Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01102

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01102

 

 

 

М.Д ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/01095 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Д ХК-ийн хариуцагч Б.Од холбогдуулан гаргасан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 1 972 181 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даатгуулагч С.О нь Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн зам, 015 дугаар цэргийн ангийн уулзвар дээр 38-9... УАЕ улсын дугаартай, Тоёота Акуа маркийн автомашиныг жолоодож байхад 68-2.. УБВ улсын дугаартай, Тоёота Приус 11 маркийн автомашины жолооч Б.О нь тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. Манай компани ослын улмаас даатгуулагчид учирсан хохирол 1 972 181 төгрөгийг барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг үндэслэн хохирол нэхэмжлэх эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан. Иймд Б.Огоос хохирлын нөхөн төлбөр болох 1 972 181 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн зам, 015 дугаар цэргийн ангийн уулзвар дээр явж байх үед 76-77 УНК маркийн автомашины жолооч маш хурдтай ирж миний машины баруун хойд хаалга, багажны орчмоос хүчтэй мөргөж замаас гаргасан. Тухайн үед мөргүүлээд замаас гарах үед 38-9... УАК гэсэн автомашиныг шүргэсэн гэж жолооч нь хэлсэн. Миний бие ослоос болж түр хугацаанд шокийн байдалтай байсан ба уг асуудалд хариулж чадахааргүй байсан. Уг жолооч нь надтай дахиж уулзаагүй. Хавсралтад авсан гэрэл зургийг цагдаагийн газраас дарсан бөгөөд зурагт 38-9... УАК маркийн автомашины урд талд ямар нэгэн гэмтэл гарсан зүйл харагдахгүй байгаа юм. Гэвч тухайн жолооч гэмтэл үүссэн гэж даатгалаасаа мөнгө авсан. Би Тэнгэр даатгалд жолоочийн хариуцлагын даатгалтай, даатгалаараа автомашиныг засуулж өгөх боломж байсан. Гэвч уг 38-9... УАК гэх маркийн автомашины жолооч гэмтэл гарсан гэсэн болохоос биш, надтай уулзаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Огоос 1 972 181 /нэг сая зуун далан хоёр мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Д ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 470 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огоос улсын тэмдэгтийн хураамжид 46 470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Д ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.О давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд 38-9... УАК гэсэн улсын дугаартай автомашиныг шүргэсэн гэсэн ба уг зөрчил гарах үед Тээврийн цагдаагийн газраас дарсан фото зурагт тус автомашины урд талын гупр бүрэн бүтэн харагдаж байна. Иймд хохирлын үнэлгээ гаргасан нь юуг харж үнэлгээ гаргасан нь эргэлзээтэй.

Шүүхийн шийдвэрт 38-9... УАЕ гэсэн улсын дугаартай, Тоёото Акуа маркийн автомашины жолооч нь С.О гэсэн боловч гэрээт даатгуулагч С.Одонтуяа жолоо барьж явсан. 38-9... УАК 2006000413 тоот тээврийн хэрэгслийн даатгалтай С.О үнэлгээ гаргаж гэрээ байгуулсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Тээврийн цагдаагийн газрын зурагт үндэслээгүй мөн тээврийн хэрэгслийн болон даатгуулагчийн нэр зэрэг нь зөрж буйг үнэлж дүгнээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч М.Д ХК нь хариуцагч Г.Орсоод холбогдуулж даатгалын гэрээний нөхөн төлбөрт 1 972 181 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт авагдсан 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-гээр даатгуулагч С.О нь өөрийн эзэмшилд бүртгэлтэй 3899 УАЕ улсын дугаартай, Тоёото Акуа маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж, хураамж төлөх, даатгагч М.Д ХК нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг даатгагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь нотлогдож байна. /хх-6/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан гэм хорын даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Хариуцагч Б.О нь 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн зам, 015 дугаар цэргийн ангийн уулзварт 6825 УБВ улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалтыг зөрчиж, иргэн Э.Т-ийн жолоодож явсан 7677УНК улсын дугаартай Тоёото Лексус-570 маркийн тээврийн хэрэгсэл, мөн С.Огийн эзэмшлийн 38-9... УАЕ улсын дугаартай, Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, үүний улмаас С.Огийн тээврийн хэрэгсэлд 1 970 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Тээврийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 624 дүгээр тогтоол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-12-19/

Дээрх зам тээврийн ослын улмаас даатгалын тохиолдол бий болж, улмаар даатгагч М.Д ХК нь даатгуулагч С.Огийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг даатгалын гэрээний 2.1.3б-д заасны дагуу 100 хувь буюу 1 972 181 төгрөг нөхөн төлсөн болох нь хэрэгт буй ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар нотлогджээ. /хх-6, 8/

Ингэснээр С.Од учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс нөхөн төлөхийг шаардах эрх нэхэмжлэгч М.Д ХК-д шилжсэн гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч Б.О нь нэхэмжлэлий шаардлагыг автомашины хохирлын үнэлгээг эргэлзээтэй, мөн даатгуулагчийн нэр зөрүүтэй, тухайн үед надад мэдэгдээгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргасан байх ба мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох Тээврийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 624 дүгээр тогтоолд даатгуулагч С.Огийн автомашинд учирсан хохирлын хэмжээг тоон үсгээр тодорхойлон бичиж, Тогтоох хэсэгт уг хохирлыг иргэний журмаар хариуцагч Б.Огийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарласан байна. /хх19/ Хариуцагч уг тогтоолыг гардан аваад хуулиар тогтоосон хугацаанд Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргаагүй байхаас гадна Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгуулагч С.Огийн шаардах эрх нь нэхэмжлэгч М.Д ХК-д шилжсэн тул хохирлын хэмжээг үндэслэлгүй, үнэлгээ эргэлзээтэй гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Мөн даатгалын зүйл болох автомашиныг өөр этгээд жолоодож явахад даатгалын тохиолдол бий болсон нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ даатгуулагч С.Огийн Тоёотай Акуа маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 68-2.. гэж, хохирлын хэмжээг 1 570 000 төгрөг гэж бичиж техникийн алдаа гаргасан болохыг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/01095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 46 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД