| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/05175/И |
| Дугаар | 191/ШШ2025/03844 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03844
2025 05 05 191/ШШ2025/03844
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот, ******* ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ын гудамж, байр, өргөтгөл, ХХК-д /РД: / холбогдох
87,632,426 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэд, ах ахуйн нэгжүүдэд захиалгаар бүх төрлийн хайрга болон дайрга нийлүүлдэг бөгөөд ХХК-д 2022 оны 03 сарын 23-ны өдрөөс 2023 оны 05 сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд 10-55 мм, 5-10 мм, угаасан 0,5 төрөл бүхий 9,232 м3 дайрга нийлүүлсэн.
ХХК нь хайрга болон дайрга авахаасаа 5-7 хоногийн өмнө утсаар урьдчилан захиалга өгч ******* ******* ХХК нь захиалсан хайрга болон дайргыг бэлдэж хүлээлгэн өгөх үедээ төлбөрийг авдаг байсан.
Олон удаагийн давтамжтай татан авалт хийж байсан тул 2022 оны 04 сараас эхлэн төлбөрийн үлдэгдэл үүсч өмнөх сарын нийлүүлэлтийн төлбөрийн үлдэгдэл болон тооцоог 2 компанийн нягтлан бодогчид тухай бүрт нь бодож гарын үсэг зурдаг байсан.
Хамгийн сүүлд 2022 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар 87,632,426 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болсон бөгөөд энэ баримт нотлох баримтын шаардлага хангаагүй болохоор өгөөгүй.
Хариуцагч тал анх ХХК гэх компани байсан боловч ХХК болгон нэрээ өөрчилсөн. Барааны үнэ нэхэх бүрт хариуцагчийн зүгээс байр, машин өгөх талаар ярьж байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд эвлэрэх талаар яригдсан боловч шийдэлд хүрээгүй.
Манай компани эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан уригдагч тал ирээгүйгээс ажиллагаа явагдаагүй. Иймд хариуцагч Метал ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 87,632,426 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч талын нэр солигдсон талаарх үйл баримтын талаар ярьж байна. Нэхэмжлэлд дурьдагдаж байгаа Метал ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд.
ХХК зуурмагийн үйл ажиллагаа явуулдаг компани. Уг компанитай тооцоо нийлсэн гэх баримтууд өгч байх бөгөөд уг тооцоо нийлсэн актуудад хариуцагч ХХК-ийн зүгээс баталгаажуулаагүй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Метал ХХК нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хайрга, дайргыг хүлээж аваагүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
ХХК, ******* ******* ХХК нарын 2022 оны 06 сарын 01, 2022 оны 07 сарын 01, 2022 оны 08 сарын 01-ний өдрүүдэд үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа,
******* ******* ХХК-ийн ХХК-д нийлүүлсэн бүтээгдэхүүний тооцоо,
Өмгөөлөгч Б.той байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч ХХК нь итгэмжлэлүүд, өмгөөлөгч Ц.тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг баримтаар ирүүлсэн бөгөөд 2024 оны 07 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан бөгөөд бичгээр хариу тайлбараа гаргаагүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан 87,632,426 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ХХК-д хүсэлтийнх нь дагуу 2022 оны 03 сарын 23-ны өдрөөс 2023 оны 05 сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд 9,232 м3 бүхий хайрга, дайргыг нийлүүлсэн, үүний үлдэгдэл төлбөр 87,632,426 төгрөгийг нэхэмжилнэ хэмээн тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2022 оны 03 сарын 23-ны өдрөөс 2023 оны 05 сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд ХХК-д нийт 9,232 м 3 хайрга, дайрга нийлүүлсэн гэх боловч нэхэмжлэгч талын ирүүлсэн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ХХК-д дээр дурдсан хугацаанд 9,232 м 3 хайрга, дайрга нийлүүлсэн гэх баримтуудыг ирүүлжээ.
/ХХ-ийн 10-17 дугаар тал/
Мөн ******* ******* ХХК нь хариуцагч ХХК-тай 2022 оны 06 сарын 01, 2022 оны 07 сарын 01, 2022 оны 08 сарын 01-ний өдрүүдэд тус тус харилцан тооцоо нийлж тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан уг баримтуудаас үзэхэд ХХК-д ******* ******* ХХК нь өглөгтэй гарсныг харилцан баталсан баримтууд байна.
Тухайлбал:
-Талуудын хооронд 2022 оны 06 сарын 01-ний өдөр үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаанд нэхэмжлэгч ХХК-ийн /РД: 6853129/ нэрийн өмнөөс нягтлан бодогч ажилтай У.Хөгжил нь төлөгч ******* ******* ХХК-ийн нэрийн өмнөөс нягтлан бодогч ажилтай Т.тэй тус 2 байгууллага хооронд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* ******* ХХК нь 30,331,400 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлав гэжээ.
-2022 оны 07 сарын 01-ний өдөр үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаанд 2022 оны 06 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ... ******* ******* ХХК нь 22,246,400 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлав,
-2022 оны 08 сарын 01-ний өдөр үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаанд 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* ******* ХХК нь 15,451,400 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлав хэмээн тус тус тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байна.
/ХХ-ийн 6-8 дугаар тал/
Хариуцагч ХХК нь нийт 99,644,000 төгрөгийн төлбөрөөс 2022 оны 10 сарын 20-ны өдөр 12,120,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн хэмээн нэхэмжлэгч ******* ******* ХХК тайлбарласан хэдий ч энэ талаарх баримтаа ирүүлээгүй.
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2022 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар 87,632,426 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болсон талаарх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхэд нотлох баримтаар өгөөгүй талаараа тайлбарлалаа.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ХХК нь /РД: 6853129/ нэрээ өөрчлөн ХХК /РД: / болсон гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй бөгөөд дээрх хуулийн этгээдүүд өөр өөр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүд байх ба энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn мэдээллийн санд байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу нотлох шаардлагагүй гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХХК болон хариуцагч ХХК нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ХХК-д холбогдох 87,632,426 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ХХК-д холбогдох 87,632,426 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН