Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2016/0412/З |
Дугаар | 221/МА2017/0239 |
Огноо | 2017-03-29 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2017/0239
2017 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 221/МА2017/0239 | Улаанбаатар хот |
П Х С-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч
С.Цацралтуяагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээд К Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, Г.Ч нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд К Б ХХК-аас гаргасан давж заалдах гомдлоор, П Х С-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн П Х С-ы Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган М ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-00000, Ү-00000 дугаарт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00000, 00000 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, тойруу, хотхоны байрны зоорийн давхрын тоот автозогсоолуудын өмчлөгчөөр Бүгд найрамдах Солонгос улсын иргэн П Х С-ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, автозогсоолуудын Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн П Х С-ы нэхэмжлэгч дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгажээ.
Гуравдагч этгээд К Б ХХК-ийн гүйцэтгэх захирал давж заалдах гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч бүртгэлийн байгууллагыг буруутгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.
Гэтэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т энэ хуулийн 14.1-т зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасан.
Харин мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө гэж заасан бөгөөд уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг баримталж, Мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана гэсэн үндэслэл тогтоохгүй байна гэж дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, хариуцагчийн бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол 14.1.5 бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол, 14.1.6 энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол, 14.1.9 мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол зэрэг хуулийн заалтуудыг үндэслэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, өмчлөгчөөр бүртгэх боломжгүй тухай мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл уг хуулийн зохицуулалтын хүрээнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар М ХХК бүртгэлтэй, К Б-ны 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ болон 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний дагуу үүссэн барьцааны эрх хүчинтэй байгаа учир барьцаалагч этгээдийн зөвшөөрөл авах болон уг 44А байрны 165, 191 тоот автозогсоолын эрхийн улсын бүртгэлд хөдөлгөөнд нь хязгаарлалт хийсэн эрхийн акт бүртгэлтэй байгаа зэрэг үндэслэлүүдээр бүртгэхээс татгалзсан байхад эдгээр үндэслэлүүдийг хуулийн аль зохицуулалтаар буруутгаж, хууль бус байгааг тайлбарлахгүйгээр бүртгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу болсон байна.
2.Бүгд найрамдах Солонгос улсын иргэн П Х С нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/01407 тоот захирамжаар өмчлөгчөөр тогтоогдсон байна.
Ийнхүү өмчлөгчөөр тогтоогдсон шүүгчийн захирамжийг үндэслэн Бүгд найрамдах Солонгос улсын иргэн П Х С нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блюй Скай хотхоны 44А байрны зоорийн 165, 191 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан болно.
Уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасны дагуу мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг уг хуулийн 13 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд гаргаж, хуульд заасан хавсаргавал зохих материалыг хавсаргах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсын иргэн П Х С мэдүүлэг гаргах үед тухайн орон сууц болон автозогсоолын улсын бүртэлд К Бны барьцааны эрх 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн бүртгэлтэй байсан болно. Ийнхүү барьцааны эрх хууль ёсны дагуу бүртгэлтэй учир Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу Бүгд найрамдах Солонгос улсын иргэн П Х С нь уг барьцаанд буй хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхдээ хуульд заасан журмын дагуу барьцаалагч этгээд болох К Б-ны зөвшөөрөл авч, зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулж, түүнийг мэдүүлэгтээ хавсаргаж өгөх үүрэгтэй байна.
Нөгөө талаараа хуулийн хэлбэрэлтгүй сахиж, хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага болох бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу барьцаалагч этгээдээс зөвшөөрөл авч, мэдүүлэгт хавсаргаж өгөхийг шаардах үүрэгтэй юм.
Гэтэл захиргааны хэргийн шүүхийн зүгээс уг асуудалд чухам ямар үндэслэлээр буруу тохож, хариуцагч байгууллагыг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно гээд 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ, 20.1.4-т шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан, 20.5-д Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж тус тус заасан байдаг.
Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох 44А байрны 165, 191 тоот автомашины зогсоолын өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарч, хөдөлгөөнд нь хязгаарлалт хийх тусгай тэмдэглэл хийсэн учир бүртгэх боломжгүй хэмээн тайлбарлаж байхад уг асуудалд ямар ч дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчийг буруутгаж буй нь үндэслэлгүй юм.
Хуульд заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн байхад хөдөлгөөн хийсэн тохиолдолд бүртгэлийн байгууллага эргээд хууль зөрчсөн үндэслэлээр буруутгах боломжтой байхад шүүхийн зүгээс уг асуудалд огт дүгнэлт өгөхгүйгээр бүртгэх үндэслэлтэй гэсэн үндэслэлээр хариуцагч байгууллагыг хууль зөрчиж бүртгэл хий гэж шийдвэрлэж буй нь буруу байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 32 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гуравдагч этгээд К Б ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянахад анхан шатны шүүх маргаанд хамаарал бүхий үйл баримтыг зөв дүгнээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П Х С М К ХХК-тай байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээнийдагуу захиалгаар бариулсан Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхоны байрны зоорийн давхрын тоот авто зогсоолыг нэхэмжлэгчтэй энэхүү гэрээг байгуулахаас өмнө буюу 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр К Б ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тус тус тавьсан байх бөгөөд эдгээр нь одоог хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй хэвээр төдийгүй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Хэдийгээр дээрх орон сууц, авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн П Х С-ы нэхэмжлэлийн шаардлагыг М К ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/01407 дугаар шүүгчийн захирамж гарсан ч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М К ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Учир нь 2010 онд бүртгэлийн байгууллагаас тус компанийн гаргасан мэдүүлгийг үндэслэн М К ХХК-ийн нэр дээр тоот автозогсоолыг Ү-00000 дугаарт, тоот автозогсоолыг Ү-00000 дугаарт бүртгэх үед Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, иймд дээрх бүртгэлтэй холбогдуулан хариуцагчийг буруутгах боломжгүй.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна, 19.1.2-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх гэснээр шүүхийн шийдвэрийн дагуу тоот автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч П Х С-ыг тогтоосон учир уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжтой, өөрөөр хэлбэл хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр барьцаалсан нэр бүхий банкны зөвшөөрөлтэйгөөр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэхээр байна.
Иймд П Х С-ы өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтсийн /тухайн үеийн нэрээр/ үйл ажиллагаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох-ыг, 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх-ийг тус тус хориглох тухай, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна, 28 дугаар зүйлийн 28.2, 28.4-т заасан гэрээгээр үүссэн барьцааг бүртгэх тухай зохицуулалттай тус тус нийцсэн байна.
Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг дутуу судалж, гуравдагч этгээд М К ХХК болон К Б ХХК-уудын хооронд байгуулагдсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй, тус зээлийн барьцааны гэрээ нь хэргийн 2 дугаар хавтасны 11 дэх талд авагдсан бөгөөд барьцааны гэрээний зүйлд 205 автомашины гараж хамаарч байгаад дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн маргаан бүхий автозогсоолыг барьцаалж Си Эм Эс Эл ХХК-ийн К Б ХХК-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ирүүлсэн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай К Б ХХК-ийн албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч П Х С-ы өмчлөлийн тоот автозогсоолуудыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөгдсөн гэж дүгнэхдээ М К ХХК болон К Б ХХК-уудын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон эсэхийг харгалзаж үзээгүй зэргээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Эдгээрээс нэгтгэн дүгнэхэд, гуравдагч этгээд К Б ХХК-ийн ... Хуульд заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн байхад ... шүүх хариуцагч байгууллагыг хууль зөрчин бүртгэл хий гэж шийдвэрлэж байгаа нь буруу гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан П Х С-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан М ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-00000, Ү-00000 дугаарт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00000, 00000 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхоны байрны зоорийн давхрын тоот автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, автозогсоолуудыг иргэн П Х С-ы нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд К Б ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд К Б ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ