Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 174/2023/0219/Э

 

 

 

 

 

 

2024     02       23                                            2024/ДШМ/02                

 

Б.*******, Б.******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд:

прокурор Х.Насанжаргал,

шүүгдэгч Б.*******,

шүүгдэгч Б.*******,

шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

                        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдоржийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2330002720184 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.1.Монгол Улсын иргэн, 2003 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 338 дугаар ангид аккумляторчин ажилтай, ам бүл 5, эцэг эх, 2 дүүгийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Тэжээлийн аж ахуйн байрны 3-2-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Залан овогт Батсайханы ******* /РД:*******/,

 

1.2.Монгол Улсын иргэн, 2001 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 338 дугаар ангид автын цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр 1 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, “Ланз” гэх газар оршин суух хаягтай, одоогоор Баруун-Урт сумын 9 дүгээр баг “Хайлаастын” 9-10 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тогооч овогт Баттулгын ******* /РД:*******/,

 

2.Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн хашаанд дэд ахлагч Б.*******ын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон буюу бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон,

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн хашаанд болон гарааш дотор дэд ахлагч Б.*******гийн нүүрэн тус газарт гараараа нийт 2 удаа цохисон буюу бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, “эрүүл мэндэд нь тархины 2 тал бөмбөлгийн таламуст цус харвалт, зүүн гар хөлийн сул саа саажилт, толгойн дагзны хуйханд цус хуралт бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3.Хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгч Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.*******ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, мөн “бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.*******г “бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 800,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч Б.*******, Б.******* нарт дээрх тэнссэн хугацаанд “зан үйлээ засах сургалтад хамрагдах”, “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.*******т оногдуулсан ялууд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэд энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Б.******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3,740,850 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Дээд шатны прокурорын эсэргүүцэл болон ахлах прокурор Х.Насанжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Б.******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр өөр зүйлд заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан 7 дугаар бүлэгт заасан журмыг баримтлах, энэ журамд заасан шаардлага, хориглосон заалттай нийцэж буй эсэх талаар нягталж, шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хориглосон заалт байхад шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн шүүгдэгч Б.*******т хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэжээ.

 

6. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  

 

7. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв.

 

8. Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Б.*******т Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйл нь 6 сараас 1 жилийн хорих ялтай, сонгох ялгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлаж, 8 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан. Урьд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн хуралдааны 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 160 тогтоолоор ийм хэрэг шийдвэрлэгдсэн. Гэвч энэ тогтоол гарснаас хойш 2022 оны 12 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр хорих ялын дээд хэмжээгээр тогтоосон, түүнээс бага шийтгэлтэй гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсвэл хорихоос өөр төрлийн ялыг сонгох оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж заасан байдаг. Анхан шатны шүүхэд шүүгдэгчийн хохирол барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг прокурор гаргаж байсан. Энэ санал нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д орсон өөрчлөлттэй тохирч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан шийдвэр гаргах нь зөв гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь Б.*******д учирсан хохирол, төлбөрийг төлсөн. Шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар Б.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

          2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3. Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн хашаанд дэд ахлагч Б.*******ын нүүрэн тус газарт нэг удаа цохисон буюу “бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон”,

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн хашаанд болон гарааш дотор дэд ахлагч Б.*******гийн нүүрэн тус газарт гараараа цохисон буюу “бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон”, “эрүүл мэндэд нь тархины 2 тал бөмбөлгийн таламуст цус харвалт, зүүн гар хөлийн сул саа саажилт, толгойн дагзны хуйханд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд:

 

3.1.Шүүгдэгч, хохирогч Б.*******гийн “2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн хашаанд авто гараашны гадна талын шаврын ажлыг дэд ахлагч Б.*******, дэд ахлагч Отгонбаяр, энгийн ажилтан Мөнхбаяр, Дарьхүү нарын хамт хийж байсан. Дэд ахлагч Б.******* хувинд шавар хийгээд дээшээ Дарьхүү бид хоёрт гаргаж өгч байсан. Би тоглоод шавар шидсэн чинь ******* зөрүүлээд жижиг чулуу шидсэн нь намайг оноогүй. Би зөрүүлээд шавар шидсэн чинь *******ыг оносон. ******* ковшийн шанага дээр гарч ирээд миний шанаа руу нэг цохихоор нь би зөрүүлээд нэг удаа шанаадаж цохисон. Тэгээд гарааш руу бид хоёр хамт орсон. Би Б.*******ыг “за эхлүүлчих” гэхэд Б.******* намайг цохих шиг болсон би түүнээс хойш юу ч санахгүй байна. Ухаан ороход намайг сандал дээр суулгасан байсан. Би ангийн хашаагаар Б.******* ахтай хамт гарч, эмнэлэгт очсоноо санаж байна. Миний зүүн гар, зүүн хөл ямар ч мэдээгүй болсон байсан.” гэх /хх 13-15, 107-109, 179-180/,

 

          3.2.Шүүгдэгч Б.*******ын “Мөнхбаяр ах бид хоёрыг яриад сууж байхад ковш дээрээс Б.******* над руу шавар шидсэн. Би ******* рүү жижиг чулуу шидсэн. Шидэхдээ тоглож байна гэж бодсон. Тэгтэл ******* над руу эргээд шавар шидсэн. *******г хартал уурлаад байгаа юм шиг харагдахаар нь би дээшээ гараад түүний шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. ******* намайг зөрүүлээд нэг удаа цохисон. Гарааш руу ороод “Хоёулаа үзэх үү” гэсэн чинь “Та эхэл.” гэж хэлсэн. Би *******гийн шанаа хэсэгт нь нэг удаа цохитол ******* шууд газар ойчоод өгсөн. Би түүнийг эмнэлэг рүү авч явсан.” гэх /хх 102-104, 179/,

 

          3.3. Гэрч Ч.Отгонбаярын “Би шанагаа өргөсөн байрлалд тогтоогоод кабиндаа сууж байгаад нэг харсан Б.******* шанаган дээр гараад ирсэн. Б.*******, Б.******* нар хоёр биеэ ээлжилж цохисон. Би хоорондоо тоглож байна гэж бодсон. Тэр хоёр шанаган дээрээс буугаад гарааш руу орохоор явсан. Би араас нь 2-3 минутын дараа ороход Б.******* дээш хараад хэвтэж байсан...” гэх /хх 18-20/,

         

          3.4.Гэрч Э.Дарьхүүгийн “Дэд ахлагч Б.******* жижиг чулуу авч Б.******* рүү шидээд тоглож байсан. Тэгсэн Б.******* хувинд байсан шавраас бага зэргийг аваад доошоо шидтэл Б.*******ын нүүрэнд оносон. Тэгсэн Б.******* “Чи ах руугаа шавар шидлээ” гээд дээшээ ковшийн шанаган дээр гарч ирээд Б.*******тэй барьцалдаад нэг нэгийгээ цохиод байх шиг байсан. Тэр хоёр шанаганаас буугаад гарааш руу явсан. Ч.Отгонбаяр тэр хоёрын араас явсан. Удалгүй Ч.Отгонбаяр гараашнаас гарч ирээд нөгөө хоёр чинь дотор орж зодолдоод Б.******* ухаан алдчихсан, татаад байх шиг байна гэж хэлэхээр нь би гарааш дотор байх жижиг өрөө рүү ороход Б.******* дөнгөж сэргэсэн, амнаас нь хөөс гарсан, шүлс нь гоожчихсон сандал дээр сууж байсан.” гэх /хх 28-30/,

 

          3.5.Гэрч Т.Мөнхбаярын “дэд ахлагч Б.*******аас юу болсон талаар асуухад “Би Б.*******г нэг цохисон чинь ойччихлоо, босож чадахгүй байна” гэж хэлсэн...” гэх /хх 23-25/,

 

          3.6. Гэрч А.Цэрэнтогтохын “Дэд ахлагч Б.******* нь дэд ахлагч Б.*******г сугадаж түшсэн байдалтай шалган нэвтрүүлэх байр руу ирээд машиндаа суулгаад ангийн хашаанаас гарч явсан...” гэх /хх 33-34/ гэх мэдүүлгүүд,

 

          3.7.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх 4-8/,

         

          3.8.Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 239 дугаартай “Б.*******гийн биед тархины 2 тал бөмбөлгийн таламуст цус харвалт, зүүн гар хөлийн сул саажилт, толгойн дагзны хуйханд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх 67-70/,

 

          3.9. Хохирогч Б.*******гийн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, оношилгоо, шинжилгээ, эмчилгээний баримтууд /хх 44-63/ зэрэг болно.   

 

          4.Хэрэгт авагдсан шүүгдэгч нарыг цэргийн албан хаагчаар томилсон тушаалууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хохирол төлсөн баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /хх 110-119, 123-126, 134-138/

 

          5. Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирогч Б.*******гийн шанаанд 2 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл хийхдээ өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн, түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Б.*******, Б.******* нь Зэвсэгт хүчний 338 дугаар ангид ажилладаг, цэргийн албан хаагч мөн болох нь яллагдагч, гэрч нарын мэдүүлгүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны Б/1384 дугаар,  2022 оны Б/1891 дугаар тушаалууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд тэдний харилцан зодолдсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих”  гэмт хэргийн шинжийг хангажээ. /хх 123-126/

 

          Ийм учраас прокуророос шүүгдэгч Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, анхан шатны шүүх тэднийг эдгээр зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

 

          6. Дээд шатны прокурорын “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр өөр зүйлд заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” гэх эсэргүүцэл үндэслэл бүхий байх тул хангаж шийдвэрлэв.    

 

          7. Түүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******д 2,000,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 3,740,850  төгрөг, нийт 5740850 төгрөгийн хохирлоо төлсөн байхад түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан нь хуульд нийцэхгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. /хх 171, 179-180/

         

          Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хохирлоо төлсөн болон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдлуудад хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ялгаатай байдлаар тогтоосон, өөрөөр хэлбэл, хохирлоо төлсөн тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр заасан байна.

         

          Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсныг эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, уг алдааг залруулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсан болно.

 

          8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн санал болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулах зарчмын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч нарыг чөлөөлж, шүүгдэгч Б.*******т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон” буюу эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан  хохирлоо төлсөн байх тул тэднийг энэ зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн болно.

 

          Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          Нэг. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:

 

   1.1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган / төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тус тус тэнссэж шийтгэсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, шүүгдэгч Б.******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

   1.2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь түүнд оногдуулсан торгох ялыг хуульд заасан дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нар дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг хуульд заасан дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.” гэж өөрчилсүгэй.

 

   1.3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “Шүүгдэгч Б.*******, Б.******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.*******, Б.******* нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Б.******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3,740,850 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.” гэснийг

“Шүүгдэгч Б.*******, Б.******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.*******, Б.******* нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******д 2,000,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3,740,850 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай” гэж өөрчилсүгэй.          

 

          1.4.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.

 

           1.5.Шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр. Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ магадлалыг хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНТУНГАЛАГ

                                 ШҮҮГЧИД                                 О.БААТАРСҮХ

                                                                                                Б.ДЭ