Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 691

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би, иргэн И.Б*******гийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1287 дугаартай шийдвэрийг биелүүлэхийг Цагдаагийн ерөнхий газарт даалгах, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/333 дугаартай тушаалын И.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Б******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “…Иргэн И******* овогт Б******* би Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын албан тушаал бууруулсан, сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр нь хууль зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн байх тул буцаан томилох тухай Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх тухай нэхэмжлэл гарган захиргааны хэрэг үүссэн байгаа билээ.

И.Б******* би Цагдаагийн байгууллагын удирдлагатай маргаантай асуудлаар учраа ололцон харилцан буулт хийж тохиролцож маргаанаа шийдвэрлэж чадсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

И.Б******* нь Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1287 дугаартай шийдвэрийг биелүүлэхийг Цагдаагийн ерөнхий газарт даалгах, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/333 дугаартай тушаалын И.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж  шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч И.Б*******д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн И.Б******* нь Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1287 дугаартай шийдвэрийг биелүүлэхийг Цагдаагийн ерөнхий газарт даалгах, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/333 дугаартай тушаалын И.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч И.Б******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ