Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/01333

 

С.Цэцэгмандалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2016/00534 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1658 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Цэцэгмандалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Алтангадаст холбогдох

Газар худалдах, худалдан авах гэрээний төлбөр 6 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттөмөрийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч С.Цэцэгмандал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Алтангадас нь манай ажил дээр анх н.Сэргэлэн гэдэг хүнийг дагуулж ирээд төслийн 50 000 000 төгрөгийн зээл олж өгч чадна, хашаа байшин хэрэгтэй гэж хэлсэн. Надад хашаа байшин байхгүй гэхэд Л.Алтангадас нь надад хашаа байшин байгаа тэрийг өөрийнхөө нэр дээр болгочих тэгээд 50 000 000 төгрөгийн зээл бүтээж өгнө гэж хэлсэн. Ингээд Л.Алтангадас өөрийн нэр дээр байгаа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 89 дүгээр гудамжны 11/Б тоотод байрлах Ү-2201034151 улсын бүртгэлийн дугаартай 75 м.кв талбай бүхий хувийн сууц, хашаа Г-2201014673 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний 336 м.кв талбай бүхий газрыг 16 000 000 төгрөгөөр худалдаж байгаа мэтээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ингээд манай ажил дээрээс 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирж 6 000 000 төгрөг авсан. Надад 50 000 000 төгрөгийн зээл бүтээж өгнө гэж бодоод өгсөн. Л.Алтангадас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр намайг төслийн зээлийн материалаа бэлд гээд Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх дээр очоод миний нэр дээр хашаа байшингийнхаа өмчлөх эрхийг шилжүүлсэн. Л.Алтангадас нь намайг төслийн 50 000 000 төгрөгийн зээлээ авахаараа газрын үлдэгдэл мөнгөө өгөөд 30 000 000 төгрөгөө хэрэглээд төлөөд дуусахаараа хашаа газраа буцаагаад өгөөрэй гэж хэлсэн. Ингээд үл хөдлөх гэрчилгээ гарсны дараа надаас 10 000 000 төгрөг нэхсэн. Надад тийм мөнгө байхгүй гэж хэлэхэд наад хашаа газраа барьцаалаад хүнээс 10 000 000 төгрөг зээл авчих. Би өөрөө төслийн зээлийг чинь зоцуулж өгнө гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний нэр дээр шилжүүлсэн хашаа байшинг барьцаалаад н.Цогнэмэх гэдэг хүнтэй би 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба уг мөнгийг би н.Цогнэмэхээс аваад Л.Алтангадаст өгч явуулсан. н.Цогнэмэхийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг хүүгийн хамт Л.Алтангадас буцааж төлсөн Би н.Цогнэмэхэд мөнгө төлөөгүй. Үүнээс хойш Л.Алтангадас таг чиг алга болж төслийн зээлийн талаар юм ярихгүй алга болсон. Би н.Цогнэмэх гэдэг хүнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг буцааж төлөөгүй. Л.Алтангадастай төслийн зээл яасан бэ гэж асуухад энэ жилийн зээл дууссан гэж хэлсэн. Л.Алтангадас нь 2016 оны 02 дугаар сард хашаа байшинг буцааж өг гэж нэхэхэд нь би миний 6 000 000 төгрөгийг өг гэсэн. Тэгтэл намайг айлгаж дарамталсаар байгаад 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр газар байшингийн гэрчилгээг нь би буцааж өгсөн Надад шилжүүлсэн хашаа байшин нь Л.Алтангадасынх ч биш өөр хүмүүсийнх болохыг нь би дараа нь мэдсэн. Иймд Л.Алтангадасаас намайг хуурч авсан 6 000 000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Л.Алтангадас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Цэцэгмандал нь надаас зарах хашаа байшин байна уу гэж асуусан учир Л.Алтангадас миний бие өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 89 дүгээр гудамж, 11Б тоот Ү-2201034151 бүртгэлийн дугаартай 75 м.кв хашаа сууц, Г-2201014673 бүртгэлийн дугаартай 336 м.кв газрын хамт “Хас банк” ХХК-ийн зээлийн барьцаанд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх хашаа байшин газрыг зээлээс чөлөөлж 16 000 000 төгрөгөөр С.Цэцэгмандалд худалдахаар тохирч урьдчилгаа төлбөр болгож гэрээний үнийн дүнгийн 37.5 хувь буюу 6 000 000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж гарсны дараа авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С.Цэцэгмандалын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өөрт оногдох үүргээ биелүүлсэн. С.Цэцэгмандал нь амралтын газар болон адууны мах зарсан 20 000 000 төгрөг надад байгаа үлдэгдэл болох 10 000 000 төгрөгийг гэрчилгээ нэр шилжсэний дараа өгнө гэсэн боловч өгөлгүй шалтгаан тоочсоор удсан. Сүүлдээ би энэ хашаа байшинг газрын хамт барьцаанд тавиад чиний үлдэгдэл 10 000 000 төгрөгийг өгье гэсэн. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хувиараа зээл гаргадаг Ц.Цогнэмэх гэгч дээр дагуулж очиж Ц.Цогнэмэхтэй С.Цэцэгмандал 9 000 000 төгрөгийн зээл барьцааны гэрээ байгуулаад надад 9 000 000 төгрөг өгч бас л үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгөхөөр болсон. С.Цэцэгмандал үлдэгдэл 1 000 000 төгрөгөө өгөлгүй явсаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүргэсэн ба Ц.Цогнэмэх надаас мөнгөө нэхээд байна өгөхгүй бол намайг шүүхэд өгнө гээд байна тэгвэл би баларна надад холбогдох 2 хэрэг шүүх дээр байгаа хоёулаа худалдах, худалдан авах гэрээгээ буцаая чи хашаа байшингаа газрын хамт ав гэснээр би буцааж хашаагаа авахаар болсон. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Ц.Цогнэмэхэд С.Цэцэмандалын 9 000 000 төгрөгийн зээл барьцааны гэрээний хүү алдангийн хамт нийт 12 500 000 төгрөгийг төлж зээлийн барьцаанаас нь суллаж аваад энэ өдрөө С.Цэцэгмандалд 2 500 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг төлж С.Цэцэгмандалаас Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо 89 дүгээр гудамж 11Б тоот Ү-2201034151, Г-220114673 дугаартай хашаа байшин газрын хамтаар худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр буцаан худалдаж аваад мөнгөө нотариатын хажууд өгч гэрээгээ батлуулж авсан. 2014 онд “Хас” банкинд 15 000 000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай зээлийн барьцаанд тавиад зээлээ хэвийн төлөөд явж байсан ба С Цэцэгмандалаас болоод эд материалын болон зарим олох байсан ашгаа алдсан. Би С.Цэцэгмандалд 50 000 000 төгрөгийн төслийн зээл олж өгнө гэж юу ч яриагүй. Хашаа байшингийн төлбөрт С.Цэцэгмандал нь надад анх 6 000 000 төгрөг, дараа нь Ц.Цогнэмэх гэдэг хүнээс 9 000 000 төгрөг зээлж авч өгөөд нийт 15 000 000 төгрөгийг өгсөн. Л.Цэцэгмандал мөнгө зээлсэн Ц.Цогнэмэхэд хүүгийнх нь хамт 12 500 000 төгрөг төлж, өөрт 2 500 000 төгрөгийг бэлнээр өгч нийт 15 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Надад өөр төлөх төлбөр байхгүй. С.Цэцэгмандалд 2 500 000 төгрөгийг бэлнээр өгөхдөө баримт үйлдээгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2016/00534 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264,1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Алтангадасаас 2 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Цэцэгмандалд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуупийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Цэцэгмандалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Аптангадасаас улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Цэцэгмандалд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1658 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2016/00534 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “264 дүгээр зүйлийн 264.1-д...” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 70 950 төгрөг, хариуцагч 54 950 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттөмөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг 1 500 000 төгрөг гэж бичсэн боловч нийт үнийн дүнг 16 000 000 төгрөг гэж тохиролцсон тухайд талууд маргаангүй гэсэн нь энэхүү гэрээ хууль ёсны болохыг баталсан. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “264 дүгээр зүйлийн 264.1-д ...гэснийг “243 дугаар зүйлийн 243.1. 205 дугаар зүйлийн 205.1-д гэж өөрчлөлт оруулж шийдсэн нь ч 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээг” гэрээ мөн болохыг баталсан мөртлөө энэ гэрээнд талуудын гарын үсэг зурж өр төлбөргүй, болохыг баталгаажуулсан бодит баримт байхад давж заалдах шатны шүүх үнэлээгүй. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцааж өгөх үүрэгтэй” гэсэн заалтын дагуу худалдагч буюу хариуцагч Л.Алтангадас худалдан авагч болох С.Цэцэгмандалын үүргээ биелүүлээгүйгээс өөрийн хашаа байшинг буцаан худалдан авсан нь энэ хуулийн заалттай нийцэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах хяналтын гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж дүгнэв.

2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулж Л.Алтангадас Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 89 дүгээр гудамжны 11/Б тоотод байрлах Ү-2201034151 улсын бүртгэлийн дугаартай 75 м.кв талбай бүхий хувийн сууц, хашаа Г-2201014673 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний 336 м.кв талбай бүхий газрыг С.Цэцэгмандалд 1 500 000 төгрөгөөр худалдахаар гэрээнд заасан байгаач гэрээний зүйлийн үнэ нь 16 000 000 төгрөг гэдэг талууд маргаагүй байна./хх-4, 7/

Гэрэээний дагуу хувийн сууц, хашааны газрын өмчлөх эрхийг С.Цэцэгмандалд шилжүүлэн өгсөн байх бөгөөд түүнийг гэрээний үүргийг биелүүлж үнийг бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр Л.Алтангадас гэрээнээс татгалзаж хашаа байшингийн өмчлөлийг буцаан шилжүүлж авсан үйл баримтууд тогтоогджээ.

Хашаа байшингийн үнэнд С.Цэцэгмандал 15 000 000 төгрөгийг С.Алтангадаст, харин Л.Алтангадас нь С.Цэцэгмандалын бусдад төлөх зээлийн төлбөрт 12 500 000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хоёр шатны шүүх талууд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болон гэрээний үүрэгт харилцан тооцож буй дээрх төлбөрийн талаар хэрэгт авагдсан баримтанд үндэслэн дүгнэлт хийж зөрүү 2 500 000 төгрөгийг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хэргийн нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчдод эрх үүргийг тайлбарлан өгсөн, хэргийн материалтай танилцуулсан, шүүх хуралдаан оролцох эрхээр нь хангах зэргээр мэтгэлцэх эрхийг нь бүрэн хэрэгжүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй гэж үзлээ.

Хариуцагч “2 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулгаар хяналтын журмаар гомдол гаргасан боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй, гомдолд заасан үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1658 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттөмөрийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР