| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/02510/И |
| Дугаар | 191/ШШ2025/04253 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04253
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Э,
Хариуцагч: Н.С нарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие брэнд хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд П.*******, Н.******* ээж охин нар нь манай дэлгүүрээр байнга үйлчилж худалдан авалт хийдэг танилын хувьд дараа нь төлбөрийн өгөхөөр хувцас зээлээр өгөөч гэсэн тул түүний хүсэлтийн дагуу дараах барааг өгсөн юм. Үүнд:
| 1 | Prada брэндийн 2,800,000 төгрөгийн гутал |
| 2 | Valentino брэндийн 4,800,000 төгрөгийн гутал |
| 3 | Dior брэндийн 5,800,000 цүнх |
| 4 | Escada брэндийн 8,280,000 төгрөгийн цув |
| 5 | Цагаан пальто 6,800,000 төгрөг |
| 6 | Piseriko брэндийн 2,800,000 төгрөгийн пиджак |
| 7 | Шоотой цагаан пиджак 2,800,000 төгрөг |
| 8 | Хөх шоотой пиджак 2,800,000 |
| 9 | Escada брэндийн 2,100,000 төгрөгийн ноосон цамц |
| 10 | Maxmara брэндийн 1,800,000 төгрөгийн өмдөн юбка |
| 11 | Цэнхэр футволк 380,000 төгрөг |
| 12 | Maxmara брэндийн 13,000,000 төгрөгийн пальто |
| 13 | Tomford брэндийн 2,800,000 төгрөгийн нүдний шил |
| 14 | Maxmara брэндийн 1,280,000 төгрөгийн цамц |
Нийт 58,240,000 төгрөгийн үнэ бүхий хувцаснуудыг хүлээнд авсан бөгөөд зээлээр худалдан авсан хувцасны төлбөрөө 2024 оны 06 дугаар сарын 20-ноос эхлэн сар бүр 10.000.000 төгрөгөөр төлж дуусгавар болгон гэсэн боловч хэлэлцэн тохирсон хугацаанд зээлээ төлөөгүй, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тун удахгүй төлнө түр хүлээж байгаа ч хэмээн хэлсээр өнөөдрийг хүртэл төлж дуусгавар болгоогүй байна.
Иймд дээрх зээлээр худалдсан барааны төлбөрөө гаргуулахаар тус шүүхэд байгаа хандаж ба болно.
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан хувцасны төлбөр болох 58.240.^1« /дөчин дөрвөн сая зургаан зуун мянган төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч П.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би нь хийсэн зүйлээ хийгээгүй хийгээгүй зүйлээ хийсэн гэх хариуцлагыг хүлээн ёс/с болон арга заль хэрэглэх тийм хүмүүжилгүй гэдгээ илэрхийлье. Хариуцлагыг би биш эзнээ ол. Эдгээр хүнийг танихгүй. Огт танихгүй. Бүүр огт мэдэхгүй ээ. Дэлгүүрийн хаягийг би мэдэхгүй. Би 3 хүүхэдтэй энэ хуудсанд нэрийг нь бичихээс цээрлэв. Хариуцагч *******ын ээж гэх эмэгтэй миний нэр, гэрийн хаягийг шүүхэд өгсөнд туйлаас гомдож энэ эрээ цээргүй хүнээс нэрийг минь цэвэрлэж нэр хүндэд минь халдсанд туйлаас гомдолтойгоо илэрхийлье. Эзнийг нь олж тогтоож миний нэрийг цэвэрлэж өгөхийг шаардаж байна. Нэр төрийг минь сэргээж шүүхийн хуудаснаас гаргахыг хүсье гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн гараар бичсэн баримтын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй бөгөөд хариуцагч нар нотлох баримт ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагч П.*******ээс татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.*******аас 58,240,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.******* нь 58,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч П.******* нь нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй, танихгүй гэж маргасан.
3.1. Хариуцагч Н.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх энэ хуралдааны товыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй. Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас татгалзах эрхтэй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтансүх нь түүнд 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу мөн оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хариуцагч П.*******ээс татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн. /ХХ14, 17/
Иймд мөн хуульд зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч П.*******ээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
5. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан баримтаар нотлоогүй.
Гэвч дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнээс 58,240,000 төгрөг гаргуулна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч П.*******ээс татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.*******аас 58,240,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 449,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас 449,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД