| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0380/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0505 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******” ХХК /РД:******/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарын хооронд үүссэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг бүртгэлээс хасах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хүсэлдэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э****** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг бүртгэлээс хасах тухай 54 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, “******” ХХК-ийн XV-******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/84 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан сонгон шалгаруулалт зарлах 55 талбайг баталж, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад Ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд цахимаар ирүүлсэн саналыг нээсэн.[1]
2.2. Тус сонгон шалгаруулалтад “******” ХХК шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах” А/106 дугаар тушаал гарч Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 309 дугаар шийдвэрээр “******” ХХК-д ****** аймгийн ****** сумын нутагт орших 2024.98 гектар бүхий ****** нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.[2]
2.3. “******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг гээгдүүлсэн тул мөн даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай” 326 дугаар шийдвэрээр шинээр XV-******тоот гэрчилгээ хавсралтуудыг нөхөн олгожээ.[3]
2.4. Үүний дараа “******” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХV-******тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрийн захиргааны байгууллагад гаргасан байна.
2.5. Гэтэл нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын XV-******тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хариуцагчаас хянан үзээд “…2022, 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэсэн үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дугаар шийдвэрээр[4] тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэжээ.
2.6. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 25/039 дугаартай албан бичгээр гомдол гаргасан.[5]
2.7. Тус гомдлын хариуд, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/1179 дугаар албан бичгээр “… Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн.[6]
2.8. Нэхэмжлэгчийн зүгээс “...Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хуульд заасан журмын дагуу нэг сарын өмнө буюу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр сунгуулах өргөдлийг гаргасан. Ийнхүү гаргахдаа хуульд заасан журмын дагуу бүхий л шаардлагатай баримтуудыг бүрдүүлэн өгсөн. Хариуцагч албан тушаалтны зүгээс 10 хоногийн дотор дээрх материалуудыг хянаж, хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах урьдчилсан нөхцөлүүдийг хангасан эсэхийг шалгаад шийдвэр гаргах ёстой байтал энэхүү шийдвэрийг зургаан сарын дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Тус шийдвэрийг гаргахдаа татгалзаж шийдвэрлэсэн ба хайгуулын 2022-2023 оны хайгуулын үе шатын ажлын тайланг хянуулаагүй, хайгуулын ажлын зардлын доод хэмжээгээр хайгуулын ажил гүйцэтгэсэн талаарх тайланг баталгаажуулаагүй гэсэн 2 үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн. Эрх зүйн үндэслэлийн хувьд эрх бүхий албан тушаалтан буюу энэ газрын тосны Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах эсэхийг шийдвэрлэхдээ дараах үйл баримтуудыг нягтлах ёстой байсан. Үүнд тухайн аж ахуйн нэгж маань Монгол улсад үүсгэн байгуулагдсан, Монгол улсын татвар төлөгч аж ахуйн нэгж мөн эсэх, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн эсэх, хуульд заасан доод хэмжээгээр хайгуулын ажлыг гүйцэтгэсэн эсэх баримтуудыг тус тус шалгаж, тогтоох ёстой байсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч нь 2022 болон 2023 оны хайгуулын ажлын зардлыг баталгаажуулсан мөн хайгуулын ажлын үе шатын тайланг хянуулсан гэдэг нь нотлогдож байна. Улмаар хавтаст хэрэгт авагдсан энэхүү баримтуудыг хариуцагч нь тухайн үед шалгалгүйгээр “татгалзах үндэслэл бүрдсэн” гэж үзээд шийдвэр гаргасан нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.9. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... “******” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХВ-******тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрийн захиргааны байгууллагад гаргасан байна. Гэтэл нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын XV-******тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянан үзэхэд 2022, 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй тул Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “…Тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуусаж байгаатай холбоотойгоор 4 дэх жилийн төлбөрөө төлж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад шаардлагатай хуульд заасан бүхий л баримтуудыг гарган Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сунгуулах өргөдлөө маягт К-02-ын дагуу бөглөж, үйлчилгээний хөлсөнд 1.000.000 төгрөгийг төлж өргөдлөө 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан.
Гэтэл манай гаргасан дээрх өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.2-д заасан хугацаанаас хэтрүүлж буюу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн. Ингэхдээ Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр "2022, 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэж байгаа талаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/357 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
“******” ХХК-ийн зүгээс шүүхэд хандах болсон хууль зүйн үндэслэл Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасныг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан байхад Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь хуульд заасан хугацааг хэтрүүлж 5 сар 22 хоногийн дараа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан.
Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 6-д "Эрх бүхий этгээд нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.7-д заасны дагуу өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглаж олж авах, солилцох боломжтой мэдээллийг зөвшөөрөл хүсэгчээс шаардахгүй” гэж заасан.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгч компанийн өргөдлийг шийдвэрлэхдээ манай компаниас үл хамаарах шалтгаанаар татгалзсан, төрийн захиргааны байгууллага өөрөө бүрдүүлэх материалаа нэхэмжлэгчээс шаардсан нь хуульд нийцээгүй хууль зөрчсөн. Гэсэн нь нэхэмжлэгч компанийн зүгээс 2022, 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайлан, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулах хүсэлтээ цахимаар хүргүүлсэн боловч хариуцагч хүлээж авч баталгаажуулаагүй. Үүнээс болж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь манай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болсон юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” 22.1.4. “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж заасан нэхэмжлэгчийн зүгээс өөрөөс хамаарах бүхий л баримт материалаа алдаа мадаггүй бүрдүүлэн өгсөн байхад хариуцагчаас “...баталгаажуулаагүй...” гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа бөглөдөг К-02 маягт дээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4-т заасан баримтыг төрийн захиргааны байгууллага өөрөө бүрдүүлэн гэж заасан байдаг. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “******” ХХК нь ****** аймгийн ****** сумын нутагт ****** нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Энэхүү хайгуулын тусгай зөвшөөрлийг 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 309 дугаар шийдвэрээр авсан байдаг. Тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгосон бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан ба хуульд заасан журмын дагуу нэг сарын өмнө буюу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр сунгуулах өргөдлийг гаргасан байдаг. Ийнхүү гаргахдаа хуульд заасан журмын дагуу бүхий л шаардлагатай баримтуудыг бүрдүүлэн өгсөн. Хариуцагч албан тушаалтны зүгээс болохоороо 10 хоногийн дотор дээрх материалуудыг хараад тэгээд хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах урьдчилсан нөхцөлүүдийг хангасан эсэхийг шалгаад шийдвэрээ гаргах ёстой байтал энэхүү шийдвэрийг зургаан сарын дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Тус шийдвэрийг гаргахдаа татгалзаж шийдвэрлэсэн ба хайгуулын 2022-2023 оны хайгуулын үе шатын ажлын тайланг хянуулаагүй, хайгуулын ажлын зардлын доод хэмжээгээр хайгуулын ажил гүйцэтгэсэн талаарх тайланг баталгаажуулаагүй гэсэн 2 үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар нэхэмжлэгч байгууллагын зүгээс урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.
Эрх зүйн үндэслэлийн хувьд эрх бүхий албан тушаалтан буюу энэ газрын тосны Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах эсэхийг шийдвэрлэхдээ дараах үйл баримтуудыг нягтлах ёстой байсан. Үүнд тухайн аж ахуйн нэгж маань Монгол улсад үүсгэн байгуулагдсан, Монгол улсын татвар төлөгч аж ахуйн нэгж мөн эсэх, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн эсэх, хуульд заасан доод хэмжээгээр хайгуулын ажлыг гүйцэтгэсэн эсэх баримтуудыг тус тус шалгаж, тогтоох ёстой байсан. Энэхүү баримтуудыг шалгаад тогтоосон тохиолдолд сунгах ёстой юм. Тухайн төрийн захиргааны байгууллага албан тушаалтан нь хүсэлт гаргагчаас баримт мэдээллүүдийг нягтлах, шаардлагатай тохиолдолд Нийтийн ил тод мэдээллийн тухай хуульд заасны дагуу өөрт буюу Ашигт малтмал, газрын тосны газарт хадгалагдаж байгаа мэдээллүүдийг шалгах, газар дээр нь очиж мэдээллийг нягтлах бүрэн эрхтэй. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч нь 2022 болон 2023 оны хайгуулын ажлын зардлыг баталгаажуулсан мөн хайгуулын ажлын үе шатын тайланг хянуулсан гэдэг нь нотлогдож байна. Улмаар хавтаст хэрэгт авагдсан энэхүү баримтуудыг хариуцагч нь тухайн үед шалгалгүйгээр татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзээд шийдвэр гаргасан нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлэх юм бол хуульд заасны дагуу анхан шатны авах ёстой арга хэмжээг аваагүйн улмаас хуулийн урьдчилсан нөхцөлд заасан бүх шалгуурыг хангасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг хангалгүй орхиж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.” гэжээ.
3.3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбараа дэмжиж байна. Нэг: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол улсын засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байна. Дээр дурдсан талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Журам батлах тухай” А/48 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/84 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан сонгон шалгаруулалт зарлах 55 талбайг баталж, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад Ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд цахимаар ирүүлсэн саналыг нээсэн. Тус сонгон шалгаруулалтад "******" ХХК шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах" А/106 дугаар тушаал гарч Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ даргын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай" 309 дугаар шийдвэрээр "******” ХХК-д ****** аймгийн ****** сумын нутагт орших 2024.98 гектар бүхий ****** нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. “******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг гээгдүүлсэн тул мөн даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай" 326 дугаар шийдвэрээр шинээр XV-****** тоот гэрчилгээ хавсралтуудыг нөхөн олгосон.
Хоёр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахаар заасан. Хуулийн дээрх шаардлагын дагуу "******" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХВ-****** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрийн захиргааны байгууллагад гаргасан байна. Гэтэл нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын XV-******тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянан үзэхэд 2022, 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй тул Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. гэх бичгийн тайлбараа дэмжиж оролцож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Хэргийн үйл баримтын тухайд, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "Сонгон шалгаруулалт зарлах тухай А/84 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан сонгон шалгаруулалт зарлах 55 талбайг баталж, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад Ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд цахимаар ирүүлсэн саналыг нээсэн.
2. Тус сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “******” ХХК шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах" А/106 дугаар тушаал гарч Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ даргын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай" 309 дүгээр шийдвэрээр "****** ХХК-д ****** аймгийн ****** сумын нутагт орших 2024.98 гектар бүхий ****** нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.
3. “******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг гээгдүүлсэн тул мөн даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай" 326 дугаар шийдвэрээр шинээр XV-****** тоот гэрчилгээ хавсралтуудыг нөхөн олгожээ.
4. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХВ-****** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрийн захиргааны байгууллагад гаргасан. Энэ үйл баримттай талууд маргаангүй.
5. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянан үзээд “2022, 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэж үзэн хариуцагч Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэжээ.
6. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гээд, мөн зүйлийн 22.1.2 дахь заалтад “... түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;” гэж, 22.1.4 дэх заалтад “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.” гэж, 22.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж тус тус заасан.
7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргахдаа бүрдүүлэх баримт бичигт “хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” болон “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” нь тус тус тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн бүрдүүлбэр болох бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.3 дахь заалтад заасан баримтуудыг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө бүрдүүлж өгөхөөр, харин мөн хуулийн 22.1.2, 22.1.4 дэх заалтад заасан баримтуудыг хариуцагч буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс өөрөө шүүн нягтлахаар байна.[7]
8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагчаас нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянан үзээд “2022, 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэсэн үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дүгээр шийдвэр гарган тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хассан байна.
9. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/2867 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын тодорхойлолтоос[8] үзэхэд нэхэмжлэгчийг “2022, 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэж буруутгасан нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
10. Өөрөөр хэлбэл, дээрх тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч нь “2022, 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулсан, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулсан” нөхцөл байдал тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дугаартай шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэхгүй бөгөөд энэхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
11. Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
12. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан “... хариуцагч нь тухайн үед шалгалгүйгээр татгалзах үндэслэл бүрдсэн байна гэж үзээд шийдвэр гаргасан нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчсөн ...” гэх агуулгатай тайлбарыг шүүх хүлээн аваагүй.
13. Учир нь, Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Эрх бүхий этгээд нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.7-д заасны дагуу өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг зөвшөөрөл хүсэгчээс шаардахгүй.” гэж заасан хуулийн энэ зохицуулалт нь холбогдох эрх бүхий захиргааны байгууллага Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.7-д заасны дагуу өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг зөвшөөрөл хүсэгчээс шаардах, улмаар тухайн шаардсан баримтуудыг зөвшөөрөл хүсэгч өгөөгүй гэдэг үндэслэлээр татгалзсан шийдвэр гаргасан тохиолдолд /эрх зүйн харилцаанд/ хэрэглэгдэнэ.
14. Харин маргаан бүхий энэ тохиолдолд Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дүгээр шийдвэр нь нэхэмжлэгчээс өөрт байгаа мэдээллийг шаардаж татгалзаагүй, харин захиргааны байгууллагын ажлын дотоод зохион байгуулалт, системийн ажиллагааны улмаас “2022, 2023 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулсан эсэх, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулсан эсэх” үйл баримтыг буруу дүгнэж гаргасан шийдвэр болохыг ялгах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.1.2, 22.1.4 дэх заалт, 22.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг бүртгэлээс хасах” тухай 54 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “******” ХХК-ийн XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ