийн захирал ** гэдэг хүн 2015 онд Хятад улсад үүссэн өр авлагаа шийдэхээр хил даваад тэнд өртэй учраас хилийн хориг тавигдаад ирж чадахаа больсон...” гэх тайлбарыг гарган мэтгэлцэв.  

Орхон аймгийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны акт гаргах үед /хугацаанд/ “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** Монгол Улсад байгаагүй, нэхэмжлэгч нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд ба дээрх хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 гарч хилийн хоригтой байсан болох нь хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн цаг хугацаатай давхцаж буюу Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын улмаас тус улсад 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор мөн өдрөөс эхлэн уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан үйл явдал болсон болох нь нийтэд илэрхий үйл баримт юм.

2.9. Гэтэл захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа тухайн бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг харгалзан үзээгүй нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргахыг урьтал болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.

2.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг “эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох Захиргааны ерөнхий хуульд заасан 5 жилийн хугацаа өнгөрснөөс хойш А/625 дугаартай захирамжийг гаргасан нь хууль бус шийдвэр болсон” гэх, хариуцагч тал “**” ХХК-ийг “хуульд заасан маягт загварын дагуу холбогдох хүсэлтээ гаргаж газар ашиглах эрхийн гэрээгээ байгуулж, гэрчилгээ авах эрхээ хэрэгжүүлээгүй” гэх агуулгаар тус тус тайлбарласныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гээд 5 тохиолдлыг хуульчилсны дотор 48.2.3-т “захиргааны актаар тогтоосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэжээ.

Орхон аймгийн Засаг дарга нь “**” ХХК-д 2007 онд 21 га газрыг ашиглуулах эрхийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэх зохицуулалтыг хэрэгжүүлэлгүй олгосон болох нь хэргийн оролцогчдын хэн алиных нь төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байх ба уг тайлбарт үндэслэн хариуцагчийн 2007 болон 2015 онуудад гаргасан шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлд өнгөц дүгнэлт хийвэл “**” ХХК-ийн газар ашиглах эрх хууль зөрчигдөж олгогдсон мэт харагдаж байна.

Гэвч Монгол улсын Засгийн газраас зохион байгуулж буй хөтөлбөрийг Орхон аймагт хэрэгжүүлэх бодлогын хүрээнд тухайн эрхийг нэхэмжлэгчид шууд олгосон болох нь төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудаас гаргасан өмнөх хэсэгт тэмдэглэгдсэн баримтуур тогтоогдож байгаа.  

Нэхэмжлэгчид Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** хороололд орон сууцны зориулалттай газар ашиглах эрхийг олгосон Орхон аймгийн Засаг даргын хамгийн сүүлийн шийдвэр болох А/574 дугаартай захирамжийг гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасан “5 жил”-ийн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

2.11.Түүнчлэн Орхон аймгийн ГХБХБГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 197, мөн аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02б/1942 дугаартай албан бичгээр гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар тус тус мэдэгдэж, улмаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05/2541 дугаартай албан бичгээр “**” ХХК-ийг дуудан ирүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн гэх боловч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/66 дугаар албан бичгээр “...**” ХХК-ийг дуудан ирүүлж, дуудлага худалдааны үнийг төлөх талаар мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй болно”  гэж тус шүүхэд мэдэгдсэн. /3 дахь хх-ийн 65 дахь тал/

2.12. Иймд дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт өгч, маргаан бүхий “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Гурав. Нэхэмжлэгчийн “газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” шаардлагын тухайд:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.

3.2.Орхон аймгийн Засаг даргаас газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон шийдвэрүүдийг удаа дараа гарган нэхэмжлэгчээс тухай бүр шүүхэд маргаан үүсгэн шийдвэрлүүлж байсан болон Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын улмаас дэлхий нийтэд хөл хорио тавигдан олон улсын болон дотоодын хөдөлгөөнийг хязгаарласан үйл явдлууд нь цаг хугацааны хувьд үргэлжилжээ.  

3.3. Тухайн нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ авахыг хүссэн хүсэлтээ нутгийн захиргааны байгууллагад гаргах боломжийг хязгаарлаж байсан болох нь тогтоогдож байна. Тодруулбал: Захиргааны байгууллагын үргэлжилсэн хуульд нийцээгүй шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч нь 2015 оноос хойш газар ашиглах эрхээ эдлэх, эрхийн гэрчилгээ авч, газар ашиглах гэрээ байгуулах нөхцөл боломж бүрдээгүй байх ба уг алдаатай шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын **хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар ашиглах эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байх тул даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “**” ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **ээс Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “** ХХК-д олгосон 7 га газрын кадастрын зурагт бусдын өмчлөлийн 7 байрны доорх газрыг орчны нийтийн эзэмшлийн зам талбай явган болон авто замыг оруулан олгож байгаа нь хууль бус болохыг тогтоож, “**” ХХК-д олгосон 7 га газарт тус компанийн өмчлөлд бүртгэлтэй 14 дүгээр байр, мөн “**” ХХК-ийн барьсан ** хорооллын цахилгаан, дулааны хангамжийн төвлөрсөн системд холбох 4 байшинг оруулсан кадастрын зургийг үйлдэж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Тав. Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч ** нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч нь энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр  түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно” гэж зааснаар түүний эзгүй шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр үйлийн 4.2.6,  26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгож, “** ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, газар ашиглуулах гэрээ байгуулахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “** ХХК-д олгосон 7 га газрын кадастрын зурагт бусдын өмчлөлийн 7 байрны доорх газрыг орчны нийтийн эзэмшлийн зам талбай явган болон авто замыг оруулан олгож байгаа нь хууль бус болохыг тогтоож, “**” ХХК-д олгосон 7 га газарт тус компанийн өмчлөлд бүртгэлтэй 14 дүгээр байр, мөн “** ХХК-ийн барьсан **хорооллын цахилгаан, дулааны хангамжийн төвлөрсөн системд холбох 4 байшинг оруулсан кадастрын зургийг үйлдэж өгөхийг даалгах” шаардлагаасаа татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын санхүүгээс тус тус 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧИД                                                     Б.БОЛОРМАА

Б.БАТЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 26 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг, 119/2018/0008/3,  119/2018/0027/3 дугаар индекстэй захиргааны хэрэг.