| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00156/И |
| Дугаар | 308/ШШ2025/00271 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 308/ШШ2025/00271
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би
Нэхэмжлэгч: Д ГХО ХХК,
Хариуцагч: Н ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 90,494,375 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэл: 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21/05 дугаар Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Т,
Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Н/цахимаар/,
Хариуцагчийн өмгөөлөгч: С.Б/цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ГХО ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д ХХК нь Н ХХК-тай 2021 оны 09 сарын 21-ны өдөр 21/05 тоот Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан юм. ... Н ХХК-ийн зүгээс манай талд учруулсан хохирлыг тооцож үзэхэд хугацаа хэтэрсэн 1226 хоногийн алдангийг үндсэн төлбөрийн 50%-аар бодоход 15262,5 ам доллар болж байгаа бөгөөд үүн дээр үндсэн төлбөр 30525 ам.долларыг нэмж нийт 45787,5 ам.долларыг нэхэмжлэн авах тооцоо гарсан. ... 33502,07 ам.доллар буюу төгрөгөөр 116.136.935,78 /нэг зуун арван зургаан сая нэг зуун гучин зургаан мянга есөн зуун гучин таван төгрөг, далан найман мөнгө/-ийг гэрээний 2.4.5-р заалтыг үндэслэн хуулийн дагуу Н ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Н ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2012 онд Х гэх эмэгтэй вагон байна уу гэж асуух үед би хүнээс асууж өгье гэж хэлээд төмөр замд ажилладаг гээд танилцаж байсан С.Д гэх залуугаас асуухад урьдчилгаа төлбөрөө бэлнээр өгвөл шууд тавьж өгч чадна гэхээр нь энэ талаар хэлэхэд тухайн нэхэмжлэгч Д ХХК-наас холбогдож нөгөө Д гэх залуу мөнгө бэлнээр авна гэсэн тул танай компанитай гэрээ хийе гээд гэрээний төслийг Хгаар дамжуулж өгч гэрээг хийсэн. Гэвч тус гэрээ нь Монгол улсын Төлбөр тооцоог Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж хийгдсэн байх тул Д ХХК болон Н ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх 21105 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Д ГХО ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..."Н" ХХК-ийн зүгээс манай талд учруулсан хохирлыг тооцоход 1277 хоногийн хугацаа хэтэрсэн алдангийг тооцохоор байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг үндэслэн үндсэн төлбөрийн 50 хувь буюу 43,498,125 төгрөг, үндсэн төлбөр 86,996,250 төгрөг, нийт 130,494,375 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс Н ХХК-ийн 2021 оны 12 сарын 21-ний өдрөөс 2024 оны 10 сарын 30-ны өдрийн хооронд нийт 8 удаа хувааж өгсөн 40,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл 90,494,375 төгрөгийг Н ХХК-аас нэхэмжилж байна. гэжээ.
Н ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Тус гэрээ нь Монгол улсын Төлбөр тооцоог Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж хийгдсэн байх тул Д ХХК болон Н ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх 21105 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэжээ.
Талууд шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Н ХХК-д холбогдох 90,494,375 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй Д ХХК болон Н ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21/05 дугаар Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 30,494,375 төгрөгөөр багасгаж үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч нь 3 сарын хугацаанд хуваан төлөх, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрлийн гэрээг байгууллаа. гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, итгэмжлэл, Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх тооцоо зэрэг баримт,
Хариуцагчаас хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Д ГХО ХХК-ийн нэхэмжлэлтэй Н ХХК-д холбогдох 90,494,375 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй Д ХХК болон Н ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21/05 дугаар Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 30,494,375 төгрөгөөр багасгаж үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч нь 3 сарын хугацаанд хуваан төлөх, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д ГХО ХХК-ийн нэхэмжлэлтэй Н ХХК-д холбогдох 90,494,375 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй Д ХХК болон Н ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21/05 дугаар Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 30,494,375 төгрөгөөр багасгаж үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч нь 3 сарын хугацаанд хуваан төлөх, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738,634.68 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592,931 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ