| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03929/И |
| Дугаар | 191/ШШ2025/04697 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/04697
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ч нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э холбогдох
22,279,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, багасгасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* болон хариуцагч ******* овогтой ******* нар нь 0452 дугаартай Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах авах гэрээг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, байгуулсан.
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0452 дугаартай “Хөдлөх эд Хөрөнгө худалдах, худалдан авах авах гэрээ”-ний дагуу Үхрийн гулууз 5,900 кг махыг хариуцагч ******* овогтой *******д шилжүүлж төлбөрийг 82,800,000 төгрөг байхаар 2 тал харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Мах маркетингийн хөргүүрээс 100 хувь хүлээлгэн егсөн.
Гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 сая төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 32,800,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үлдэгдэл 30,000,000 төгрөгийг өгөхөөр талууд тохиролцсон. Гэрээ байгуулсан өдөр талууд тохиролцон хоёр бүтэн үхрийг нэхэмжлэгчид буцаан өгч гэрээний үнийн дүнгээс 2 үхрийн гулууз махны төлбөр болох 2,928,000 төгрөг хасагдаж гэрээний нийт үнийн дүн 79,872,000 төгрөг болсон.
Хариуцагч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 20024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 7,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 9-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 8,400,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,500,000, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3,220,000 төгрөг, 2024оны 07 дугаар сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2,855,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2,810,000 төгрөг, 2024 оны 07дугаар сарын 27-ны өдөр 3,190,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн ээж *******доржийн *******ийн Хаан банкны 52,74065334 тоот дансанд шилжүүлсэн.
Талуудын байгуулсан 0452 дугаартай “Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах авах гэрээ”-ны 3.4-т “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасан.
Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлбөрийг бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч алданги тооцох бүрэн эрхтэй. Үүний дагуу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн тул үлдэгдэл 67,872,000 төгрөгийн 3 хоногийн алданги 1,018,080 төгрөг , 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5,000.000 төгрөг шилжүүлсэн тул үлдэгдэл 62,872,000 төгрөгийн 1 хоногийн алданги 314,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 7,000,000 төгрөг шилжүүлсэн тул үлдэгдэл 55,872,000 төгрөгийн 2 хоногийн алданги 558,720 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 3,000,000 төгрөг шилжүүлсэн тул үлдэгдэл 52,872,000 төгрөгийн 2 хоногийн алданги 528,720 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 6,000,000 төгрөг шилжүүлсэн тул үлдэгдэл 46,872,000 төгрөгийн 1 хоногийн алданги 234,360 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг шилжүүлсэн тул үлдэгдэл 39,872,000 төгрөгийн 2 хоногийн алданги 398,720 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 8,400,000 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэгдэл 31,472,000 төгрөгийн 1 хоногийн алданги 157,360 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,500,000 төгрөг шилжүүлсэн тул үлдэгдэл 24,972,000 төгрөгийн 7 хоногийн алданги 874,020 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3,220,000 төгрөг шилжүүлсэн тул 21,752,000 төгрөгийн 3 хоногийн алданги 326,280 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг шилжүүлсэн тул үлдэгдэл 15,752,000 төгрөгийн 15 хоногийн алданги 1,181,400 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2,855,000 төгрөг шилжүүлсэн тул үлдэгдэл 12,897,000 төгрөгийн 2 хоногийн алданги 128,970 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 2,810,000 төгрөг шилжүүлсэн тул үлдэгдэл 10,087,000 төгрөгийн 3 хоногийн алданги 151,305 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 3,190,000 төгрөг шилжүүлсэн тул 6,897,000 төгрөгийн өнөөдрийг хүртэлх 268 хоногийн алданги 9,241,980 төгрөг нийт алданги 15,113,915 төгрөгийг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээж байна.
Хариуцагч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ 2024 оны 07 дугаар сарын 27-ний өдрөөс хойш одоог хүртэл биелүүлээгүй.
Иймд гэрээний нийт үлдэгдэл төлбөр болох 6,897,000 төгрөг, алданги 15,113,915 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн 268,100 төгрөгийг нэмж нийт 22,279,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.1. Миний Б.******* нь 10,200,000 төгрөг гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлага үлдэх хэсгээс татгалзаж байна. Үндсэн төлбөр 6,800,000, алданги 3,400,000.
1.2. 2024.5.13-нд мах өгсөн. Сарын дотор мөнгөө 3 хувааж авах байсан. Гэтэл мөнгөө өгөөгүй. Ингээд би шүүхээр яваад хэрэггүй бага багаар өгчих гэсэн. Тэр үед би жирэмсэн байсан тул утсаар ярихад удаа дараа тайлбар хэлж байсан. Нийт 79,800,000 төгрөгийн мах өгөөд 73 саяыг авсан. Үлдсэн 6,800,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Алдангийг 0.5 хувиар тооцохоор 15 сая болж байгаа боловч тал хувиар 3,400,000 төгрөг, нийт 10,200,000 төгрөг гаргуулна. 2024.7.20-с хош нэг ч төгрөг төлөөгүй. Би хариуцагчид боломж олгосон. 100-р ч хамаагүй хийгээд бай гэж хэлсэн. 5 дахь өдөр болохоор л утсаа авдаг гэв.
2. Хариуцагч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* гэх хүнээс 2024 оны 05.13 өдөр үхрийн гулууз 6,900 кг махыг /82,800,000/ мах маркетын хөргүүрээс 79,872,000 төгрөгөө тохиролцон зээлээр худалдан авсан. Нийт 82,800,000-2 үхрийн махны 2,928,000 хасагдсан. Тэгээд уг тохирсон хугацаандаа өгч чадаагүй. Харилцан тохиролцож гэрээ хийж нотариатаар орсон боловч хугацаандаа өгч чадаагүй үнэн. Авсан үнэнээсээ махны үнэ доошилсон. Уг махаа 1,200 аар доор зарж борлуулж их алдагдалд орсон боловч уг махаа гэрээ хийгээд авсан болохоор төлж дуусгая гэсэн. 1,200-аар доошоо махны үед тухайн үед унасан энэ үнэн. 8,280,000 бас зоорь 1,600,000, грушик бусад зардал 550,000 шатсан боловч 10,430,000 уг хийсэн гэрээгээрээ мөнгөөрөө төлье гэж хэлсэн. Гэрээндээ өгч чадаагүй нь үнэн. Одоо үлдэгдэл мөнгө 6,897,000-г 2025 оны 09 сарын 30-аас өмнө төлж дуусгахыг харж үзнэ үү. Алданги болох 15,113,915 төгрөгийг төлж барагдуулж чадахгүй, тийм боломж байхгүй.
2.1. 2024 онд мах авсан нь үнэн. Тэр үед махны үнэ өсөх байх гэж бодоод зоорины мах авсан боловч махны ханш унасан. Улмаар 8 сарын 1-н гэхэд 1,200 төгрөгөөр үнэ унасан байсан. Мөнгийг нь бага багаар нь төлж байгаад сүүлдээ даралт ихэсдэг болсон. Би бас хүнээс мөнгө авах ёстой. Үндсэн мөнгө 6,870,000 төгрөгийг 8 сарын 30-ны дотор төлнө гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Худалдах худалдан авах гэрээний хуулбар /ХХ5/, Хаан банк дахь Ч.*******ийн дансны хуулга /ХХ7-9/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 10,200,000 төгрөг гаргуулж, шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн үнэ 6,897,000 төгрөг, алданги 15,113,915 төгрөг, нийт 22,279,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн үнэ 6,800,000 төгрөг, алданги 3,400,000 төгрөг, нийт 10,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан.
3. Хариуцагч Б.******* нь гэрээ байгуулж, гэрээний зүйл болох махыг хүлээн авсан, төлбөрөөс 6,897,000 төгрөг төлөгдөөгүй байгаа талаар маргаагүй боловч боломжгүй гэх үндэслэлээр алданги төлөхөөс татгалзсан.
4. Зохигч 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 82,800,000 төгрөгийн үнэ бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. /ХХ5/
Худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь 82,800,000 төгрөгийн үнэ бүхий махыг хүлээн авч, 2,928,000 төгрөгийн үнэ бүхий махыг буцааж, 79,872,000 төгрөгийн үнэ бүхий махыг бусдад худалдан борлуулсан. Улмаар хүлээн авсан махны үнээс үлдэх 6,897,000 төгрөгийг төлөөгүй байгаа үйл баримтын талаар зохигч хэн аль маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгахдаа үлдэх төлбөрийг 6,800,000 төгрөг гэж шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.
4.1. Гэрээний 3.2-т зааснаар 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлбөрийг бүрэн төлж дуусгах талаар зохицуулсан бөгөөд 3.4-т алдангийн талаар тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагч нь 313 хоног хугацаа хэтрүүлсэн. Энэхүү хугацаанд гэрээнд зааснаар хоног тутам 0.5 хувиар алдангийг тооцвол 1 хоногт 34,000 төгрөг, 313 хоногт 10,642,000 төгрөг тооцогдож байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангид 3,400,000 төгрөг шаардах боломжтой.
Харин хариуцагчийн алданги төлөх боломжгүй гэх тайлбар нь гэрээнд зааснаар алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тохиолдолд уг хэсэгт холбогдох хураамжийг буцаан олгохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.*******гаас 10,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 89,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД