| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/02142/И |
| Дугаар | 191/ШШ2025/03816 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03816
| 2024 05 05 | 191/ШШ2025/03816 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Ундраа, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У******* овогт Д*******ын О******* /рд:*******/-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* д******* овогт Э*******ын Мө******* /ИБД:*******/-д холбогдох
Гэм хорын хохирол 3,297,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.О*******,
Иргэдийн төлөөлөгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-О******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэрэг болсон өдөр намайг Баянгол дүүрэг, Модны 2-ын зам дээр явж байхад гарсан асуудал юм. Би тухайн үед УБО улсын дугаартай легаси маркийн машинтай явж байсан, Э.Мө******* нь Приус-30 маркийн машинтай явж байсан ба эсрэг урсгалаас орж ирж намайг мөргөсөн, тэгээд тухайн хэргийн газраас зугтаагаад явсан тул би цагдаа дуудаж, өөрийн машинаа журмын хашаа руу ачуулсан. Маргааш нь цагдаа нар олсон байсан тул очиж уулзахад төлж барагдуулна гэж байсан тул бид хугацаа тохирч байсан. Э.Мө*******ыг цагдаагийн байгууллагаас шалгаад буруутай гэж үзсэн. Энэ хүн бол тухайн үед явган зорчигчийг мөн дайраад зугтаасан. Тухайн үед нь би машинд дайруулсан хүний асуудлыг эхлээд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хүлээж байсан. Э.Мө*******ын буруу болж дүгнэлт гарч байсан боловч мөнгө өгөхгүй, чаддаг юм бол шүүхдээд аваарай гэсэн болохоор би шүүхэд хандаж байгаа. Машины зардал нь үнэлгээгээр гарсан 3,097,000 төгрөг, мөн үнэлгээний хөлс 200,000 төгрөг буюу нийт 3,297,000 төгрөг болсон тул тухайн мөнгийг Э.Мө*******аас гаргуулах хүсэлтэй байна.гэв.
2.Нэхэмжлэгч нь шүүхэд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зам тээврийн ослын акт, бүдүүвч зураг, Киайгрупп ХХК-ийн хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ, Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээ, Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол, иргэний үнэмлэхийн хуулбар, мөрдөгчийн магадлагаа зэргийг бүрдүүлж өгсөн,
Хариуцагч шүүхэд хариу тайлбар, нотлох баримт бүрдүүлж өгөөгүй,
Шүүхийн журмаар Тээврийн прокурорын газрын Прокурорын 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны албан бичиг, Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан бичиг, Тээврийн прокурорын газрын албан бичиг, прокурорын тогтоол зэрэг баримтыг бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.О******* нь хариуцагч Э.Мө*******ад холбогдуулан гэм хорын хохиролд 3,297,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
3.Хариуцагч Э.Мө******* 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам, хэргийн материалтай тус тус танилцуулсан байна. /хх-32-34, 38/
4. Хариуцагч Э.Мө******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
5. Тээврийн прокурорын газрын Прокурорын 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоолд;
Э.Мө******* Тоёота приус-30 маркийн УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Subaru legacy маркийн УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөж зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас явган зорчигч П.Цэндээхүүг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан нь тогтоогдож, түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 13.4-т Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.5-т Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ; а/тээврийн хэрэглсээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт) тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан гарсан байна гэж дүгнэжээ.
Улмаар уг ослыг хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт хамаарахгүй тул Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хүргүүлсэн талаар уг тогтоолд дурджээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд Тээврийн прокурорын газрын хуулбар үнэн дардас бүхий зам тээврийн ослын акт, бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, үнэлгээний хөлс төлсөн баримт, УБО улсын дугаартай, Subaru Legacy маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ 3,095,000 төгрөгөөр үнэлсэн Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээ зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн ба эдгээр баримтаар хариуцагч Э.Мө******* нь нэхэмжлэгч Д.О*******ын тээврийн хэрэгсэлд 3,095,000 төгрөгийн хохирол учруулсан, үнэлгээ хийлгэхэд 202,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн бүрдүүлж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэх баримтыг гаргаагүй, нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй юм.
Шүүх хуралдаанд оролсон иргэдийн төлөөлөгч хариуцагч Э.Мө******* уг осолд буруутай болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.О*******д учирсан хохирлыг барагдуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт, хэргийн үйл баримттай тохирч байгаа тул шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн гэм хорын хохиролд 3,297,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
УБО улсын дугаартай Subaru Legacy автомашин нь зээлийн барьцаанд Киайгрупп ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй боловч зээлдэгч Д.О******* тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг тус байгууллагаас олгосон байна. /хх-7/
Иймээс нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж үзсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 67,702 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 67,702 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасантай нийцнэ гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дуүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Э.Мө*******аас гэм хорын хохиролд 3,297,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,702 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 67,702 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Б.УНДРАА
Б.ЦОЛМОНГЭРЭЛ