| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/00330/И |
| Дугаар | 316/ШШ2025/00384 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 316/ШШ2025/00384
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн *************** тоотод оршин суух хаягтай ****** овогт Д.С /РД:********/-ын утас ******** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ************* тоотод оршин суух хаягтай, Р.Г /РД:*******/ Утас:*********
Нэхэмжлэлийн шаардлага: “11,268,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..Миний бие Д.С нь Хүдэр сумд түүхий эд болон самар бэлтэн нийлүүлж хувиараа бизнес эрхлэн амьдардаг иргэн. Анх 2024 онд самрын ургацын үед хариуцагч Р.Г нь уулнаас самар бэлтгэн нийлүүлнэ гээд урьдчилгаа мөнгө хүссэн тул 2024.08.13-ны өдөр би өөрийн охин Г.Н ****** тоот данснаас Р.Г хадам ээжийн 5681007458 тоот данс руу "бандиа сайнаа самар бэлтгэлд" гэсэн гүйлгээний утгатайгаар 3,000,000 төгрөг, 2024.08.15-ны өдөр мөн данснаас тухайн дансанд "бандиа самар урьдчилгаа" гэсэн гүйлгээний утгатайгаар 2,000,000 төгрөг, 2024.09.11-ны өдөр мөн тухайн дансанд 300,000 төгрөг, 2024.10.07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 10.10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024.10.13-ны өдөр 100,000 төгрөг, 2024.10.14-ний өдөр 400,000 төгрөг, 2024.10.15-ны өдөр 100,000 төгрөг, 2024.10.30-ны өдөр 200,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мен 2024.12.02-ны өдөр 351,000 төгрөгийн үнэ бүхий адууны мах зээлж авчхаад мөнгийг нь өгөөгүй. Хариуцагч нь тухайн мөнгийг хүлээн авч самар нийлүүлэхээр тохиролцсон боловч самраа огт өгөөгүй. Самраа нэхсэн боловч өгч чадахгүй харин мөнгийг чинь тэгж байгаад өгье гэсэн боловч өнөөдрийг хүртэл элдэв шалтаг, шалтгаан хэлэн мөнгийг минь эргүүлж төлөхгүй хойшлуулан явсаар байх тул ийнхүү шүүх байгууллагад хандаж байна. Үүнээс гадна Р.Г-н төрсөн эгч Р.Ч нь хичээл орох гээд хүүхдээ дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл бэлдэх гэсэн юм гээд мөнгө зээлээч гэсэн тул эхлээд 1,000,000 төгрөг, бензиний мөнгөгүй болчихлоо гэх үед нь 267,000 төгрөг, 50,000 төгрөг тус тус зээлүүлж нийт 1,317,000 төгрөг зээлүүлсэн. Тухайн мөнгийг хариуцагч Р.Г нь эгчийнхээ өмнөөс өгнө гэсэн тул хамтад нь нэхэмжилж байна. Ингээд хариуцагч нь надад самар бэлтгэн нийлүүлнэ гээд нийт 9 удаагийн гүйлгээгээр 9,600,000 төгрөг, 351,000 төгрөгийн мах, 1,317,000 төгрөгийг зээлж авсан тул хариуцагч нараас нийт 11,268,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэгч миний бие хариуцагч нараас нийт 11,268,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү..” гэжээ.
Хариуцагч Р.Г нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... Р.Г миний бие нь Д. С-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 05 дугаар сарын 31-ээс эхлэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд 11,268,000 төгрөгийг хуваан төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагавар, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлголоо...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******гийн нэхэмжлэлтэй, Р.Г-д холбогдуулан гаргасан “11,268,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 98,325 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 98,325 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.С-н нэхэмжлэлтэй, Р.Г-д холбогдуулан гаргасан “11,268,000 төгрөг гаргуулах” ыг тухай иргэний хэргийн хариуцагч Р.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 98,325 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч ***** овогт Д.С /РД:*******/-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ