Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/06624

 

 

 

 

 

 

 

2025         05         22                                       197/ШШ2025/06624

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХ хот, ХХ дүүрэг, ХХ  гудамж, Х тоотод оршин суух хаягтай, ХХ  ББСБ  /РД:ХХ0000000 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХ хот, ХХ дүүрэг, ХХ  гудамж, Х тоотод оршин суух хаягтай, ХХ овогт ХХ-ийн ХХ   /РД:ХХ00000000/-д холбогдох, 4,656,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХХ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г.Бгийн байрыг зуучлал хийж түрээсийн гэрээ байгуулсан. Т нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай байранд нь орсон. Гэрээний хугацаанд түрээслэгч Т нь гадаад улс руу явахаар болсон талаараа нэг сарын өмнө хэлж байрны эзэн түрээслэгч бид 3 уулзаж орон сууц хүлээлцэх акт үйлдэж түрээсийн гэрээ 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Түрээслэгч Т нь хугацааны өмнө гарч байгаа учраас барьцаа төлбөрөө үлдээж өөр түрээслэгч оруулах хүсэлт гаргаж бидний зүгээс түрээслэгч хайсан боловч өвлийн улирал байсан учраас шинэ түрээслэгч олдоогүй. Энэ талаар Г.Бд хэлэхэд “энэ нь миний асуудал биш танай асуудал байна. Түрээсийн гэрээний хугацаа дууссан цагт гэртээ нүүж орно. Түрээсийн мөнгийг буцаан өгөх боломжгүй” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тайлбар үнэн зөв байна. Гэхдээ бидний  зүгээс тухайн гэрээний хугацаа дуусах хүртэл байрандаа нүүж ороогүй. Манай гэрийн түлхүүр зуучлагч компанид байсан бөгөөд одоог хүртэл түлхүүр маань байж л байгаа. Миний зүгээс тухайн гэрээний хугацаанд орлого олох боломжтой байсан гэж үзэж байна. Мөн бүтэн жилийн хугацаанд холбоо тогтоогоогүй атал гэнэт манай гэрт шүүхийн мэдэгдэх хуудас шуудангаар ирсэн. Миний зүгээс түрээсийг төлж болох хэдий ч зуучлагч компани хариуцлага алдсан учраас тал төлбөрийг нь тодорхой хугацаанд хувааж төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 769,500 төгрөгөөр багасгаж, нийт 3,847,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г.Бд холбогдох 4,656,000 төгрөг гаргуулах тухай ХХ ББСБ  ХХК-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 769,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,847,500 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 89,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 44,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХ ББСБ  ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэг зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ОЮУНТУНГАЛАГ