| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/00349/И |
| Дугаар | 316/ШШ2025/00421 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 316/ШШ2025/00421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ************ тоотод оршин суух, ****** овогт Н.Т /РД:*****/, /утас *****/-ийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....Миний бие анх 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Мод боловсруулах комбинат” үйлдвэрийн Зүсмэлийн цехэд нооромчноор ажилд орж, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 8 жил ажилласан. Энэ хугацаанд 1992 онд тус үйлдвэр өмч хувьчлалаар “Ар хөвч” ХХК, “Сэлэнгэ” ХХК болж хуваагдсан. Миний бие “Ар хөвч” ХХК-ийн зүсмэлийн цехэд үргэлжлэн ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр 1994 оны 12 дугаар сард хаагдаж, нийгмийн даатгалын дэвтэр нээлгэсэн. Иймд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатын “Зүсмэлийн цех”-д нооромчноор, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Ар хөвч” ХХК-нд нооромчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Би тэтгэвэрт гарах гээд 1986 онд Сэлэнгэ аймгийн мод боловсруулах газарт ажиллаж байгаад 1992 онд Ар хөвч болж нэр нь өөрчлөгдсөн. Орсон, гарсан тушаал байхгүй учраас шүүхээр тогтоолгох гэж хүсэлт гаргасан...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Т нь 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн “Мод боловсруулах комбинат” үйлдвэрийн Зүсмэлийн цехэд нооромчноор, 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Сэлэнгэ аймгийн “Ар хөвч” ХХК-ийн зүсмэлийн цехэд үргэлжлүүлэн нооромчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Нэхэмжлэгч нь Н.Т нь Сэлэнгэ аймгийн ****** сумын ********* тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хүсэлт гаргагч Н.Т нь 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн “Мод боловсруулах комбинат” үйлдвэрийн Зүсмэлийн цехэд нооромчноор анх томилогдсон болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт /хх 7-р тал/, Мод боловсруулах комбинатын захиргааны ажилд томилсон тушаалын хуулбар /хх 9-р тал/, Бүгд найрамдах Монгол ард улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай тогтоол /хх-ийн 12-13-р тал/, Үйлдвэр худалдааны “Ар хөвч” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар нэр бүхий ажилтнуудыг Мод боловсруулах комбинатаас Ар хөвч ХХК руу шилжүүлсэн тухай тушаалын хуулбар /хх-ийн 13-р тал/, Үйлдвэр худалдааны “Ар хөвч” компанийн ерөнхий захирлын 1992 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай тушаалаар Н.Т-т “ээлжийн амралт олгох тухай” тушаал /хх-ийн 14-15-р тал/, Үйлдвэр худалдааны “Ар хөвч” компанийн ерөнхий захирлын 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай тушаалаар Н.Т-т “ээлжийн амралт олгох тухай” тушаал /хх-ийн 17-р тал/, Үйлдвэр худалдааны “Ар хөвч” компанийн ерөнхий захирлын 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 63 дугаартай тушаалаар Н.Т-т “Эхчүүдийн цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаал /хх-ийн 18-р тал/, Үйлдвэр худалдааны “Сэлэнгэ-Ар хөвч” компанийн ерөнхий захирлын 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102 дугаартай тушаалаар “Сул зогсож байгаа 43 ажилчдад хүнсний тусламж үзүүлэх тухай” тушаал /хх-ийн 19-р тал/, Үйлдвэр худалдааны “Сэлэнгэ-Ар хөвч” компанийн ерөнхий захирлын 1998 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 03 дугаартай тушаалаар “Н.Т-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 20-р тал/,
тухайн үед хамт ажиллаж байсан Д.Б, Б.Баатаржав, Н.Э нарын гэрчээр асуусан тэмдэглэл /хх 35-37-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л Д.Б, Б.Б, Н.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж дүгнэв.
Иймд Н.Т-н гаргасан хүсэлтийг бүрэн хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт Н.Т /РД:******/-г 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн “Мод боловсруулах комбинат” үйлдвэрийн Зүсмэлийн цехэд нооромчноор, 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Сэлэнгэ аймгийн “Ар хөвч” ХХК-ийн зүсмэлийн цехэд нооромчноор ажилласан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ