| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0501 |
| Дугаар | 128/ШШ2025/0501 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2025/0501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*********” ХХК /РД:*******/,
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд үүссэн санхүүжилт олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох нийт 1,211,365,950 төгрөгийн санхүүжилтыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С*******, Х.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “*********” ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан анх тус шүүхэд “...Нэхэмжлэгчээс хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгогдоогүй санхүүжилт олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох нийт 807,577,300 төгрөгийн санхүүжилтыг “*********” ХХК-д олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ”-нд заасны дагуу алданги тооцож, нийт алдангид 403,788,650 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, “…Нийт 1,211,365,950 төгрөгийг нэхэмжлэгч “*********” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “*********” ХХК-ийн “******* сувилал”-д “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн ******* дугаартай гэрчилгээг 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас олгож, тус сувилал нь ******* аймагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
2.2. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай ******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээ”-г 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан.[2]
2.3. Дээрх гэрээ болон гэрээний хавсралтад заасны дагуу ******* сувилал нь уламжлалт анагаах ухаан болон сэргээн засахын нийт 9 оношийн хамааралтай бүлгээр эрүүл мэндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэж, иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээг чанарын болон төлбөр-ийн хяналт, гүйцэтгэлд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт худалдан ажилладаг.
2.4. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 2023 оны 08 дугаар тогтоол шинэчлэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой тухайн *******дугаартай гэрээний 1 дүгээр хавсралтад өөрчлөлт оруулж, ******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-г 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар байгуулсан.[3]
2.5. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-т “Гэрээний 2.2.1 дэх хэсэгт заасан тооцооны үр дүнд үндэслэн нэхэмжлэлийн хяналт дууссанаас хойш холбогдох журамд заасан хугацаанд багтаан тусламж, үйлчилгээний төлбөрийн урьдчилгаа болон гүйцэтгэлийн зөрүүг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэгчид шилжүүлнэ” гэж заасан.
2.6. Нэхэмжлэгч “*********” ХХК нь 2022 оны 09, 10, 11 сарууд, 2023 оны 01, 08, 09, 10, 11 сарууд, 2024 оны 01, 02 саруудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас авах өвчтөний эмчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн үнийн дүн болон “Санхүүжилт хүсэх тухай” албан бичгийн хамт гэрээнд заасан хугацааны дагуу ******* цахим хаягаас ara-[email protected] гэсэн цахим хаяг руу илгээсэн байдаг.[4]
2.7. Улмаар дээр дурдсан нэхэмжлэлийн үнийн дүнгээр санхүүжилтийг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгч “*********” ХХК-д олгоогүй байна.
2.8. Тиймээс нэхэмжлэгч “*********” ХХК-аас хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандан 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр “…нэхэмжлэлийн хүрээнд олгогдоогүй санхүүжилтийг нөхөн олгож өгөхийг хүссэн” агуулга бүхий хүсэлтийг гаргасан.[5]
2.9. Уг хүсэлтийн хариуд, ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргаас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07/228 дугаартай албан бичгээр “…санхүүжилт аваагүй гэх тохиолдол бүрээр гарган хавсралтаар хүргүүлж байна” гэх хариуг “*********” ХХК-ийн харьяа “*******” сувиллын даргад өгчээ.[6]
2.10. Тус албан бичгийн хавсралтаас үзэхэд, “…анхан шатны тусламж, үйлчилгээтэй давхардуулсан 2 нэхэмжлэл цахим системийн хяналтаар хасагдсан ... сэргээн засах тусламж үйлчилгээгээр нэхэмжилсэн нэхэмжлэл гэрээний тоо хэмжээ хэтэрсэн тул ангилагдаагүй бусад оношийн хамааралт бүлгээр санхүүжилтийг тооцож олгосон ... уламжлалтын тусламж үйлчилгээгээр эрүүл мэндийн даатгалын цахим системд нэхэмжлэл ирүүлээгүй” гэх зэргээр тайлбарласан байна.
2.11. Нэхэмжлэгчээс дээрх хариу албан бичгийг эс зөвшөөрч дахин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр гомдол гаргасан.[7]
2.12. Тус гомдлын хариуд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06-214 дугаартай албан бичгээр “…******* аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2024 оны 07/228 дугаар албан бичгээр өгсөн хариу хууль зүйн үндэслэлтэй болох нь тогтоогдож байна ... тус газрын байр суурь ******* аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хүргүүлсэн албан бичгийн хариутай ижил болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг өгсөн.[8]
2.13. Улмаар нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд гомдол гаргахад тус газраас 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 34 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…холбогдох газарт гомдлоо уламжлан, шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн.[9]
2.14. Нэхэмжлэгчийн зүгээс “... нэхэмжлэгч компанийн ажиллуулдаг ******* сувилал нийт 50 ортой үйл ажиллагаа эрхэлдэг. Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрлөө аваад нийт дөрвөн удаа магадлан итгэмжлэгдэж, 14 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа сувилал юм. ******* аймагт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ганц сувилал гэж хэлж болно. Ихэвчлэн ******* аймгийн орлого багатай, өндөр настай, нийгмийн дунд болон дундаас доош түвшний иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр иргэд тус сувиллаас үйлчилгээ авч, асаргаа сувилгаа хийлгэдэг. ******* сувиллын хувьд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулахдаа нийт 9 оношийн хамааны бүлгээр тэнцэж, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Энэ хугацаанд санхүүжилттэй холбоотой асуудлууд олон гарсан. Тодруулбал, санхүүжилтийг бүрэн олгодоггүй байсан. Гэрээнд зааснаар жишээлбэл, иргэнээс 50,000 төгрөгийн үйлчилгээг үзүүлээд авна, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 600,000 төгрөгийг аваад нийт 650,000 төгрөгийн үйлчилгээ гэдэг байдлаар оношны хамааралтай бүлгээр тохирч гэрээ байгуулсан боловч иргэнээс 50,000 төгрөг аваад “650,000 төгрөгөө авъя, иргэнд үйлчилгээ үзүүлчихлээ” гээд нэхэмжлэх явуулахаар ямар нэг үндэслэлгүйгээр 300,000 эсхүл 350,000 төгрөгийг олгоод бусдыг нь олгодоггүй. Яагаад хасаж олгож байгаа нь ойлгомжгүй асуудлууд байдаг. ******* сувилал ямар нэг алдаа зөрчил гаргаад, эсхүл нэхэмжлэх ёсгүй мөнгө нэхэмжлээд, тухайн оношны хамааралтай бүлгийн кодыг нь ахиулах замаар нэхэмжлэх явуулсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зөрчлийн санд ******* сувилалтай холбоотой зөрчил бүртгэгдэж байгаагүй. 2022 оны 09-11 дүгээр сарынхыг нэхэмжлэхийн дүнгээс нь хасаж санхүүжилт олгосон. Тодруулбал, 09 дүгээр сард нийт 120 хүнд уламжлалт эмчилгээний 64,429,150 төгрөгийн үйлчилгээг үзүүлээд хариуцагчаас нэхэмжилсэн боловч олгоогүй. 10 дугаар сард 171 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд, 109,000,000 гаруй төгрөгийн нэхэмжлэх явуулахад 71,000,0000 орчим төгрөг олгож үлдсэнийг нь олгоогүй. Ингээд 2022 оны 09-11 дүгээр сард 165,091,050 төгрөгийн санхүүжилтийг олгоогүй байдаг. Энэ мэтчилэн 3 сар гэхэд 179,000,000 орчим төгрөгийн санхүүжилтийг олгоогүй. Огт олгоогүй биш, олгож санхүүжилт олгож байсан сарууд бий. Жишээлбэл, 2023 оны 02-07 дугаар саруудад олгож байсан. 2023 оны 01 дүгээр сард нийт 189,431,250 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Энэ тусламж үйлчилгээгээ хариуцагчийн сайт руу оруулахаар нийт 83,656,250 төгрөгийн нэхэмжлэх илгээгдээд, энэ дүнгээс 82,056,600 төгрөгийн санхүүжилт олгогдоод, 150,000,000 төгрөгийн санхүүжилтийг цахим системээс нэхэмжлэх боломжгүй болоод авч чадаагүй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр, 700,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлээд энэ дүнгээрээ нэхэмжлэх оруулах гэхээр 200,000 төгрөгөөр л хүлээж авна. Эсхүл 300,000 төгрөгөөр хүлээж авна ямар ч сонголт байхгүй. Үүнээс болоод 700,000 төгрөгийн санхүүжилтийг оруулахдаа 250,000 төгрөг гэж оруулахаас өөр сонголтгүй учраас 250,000 төгрөг гэж оруулаад, 450,000 төгрөгийг нэхэмжлэх боломжгүй болгоод байдаг. Энд холбогдох сарууд нь сая дурдсан 2023 оны 01 дүгээр сар, дээрээс нь 08-12 дугаар сар, 2024 оны 01, 02 дугаар сар. 2023 оны 08 дугаар сараас хойш дандаа дээрх тохиргоогоор явсан. Сар болгон дээр тодорхой хэмжээний зөрөөнүүд гарсаар байгаад нийт дүн гарч байгаа. Үүн дээр нэмэгдээд бас нэг асуудал байгаа нь Ковид-19 цар тахлын тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой асуудал. 2021 онд ******* сувилал Ковид-19 цар тахлын тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлсэн. Тухайн үед цар тахал гараад ******* аймгийн төвд сургуулийн дотуур байранд хүүхдүүд Ковид-19 цар тахал туссан. Тэдгээр хүүхдүүдийг сувилал болон эмнэлгүүд рүү хуваарилж эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар “эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага гэдэг утгаараа иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүргийнхээ хүрээнд хүмүүсийг ор дэлгээд хэвтүүлэн эмчил, тусгаарла” гэдэг асуудлыг ярьсан. ******* сувилалд нийт 47 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэхээр хуваарилаад, эмчилгээний төлбөр 51,960,000 төгрөг болсон боловч нэхэмжлэхээ явуулахад 21,581,000 төгрөгийн санхүүжилтийг олгоод, үлдсэн 28,420,000 төгрөгийн санхүүжилт буюу 23 хүүхдэд оногдох санхүүжилтийг олгоогүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.15. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... гэрээ хийснээс хойш 2022 оны 09-11 дүгээр саруудын санхүүжилт олгохгүй талаарх шийдвэрийг нэхэмжлэгч гардаад авчихсан. Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/31 дугаар албан бичиг ирүүлсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07/474 дүгээр албан бичгээр хариу хүргүүлснийг хүлээж авсан. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан ч энэ хугацаанд багтаж гомдол гаргаагүй. Мөн Чанар, төлбөрийн хяналтын журмын 4.2.1.2-т хасагдсан тохиолдлоор гомдлоо 5 хоногийн дотор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гаргана гэж заасан. Гэтэл гомдол гаргахгүй байсаар 2024 онд гомдол гаргасан. Гомдол гэхээсээ илүү “санхүүжилт өгөхгүй байна” гэдэг агуулгаар хандаад, тэрнийх нь хариу өгөнгүүт 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 08 дугаар тогтоол гарч гэрээнд өөрчлөлт орсон. Үндэслэх хэсэгт нь “нэгдүгээр хавсралтад өөрчлөлт оруулахаар” гэж заасан. Гэрээний өөрчлөлт гээд 2.1-т мөн заасан. Нэгдүгээр хавсралтад тусгагдсан тусламж үйлчилгээний төрөл, оношийн хамааралтай бүлгийн код, нэр, үйлдлийн ангилал, тоо, хэмжээ, төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн болохоор энэ гэрээнд өөрчлөлт оруулж байна гээд заачихсан. Энэ тийм ч ойлгомжгүй асуудал биш. Сувилал сэргээн засах болон уламжлалтаар үйлчилгээ үзүүлнэ гэж хууль заасан гэдэгтэй маргахгүй. Зөвхөн сувиллын тусламж үйлчилгээг худалдаж авахаар гэрээ байгуулсан. Тэрнээс сувилалтай хамааралтай бүх үйлчилгээг худалдаж авсан юм биш. Цар тахалтай болон 08, 09 дүгээр сарын нэхэмжлэлтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлтийн 12 дугаар тогтоолд заасан хугацаанд гомдол гаргаагүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…******* сувиллын хувьд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулахдаа нийт 9 оношийн хамааны бүлгээр тэнцэж, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Энэ хугацаанд санхүүжилттэй холбоотой асуудлууд олон гарсан. Тодруулбал, санхүүжилтийг бүрэн олгодоггүй байсан. Гэрээнд зааснаар жишээлбэл, иргэнээс 50,000 төгрөгийн үйлчилгээг үзүүлээд авна, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 600,000 төгрөгийг аваад нийт 650,000 төгрөгийн үйлчилгээ гэдэг байдлаар оношны хамааралтай бүлгээр тохирч гэрээ байгуулсан боловч иргэнээс 50,000 төгрөг аваад “650,000 төгрөгөө авъя, иргэнд үйлчилгээ үзүүлчихлээ” гээд нэхэмжлэх явуулахаар ямар нэг үндэслэлгүйгээр 300,000 эсхүл 350,000 төгрөгийг олгоод бусдыг нь олгодоггүй. Яагаад хасаж олгож байгаа нь ойлгомжгүй асуудлууд байдаг. ******* сувилал ямар нэг алдаа зөрчил гаргаад, эсхүл нэхэмжлэх ёсгүй мөнгө нэхэмжлээд, тухайн оношны хамааралтай бүлгийн кодыг нь ахиулах замаар нэхэмжлэх явуулсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зөрчлийн санд ******* сувилалтай холбоотой зөрчил бүртгэгдэж байгаагүй. 2022 оны 09-11 дүгээр сарыг нэхэмжлэхийн дүнгээс нь хасаж санхүүжилт олгосон.
2021 онд ******* сувилал Ковид-19 цар тахлын тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлсэн. Тухайн үед цар тахал гараад ******* аймгийн төвд сургуулийн дотуур байранд хүүхдүүд Ковид-19 цар тахал туссан. Тэдгээр хүүхдүүдийг сувилал болон эмнэлгүүд рүү хуваарилж эхэлсэн. ******* сувилалд нийт 47 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэхээр хуваарилаад, эмчилгээний төлбөр 51,960,000 төгрөг болсон боловч нэхэмжлэх явуулахад 21,581,000 төгрөгийн санхүүжилтийг олгоод, үлдсэн 28,420,000 төгрөгийн санхүүжилт буюу 23 хүүхдэд оногдох санхүүжилтийг олгоогүй. Яагаад дутуу олгосон талаар асуухад “хүүхэд бараг цар тахал тусаагүй байсан, хөнгөн хэлбэрээр туссан байсан” гэж тайлбарласан. Гэтэл ******* аймгийн Боловсролын газраас аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс рүү “Энэ сувилал 47 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Дотуур байранд амьдарч байсан хүүхдүүд мөн учраас санхүүжилтийг нь олгож өгөөрэй” гэдэг агуулгатай албан бичиг хүртэл явж байсан ч санхүүжилтийг бүрэн олгоогүй.
Хариуцагчийн зүгээс газар дээрх хяналт хийгээгүй байсан учраас дээрх саруудын санхүүжилтийг олгохгүй гэдэг. Гэтэл бид гэрээ байгуулж, талууд гарын үсэг зураад тухайн өдрөөс эхлээд хүчин төгөлдөр болсон. Хариуцагч талаас “Хэзээ газар дээрх хяналт хийх нь бидний дур. Тэрнээс хойш та нар санхүүжилтээ аваарай” гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, бүдүүлэг байна. Учир нь 3 жилийн хугацаатай гэрээ байгуулчхаад гурав дахь жилд нь газар дээрх хяналтаа хийвэл энэ хүмүүс гэрээ байгуулсны ямар хэрэгтэй юм бэ. Гэрээний хавсралтад заасны дагуу тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой юм байна гэдэг итгэл үнэмшлийг аваад үйл ажиллагааг явуулсных нь төлөө “газар дээрх хяналт хийлгээгүй” гэж болохгүй. Газар дээрх хяналт хийх үүрэг нь хариуцагчид байдаг ч “хийлгээгүй” гэж тайлбарлаад байдаг. Газар дээрх хяналт хийх гээд ирэхэд нь нэхэмжлэгчийн зүгээс хойшлуулж байсан удаагүй. Тиймээс гэрээ хүчин төгөлдөр болоод, гэрээг мөрдөж эхэлсэн өдрөөс хойш энэ тарифаар бид тусламж үйлчилгээ үзүүлээд төлбөр мөнгийг нь авах ёстой байсан буюу 2022 оны 09-11 дүгээр сарын санхүүжилтийг маргаангүй авах ёстой гэж үзэж байна.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч компанийн захирал болон эмч нар, ажилтнуудыг сонсохоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулсан гэрээ болон хэрэгжүүлж байгаа захиргааны актуудаа өөрөө биелүүлдэггүй. Эсрэгээрээ энэ компанид эдийн засгийн болон бусад байдлаар хохирол учруулсан нөхцөл байдал харагддаг. Цар тахлын үйлчилгээтэй холбоотой асуудалд ч Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг маш анхааралтай авч үзэхээр байгаа юм. Ковид-19 цар тахлын хүнд хэцүү цаг үед байсан бид бүгдээр мэдэж байна. Олон хүүхдүүд цар тахлын халдвар авч тэд нарыг тусгаарлаж эмчлэхийг сувиллуудад үүрэг болгосон. Бид хувийн байгууллага учраас ямар нэг байдлаар зардал гарч таарна. Цар тахлын цаг үед халдвар хамгаалал, тусгаарлалт гээд хэвийн зардлууд өндөр гардаг байсан. Үүнтэй холбоотой санхүүжилтийг олгоно, хүүхдүүдийг тусгаарлаад, эрүүл саруул болго гээд үүрэг болгоход нь сувиллын байгууллага үүргээ биелүүлчихсэн. Гэтэл дараа нь мөнгөө шаардахаар “эрүүл хүүхдүүд байсан байна” гэдэг агуулгатай албан бичиг өгсөн. Аймгийн Боловсролын газар болон Онцгой штаб үүрэг болгосны дагуу хэвтүүлээд эмчилчихсэн учраас санхүүжилтийг шийдэж өгөхийг хүссэн албан бичгүүдийг хүргүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар талыг нь өгчхөөд, үлдсэн талыг нь яагаад өгөхгүй байгаа талаараа үндэслэлтэй тайлбарласан зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх, бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмууд ноцтой зөрчигдсөн.
Гэрээ байгуулаад ямар үйлчилгээ үзүүлж болохыг хавсралтаар тохирсон. Мөн мэйл ирсэн. Энэ үйлчилгээг бид үзүүлж болох юм байна гээд гэрээнд заасны дагуу үнэ хөлсөө тохирчихсон. Магадлан итгэмжлэгдээд, сонгон шалгаруулалтад тэнцчихсэн учраас үйлчилгээ үзүүлж болох юм байна гээд гэрээндээ заасан үйлчилгээгээ хүмүүст нь үзүүлээд НӨАТ-ын баримт шивээд, бүх зардлуудыг гаргаад, цалин хөлс өгчихсөн ч санхүүжилт олгоогүй. Тэгсэн хэр нь цахим системээс нь харахаар “олгох” гэчхээд бид нарт олгохгүй гэдэг байдлаар хариу өгөөд байсан. Энд мөн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна. Одоо олон өр зээлтэй, ажилчид нь цалин хөлсөө нэхсэн байдалтай байна. Хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлсэн учраас ажилтнууд нь захирлаа үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ мөнгийг авч байгаа л гэж ойлгож байгаа. Байгууллага санхүүгийн маш олон эрсдэл хүлээгээд өнөөдрийг хүртэл хохироод явж байна гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.
Гаргасан захиргааны акт болон татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус байна. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой. Магадгүй цахимаар ч юм уу, цаасаар хараад үйлчилгээнүүдийг бодитоор үзүүлсэн гэдэгт эргэлзэж болно. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийг баримтлаад анхан шатны өвчний түүхүүдийг харах, үйлчилгээг журмын дагуу үзүүлсэн эсэхийг хянах, тусламж үйлчилгээ авсан хүмүүсээс тайлбар тодруулга авах зэргээр нөхцөл байдлыг тодруулж болох байсан. Энэ хугацаанд хариуцагчийн өгч байсан татгалзал, тайлбарууд маш ойлгомжгүй. Санхүүжилт олгох эсэх нь тодорхойгүй байсан. Тодорхой байх захиргааны актын шинжийг хангадаггүй.
Нэхэмжлэгчийн зүгээс ерөнхий газарт гомдол гаргасны дараа хариу өгөхгүй байж байгаад шууд квот хязгаарлах албан бичиг ирүүлсэн. Үүнээс хойш нэхэмжлэл гаргасны дараа цахим системд хандах эрхийг нь хаасан. Энэ байгууллага өнөөдрийг хүртэл ямар нэг тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй, хаалгаа барих эсэх нь мэдэгдэхгүй байж байна. Нэхэмжлэл гаргасан гэж хааж боож байгаа мэт нөхцөл байдал харагдаж байна. Дараа жил энэ байгууллагын үйл ажиллагаа явагдах бүх юмнууд нь хаагдаж байна. Одоо бид нартай шүүхэд маргачхаад дараа жил квот яригдах уу, дараа жилийн гэрээ байгуулагдах уу гээд гэрээний хугацаа дуусаж байгаатай холбоотой асуудлууд байна. Шүүх шударгаар шийдвэр гаргаж энэ байгууллагын зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээж, захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэрээ байгуулахдаа гэрээний хавсралтад тухайн сувилал эрүүл мэндийн ямар төрлийн тусламж үйлчилгээг даатгалын санхүүжилтээр хийж гүйцэтгэх талаар болон тоо хэмжээ, төрлүүдийг нэг бүрчлэн тусгаж өгсөн. Олон улсын кодоор болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан Чанар төлбөрийн хяналтын журам, оношийн хамааралтай бүлгийн өртгийн жинг баталсан тогтоолуудад үндэслэгдэж гаргасан. Оношийн хамааралтай бүлгээр нь ангилаад, тухайн оношийн хамааралтай бүлгийн кодод заасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой эсэхийг сонгон шалгаруулалтаар шалгаруулаад ******* сувилалд 10 төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд олгох боломжтой гэж гэрээ байгуулчихсан. Гэрээний хавсралтаар талууд оношийн хамааралтай бүлгийн код, өртгийн жинг баталсан.
Маргаан бүхий асуудлын үндсэн гол шүүхээр шийдвэрлүүлэх гээд байгаа асуудлын эхнийх нь, цахим систем зөвхөн ангилагдаагүй бусад гэдэг байдлаар нэхэмжлэхийг хүлээж авдаг болсон. Ангилагдаагүй бусад гэдэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр 230,000 төгрөг сүүлд 250,000 м*******н төгрөг болж өөрчлөгдсөн. Гэтэл манайх жишээлбэл гэрээний хавсралтад заасан тархи мэдрэлийн гаралтай сэргээн засах хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ гээд 350015 оношийн хамааралтай бүлгийн кодтой сэргээн засах үйлчилгээг үзүүлж байна. Энэ үйлчилгээний төлбөр талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад зааснаар 1,771,000 төгрөг. Даатгалаас 100 хувь буюу 1,771,000 төгрөгийг төлнө, иргэнээс мөнгө авахгүй. Үүнийг гүйцэтгэлээр буюу газар дээрх хяналт хийгээд энэ мөнгийг нь олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж гэрээнд заасан. Нэхэмжлэлд дурдаад байгаа маргаан бүхий саруудад нэхэмжлэлийн хяналтыг хийсэн. Нэхэмжлэлийн хяналт хийгээд аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн байцаагч нар энэ мөнгийг олгохыг хүссэн албан бичгийг ерөнхий газар руу явуулаад байхад олгохгүй шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд хууль бус татгалзал юм. 1,771,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлчхээд цахим системээр нэхэмжлэхээр 1,771,000 төгрөгийг 230,000 төгрөг болгож цахим системээр хасалт хийгээд байгаа үйлдэл нь бүхэлдээ хууль бус.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлээд тухайн маргаан бүхий саруудад аж ахуй нэгжийн орлогын албан татвараа энэ мөнгийг олгоно гэж тооцоод татвар тайлагнаад, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг нь шивээд өгчхөж байгаа юм. Тухайн саруудад эмч, сувилагч, бусад ажилчдынхаа цалин хөлсийг нь олгоод, нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлчихсөн. Гэтэл энэ хууль ёсны итгэлийг нь зөрчиж тухайн гэрээнд заасан үнийн дүнг хууль бусаар хасаж, багасгаж байгаа үйлдлүүд нь бүхэлдээ хууль бус. Мэдээж хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим энэ мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх асуудал дээр яригдах учраас тухайн тусламж үйлчилгээний төлбөрийг нэхэж байгаа энэхүү маргаан бүхий харилцаанд үйлчилнэ гэж үзэж байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол тухайн төлбөрийг гүйцэтгэх нь хариуцагч байгууллагын үүрэг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.8.7-д заасны дагуу хянана. 14.8.7-д заасан журам нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 онд баталсан 12 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралт буюу Чанар, төлбөрийн хяналтын журам юм. Тус журмын үндсэн зорилго бол тухайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанартай эсэхийг хянах. Тэрнээс биш үзүүлсэн тусламж үйлчилгээнийх нь өртөг нь их, бага гэдэг асуудлыг хянахгүй. Төлбөртэй холбоотой асуудал гүйцэтгэхгүй. Дээрх журмын 4.3-т нэхэмжлэхийн хяналт хийх гэж байгаа бол зөвхөн энэ журмыг баримтална гэж заасан. 12 дугаар тогтоол буюу Чанар, төлбөрийн хяналтын журмын нэгдүгээр хавсралтад заасан нэхэмжлэлийн хяналтын шалгуураар хянана. Энэ шалгуураар хянах ёстой байтал хариуцагч байгууллагаас хяналт хийгээгүй. Хийгээгүй гэдэг нь хариу тайлбар, албан бичгүүдээр нотлогдоно. Төлбөрийн хяналт хийгээгүй хэр нь төлбөрийг нь олгоно, олгохгүй гэдэг шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуульд үндэслээгүй байна.
Чанар, төлбөрийн хяналтын журамд төлбөрийг олгохгүй байх 3 нөхцөлийг дурдсан. Нэгдүгээрт хуурамч нэхэмжлэх илгээх, хоёрдугаарт нь оношийн хамааралтай бүлгийн кодыг ахиулах, гуравдугаарт үзүүлээгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн тохиолдолд санхүүжилт олгохгүй байхаар заасан. Бусад тохиолдолд хянаж үзээд санхүүжүүлнэ. Талуудын хооронд байгуулсан гэрээнд мөн санхүүжилт олгохгүй байх 3 нөхцөл заасан. ******* сувилал зөрчил гаргасан тохиолдол байхгүй. Хэрэв дээрх зөрчлийг гаргавал улсын байцаагч зөрчил үйлдсэн эсэхийг шалгаж тогтоогоод, зөрчлийн акт үйлдэж, зөрчлийн санд бүртгээд төлбөр олгохоос татгалздаг. Гэтэл тийм зүйл байхгүй. Төлбөр олгохоос татгалзах үндэслэл, нөхцөл байдал бий болоогүй байхад татгалзаж байгаа нь тухайн шийдвэр хууль бус байгааг илтгэж байна. Санхүүжилт олгохоос татгалзсан шийдвэрийг гаргахдаа ямар нэг хууль, дүрэм журамд үндэслээгүй гэдгийг илтгэж байна.
Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Тодруулбал, нэхэмжлэхийг хянах зорилго нь тухайн тусламж үйлчилгээ чанартай эсэх, иргэн, даатгуулагчид энэ тусламж үйлчилгээг үзүүлсэн эсэхийг хянах юм. Гэтэл тусламж үйлчилгээ чанартай эсэх, тусламж үйлчилгээ үзүүлсэн эсэхээс үл хамаараад хяналт хийхгүйгээр татгалзаад байгаа буюу шууд цахим системээр өртгийн жинг нь бууруулж ангилагдаагүй бусад гэдэг байдлаар нэхэмжлэх илгээхээс өөр аргагүй нөхцөл байдалд оруулж байгаа үйлдэл нь нэхэмжлэхийг хянах зорилго, эрүүл мэндийн даатгалаас даатгуулагчийн мөнгийг өмнөөс нь захиран зарцуулах, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зорилт, зорилго, талуудын хооронд байгуулсан гэрээний зорилт, зорилгод нийцэхгүй байна. Бодит байдалд огт тохирохгүй байна. Аливаа захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий байх ёстой байтал ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр санхүүжилт олгохоос татгалзаж байна” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндсэн шаардлага, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулахдаа гэрээний нэгдүгээр хавсралтаар гэрээний тоо хэмжээ, үзүүлэх тусламж үйлчилгээг заасан. Гэхдээ гэрээнээс үзвэл 40 гээд хаалт дотор “газар дээрх хяналт” гэж бичсэн. Зөвхөн ангилагдаагүй бусад дээр газар дээрх хяналт гэж байхгүй. Тайлбар хэсэгт, “Хэрэв тоо хэмжээ гэсэн хэсэгт газар дээрх хяналт гэсэн тэмдэглэгээ байвал тухайн тоо хэмжээг газар дээр хийгдсэн хяналт, үнэлгээний үр дүнг харгалзан нэхэмжлэх эрхийг нь нээж өгнө” гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, газар дээрх хяналт хийгдээд, үр дүнг нь харгалзан нэхэмжлэх эрх нь нээгдэнэ гэсэн үг.
Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 09, 10, 11 дүгээр саруудын нэхэмжлэхэд газар дээрх хяналт хийгдээгүй байх үед өөрсдөө үзүүлээд тэрийгээ нэхэмжилсэн нэхэмжлэлүүд. Эрх нь нээгдээгүй байхад үзүүлсэн тусламж үйлчилгээ байна. Газар дээрх хяналтын үр дүн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарсан учраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш тав хоногоо тоолоод 12 дугаар сард эрх нь нээгдэнэ гэж ойлгох ёстой. Гэрээг талууд харилцан тохиролцож хийсэн.
Манай байгууллага даатгуулагчийг төлөөлөөд, ******* сувилал эрүүл мэндийн байгууллагыг төлөөлөөд гэрээ байгуулсан. Эрх нь 11 дүгээр сарын 29-ний өдөр газар дээрх хяналт хийгдсэнээс хойш үүснэ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8 дугаар тогтоолын хавсралтын 708-д “сувиллын тусламж үйлчилгээ” гээд нэг болгож заасан. Ингэснээр 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар нэмэлт гэрээг хийсэн. Нэмэлт гэрээний хавсралтад мөн заасан. Тогтоол дээр “сувиллын тусламж үйлчилгээ” гээд нэг л болж өөрчлөгдсөн. Энэ бол 08 дугаар сарын нэхэмжлэхээс хойш байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмын 11.1-д 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаар тогтоолоор нэмж орж ирсэн. Нэгдсэн сонгон шалгаруулалт зарлаж, гэрээ байгуулагдсан тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний жагсаалтаас хассан тохиолдолд тухайн тусламж үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагын гэрээнээс тус тусламж үйлчилгээтэй холбогдох хэсгийг хассанд тооцно гэж оруулсан. Тэгэхээр нэхэмжлэгч зөвхөн сувиллын тусламж үйлчилгээ үзүүлнэ, бусад оношийн хамааралтай бүлгүүд буюу сэргээн засах зэрэг нь дээрх заалтаар хасагдана.
А/139 дүгээр тушаал энд огт хамааралгүй. Тус журмыг бид баримтлаагүй. Харин Чанар, төлбөрийн хяналтын журамтай холбоотой асуудал. Нэхэмжлэлийн хяналтыг 3 үе шаттай хийнэ. Нарийвчилсан хяналт, нэмэлт хяналтыг ******* сувилалд хийгээгүй. Цахим хяналтыг л хийж байсан. Чанар, төлбөрийн хяналтын журамд заасан 3 зөрчлийн талаар нэхэмжлэгч тал тайлбарлалаа. Бид нэхэмжлэхийг хянаад, нарийвчилсан хяналт хийгээд юм уу эсхүл санхүүжүүлэхгүй гэсэн юм яриагүй. Зөвхөн гэрээг баримталсан. Гэрээнд танайх газар дээрх хяналт хийлгээд, эрхээ нээлгэчихсэн бол эрх нээгдсэнээс хойших нэхэмжилсэн мөнгийг манайх олгоод явна. Тэрнээс биш илүү нэхэмжилсэн байна, код ахиулсан байна гэж хяналт хийгээд мөнгөн дүнг хаасан зүйл байхгүй. 2022 оных 09-11 дүгээр сард газар дээрх хяналт хийгдээгүй, эрх нь нээгдээгүй учраас ангилагдаагүй бусдаар санхүүжилт нь олгогдоод явсан болохоос биш А/139, 12 дугаар тогтоолтой огт хамааралгүй.
Мөн 12 дугаар гүйцэтгэлийн нэхэмжлэх нь ирээгүй. Үзлэг хийхэд хүртэл нэхэмжлэл гарч ирээгүй. 2024 оны нэхэмжлэл мөн байхгүй. 2023 оны 02 дугаар сард 12, 01, 02 дугаар сарынхыг нэхэмжилсэн гэж тайлбарладаг. Тэрийг нь олгочихсон мэт харагдаж байна. Нэхэмжлэлд байгаа 2023 оны 01 дүгээр сарын нэхэмжлэл нь ирээгүй. 2023 оны 08-11 дүгээр сарын мөнгөнүүдийг программ хаагдсанаас болоод авч чадаагүй гэдэг. Хаагдана шүү дээ. Учир нь 08 дугаар сарын 01-ний өдөр ганцхан тусламж үйлчилгээнд гэрээ байгуулна гээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гараад, гэрээгээ байгуулж албажуулаад хавсралтдаа заачихсан. Энэ мөнгөөр нэхэмжлэх болохоос биш өмнөх гэрээн дээр байсан тусламж үйлчилгээг үзүүлсэн нэхэмжлэлээр нэхэмжлэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн алданги нэхэмжилж байна. Алдангийг гэрээгээр зохицуулсан. Гэхдээ тухайн сарын нэхэмжлэлийн мөнгийг тодорхой заасан өдрөөс хойш алданги нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Хуульд ч энэ талаар заасан. Гэтэл санхүүжилт өгөх хугацааг гэрээнд тодорхой заасан зүйл байхгүй учраас нэхэмжлэгч талыг алдангийн хугацааг хэрхэн тооцоод байгааг ойлгохгүй байна.
Ковид-19 цар тахалтай холбоотой асуудлын шийдвэр нэгэнт гараад хариуцагч байгууллага хүлээж авсан. Мөн гэрээ хийснээс хойш 2022 оны 09-11 дүгээр саруудын санхүүжилт олгохгүй талаарх шийдвэрийг гардаад авчихсан. Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/31 дугаар албан бичиг ирүүлсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07/474 дүгээр албан бичгээр хариу хүргүүлснийг хүлээж авсан. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан ч энэ хугацаанд багтаж гомдол гаргаагүй. Мөн Чанар, төлбөрийн хяналтын журмын 4.2.1.2-т хасагдсан тохиолдлоор гомдлоо 5 хоногийн дотор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гаргана гэж заасан. Гэтэл гомдол гаргахгүй байсаар 2024 онд гомдол гаргасан. Гомдол гэхээсээ илүү “санхүүжилт өгөхгүй байна” гэдэг агуулгаар хандаад, хариу өгөхөд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 08 дугаар тогтоол гарч гэрээнд өөрчлөлт орсон. Үндэслэх хэсэгт нь “нэгдүгээр хавсралтад өөрчлөлт оруулахаар” гэж заасан. Гэрээний өөрчлөлт гээд 2.1-т мөн заасан. Нэгдүгээр хавсралтад тусгагдсан тусламж үйлчилгээний төрөл, оношийн хамааралтай бүлгийн код, нэр, үйлдлийн ангилал, тоо, хэмжээ, төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн болохоор энэ гэрээнд өөрчлөлт оруулж байна гээд заачихсан. Энэ тийм ч ойлгомжгүй асуудал биш. Сувилал сэргээн засах болон уламжлалтаар үйлчилгээ үзүүлнэ гэж хуульд заасан гэдэгтэй маргахгүй.
Зөвхөн сувиллын тусламж үйлчилгээг худалдаж авахаар гэрээ байгуулсан. Тэрнээс сувилалтай хамааралтай бүх үйлчилгээг худалдаж авсан юм биш. Цар тахалтай болон 08, 09 дүгээр сарын нэхэмжлэлтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлтийн 12 дугаар тогтоолд заасан хугацаанд гомдол гаргаагүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “*********” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Нэхэмжлэгчээс хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгогдоогүй санхүүжилт олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох нийт 807,577,300 төгрөгийн санхүүжилтийг “*********” ХХК-д олгохыг даалгах” шаардлагын тухайд:
1.1. Юуны өмнө энэхүү эрх зүйн маргаан нь сонгодог захиргааны актын маргаан биш бөгөөд харин Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан захиргааны гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхтэй холбоотой маргаан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нийт дүнгийн задаргаа, түүнд хамаарах хугацааны үечлэлийг задлан тодруулбал:
1.3. 2022 оны тухайд:
1) 9 сард 120 хүнд уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж 64,429,150 нэхэмжилсэн боловч олгогдоогүй;
2) 10 сард 171 хүнд уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж 109,324,900 нэхэмжилсэн бөгөөд үүнээс 70,903,400 төгрөг олгогдоогүй;
3) 11 сард 97 хүнд уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж 52,827,500 нэхэмжилсэн боловч 29,758,500 төгрөг олгогдоогүй. Энэхүү 2022 оны 09 сар, 10 cap, 11 саруудад 388 хүнд уламжлалт анагаахын тусламж үйлчилгээг үзүүлж нийт 226,581,550 нэхэмжилснээс уламжлалтын чиглэлийн тусламж үйлчилгээний 165,091,050 төгрөгийн санхүүжилт олгогдоогүй.
1.4. 2023 оны тухайд:
1) 2023 оны 1 сард сэргээн засах болон уламжлалтын 189,431,250 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим системийн тохиргооноос шалтгаалж 83,656,250 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 82,056,600 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас 105,775,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болж, авч чадаагүй.
2) 2023 оны 8 сард 176 хүнд сэргээн засах болон уламжлалтын 101,500,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим системийн тохиргооноос шалтгаалж 50,058,750 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 49,308,750 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас 51,441,250 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болж, авч чадаагүй.
3) 2023 оны 9 сард 138 хүнд сэргээн засах болон уламжлалтын 96,600,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим системийн тохиргооноос шалтгаалж 34,500,000 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 34,500,000 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас 62,100,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болж, авч чадаагүй.
4) 2023 оны 10 сард 88 хүнд сэргээн засах болон уламжлалтын 61,600,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим системийн тохиргооноос шалтгаалж 22,000,000 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 21,750,000 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас 39,600,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болж, авч чадаагүй.
5) 2023 оны 11 сард 158 хүнд сэргээн засах болон уламжлалтын 110,600,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим системийн тохиргооноос шалтгаалж 39,500,000 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 39,500,000 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас 71,100,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болж, авч чадаагүй.
1.5. 2024 оны тухайд:
1) 2024 оны 01 болон 02 сард нийт 172 хүнд сэргээн засах болон уламжлалтын 284,050,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим систем хүлээж аваагүй бөгөөд 2024 оны 02 сарын нэхэмжлэх илгээх өдрийн байдлаар 229,239,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байсан тул тус дүнгээр нэхэмжлэхийг албан бичиг болон цахим шуудангаар хариуцагчид хүргүүлсэн. Мөн тус нэхэмжлэхийг илгээснээс хойш 2024 оны 02 сарын 29-ний өдрийг дуустал 54,811,000 төгрөгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 2024 оны 01 болон 02 саруудад нийт 284,050,000 төгрөг тусламж үйлчилгээг үзүүлсэн боловч санхүүжилтийг олгоогүй гэж нэхэмжлэгч тайлбарлан маргасан.
1.6. Дээрх хугацааны үечлэлд хамаарах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хүрээнд шүүх дараах тухайлсан эрх зүйн дүгнэлтүүдийг хийлээ. Тодруулахад:
1.7. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гээд, мөн зүйлийн 3.1.8 дахь заалтад “даатгалын гэрээ гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг;” гэж заажээ.
1.8. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ.” гэж, 10.2 дахь хэсэгт “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна.” гэж тус тус зохицуулжээ.
1.9. Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай *******дугаартай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээ”-г 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан ба энэ үйл баримттай талууд маргаангүй.
1.10. Тус гэрээний 1 дүгээр хавсралтаар[10] “******* сувиллын үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ”-г талууд тохиролцсон бөгөөд түүнд зааснаар 234361, 350014, 350015, 350016, 370011, 370017, 370019, 370020, 370021, 370024 оношийн хамаарлын бүлгийн код бүхий 10 төрлийн тусламж, үйлчилгээний төрөлд нэхэмжлэгч үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээний дагуу төлбөр нэхэмжлэх боломжтой байхаар байна.
1.11. Ингэхдээ дээрх хавсралтад заасан гэрээгээр тохиролцсон төлбөрийг “дан гүйцэтгэлээр, эсхүл газар дээрх хяналт бүхий гүйцэтгэлээр, эсхүл газар дээрх хяналт бүхий тодорхой тооны гүйцэтгэлээр” олгохоор тохиролцсон байна.[11]
1.12. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй 2022 оны болон 2023 оны 01 дүгээр сард олгогдоогүй санхүүжилтийн тухайд, хариуцагчаас “... Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудын нэхэмжлэхэд газар дээрх хяналт хийгдээгүй байх үед өөрсдөө үйлчилгээ үзүүлээд тэрийгээ нэхэмжилсэн нэхэмжлэлүүд. Эрх нь нээгдээгүй байхад үзүүлсэн тусламж үйлчилгээ байна. Газар дээрх хяналтын үр дүн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарсан учраас 2022 оны 12 дугаар сард эрх нь нээгдэнэ гэж ойлгох ёстой ...” гэх агуулгаар, нэхэмжлэгчийн зүгээс “... газар дээрх хяналт нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох эсэх шийдвэрт шууд нөлөөлөхгүй, газар дээрх хяналтыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэг удаа хийхээс өмнө манай байгууллага ******* аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст нэхэмжлэхүүдийг хянуулаад явж байсан ...” гэх агуулгаар маргасан.
1.13. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт “Үндэсний зөвлөл дараах эрхтэй:” гээд, мөн зүйлийн 14.8.7 дахь заалтад “даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах;” гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”[12], тус тогтоолын 2 дахь заалтын 2.1-д тусгасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Нэхэмжлэлийг хянах журам”[13] тус тус батлагджээ.
1.14. Гэвч Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2024/0094 дугаартай хяналтын тогтоолоор[14] Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дугаар тушаалаар батлагдсан “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
1.15. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь заалтад “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж зааснаар хоёр өөр эрх зүйн үр дагаврыг хуульчилсан байдаг бөгөөд шүүхээс захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон энэ тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний актыг эрх зүйн үйлчлэлгүй гэж үзнэ.
1.16. Иймээс энэ маргаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг шүүх хэрэглэхгүй.
1.17. Харин Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.1-д “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас худалдан авах тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналт нь дараах төрлүүдтэй байна. Үүнд:” гээд 1-рт, Нэхэмжлэлийн хяналт, 2-рт, Эрүүл мэндийн байгууллага дээр очиж хийх хяналт, шалгалт, 3-рт, Эмнэл зүйн аудит, 4-рт, Чанарын үнэлгээ, 5-рт, Гэрээний гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтээр үнэлэх гэсэн төрлүүдтэй байхаар зохицуулжээ.
1.18. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай *******дугаартай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээ”-ний 1 дүгээр хавсралтад заасан “Газар дээрх хяналт” гэх ойлголт нь дээрх журмын 3.1.2-т заасан “Эрүүл мэндийн байгууллага дээр очиж хийх хяналт, шалгалт”-ын төрөл байна.
1.19. Энэ тохиолдолд журмын 3.2-т “3.1.1-д заасан нэхэмжлэлийн хяналт нь эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд үндэслэн төлбөр төлөх тухай илгээсэн хүсэлт буюу нэхэмжлэлд ЭМДЕГ-ын зүгээс чанар, төлбөрийн хяналт хийж төлбөр төлөх үйл явц бөгөөд энэхүү журмын 3.1.2 ...-д заасан бусад хяналтын төрлүүдийн үр дүнд аливаа төлбөртэй холбоотой шийдвэрийг гаргахгүй.” гэж зохицуулсны дагуу эрүүл мэндийн байгууллага дээр очиж хийх хяналт, шалгалт буюу газар дээрх хяналт нь аливаа төлбөртэй холбоотой шийдвэрийг гаргах үндэслэл болохгүй байна.
1.20. Энэ агуулгаараа нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлтэй.
1.21. Мөн эрүүл мэндийн байгууллага дээр очиж хийх хяналт, шалгалт буюу газар дээрх хяналтын зорилго нь нэхэмжлэгчээс үзүүлж байгаа тухайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанартай явагдаж байгаа эсэхийг хянах явдал ба энэхүү хяналтыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (түүний орон нутаг дахь нэгж) хийх үүрэгтэй байгаа нь журмын зохицуулалтын хүрээнд маргаангүй бөгөөд хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэг удаа газар дээрх хяналтыг хийсэн[15] болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
1.22. Өөрөөр хэлбэл, “... Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудын нэхэмжлэхэд газар дээрх хяналт хийгдээгүй байх үед өөрсдөө үйлчилгээ үзүүлээд тэрийгээ нэхэмжилсэн нэхэмжлэлүүд. Эрх нь нээгдээгүй байхад үзүүлсэн тусламж үйлчилгээнд санхүүжилт олгохгүй ...” гэх агуулгатай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
1.23. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “2022 оны 9 сард 120 хүнд уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж 64,429,150 нэхэмжилсэн боловч олгогдоогүй; 10 сард 171 хүнд уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж 109,324,900 нэхэмжилсэн бөгөөд үүнээс 70,903,400 төгрөг олгогдоогүй; 11 сард 97 хүнд уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж 52,827,500 нэхэмжилсэн боловч 29,758,500 төгрөг олгогдоогүй. Энэхүү 2022 оны 09 сар, 10 cap, 11 саруудад 388 хүнд уламжлалт анагаахын тусламж үйлчилгээг үзүүлж нийт 226,581,550 нэхэмжилснээс уламжлалтын чиглэлийн тусламж үйлчилгээний 165,091,050 төгрөгийн санхүүжилт олгогдоогүй, 2023 оны 1 сард сэргээн засах болон уламжлалтын 189,431,250 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим системийн тохиргооноос шалтгаалж 83,656,250 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 82,056,600 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас 105,775,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болж, авч чадаагүй” гэж тайлбарлаж байгаа үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан тооцооллуудаар[16] тогтоогдож байна.
1.24. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй 2023 оны 08, 09, 10, 11 дүгээр сард олгогдоогүй санхүүжилтийн тухайд, нэхэмжлэгч болон хариуцагч нар 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-г тухайлан дүгнэх шаардлагатай байна.
1.25. Учир нь, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 2023 оны 08 дугаар тогтоол шинэчлэн батлагдаж[17], хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой ******* дугаартай үндсэн гэрээний 1 дүгээр хавсралтад талууд өөрчлөлт оруулж, ******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-г[18] байгуулснаар өмнө хэрэгжиж байсан гэрээний нөхцөл өөрчлөгдсөн байна.
1.26. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс “... ******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-ээр *******дугаартай үндсэн гэрээний 1 дүгээр хавсралтын зөвхөн 1-д заасан 234361 оношийн хамаарлын бүлгийн кодтой “сэргээн засах ангилагдаагүй бусад” гэх тусламж үйлчилгээний төрлийг өөрчилж, 41390001 оношийн хамаарлын бүлгийн кодтой “сувиллын тусламж үйлчилгээ” болгосон ба бусад 9 үйлчилгээ хэвээр үлдсэн” гэх агуулгаар, хариуцагчийн зүгээс “... Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 2023 оны 08 дугаар тогтоол шинэчлэн батлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч компанийн “*******” сувилалд зөвхөн 41390001 оношийн хамаарлын бүлгийн кодтой сувиллын тусламж үйлчилгээг санхүүжүүлэх гэрээ болгож өөрчилсөн” гэх агуулгаар маргасан.
1.27. Тодруулбал, ******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-ний талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар хүсэл зоригийн илэрхийллийн хувьд нэгдмэл биш ойлголттой байна.
1.28. Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ.
Тайлбар: “Нөхөн тохируулж хэрэглэх” гэж тухайн асуудлыг зохицуулсан заалт энэ хуульд байхгүй тохиолдолд Иргэний хуулиас нөхөж хэрэглэх бөгөөд түүнийг хэрэглэхдээ нийтийн эрх зүйн зарчимтай уялдуулан захиргааны үйл ажиллагаа болон захиргааны гэрээнд тохирч байгаа эсэхийг нягтлан шалгаж тохируулан хэрэглэхийг ойлгоно.” гэж заасан.
1.29. Талуудын хооронд байгуулсан ******* дугаартай үндсэн гэрээ болон ******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ” нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан шинжүүдийг хангасан захиргааны гэрээ болохын хувьд энэхүү гэрээтэй холбоотой үүссэн холбогдох маргаанд Иргэний хуулийн зохих зохицуулалтуудыг нөхөн тохируулж хэрэглэх боломжтой.[19]
1.30. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.”, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.” гэж тус тус зааснаар аливаа гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн бие бие рүүгээ харилцан чиглэсэн, агуулгын давхцал /консенс/ байдаг бөгөөд энэхүү хүсэл зоригийн илэрхийлэлд дутагдал /диссенс/ үүсвэл шүүх гэрээг тайлбарлах аргуудыг хэрэглэнэ.
1.31. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.” гэж, мөн зүйлийн 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.” гэж гэрээний хэм хэмжээний тайлбарын үг зүйн болон системчлэлийн, логикийн зэрэг бусад аргуудыг хуульчилжээ.
1.32. Гэрээг тайлбарлах үг зүйн аргын хүрээнд авч үзвэл, талуудын хооронд байгуулсан ******* дугаартай[20] гэрээний нэр нь “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ” буюу “нэмэлт гэрээ” гэж байх боловч гэрээг тайлбарлах системчлэлийн аргын хүрээнд авч үзвэл, тус гэрээний 1.1-д заасан Нийтлэг үндэслэл хэсгээс үзэхэд, “... 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *******дугаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн гэрээний нэгдүгээр хавсралтад өөрчлөлт оруулахаар ...” гэж зааснаас үзэхэд тус гэрээ нь нэмэлт гэрээ гэдэг нэртэй боловч хууль зүйн агуулгаараа үндсэн гэрээний 1 дүгээр хавсралтыг бүхэлд нь өөрчилсөн өөрчлөлт болох нь тогтоогдож байна.
1.33. Мөн гэрээг тайлбарлах логикийн аргын хүрээнд авч үзвэл, тус нэмэлт гэрээний 2.1-д “*******дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний нэгдүгээр хавсралтад тусгагдсан тусламж үйлчилгээний төрөл, оношийн хамааралтай бүлгийн код, нэр, үйлдлийн ангилал, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн тул уг гэрээнд өөрчлөлт оруулав.” гэсэн байгаагаас харахад энэ нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 2023 оны 08 дугаар тогтоол шинэчлэн батлагдсантай холбоотой гэж үзэхээр байна.
1.34. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 2023 оны 08 дугаар тогтоол батлагдахаас өмнө үйлчилж байсан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан[21] “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-нд заасан 234361, 350014, 350015, 350016, 370011, 370017, 370019, 370020, 370021, 370024 оношийн хамаарлын бүлгийн кодууд 2023 оны 08 дугаар тогтоолоор бүхэлдээ өөрчлөгдөж, урд талдаа 41 гэсэн оронг нэмсэн[22] болох нь тогтоогдов.
1.35. Мөн тус жагсаалтын 708-д[23] 41390001 оношийн хамаарлын бүлгийн кодтой “Сувиллын тусламж үйлчилгээ”-г шинээр зохицуулсан байна.
1.36. Дээрх тайлбарын аргуудын хүрээнд нэгтгэвэл, талуудын хооронд байгуулсан ******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-ээр[24] үндсэн гэрээний 1 дүгээр хавсралтыг бүхэлд нь өөрчилж, нэхэмжлэгч компанид зөвхөн 41390001 кодтой “сувиллын тусламж үйлчилгээ”-нд нь эрүүл мэндийн даатгалын сангаас 250 000 төгрөгийн санхүүжилт олгож байхаар харилцан тохиролцсон гэж дүгнэхээр байна.
1.37. Энэ агуулгаараа хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлтэй.
1.38. Хавтаст хэрэгт авагдсан тооцооллоос[25] үзэхэд, дээрх нэмэлт гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 08, 09 дүгээр сарын санхүүжилтийг бүрэн олгосон болох нь тогтоогдож байх бөгөөд харин 2023 оны 10 дугаар сард 250 000 төгрөг дутуу олгосон, 2023 оны 11 дүгээр сард 1 065 000 төгрөг дутуу олгосон болох нь тогтоогдлоо.
1.39. Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгчид олгох ёстой санхүүжилтийн дүнгийн зарим хэсгийг олгоогүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул 2022, 2023 оны хувьд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “хууль бус эс үйлдэхүй” гаргасан гэж үзэхээр байна.
1.40. Иймд энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.23-д заасан 2022 оны 9, 10, 11 дүгээр сард хамаарах 165,091,050 төгрөг болон 2023 оны 01 дүгээр сард олгогдоогүй 105,775,000 төгрөг, нийт санхүүжилтийн дүн болох 270,866,050 /хоёр зуун далан сая найман зуун жаран зургаан мянган тавин/ төгрөг дээр 1.38-д заасан 250,000 болон 1,065,000 төгрөгийг нэмж, нийт 272,181,050 /хоёр зуун далан хоёр сая нэг зуун наян нэгэн мянгантавин/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад бэхжүүлсэн “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-д нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
1.41. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тодорхойлсон “2022, 2023 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох нийт 807,577,300 төгрөгийн санхүүжилт”-ээс зарим хэсгийг буюу 272,181,050 /хоёр зуун далан хоёр сая нэг зуун наян нэгэн мянган тавин/ төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
1.42. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй 2024 оны 01, 02 дугаар сард олгогдоогүй санхүүжилтийн тухайд, нэхэмжлэгчийн зүгээс “2024 оны 01 болон 02 сард нийт 172 хүнд сэргээн засах болон уламжлалтын 284,050,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим систем хүлээж аваагүй бөгөөд 2024 оны 02 сарын нэхэмжлэх илгээх өдрийн байдлаар 229,239,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байсан тул тус дүнгээр нэхэмжлэхийг албан бичиг болон цахим шуудангаар хариуцагчид хүргүүлсэн боловч санхүүжилт олгоогүй” гэх агуулгаар, хариуцагчийн зүгээс “... ирүүлсэн нэхэмжлэл байхгүй” гэх агуулгаар маргасан.
1.43. Нэгэнт талуудын хооронд ******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ” байгуулагдаж хэрэгжиж байх тул энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон ... байх” зарчмын дагуу 2024 оны 01, 02 дугаар сард нэхэмжлэгч компанийн үзүүлсэн 41390001 кодтой “сувиллын тусламж үйлчилгээ”-нд нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох эсэх асуудлыг хариуцагч шийдвэрлэх нь хууль болон зарчимд нийцнэ.
1.44. Өөрөөр хэлбэл, энэ агуулгаар 2024 оны 01, 02 дугаар сард хамаарах хугацааны нэхэмжлэхийг шийдвэрлэлгүй орхигдуулснаараа хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан “эс үйлдэхүй” гаргасан байх бөгөөд тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан “шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” агуулгаар шийдвэрлэв.
1.45. Харин нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан “... ******* сувилал нь 2021 онд ковидын тусламжийг иргэдэд үзүүлсэн. Тодруулбал, Эрүүл мэндийн Сайдын 2019.09.09-ний өдрийн А/562 дугаар тушаалаар зарим сувиллуудад Ковид-19 халдвараар халдварласан хүмүүсийг тусгаарлах, эмчлэх үүргийг хүлээлгэсэн бөгөөд тус тушаалын хавсралтын 1 дэх хэсэгт манай "*******” сувиллыг хамруулсан байдаг. Улмаар тус тушаалын дагуу манай сувилал 47 хүнд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тухайн үед мөрдөгдөж буй тарифт 51,960,000 төгрөг нэхэмжилсэн боловч 21,580,000 төгрөгийн санхүүжилтийг олгож, үлдэх 28,420,000 төгрөгийг буюу 23 хүнд оногдох санхүүжилтийг хууль бусаар олгоогүй ...” гэх хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй.
1.46. Учир нь, энэхүү эрх зүйн маргаан нь талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан ******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой бөгөөд энэхүү гэрээ үйлчилж эхлэхээс өмнөх хугацааны буюу 2021 онд хамаарах ковид-19 цар тахлын тусламж, үйлчилгээний хувьд хамааралгүй юм.
1.47. Харин нэхэмжлэгч нь энэ талаар дахин нэхэмжлэл гарган маргах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ”-нд заасны дагуу алданги тооцож, нийт алдангид 403,788,650 төгрөгийг гаргуулах” шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгчээс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ”-нд заасны дагуу алданги тооцож, нийт алдангид 403,788,650 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
2.2. Талуудын хооронд байгуулсан ******* дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах үндсэн гэрээний холбогдох заалтууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэвээр бөгөөд тус гэрээний 4.1-д[26] гэрээний үүргээ биелүүлээгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчийн хүлээх хариуцлагыг тохиролцжээ.
2.3. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн нийт үнийн дүн болох 807,577,300 төгрөгөөс алдангийг бодож, алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаарх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан 403,788,650 төгрөгийг алдангид тооцон нэхэмжилсэн.
2.4. Шүүхээс Иргэний хуулийн холбогдох заалт болон талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтуудыг дараах байдлаар тайлбарлаж, эрх зүйн дүгнэлт хийлээ. Тодруулахад:
2.5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.”, 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна ...”, 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.”, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасан.
2.6. Өөрөөр хэлбэл, хууль зүйн агуулгаараа хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг бол үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэж ойлгоно.
2.7. Гэтэл талуудын хооронд байгуулсан ******* дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах үндсэн гэрээний 4.1.1-д “... гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгээс дараах хувь хэмжээгээр тооцож ...” гэж, 4.1.1.1-д “гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүн 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг ба түүнээс их бол нэхэмжилсэн үнийн дүнгийн 0.05 хувиар”, 4.1.1.2-т “гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүн 500,000,000 /таван зуун сая/ төгрөгөөс 1,000,000,000 /нэг тэрбум/ хүртэл төгрөг бол нэхэмжилсэн үнийн дүнгийн 0.1 хувиар”, 4.1.1.3-т “гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүн 500,000,000 /таван зуун сая/ төгрөг хүртэл бол нэхэмжилсэн үнийн дүнгийн 0.2 хувиар” гэж тус тус Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан “торгууль”-ийн агуулгаар тохиролцсон атлаа гэрээний 4.1.1-д “алданги” гэж бичсэн нь зөрчилтэй болжээ.
2.8. Энэ тохиолдолд гэрээний зохицуулалтаас Иргэний хуулийн зохицуулалт илүү хүчин чадалтай тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасанд нийцүүлэн торгуулийн дүнг тооцох нь зүйтэй байна.
2.9. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгээгүй үүргийн дүнг 807,577,300 төгрөг гэж тооцсон боловч шүүхээс гүйцэтгээгүй үүргийн бодит үнийн дүнг 272,181,050 төгрөг гэж тогтоосон тул талуудын хооронд байгуулсан ******* дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах үндсэн гэрээний 4.1.1.2-т зааснаар торгуулийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн бодит үнийн дүн болох 272,181,050 төгрөгийн 0.1 хувиар бодож, 27,218,105 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
2.10. Иймд, нийт алдангид шаардсан 403,788,650 төгрөгийн зарим хэсгийг буюу 27,218,105 /хорин долоон сая хоёр зуун арван найман мянган нэг зуун таван/ төгрөгийг хангаж, үлдсэний хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлын тухайд:
3.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх үе шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Мэйл явуулсан эсэх асуудалтай холбоотой маргаан үүслээ. Үзлэгийн үеэр нэхэмжлэгч тал мэйл явуулсан мэтээр тайлбарлаад огноотой нь харуулсан боловч манай талд үзлэг хийхээр явуулсан гэх мэйл нь харагддаггүй. 2023 оны 01 дүгээр сард мэйл ирээгүй, 12 дугаар сард гүйцэтгэлийн нэхэмжлэх ирээгүй гэдэг. Тиймээс шинжээч томилуулах хүсэлтэй байна.” гэх хүсэлтийг гаргасан.
3.2. Шүүх дараах байдлаар хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно. Үүнд:
3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг ... шаардан гаргуулж болохгүй.” гэж зохицуулсан.
3.4. Нэхэмжлэгчийн зүгээс “2022 оны 12 дугаар сарын нэхэмжлэх нь 2023 оны 01 дүгээр сард хамаарч байгаа” гэж тайлбарлаж байгаа, тэрхүү үйл баримт нь бичмэл нотлох баримтын хүрээнд тогтоогдож байгаа энэ тохиолдолд түүнтэй холбоотой цахим шуудан хариуцагчид ирсэн эсэхийг шинжээч томилон тогтоолгох шаардлагагүй бөгөөд энэ нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байна.
3.5. Иймд дээрх үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэг, 14.8.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.3, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*********” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2022 оны 09, 10, 11 дүгээр сар болон 2023 оны 01, 10, 11 дүгээр сард бүрэн олгогдоогүй санхүүжилтийг олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дурдсан хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болон 272,181,050 төгрөг, түүнд ногдох торгууль болох 27,218,105 төгрөг, нийт 299,399,155 (хоёр зуун ерэн есөн сая гурван зуун ерэн есөн мянган нэг зуун тавин таван) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг, мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн 2024 оны 01, 02 дугаар сард хамаарах нэхэмжлэхийг зохих журмын дагуу хянан үзэж, шаардагдах захиргааны акт гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 88 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 12-17 дахь тал
[3] 2Хх 47-49 дэх тал
[4] 2Хх 122-155 дахь тал
[5] 1Хх 202-205 дахь тал
[6] 2Хх 145-147 дахь тал
[7] 1Хх 200-201 дахь тал
[8] 1Хх 144 дэх тал
[9] 1Хх 105 дахь тал
[10] 1Хх 16 дахь тал
[11] Мөн тэнд
[12] 1Хх 133-138 дахь тал
[13] 2Хх 100-117 дахь та
[14] https://shuukh.mn/single_case/3290?daterange=2024-01-01%20-%202025-01-21&id=3&court_cat=3&bb=1 /нийтэд илэрхий нотлох баримт/
[15] 1Хх 211-218 дахь тал
[16] 1Хх 60-73 дахь тал, шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үе шатанд нотлох баримтаар авагдсан “Өвчний түүх хавтас - 1”, “Өвчний түүх хавтас - 2”-т авагдсан холбогдох өвчний түүхүүдийг түүвэрлэн тулгаж судалсан болно
[17] 2Хх 156 дахь талаас эхэлнэ
[18] 2Хх 47-49 дэх тал
[19] https://legaldata.mn/b/144, Т.Мөнх-Эрдэнэ., Захиргааны гэрээнд иргэний хуулийн зохицуулалтыг нөхөн тохируулж хэрэглэх асуудал., эрдэм шинжилгээний өгүүлэл.,2016., үз.
[20] 2Хх 47 дахь тал
[21] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390264927941&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/
[22] 2Хх 190 дэх тал, хэрвээ талууд бусад 9 тусламж үйлчилгээг хэвээр үргэлжлүүлэх байсан бол гэрээний 1 дүгээр хавсралтын үлдсэн 9 тусламж, үйлчилгээний кодыг бүхэлд нь шинэчлэх байсан.
[23] 2Хх 191 дэх тал
[24] 2Хх 49 дэх тал
[25] 1Хх 76-91 дэх тал
[26] 1Хх 15 дахь тал