| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04361/И |
| Дугаар | 191/ШШ2025/04340 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/04340
2025 05 15 191/ШШ2025/04340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............... аймаг, ............... сумын ............. баг, ......................, ................ тоот хаягт оршин суух, Л овогт У Б /РД:................/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. дүүрэг, ............... хороо, ................., ................ байрлах, О ХХК /РД:............../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч У.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, П.Ө,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч О ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие нь О ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны хэлтсийн баяжуулалтын операторын албан тушаалд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тухай гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн б/1726 дугаар тушаал гарч үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон.
Уг тушаалыг зөвшөөрөөгүй тул хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн маргаан таслах, Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч ажил олгогч талаас маргаантай асуудлаар тохиролцохгүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Иймд шүүхэд хандах шаардлагатай боллоо.
Тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг баримтлан гарахдаа уг зүйл хэсэгт заасан хоёр үндэслэлээр, эсхүл аль нэг үндэслэл болохыг нэрлэн заагаагүй ч бодит байдал дээр ийм үндэслэл болоогүй байсан. Би урьд нь сахилгын ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй.
О ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.1-д Хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчлийг нэрлэн заасан бөгөөд энэ зөрчилд захирлын б/1726 тушаалд бичигдсэн Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн б, в-д заасан үүргийг зөрчсөн гэх зөрчил хамаарч бичигдээгүй.
Иймд гэрээний 7 дугаар зүйлийн б, в-д заасан үүргийг зөрчсөн гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохгүй юм.
О ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 11-нд ажлын байранд бусадтай маргасан асуудлаар 5.13-д ярилцлага хийж тэмдэглэл үйлдсэн. Энэ тэмдэглэлээс 05 дугаар сарын 11-ний өдрийн үйл баримтыг биш өмнөх хугацаанд дүрэм журам зөрчсөн байж болзошгүй гэсэн байдлаарх асуултыг түлхүүтэй асууж, мөн 05 дугаар сарын 11-ний өдрийн үйл баримтыг хянан шалгах ажиллагааг явуулах болсон нь тогтоогдож байгаа. Ингээд надад өгсөн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдлийн дагуу намайг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагт О ХХК-ийн Ханбогд дахь ажлын байранд ирэхэд мөн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан тушаалыг гардуулж өгсөн.
Иймд ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус бүрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч У.Б нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр О уурхайн Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэр дэх эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд бусдыг хэл амаар доромжилсон хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь хянан шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэгч У.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б16318 дугаар Хөдөлмөрийн гэрээний хугацааг өөрчлөх тухай тушаалын хуулбар, О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/1726 дугаар У Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагчаас О ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, магадлалын шалгалтын тайлан, У.Б хийсэн ярилцлагын тэмдэглэл, Ш.Т хийсэн ярилцлагын тэмдэглэл, Ю.Э хийсэн ярилцлагын тэмдэглэл, О ХХК-ийн сахилгын шийтгэл ногдуулах журам, О ХХК-ийн кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, У.Б байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, У.Б ажлын байрны тодорхойлолт, У.Б Осол зөрчлийн тайлбар авсан хуудас, Ш.Т Осол зөрчлийн тайлбар авсан хуудас, Ю.Э Осол зөрчлийн тайлбар авсан хуудас, У.Б компанийн дүрэм, журамтай танилцсан, зөвшөөрсөн тухай баримт, О ХХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 27/22 тоот тушаал /англи, монгол хэл дээр/, У.Б байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/1726 тоот тушаал, Ш.Т байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, баяжуулах үйлдвэрийн эмэгтэй ажилтнуудын хувцас солих өрөөний зураг зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: О ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.2.1-д хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчлийг нэрлэн заасан бөгөөд энэ зөрчилд захирлын б/1726 тушаалд бичигдсэн Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн б, в-д заасан үүргийг зөрчсөн гэх зөрчил хамаарч бичигдээгүй. Иймд гэрээний 7 дугаар зүйлийн б, в-д заасан үүргийг зөрчсөн гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохгүй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ... У.Б нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр О уурхайн Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэр дэх эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд бусдыг хэл амаар доромжилсон хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь хянан шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч У.Б нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч О ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Баяжуулалтын оператор албан тушаалд ажиллахаар харилцан тохиролцож, зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсжээ. /хх-5/
6. О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б/1726 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.1(и), Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 17.1, 17.3 болон О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай 27/22 дугаар тушаалыг тус тус үндэслэн У.Б нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр О уурхайн Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэр дэх эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд бусдыг хэл амаар доромжилсон хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болгон цуцалсан байна. /хх-172/
7. Талуудын маргааны зүйл нь ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй эсэх байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.
9. Зохигчийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 9.2.1-д хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг тусгайлан заахдаа 9.2.1.и хэсэгт ... Сахилгын шийтгэл ногдуулах журам ...-д Ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах арга хэмжээ авахаар заасан эсхүл зөрчил гаргасан даруй ажлын талбай, төслийн талбар болон тэдгээрт хамаарах нутаг дэвсгэрээс явуулахаар заасан зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талууд харилцан тохиролцжээ.
10. Нэхэмжлэгч У.Б нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр О уурхайн Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэр дэх эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд Баяжуулалтын үйл ажиллагааны хэлтсийн Оператор албан тушаалтай Ш.Т маргалдахдаа түүнийг чи яг гичий шиг харагддаг, янхан гичий гэх зэргээр доромжилсон болох нь:
10.1. О ХХК-ийн Магадлан шалгалтын тайлан буюу түүнд тусгагдсан Хяналт шалгалтын явцад Ш.Т нь У.Б маргалдсаны улмаас У.Б үсдэж бие махбодод нь халдсан, хүч хэрэглэсэн нь тогтоогдсон. У.Б нь Ш.Т зүй бус буюу хараалын үгээр доромжилсон нь тогтоогдсон. У.Б бусдыг доромжилсон, Ш.Т нь бусдын бие махбодод халдсан, хүч хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах саналтай байна гэсэн санал, зөвлөмж, /хх-62/
10.2. У.Б хийсэн Ярилцлагын тэмдэглэлийн 20-д Асуулт: Та Т гичий шиг харагддаг, янхан авгай гэх мэт үг хэллэг хэрэглэсэн асуудал байна. Та ингэж хэлсэн үү?, Хариулт: Би яг мэдэхгүй, алагдуулахаасаа өмнө би тийм юм хэлээгүй. Тэрнээс хойш байдалд ороод илүү дутуу юм хэлсэн гэж санахгүй байна. Гэхдээ бас уурлахдаа хэлсэн ч байж магадгүй л байх. Би тэрийг үгүйсгэхгүй. Тийм ч гэхгүй, үгүй ч гэхгүй. Би хэлсэн ч гэж хэлж чадахгүй, үгүй ч гэж хэлж чадахгүй. Яг тэр хооронд би байдалд ороод, шоконд ороод сэтгэл санааныхаа сонин байдлаас болоод хэлсэн байж магадгүй. Хэрвээ тийм үйлдэл гаргасан бол тэр миний буруу. Би бол яг тэрийг сайн санахгүй байна гэсэн тэмдэглэл, /хх-69/
10.3. Ш.Т хийсэн Ярилцлагын тэмдэглэлийн 1-д ... кран дээр байсан Буяа гэдэг хүүхэн маань "Түмээ тэжээл тасалсан уу" гээд чанга орж ирэхгүй юу, тэгэхээр нь Б би аль эрт 6 цагт зогсоосон асуудал гарангуут гээд тэгсэн чинь Б дахиад тоо хэд дээр явж байгаа юм" гээд асуухгүй юу тэгэхээр нь 50 гарсан байна гэсэн юм. Чи эрт тэжээлээ тасалж болоогүй юм уу? Ханбогд руу гардаг хүмүүсийг чи мэдэж байгаа биз дээ гэхээр нь мэдэж байгаа Б, тэжээл тасарсан байгаа, тэгээд дээрээс нь даалгавар өгсний дагуу conveyer-ийн тоног төхөөрөмжөө хоосолж үлдээх ёстой, тэгээд ажлаа дуусгая гэж хэлээд байж байсан чинь чи бид нарыг хойшоо гарч явдгийг мэдсээр байж эртхэн тасалчихаж болсонгүй юу гээд аймар уурласан. Тэгээд чи бид нарыг хойд хаалганд хүргэж өгч чадах юм уу гэхээр нь юу яриад байгаа юм бэ Б яагаад над руу уурлаад байгаа юм бэ гэж хэлсэн. Станцын бичлэг одоо байдаг бол тэр дээр байгаа. Тэгээд ажлаа явуулж байх дундуур савлахаас хүмүүс сулраад удаагүй 5, 10 минут л болсон. Тэгсэн чинь Б манайх сулрах юм уу гэхээр нь би чи зүгээр ажлаа хаяад буучихаа, буу гээд би хэлсэн юм. Тэгээд Б хаяад амралтын өрөө рүүгээ буугаад явсан. Тэгээд би ард нь conveyer-оо хоослоод бүх тоног төхөөрөмжүүдээ дуусгачихаад орж явах замдаа Ханбогд руу гардаг Ж ахтай таараад танай автобус чинь хэдээс явдаг билээ, 6:20-оос хойшоо автобус байхгүй юм уу гэсэн чинь 7:20-оос байгаа л даа гэдэг юм. Тэгээд Б дээр ороод танай 7:20-ийн автобус байсан юм байна шүү дээ. Чи яагаад над руу станцаар маш бухимдалтай, уурлаад байгаа юм бэ гэж хэлэхэд над руу зүй бус үг хэлсэн. Гэнэтхэн дүрсхийж аймар чанга орилоод чи ер нь ажлаа мэддэг юм уу, чи бид нарыг хойшоо Ханбогд руу буудаг гэдгийг мэдэж байгаа юм уу, мэдэж байсан байж яагаад тэжээлээ эрт тасалж болоогүй юм, чам шиг балай авгай, гичий, янхан гэж хэлээд над руу аймар харааж дайрсан гэсэн тэмдэглэл, /хх-81/
10.4. Ю.Э хийсэн Ярилцлагын тэмдэглэлийн 2-т ... Т орж ирэхдээ Чи юун сүртэй юм бэ, 7:20-ийн автобус байдаг юм байна шүү дээ. Чи хоёрын хооронд юман дээр тэр асуудлыг би ямар үүсгэсэн биш, цахилгааны асуудлаас болоод зогссон юмыг би яах юм бэ, чи хоёрын хооронд юмыг станцаар нийтэд, надад ингэж стресс үүсгэж яриад байх шаардлага байхгүй шүү дээ гэж Т хэлсэн. Тэгсэн чинь Б тэгэхгүй яах юм, чи намайг гэрт оруулж, хүргэж өгч чадах юм уу гээд л тэр хоёр хоорондоо хэрэлдсэн. Би тухайн үед тийм юм болно гэж бодоогүй. Нас биед хүрсэн гэр бүлтэй, үр хүүхэд гаргасан хүмүүсийг чинь хоорондоо учир зүггүй үсдэлцээд авна гэж санаанд багтахгүй байгаа юм чинь. Тэгээд яахав голд нь би зогсож байсан, Т энд зогсож байсан, Б тэнд зогсож байсан. Тэгсэн чинь Б жаахан бүдүүлэг чи угаасаа гичий шиг харагддаг гэж тиймэрхүү юм хэлсэн. Тэгсэн чинь Т уур нь хүрээд миний араар шургаж ороод тэгээд Б үсэдсэн гэсэн тэмдэглэл, /хх-88/
10.5. У.Б, Ш.Т, Ю.Э нараас авсан Осол зөрчлийн тайлбар авах хуудсаар тус тус тогтоогдсон байна. /хх-158-168/
11. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалын үндэслэл болгосон О ХХК-ийн Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 17.2-т Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно гээд 17.2.9.1-д Бусдыг аливаа хэлбэрээр дээрэлхэх, доромжлох, дарамтлах, нэр хүндэд халдах, ялгаварлан гадуурхах, 17.3-т Журмын 17.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэжээ. /хх-98/
12. Иймд нэхэмжлэгчийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, буруутгаж байгаа үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заагаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй, ажилтан У.Б нь бусад ажилтныг гичий, янхан гэх зэргээр доромжилсон ноцтой зөрчил гаргасан болохыг ажил олгогч Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 11.2-т заасан журмын дагуу шалган тогтоож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зохицуулсан бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч дээрх хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан О ХХК-нд холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч У.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар У.Б гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
Шүүхийн шийдвэр:191/ШШ2025/04222