Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 159/ШШ2025/0062

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2024/0052/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн сум дундын ойн анги

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд: “Т” ХХК

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга /цахим/, Б.Содболд, хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахим/ болон өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М болон өмгөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “... гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана.” гэж заасны дагуу гуравдагч этгээд “Т” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй талаар хүсэлтээ бичгээр гаргасан тул гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг батлах тухай” 123 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Ойгоос мод бэлтгэх тухай” А/08 дугаар захирамжуудын “Т” ХХК-тай холбоотой хэсэг буюу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Бичигт хадны Бөөр ам гэх газарт мод бэлтгэсэнтэй холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагаар нэмэгдүүлсэн.

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийн хувьд тус 2 аймаг нь маргаантай байдаг бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/956 тоот албан бичгээр[1] Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт “...Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сумтай хиллэх “Хонгорын даваа” эргэлтийн цэгийг одоо хилийн цэс нь мөрдөгдөж байгаа буюу газар зүйн хувьд “даваа” дээр байрлалтай байгаа эргэлтийн цэгээр мөрдөх...” шийдвэрийг хүргүүлж байжээ.

1.2. Дээрх асуудлаар дахин Монгол Улсын барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 24 дүгээр тушаалаар[2] засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй  холбоотой үүссэн маргааныг судалж, тогтоох, түүнийг шийдвэрлэх талаар холбогдох санал дүгнэлтийг гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэг нь Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хилийн цэсийн эргэлтийн цэг болох “Хонгорын даваа” цэгт ажиллаж 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг гаргасан байна. Тус дүгнэлтээр “Газрын нэгдсэн санд бүртгэлтэй хилийн цэсийн “Хонгорын даваа” цэг нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын  архивд хадгалагдаж байгаа Ардын Их хурлын тогтоолын 1977 оны 75 дугаар зарлиг болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зарлигийн калькан зургаас зөрүүтэй байна. Газар зүйн нэрийн дагуу сумдын хилийн цэсийг өөрчилсөн нь архивын баримт материалаас зөрсөн байна....” гэх ерөнхий дүгнэлтийг хийж, Монгол Улсын барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/4823 тоот албан бичгээр аймгуудын Засаг даргын Тамгын газарт дүгнэлтийг хүргүүлжээ.

1.3. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн сум дундын ойн анги нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь маргаан бүхий захиргааны актуудыг гаргаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Хонгорын даваа гэх газарт байрлах Бичигт хадны Бөөр ам гэх газарт мод бэлтгэх шийдвэр гарган Дархан-Уул аймгийн ойн санд их хэмжээний хохирол учруулж байна хэмээн тус шийдвэрүүдийн “Т” ХХК-тай холбоотой хэсэг буюу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Бичигт хадны Бөөр ам гэх газарт мод бэлтгэсэнтэй холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гарган маргасан.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн сум дундын ойн анги шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Монгол Улсын Үндсэн хууль 58 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална” гэж заасан байдаг гэтэл тус Үндсэн хуулийн заалтыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын удирдлагууд зөрчиж Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Хонгорын даваа” гэх газар 9000 га газрыг өөрийн сумын нутаг дэвсгэр мэт дур мэдэн эзэмшиж, холбогдох шийдвэрүүдийг гаргасаар ирсэн байдаг. Тухайн 2 сумын дээрх газрын асуудал маргааны хэмжээнд хүрсэн тул холбогдох эрх бүхий байгууллагаас маргааныг эцэслэн шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулсны үр дүнд Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй холбоотой үүссэн маргааныг нарийвчлан судалж тогтоох, шийдвэрлэх талаар холбогдох санал дүгнэлтийг гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарыг оролцуулан байгуулж тус ажлын хэсгээс 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргаантай эргэлтийн цэгийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт”-ийг гаргасан. Тус дүгнэлтээр дээрх маргаан бүхий газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт хамаарах газар гэдгийг нарийвчлан тогтоож энэ тухай албан ёсны дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/4823 дугаар албан бичгээр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд хүргүүлсэн байдаг.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар эрх бүхий төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, хариуг үл тоож Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр болох Бичигт хадны Бөөр ам гэх газраас их хэмжээний мод бэлтгэх шийдвэр гарган холбогдох хуулийг зөрчиж Дархан-Уул аймгийн Ойн санд их хэмжээний хохирол учруулаад байна. Өмнө нь энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 159/ШЗ2024/0085 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд дээрх шүүгчийн захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн засаг даргад гомдол гаргахад тухайн гомдлыг Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шилжүүлсэн бөгөөд тус газраас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/210 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан тоотоор эс зөвшөөрсөн хариу ирүүлээд байна.

Иймд дээрх хариуг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг батлах тухай” 123 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Ойгоос мод бэлтгэх тухай” А/80 дугаар захирамжуудын Дархан-Уул аймагт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгааг хүлээн авч бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй холбоотой үүссэн маргааныг нарийвчлан судалж, тогтоох, шийдвэрлэх талаар холбогдох санал дүгнэлтийг гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан 2023 оны 11 сарын 08-ны өдөр маргаан бүхий газарт хээрийн хэмжилтийг талуудыг байлцуулан хийсэн.

Ажлын хэсгийн төлөөллүүд нь архивын нотлох баримт материалыг авчрахдаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумтай холбоотой шаардлагатай материалыг бүрэн гүйцэт авчраагүй, хэт нэг талыг барьсан баримтыг үзүүлж ялгавартай байдлыг бий болгосон гэж үзэн Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын холбогдох төлөөллүүд хүлээн зөвшөөрөх боломжгүй талаарх саналаа тухайн хэмжилтийн явцад тэмдэглүүлсэн. Мөн түүнчлэн ажлын хэсгийн дүгнэлт бүхий албан тоотыг тус суманд одоог хүртэл ирүүлээгүй болно. Монгол улсын үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын их хурал батлах тул хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хилийн цэсийн хүрээнд холбогдох захирамж шийдвэрийг гарган ажиллаж байна.

Шаардлага 1: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 сарын 11- ний өдрийн 42 дугаар тогтоол үйлдэгдээгүй болно.

Шаардлага 2, 3: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2024 оны 01 сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамж шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Ойн тухай хууль болон Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 147 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон.

Мөн Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т "Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасны дагуу ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг дараах байдлаар тогтооно" гэж заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагуудын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтоосон болно. Иймд Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангиас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж байна.” гэжээ.

2.3. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй холбоотой үүссэн маргааныг нарийвчлан судалж, тогтоох, шийдвэрлэх талаар холбогдох санал дүгнэлтийг гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр маргаан бүхий газарт хээрийн хэмжилтийг талуудыг байлцуулан хийсэн.

Ажлын хэсгийн төлөөллүүд нь архивын нотлох баримт материалыг авчрахдаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумтай холбоотой шаардлагатай материалыг бүрэн гүйцэт авчраагүй, хэт нэг талыг барьсан баримтыг үзүүлж ялгавартай байдлыг бий болгосон гэж үзэн Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын холбогдох төлөөллүүд хүлээн зөвшөөрөх боломжгүй талаарх саналаа тухайн хэмжилтийн явцад тэмдэглүүлсэн.

Мөн түүнчлэн ажлын хэсгийн дүгнэлт бүхий албан тоотыг тус суманд одоог хүртэл ирүүлээгүй болно. Монгол улсын үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын их хурал батлах тул хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хилийн цэсийн хүрээнд холбогдох захирамж шийдвэрийг гарган ажиллаж байна.

Шаардлага 1: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоол үйлдэгдээгүй болно.

Шаардлага 2, 3: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамж шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Ойн тухай хууль болон Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 147 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон.

Мөн Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т "Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасны дагуу ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг дараах байдлаар тогтооно" гэж заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагуудын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтоосон болно. Иймд Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангиас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж байна.” гэжээ.

2.4. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн сум дундын ойн анги шүүхэд бичгээр ирүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай” 27 тоот албан бичигтээ: “Монгол Улсын их хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийг байгуулан, Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумын хилийн цэсийг баталсан байдаг. Улмаар 1997 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын газрын нэгдмэл сангийн зургийг хүлээлгэж өгсөн байдаг бөгөөд тухайн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан болно.

Мөн 2013 онд Дархан-Уул аймгийн Ой зохион байгуулалтыг "Ойн судалгаа хөгжлийн төв"-ийн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн тайлан, ой тархалтын зурагтай давхцаж тухайн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоолоор "Т” ХХК эзэмшиж, тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн "Ойгоос мод бэлтгэх модны төрөл тоо хэмжээг батлах тухай” 123 дугаар тогтоол, түүний хавсралтын 14 дүгээр жагсаалтад бичигдсэн "Т" ХХК -тай холбогдох хэсэг, Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн "Ойгоос мод бэлтгэх тухай" А\08 дугаар захирамж зэрэг шийдвэрүүд нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын ойн сангийн 16 дугаар хэсэглэлийн 52,53, 18 дугаар хэсэглэлийн 21 дүгээр ялгарлаас буюу Бичигт хадны Бөөр ам гэх газарт хэрэглээний их хэмжээний мод бэлтгэсэн хууль бус үйлдэл гаргах эх үндэс болсон.

Эдгээр шийдвэрүүд нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт хэрэгжихээр гарсан нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59, 17, 66.1 гэж заасныг зөрчиж байгаа нь тухайн актыг "Т" ХХК холбоотой хэсэг нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дах заалт, 47.1.6 дах заалтад заасан үндэслэлд хамаарч байх тул дээрх шийдвэрүүдийн "Т" ХХК-тай холбоотой хэсэг буюу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Бичиг Хадны Беер ам гэх газарт мод бэлтгэсэнтэй холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2013 оны Ой зохион байгуулалтын тайланд Хонгор сумын ойн санд арчилгаагаар нарс мод бэлтгэх нөөц тогтоогдоогүй бөгөөд Дархан-Уул аймгийн Сум дундын ойн ангийн хуулиар олгогдсон эрх буюу ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.5, 18.3.7, 18.3.8, 18.3.14 дэх заалтуудыг зөрчин мод бэлтгэх шийдвэр гаргаж хэрэгжүүлж байгаа нь Дархан-Уул аймгийн сум дундын ойн анги хууль тогтоомжид заасан эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн шийдвэр гаргажээ гэж үзэж байгаа болно.” гэжээ.

2.5. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн төлөөлөгч Н.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Улсын Их хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумдын хилийн цэсийг баталсан. Уг тогтоолыг 1997 онд тухайн үеийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зургаар хүлээлгэж өгсөн. Жишээ нь, Дархан-Уул аймгийн Хонгор сумд маргаан бүхий ойн сан бүхий газрыг Хонгор сумын газар болохыг нэгдмэл сангийн зургаар баталгаажуулж, гарын үсэг зурж, хүлээлгэж өгсөн байгаа юм. Уг зургийг үндэслэн 2013 он, 2024 оны ой зохион байгуулалт, ойн менежментийн төлөвлөгөө гаргадаг. Жишээ нь, 2013 оны Ой менежментийн төлөвлөгөө, ой зохион байгуулалтын төлөвлөгөөд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нарс гэх модыг бэлтгэх нөөц байхгүй, тогтоогдохгүй байна гэсэн байдаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт хадны Бөөр ам гэх газар Т” нөхөрлөлд мод бэлтгэх зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тийм учраас илт хууль бус шийдвэр болохыг тогтоож өгнө үү. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг ирүүлсэн. 2025 онд дахиад Ерөө сумаас мод бэлтгэж байгаа юм биш биздээ. Нөөц байхгүй газраас мод бэлтгэж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, хууль бус үйл ажиллагаа болж байна. Таслан зогсоох үүрэг нь Ойн ангид байгаа юм. Ойн санг ашиглах, үржүүлэх, хамгаалах үүрэг хүлээсэн. Үүргийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж байгаа. ” гэв.

2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд тухайн орчим газрыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын газар нутаг гэж маргаан үүсгэж байна.

Гэтэл нотлох баримтаар гаргасан 1976 оны зургийг хэн, хэдэн онд, гарын үсэг зурж баталгаажуулсан нь тодорхойгүй, тамга тэмдэггүй байна. 1976 оны зураг гэсэн атлаа 1977 онд үүсгэн байгуулагдсан Жавхлант сумыг тухайн зурагт тэмдэглэсэн байдаг. Тийм учраас уг зургийг сүүлд үйлдсэн байж болзошгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

2.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ерөө сумын ой зохион байгуулалтын материалиуд 1996, 2006, 2009, 2017 онуудад хийгдсэн байдаг. Ойн зохион байгуулалтын батлагдсан ой сан бүхий газарт шийдвэрүүдийг хэрэгжүүлж байгаа. Тиймээс хууль бус үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй.” гэв.

2.8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хилийн цэсийн маргааныг Газар зохион байгуулалт, геодиз зураг зүйн газрын 2018 оны А/209 дүгээр тушаалаар батлагдсан хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар гэж байгаа. Хилийн цэсийн маргааныг бодит, бодит бус маргаан гэж хоёр ангилсан. Бодит маргааныг шийдвэрлэхдээ заавал Улсын их хурлаас тогтоол гарсны дараа шийдвэрлэнэ гэсэн байгаа. Бодит бус маргаан нь иргэд олон нийт өөрсдөө мэдээлэл дутмаг байгаагаас үүдэн нутаг дэвсгэрийг манайх, танайх гэж маргаад байгааг ойлгоод байгаа юм. Талуудын хооронд үүсээд байгаа маргааны хувьд бодит маргаан байхгүй, хилийн цэс нь тодорхой байгаа юм. Зөвхөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга Хонгорын даваа манайх гэж маргаад байгаа юм. Үүнтэй холбоотой Хонгорын давааны ойн санг ашиглах шийдвэрийг гаргаад байгаа асуудал байгаа юм. Тийм учраас Улсын Их хурлаас шийдвэр гаргуулах шаардлага байхгүй. Хилийн цэс өөрчлөгдөөгүй, Сэлэнгэ аймгийн Хонгор сум байж байгаад ямар ч өөрчлөлт орохгүйгээр Дархан-Уул аймгийн Хонгор сум болсон. Тийм учраас Улсын Их хурлын шийдвэр гараагүй гэх талаар яригдах боломжгүй. Анхнаасаа хилийн цэст өөрчлөгдөөгүй.” гэв. 

2.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой талаар өмгөөлөгчийн байр суурийг илэрхийлье. Хошин шог шиг 2 сум хоорондоо манайх, танайх гэж маргаж байгаад харамсалтай байна. Монгол улсын 2 сум уулын наана цааныг булаацалдаж байна. Үүний үр дагавар нь Эко систем тодорхой хэмжээнд хяналтаас гарах нөхцөл бүрдэж байгаа нь харамсалтай санагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь илт хууль бус захиргааны акт буюу хариуцагч Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга өөрийн биш газар нутагт мод бэлтгэхээр шийдвэр гаргаад байгаа нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа юм. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид хилийн цэсийн маргаан шиг асуудал гардаг. 1977, 1978, 1994 оны тогтоолд заасан Хонгорын даваа гэх газар Хонгор сумын нутаг дэвсгэр юм уу, Ерөө сумын нутаг дэвсгэр юм уу гэж зөвхөн хилийн цэсийн асуудлын талаар маргаад байгаа мэт харагддаг. Өмгөөлөгч П.Баттулга бодит, бодит бус маргаан” гэж хэллээ. Гэтэл бодит байдалд ямар ч маргаан байхгүй. 1994 оны Улсын Их хурлын тогтоолоор Дархан-Уул аймгийн Хонгор сум болгохдоо Сэлэнгэ аймгийн Хонгор сум газар нутгийн хэмжээнд ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр Дархан-Уул аймгийн газар нутаг руу шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Хонгорын даваанд байгаа ойн санд мод бэлтгэх зөвшөөрөл олгодог, тогтоол гаргадаг, модыг гэрээгээр эзэмшүүлдэг асуудал нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаад байгаагаараа хууль зөрчиж байгаа юм. Тэгэхээр хилийн цэсийн маргаан байхгүй. Хилийн цэсийн маргаан байхгүй буюу иргэд, тодорхой орон нутгийн удирдлагууд хилийн цэсийн асуудлыг шийдвэрлэх гэх байдлаар 2013, 2018, 2023 онуудад тодорхой ажлын хэсэг гарч ажилласан байдаг. 2018 оны дүгнэлтээр Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 168 дугаар хуудаст байгаа. Хонгорын даваа гэх газар аль сумын нутаг дэвсгэрт байгаа вэ гэхээр 2018 оны ажлын хэсгийн дүгнэлтээр Ерөө сумд ордог, 2023 оны Засгийн газрын 40 дүгээр хурлаар Хонгор сумын нутаг дэвсгэрт байгаа талаар 2 өөр өнгөөр буюу цэнхэр, улаан өнгөөр тодруулах байдлаар нотлох баримтын шаардлага хангагдсан байдаг. 2018 оны ажлын хэсэгт ямар агуулга байгаа вэ гэхээр тухайн үед Ерөнхий сайдаар Сэлэнгэ аймгийн харьяат Ж.Эрдэнэбаатар байсан. Энэ хүн нөлөөлөөд тухайн ажлын хэсэг болон Газрын мэдээллийн нэгдсэн санд Хонгорын давааг Ерөө сумын нутаг дэвсгэр болгож шийдвэрлэсэн. 2023 ны сайдын тушаалын дагуу ажлын хэсэг байгуулсан бөгөөд маш тодорхой удирдамжийн дагуу дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр хавтаст хэргийн 168 дугаар хуудаст байгаа зургаар Хонгорын даваа бол хуучин Сэлэнгэ аймгийн Ерөө сум байж байгаад хилийн солбилцлын цэгээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр болж байгаа талаар Засгийн газрын хуралдаанаар тэмдэглэлд дурдсан байдаг. Улсын их хурал хилийн цэсийг тогтооно гэдгийг энэ танхимд сууж байгаа хүн бүр мэдэж байгаа. 1994 оны 32 дугаар тогтоолоос хойш ямар ч тогтоол гараагүй. Хариуцагч талаас 2021 оны сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлт гарлаа гээд Газрын мэдээллийн нэгдсэн санд өөрчлөлт оруулаагүй. Улсын их хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй байхад уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээд байгаа нь буруу гэж тайлбарлаж байна. Улсын их хурлаас ямар нэг тогтоол гарах шаардлагагүй. Улсын их хурлын 32 дугаар тогтоол хууль бус гарсан асуудал яригдаагүй. Тогтоолд байгаа солбилцлын цэгийг Хонгор, Ерөө сумдууд мөрдөж ажиллах асуудал яригдана. Мөрдөж ажиллахад маргаан гараад байгаа учраас 2023 оны ажлын хэсгийн дүгнэлт бодитой зургаар авагдсан байгаа. Монгол хүний ухаанаар бодсон ч тэр Хонгорын даваа гэж Хонгор сумын нэрээр явж байна. Аливаа газар нутгийнхаа шүтдэг, тахидаг уул, усын нэрээр нэрлэдэг. Ямар ч хавтаст хэргийн материалтай танилцаагүй хүнээс Хонгорын даваа аль сумын нутаг дэвсгэр вэ гэж асуувал Хонгор сумын нутаг дэвсгэр гэж хариулна. Хилийн цэсийн маргаан байхгүй. Хонгорын даваа бол манай нутаг, ойн сандаа шийдвэр гаргаж явж байсан гэдэг боловч бодит байдалд зөвхөн энэ хүмүүсийн бодол байгаа юм. Хонгорын даваа Хонгор сумын нутаг дэвсгэр мөн үү, биш үү гэх маргааны хувьд газрын хилийн цэсийн маргаантай холбоотойгоор 2013, 2018, 2023 онуудад гарсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг хавтаст хэрэгт хавсаргаж, ярихаас өөр аргагүй болоод байгаа юм. “Т” ХХК-д мод бэлтгүүлээд байгаа хэсэг нь Хонгор сумын нутаг дэвсгэр бол нэхэмжлэлийн шаардлагыг хангах 100 хувь боломжтой. Хонгор сумын нутаг биш бол Ерөө сумын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болно. Уг нь бол нэг бүс нутгийн хоёх аймаг, 2 аймгийн 2 сум адилхан л Монгол хүн, Монгол улсын газар нутаг байгаа. Гэтэл хил залгаа өөр харь элгийн хүнтэй маргалдаж байгаа мэт. Орон нутгийг удирдаж байгаа удирдлагууд нь хүртэл ойлгомжгүй байдал үүсгэж, сүүлдээ шүүхийн маргаан болгож, 2, 3 өмгөөлөгч аваад явж байгаа нь харамсалтай санагдаж байна. Тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулбал шийвэрлэх боломжтой. Өнөөдөр ийм маргаан гарахгүй. Ямар субьектив эрх зөрчигдөх вэ. Нэхэмжлэлийн шаардлага хангагдснаараа ямар эрх сэргэж, ямар байдлаар хууль хангагдах вэ гэдэг асуудал яригдаж байна. Хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарлаж байгаа бол боломжгүй. Энэ байгууллага нь Дархан-Уул аймгийн хэмжээнд байгаа ойн санд үйл ажиллагаа явуулдаг буюу хамгаалдаг, арчилдаг, нөхөн сэргээдэг. Бидний амьсгалж буй агаарыг бий болгож байгаа модыг арчилдаг. Эргээд бидний эрх ашиг хөндөгдөх болоод байгаа юм. Ойн тухай хуулийн 18.3 дугаар зүйлд зааснаар ойтой холбоотой чиг үүргээ хэрэгжүүлэхэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн шийдвэр саад учруулж байна. “Т” ХХК-ийн явуулж буй үйл ажиллагааг зогсоож Дархан-Уул аймгийн ойн ангиас явж байна гэхэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэвэл ямар ч хэлэх үггүй болж байгаа юм. Гэтэл бодит байдал дээр Хонгор сумын газар нутаг байгаа. Дархан-Уул аймаг Хонгор сумынхаа ойн ангид хяналтаа тавьж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байдаг. Энэ бол олон жил явж байгаа асуудал байгаа. 2018 оны ажлын хэсгийн дүгнэлтээр Газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байгаа нь 1994 оны 32 дугаар тогтоолыг үүсгэх нөхцөл байдал болохгүй. Газрын мэдээллийн нэгдсэн сан буруу бүртгэсэн асуудал байгаа. Үүнийг 2023 оны ажлын хэсгийн дүгнэлт, 2024 оны Засгийн газрын хурлаар орж, тайлан дүгнэлтүүд яригдаж, Хонгорын даваа Дархан-Уул аймгийн Хонгор сумын газар нутагт хамаарна гэж зургийг гаргаад өгсөн байна. Энэ талаар засаж, залруулах асуудал яригдахаас биш, Улсын их хурлаас тогтоол гаргах талаар ярьж байна. Улсын Их хурал тогтоол гаргаагүй бол 2023 оны ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбар гаргасан байдаг. Маргааныг таслан зогсоож, цаашдаа хилийн цэгээ бариад яв гэдэг дүгнэлт гарсан. Заавал Улсын Их хурлаас тогтоол гарсны дараа энэ асуудал хууль ёсны дагуу хүчин төгөлдөр болно гэж тайлбар гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. 1994 оны 32 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Бид 32 дугаар тогтоолын талаар маргаагүй, харин хилийн цэсийн дагуу үйл ажиллагаа явуулъя гэж хүсэж байгаа. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноороо дараагийн жилүүдийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хууль бус үйл ажиллагаа зогсоно гэж үзэж байна. Монгол улс эрх зүйт төртэй, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэдэг орон нутгийн удирдлага хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар асуудлыг нарийвчлан зохицуулдаг хууль тогтоомжтой. Хаан засаглалтай мэт өөр сумын нутаг дэвсгэрт мод бэлтгэж тогтоол гаргаж л байдаг. Тэгэхээр ийм асуудал байх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой нотлогдож байгаа гэж үзэж байна. 2023 оны сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг удирдамжийн дагуу ажиллаж, бодит цэгийг гаргаж өгсөн. Цаг хугацааны хувьд ч 2013, 2018, 2023 он гэж үзэхэд хамгийн сүүлд маргаантай асуудлыг шийдвэрлэж, цэгийг тогтоож өгсөн ажлын хэсгийн дүгнэлт бол шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хэмжээний нотлох баримт гэж үзэж байна. Чацагтын хөндий манайх гэдэг сэтгэлгээгээр биш, хууль тогтоомжид зааснаар төрийн алба ажлаа хийх нь зүйтэй. Тийм учраас хилийн цэсийн маргаан биш. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хууль бус шийдвэр гаргаж байгаа асуудал байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актын илт хууль бус байх 7 шинжийг зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэх шинжийг хангаж байна гэж үзэж байна. Тухайн сумтай холбоотой шийдвэр гаргах, сумаасаа мод бэлтгэх, гэрээ байгуулах болохоос Дархан-Уул аймгийн Хонгор сум руу орж, мод бэлтгүүлдэг, гэрээ байгуулдаг, шийдвэр гаргах эрх байхгүй. Хилийн цэс маш тодорхой байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа явуулж байгаа газар нутаг Дархан-Уул аймгийн Хонгор сумын газар нутаг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх зааварт хэрэв бодит бус маргаан бол иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, нутгийн удирдлагад тодорхой нотлох баримтад тулгуурлаж, дүгнэлт гаргаж, тайлбарлаж хүргэнэ гэсэн зохицуулалт байгаа. Бодит маргаан тохиолдолд хилийн цэст өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Засгийн газарт хэлэлцүүлж, Улсын их хуралд өргөн барьж, хилийн цэст өөрчлөлт оруулах асуудал байгаа юм. Тэгэхээр Хонгорын даваа гэх нутаг дэвсгэр аль сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа вэ гэдэг маргаантай асуудал бодит бус маргаан гэдэг нь ажлын хэсгийн дүгнэлтээс тодорхой харагдаж байгаа. Тийм учраас хилийн цэсийн маргаан үүсэж байгаа асуудал байхгүй. Зөвхөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын буруу ойлголтоос үүссэн шийдвэр, үйл ажиллагааны улмаас маргаантай асуудал үүссэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу захиргааны акт гаргахдаа чиг үүргийн хамаарлын хүрээнд эрх хэмжээний хамаарал, шатлан захирах ёсны хамаарал, нутаг дэвсгэрийн хамаарлыг зөрчихгүй байх  ёстой. Энэ байдлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт болно. Хариуцагчийн хувьд нутаг дэвсгэрийн хамаарлыг зөрчиж өөр сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа ойн санг ашиглах шийдвэрийг гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт болж байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн нэмэлт тайлбарыг хэлмээр байна.” гэв.

2.10. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэл гаргах эрхийн талаар ярих нь зүйтэй. Нэхэмжлэл гаргахад 3 асуудлаар хамруулна. Нэгдүгээрт, субьектив маргаан буюу хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргана. Хоёрдугаарт, объектив маргаан буюу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх, төлөөлөн хамгаалах эрх бүхий тодорхой хамгаалах этгээд, эсхүл хуульд заасан шаардлагыг хангасан төрийн бус байгууллага нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн асуудлаар объектив маргаан үүсгэж болно. Гуравдугаарт, захиргааны байгууллага өөр нэг захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагааны улмаас өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад болсон тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар зааж олгосон тохиолдолд нэхэмжлэл гаргана. Түүнээс захиргааны байгууллага миний чиг үүрэг зөрчигдлөө гэж сөхөх асуудлаа дурдаж, захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэх асуудал биш. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3.1.3-т хуульд заасан тохиолдолд гэж нэрлэж заасан. Жишээлбэл, Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчид хариуцлага тооцсон шийдвэр гаргахад тухайн шийдвэрийг хүчингүй болгох юм уу, хэвээр үлдээх шийдвэр гаргана. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд шүүх дүгнэлт гаргах эрхтэйг хуулиар эрхийг олгож өгсөн байдаг. Шударга өрсөлдөөний тухай хуулиар захиргааны байгууллага нэхэмжлэл гаргаж болно гэж заасан тохиолдолд нэхэмжлэл гаргадаг болохоос миний чиг үүрэг зөрчигдөж байна гэж захиргааны байгууллагад нэхэмжлэл гаргадаггүй. Тэгэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрийг буцаасан бэ гэхээр Дархан-Уул аймгийн сум дундын ойн анги миний субьектив эрх зөрчигдөөд байна гэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх субьектив эрхийн маргаан гэж үзэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тогтоож, шийдвэрлэх ёстой” гэсэн утгаар бичсэн. Буцаад Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны байгууллагаар нэхэмжлэл гаргасан, чиг үүргээ хамгаалуулах гэж байна гэж буцаад объектив маргаан руу орж байгаа юм. Захиргааны байгууллага захиргааны байгууллагын эсрэг гаргаж байгаа чиг үүргээ хамгаалуулахаар гаргаж байгаа нэхэмжлэл болж байгаа юм. Хуулиар нэхэмжлэл гаргах эрхийг олгосон заалтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн босгыг давах учиргүй нэхэмжлэл байна. Ийм учраас нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5, 109.2-д заасан үндэслэлээр татгалзах үндэслэл байгаа. Нэхэмжлэгч талаас хилийн цэсийн маргаан биш гэсэн атлаа шүүх хуралдааны бүх шатуудад хилийн цэсийн маргааныг ярьсан. Хавтаст хэрэгт авагдсан Газрын мэдээллийн нэгдсэн сангийн баримтуудаас үзэхэд тухайн Хонгорын даваа гэх газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хилийн зааг гэж байгаа. Газрын мэдээллийн нэгдсэн санд байгаа хилийн цэсээр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн, удирдлагын үйл ажиллагаа явуулна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга Газрын нэгдсэн мэдээллийн санд байгаа баримтыг үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэгч талаас энэ талаар хэн, хэзээ, хэрхэн үйлдсэн нь мэдэгдэхгүй цаасан зураг авчирч, өөртөө итгээд явж байгаа. Газрын кадастрын тухай хуулийн 3.1-д Газрын мэдээллийн нэгдсэн сан цахим систем байна гэж тодорхой заасан. Энэ нь хэн нэгний зурсан зураг биш. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсэгт зааснаар газрын кадастрын үйл ажилллагааг удирдах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Сэлэнгэ аймгийн Ерөө сум болон Дархан-Уул аймгийн Хонгор сум нь Хонгорын даваа гэх цэгээр зааглагдаж байна гэх мэдээлэл Газрын мэдээллийн нэгдсэн санд байхад түүнийг бодит бус маргаан гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас Хонгорын даваа Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр, Хонго гэдэг нэршил нь байна гэж байна. Хонгорын даваа гэдэг нь давж байгаа тэрхүү цэгийг л хэлж байна.” гэв.

2.11. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Ерөө сумын Засаг даргын өмгөөлөгчөөр ажиллаж байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг харахад чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болголоо гэдэг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад захиргааны актуудыг би буруу үзээд байна уу, нэхэмжлэгч тал буруу харсан уу. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ойгоос мод бэлтгэх гэсэн агуулгатай захиргааны акт байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын яриад байгаа нутаг дэвсгэрийн гэсэн үг, үсэг алга. Дархан-Уул аймагт холбогдох байршил заасан нэг ч үг алга. Тоо хэмжээ, төрөл нь ямар байх вэ, хяналтыг хэн хэрэгжүүлэх вэ, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах вэ гэсэн асуудал байгаа. Үүнд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг ярьж байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Бодит бус маргааныг нэхэмжлэгч тал үүсгэж байна. Эрхийнхээ хувьд төөрөгдсөн. Хэзээ үйлдсэн нь мэдэгдэхгүй зураг гаргаж ирээд энэ манайх гэж байгаа нь үндэслэлгүй. Улсын Их хурлын тогтоолын үг, үсэг маш тодорхой байгаа. Бид нутаг дэвсгэрийн маргаан үүсгэх шаардлагагүй. Солбилцлын хувьд буруу зөрүү тогтоосон асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн сум дундын ойн анги нь “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг батлах тухай” 123 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Ойгоос мод бэлтгэх тухай” А/08 дугаар захирамжуудын “Т” ХХК-тай холбоотой хэсэг буюу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Бичигт хадны Бөөр ам гэх газарт мод бэлтгэсэнтэй холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа дээрх шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарах илт хууль бус шийдвэр бөгөөд энэ нь нэхэмжлэгчnay эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Ойн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн шийдвэр болж байна гэж маргасан.

2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, өөрийн харьяалах нутаг дэвсгэрт хамруулан шийдвэр гаргасан гэж маргадаг.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж зохицуулсан тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээс судлан үзэхэд, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон дээрх маргаан бүхий захиргааны актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

4. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” зэрэг тохиолдолд захиргааны акт илт хууль бус байхаар заасан.

5. Маргаан бүхий захиргааны актууд болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 42 дугаар тогтоолоор “Т” нөхөрлөлийн нэрийг “Т” ХХК болгон өөрчилсөн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг батлах тухай” 123 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2024 онд бэлтгэх модны хуваарыг баталсан бөгөөд хавсралтад аж ахуй нэгжийн нэрс, үйлдвэрлэлийн ашиглалт, арчилгаа, цэвэрлэгээний огтлол болоод ойн цэвэрлэгээний ажлын зориулалтаар бэлтгэх модны төрөл, хэмжээг тусгасан байх бөгөөд газар нутгийн нэр, хэмжээ, хил заагийг нарийвчлан заагаагүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Ойгоос мод бэлтгэх тухай” А/08 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хэмжээнд 2024 онд ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээний хуваарийн дагуу гэрээ хийж зохион байгуулж ажиллахыг Ерөө бүсийн сум дундын ойн ангид даалгаж шийдвэрлэсэн байна.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагаар нэмэгдүүлсэн бөгөөд уг тогтоолоор “Т” нөхөрлөлд 112, 116, 120, 165 хэсэглэлүүдэд 2039 га ойн санг гэрээгээр эзэмшүүлсэн байна.

6. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар “хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тухайн жилд ашиглах ойн нөөцийн хэмжээг тогтоох болон 18.1.4-т зааснаар “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих”, 32 дугаар зүйлийн 32.3-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн ... ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг ... байдлаар тогтоох” бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй харин сумын Засаг дарга нь мөн хуулийн 18.2.6.-д заасны дагуу нь “энэ хуулийн 18.1.4-т заасан шийдвэрийг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих” болон 18.2.7-д заасны дагуу “ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хязгаарт багтаан мод бэлтгэх шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.

7. Иймд маргаан бүхий захиргааны актууд буюу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хэмжээнд ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг тогтоосон шийдвэрүүдийн хувьд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байна.

8. Нөгөөтэйгүүр маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх шийдвэр гарган нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн сум дундын ойн айнгийн Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.14-д заасан “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах” чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж, эрх хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон маргаан бүхий захиргааны актууд болон хавсралтад нь аж ахуй нэгжийн нэрс, үйлдвэрлэлийн ашиглалт, арчилгаа, цэвэрлэгээний огтлол болоод ойн цэвэрлэгээний ажлын зориулалтаар бэлтгэх модны төрөл, хэмжээг тусгаснаас Дархан-Уул аймагт хамаарах хэсэг болоод газар нутгийн нэр, хэмжээ, хил заагийг нарийвчлан заагаагүй байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар бичгээр болон шүүх хуралдааны явцад амаар нэхэмжлэгчээс удаа дараа тодруулж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа маргаан бүхий захиргааны актуудын “....Т” ХХК-тай холбоотой хэсэг буюу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Бичигт хадны Бөөр ам гэх газарт мод бэлтгэсэнтэй холбоотой хэсгийг...” илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон.

Шүүх хуралданы явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Л нь “.... захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэл гаргаагүй харин хуулийн этгээд болохын хувьд хуулийн этгээдийн зөрчигдсөн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулах, сэргээлгэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан...” талаар тайлбартаа дурдсан бөгөөд ингэхдээ Дархан-Уул аймгийн сум дундын ойн анги нь Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.14-т заасан “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах” чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрч, эрх зөрчигдсөн талаар тайлбарлажээ.

Гэтэл маргаан бүхий захиргааны актуудад газрын нэр, байршил тухайлбал “Бичигт хадны бөөр ам” гэх газрын нэрийг дурдаагүй байх бөгөөд “Т” ХХК-д холбогдох хэсэг гэж тодорхойлсон захирамжийн хавсралт хэсэгт мөн л газар зүйн байршил, газрын нэр тухайлан заагаагүй, модны төрөл, тоо хэмжээг л тогтоосон байна. Иймд газар зүйн байршил, газрын нэр заагаагүй маргаан бүхий захиргааны актууд нь Дархан–Уул аймгийн сум дундын ойн ангийн Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.14-т заасан ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ... гэх мэт хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж  дүгнэлээ.

9. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж заасан бөгөөд дээр дурдсанчлан нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий захиргааны актад газар нутгийн байршил заагаагүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт байх шинжид хамаарахгүй байна.

10. Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “Бичигт хадны бөөр ам” гэх газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум,  Дархан-Уул аймгийн Хонгор сумын альд нь хамаарах талаар тодруулахад Монгол Улсын барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 24 дүгээр тушаалаар батлагдсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй  холбоотой үүссэн маргааныг судалж, тогтоох, түүнийг шийдвэрлэх талаар холбогдох санал дүгнэлтийг гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлт, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2/1611 тоот албан бичгийн дөрөвдүгээр хавсралтад өнгөөр ялган ирүүлсэн байр зүйн зураг зэргээс дүгнэхэд одоогийн газрын мэдээллийн нэгдсэн санд буй сумдын хилийн дагуу “Бичигт хадны бөөр ам” гэх газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хамаарч байх тул газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй мэдээллийн дагуу үйл ажиллагаа явуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй юм.

11. Монгол Улсын барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 24 дүгээр тушаалаар батлагдсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй  холбоотой үүссэн маргааныг судалж, тогтоох, түүнийг шийдвэрлэх талаар холбогдох санал дүгнэлтийг гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлтэд дурдсанаар эцсийн байдлаар Монгол Улсын Их хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Хонгор сум, Ардын Их Хурлын 1978 оны 73 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хилийн цэсийг тус тус тогтоосон гэх бөгөөд эдгээр шийдвэрт өөрчлөлт ороогүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тус 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлт болон дүгнэлтийн үндэслэл болсон хавсралт баримт бичгүүдийг шинжлэн судлахад Сэлэнгэ аймгийн Ерөө сум болон Дархан-Уул аймгийн Хонгор сумын хилийн цэс нь дараах байдлаар өөрчлөгдөж байжээ. Үүнд:

11.1. Газар зохион байгуулах улсын комиссын Сүхбаатар хот дахь отряд, Сүхбаатар хотын газар зохион байгуулах комисс, Ерөө сум сангийн аж ахуйн захиргаанаас хамтран гаргасан 1959 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр актаар Сүхбаатар хотын Ерөө сумын нутгийн хилийг "...Баруун өмнө талдаа Яргайтын даваа, Хөхчулууны овоогоор баруун тийш 1073 тоот өндөрлөг дамжин Халзангийн хөндийг хөндлөн огтолж Дархан сумын Хуучин төвийн хойд хөтөл, Бумбатын хяраар явж, Унга өндөрт гараад тэндээс хойш эргэж Улаантолгой, Тариа толгойгоор дамжин Баян хярд хүрнэ. Эндээс чанх хойш Ерөө голд ортол Төв аймгийн Дархан сумтай хил нийлнэ." гэж тогтоосон байна.

11.2. Улсын газар зохион байгуулах комиссын Төв аймаг дахь отряд, Төв аймгийн газар зохион байгуулах комисс, Дархан сумын захиргаанаас хамтран гаргасан 1959 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 26 дугаар актад тус сумын хилийг "Унга уулаас зүүн тийш эргэн хүйтний голын хойт нуруугаар хэцээ дамжин явж, Яргайт, Хөх чулуу, Хонгорын даваанууд, дайран Могойн голын баруун хяраар урагш Могойн хөтөлд очоод цаашаа хүйтний голын эх хүртэл Сүхбаатар хоттой (засварлаж Ерөөтэй гэж бичсэн) хил нийлнэ.” гэж тогтоожээ.

11.3. Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 142 дугаар зарлигаар Дархан сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийг“...Уянга, Хүйтний голын хойт нуруу хөх чулуу, Хонгорын даваа, Могойн голын баруун хяр, Хүйтний голын эх../ гэж тогтоож, харин Ерөө сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийг ".... Хүйтний голын өндөр, Могойтын даваа, Могойн голын баруун нуруу, Бүхлээн баруун уул, Хонгорын эх, Хөх чулуутын овоо, Яргайтын даваа,..." гэж тогтоосон байна.

11.4. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийг тогтоосон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар зарлигт хилийн цэсийн маргаан бүхий эргэлтийн цэгийг “... Бүхлээний баруун уул, Хонгорын даваа, Яргайтын даваа, Хөх чулуут уул...” гэх  цэгүүдээр тэмдэглэсэн байна.

11.5. Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 280 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Хонгор сумын хилийн цэсийг “...Хөх чулуут уул, Яргайтын даваа, Хонгорын даваа, Бүхлээний баруун уул...” гэж тогтоосон байна.

11.6. Дархан-Уул аймгийн Хонгор сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийг тогтоосон, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Их хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор хилийн цэсийн маргаан бүхий эргэлтийн цэгийг “...Хөх чулуут уул, Яргайтын даваа, Хонгорын даваа, Бүхлээн баруун уул...” гэж тогтоосон байна.

12. Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.” гэж заасан бөгөөд хамгийн сүүлд батлагдсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хилийн цэсийг тогтоосон Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар зарлиг, Дархан-Уул аймгийн Хонгор сумын хилийн цэсийг тогтоосон Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Аймаг сум байгуулах тухай” 32 дугаар тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

13. Шүүхийн хэлэлцүүлгийн үед талуудын мэтгэлцээний агуулга нь хилийн цэсийн маргаан мэт агуулга яригддаг бөгөөд хуульд заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал баталдаг, маргаан бүхий асуудлыг судалж дүгнэлт гаргасан Монгол Улсын барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 24 дүгээр тушаалаар батлагдсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй  холбоотой үүссэн маргааныг судалж, тогтоох, түүнийг шийдвэрлэх талаар холбогдох санал дүгнэлтийг гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлтэд дурдсанаар эцсийн байдлаар Монгол Улсын Их хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Хонгор сум, Ардын Их Хурлын 1978 оны 73 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хилийн цэсийг тус тус тогтоосон гэх боловч тус дүгнэлтэд хилийн цэсийг тогтоох эрх бүхий байгууллага болох Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар зарлиг болон Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Аймаг сум байгуулах тухай” 32 дугаар тогтоолд дүгнэлт хийлгүйгээр Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлиг түүний хавсралтыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлт гаргасан нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сэлэнгэ аймгийн Ерөө болон Дархан-Уул аймгийн Хонгор сумдын хилийн цэсийг тогтоосон бүх эрх зүйн актуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, тэдгээрт үндэслээгүй, хэтэрхий нэг талыг баримталсан, утга агуулгын хувьд зөрүүтэй, учир дутагдалтай дүгнэлтийг гаргасан гэж дүгнэхээр байна.

Тухайлбал: Тус дүгнэлтэд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэгдсэн хилийн цэсийн эргэлтийн цэсийн солбилцол нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Их хурлын 1994 оны 32 дугаар тогтоолын хавсралтад дурдсан 49о 290.500”N 106o4042.800”E эргэлтийн цэгийн солбилцолтой Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар зарлигийн хавсралтад дурдсан  49о 290.500”N 106o4042.800”E солбилцолтой таарч байхад Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэгдсэн хилийн цэсийн эргэлтийн цэсийн солбилцол нь Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигийн калькан зургаас зөрүүтэй гэх дүгнэлтийг хийжээ.

Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас Монгол Улсын Их хурлын 1994 оны 32 дугаар тогтоолд үндэслэн 2011-2015 онд хийгдсэн Монгол Улсын засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбилцолжуулах, баталгаажуулах ажлын тайлангууд, Газрын шинэтгэлийн хорооны 2018 оны шийдвэрийг ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа дүгнээгүй,  ашиглаагүй байна.

Эдгээрээс дүгнэхэд Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дархан-Уул аймгийн Хонгор сумын хилийн цэсийг тогтоосон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эх сурвалжид тулгуурлан үнэн зөв, бодитой дүгнэлт гаргаагүйн улмаас Ерөө болон Хонгор сумдын хооронд хилийн цэсийн эргэлтийн цэгтэй холбоотой үл ойлголцол үүсч, Дархан-Уул аймгийн сум дундын Ойн ангийн зүгээс Ойн тухай хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх маргаан үүсгэсэн гэж дүгнэхээр байна. /өмнө нь харьяалах яам ажлын хэсэг гаргаж дүгнэлт гаргаж байгаагүй бөгөөд мэргэжлийн байгууллага болох Газрын харилцаа геодези зураг зүйн газраас хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбилцолжуулах,  баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэж байсан./

14. Дархан-Уул аймгийн Хонгор сумын хилийн цэсийг хамгийн сүүлийн байдлаар Үндсэн хууль болон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймаг, сумын хилий н цэсийг тогтоох эрх бүхий байгууллага болох Монгол улсын Их Хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор “... Хөх чулуут уул 1278.9, Яргайтын даваа 667.4 /энэ цэгийг АИХТ-н 1977 оны 75 дугаар зарлигын хавсралтад 997.4 гэж тэмдэглэсэн өөрөөр хэлбэл зөрүүтэй/, Хонгорын даваа, Бүхлээн баруун уул 1262.4 буюу эргэлтийн цэгийн солбилцол 49о 290.500”N 106o4042.800”E гэж тогтоож, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд мөн дээрх байдлаар бүртгэгдсэн байна.

15. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтээр Ерөө болон Хонгор сумдын хилийн цэсийг тогтоогоогүй, мөн өөрчлөөгүй, хуулиар аль нэг яам болон бусад байгууллагад хилийн цэсийг тогтоох эрх хэмжээ олгоогүй, зөвхөн Монгол улсын Их Хурал хилийн цэсийг тогтоох, өөрчлөх  бүрэн эрхтэй байхад нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн сум дундын ойн анги нь нь дээрх Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нь Дархан-уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт мод бэлтгэх зөвшөөрөл олгож шийдвэр гаргасан мэтээр ташаа ойлгож шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж  үзэхээр байна.

16. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/209 дугаар тушаарлаар батлагдсан “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар” болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2018 онд, Монгол Улсын барилга, хот байгуулалтын сайдаас 2023 онд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн албан бичгүүдэд ажлын хэсгийн шийдвэрийг малчид, ард иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх, таниулж, мөрдөх чиглэл хүргүүлснээс дүгнэхэд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дархан-Уул аймгийн Хонгор сумын хилийн цэсийн маргаан нь бодит бус маргаанд хамаарч байгаа бөгөөд “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар”-ын 5.2.1-т “энэ зааврын 2.1.2-т заасны дагуу ойлголтын зөрүүнээс үүссэн буюу хилийн цэсийн зарлиг, тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүйгээр олон нийтэд үнэн бодит мэдээлиийг тайлбарлан танилцуулснаар шийдвэрлэгдэх маргааныг энэ зааврын 3.3 дахь хэсэгт заасан “Хилийн цэсийн мэдээллийн сан”-д үндэслэн нарийвчлан шалгаж холбогдох тайлбарыг өгнө.”, 5.2.2 дахь хэсгийн а-д “...хуулийн дагуу хамгийн сүүлд батлагдсан буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоол, зарлигийг мөрдөж, хэрэгжилтийг хангана.” гэжээ. Газрын мэдээллийн нэгдсэн санд хилийн цэсийн маргаантай холбоотойгоор өөрчлөлт ороогүй, маргаан бүхий газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хамараах газар нутаг гэж харагдаж байхад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт хамаарах шийдвэр гаргасан гэх нэхэмжлэлийн үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд, чиг үүргээ хэрэгжүүлж холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий шийдвэрүүд нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.4, 18.2.6, 18.2.7, 18.3.14, 32 дугаар зүйлийн 32.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг батлах тухай” 123 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Ойгоос мод бэлтгэх тухай” А/08 дугаар захирамжуудын “Т” ХХК-тай холбоотой хэсэг буюу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Бичигт хадны Бөөр ам гэх газарт мод бэлтгэсэнтэй холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ОДБААТАР

 

[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 87 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 23 дугаар хуудас