2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/03398

 

 

 

 

 

 

2025 04 23

191/ШШ2025/03398

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б******* овогт С*******гийн Ө******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О******* ХХК /рд:*******/-д холбогдох

 

О ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч хөдөө байгаа тул шүүх хуралдаанд ирэхгүй эзгүйд шийдвэрлүүлье гэж надад мэдэгдсэн. Х ХХК болон "О ХХК-иуд нь харилцан хамаарал бүхий нэг эзэнтэй БНХАУ-ын иргэн гэх хүний жонш экспорт тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд юм. Өөрөөр хэлбэл, Х ХХК-ийн хувьцааг 100% БНХАУ-ын иргэн эзэмшдэг. О ХХК-ийн хувьцааг 100% Х ХХК эзэмшдэг болно. С.Ө******* миний бие гэр бүлээрээ дээрх компаниудад үнэнч шударгаар ажиллаж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цаг, амралтын өдрийн хязгаарлалтгүйгээр ажиллахын зэрэгцээ, өөрийн хувийн машинаа хүртэл компанийн үйл ажиллагааны ашиглуулж байсан. Миний машины түрээсийг өгнө гэж байсан боловч мөн өгөхгүй байгаа. Мөн намайг ажлаас халж, ажиллах нөхцөл боломжгүй болгосон. Энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 10 сарын 07 өдөр гомдол гаргасан ч тус гурван талт хорооны 2022 оны 10 сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул 2022 оны 10 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 101/Ш32022/25958 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамж 2022 оны 11 сарын 14 өдөр бичгээр гарснаар миний бие гардан авч дахин нэхэмжлэл гаргаж байна. С.Ө******* миний бие Х ХХК-д 2022 оны 06 сарын 27 өдрөөс Талбайн менежерийн ажилд орж, сарын үндсэн цалин 2,335,000 төгрөгөөр ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан. Мөн 2022 оны 07 сарын 22 өдөр харилцан хамаарал бүхий компани болох О ХХК-н Гүйцэтгэх захирлаар намайг томилон ажиллуулсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн. Уг компанийн Гүйцэтгэх захирлын ажлын хувьд надтай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, цалинг чинь 3,500,000 тогтоож олгоно гэж байсан тул /3,500,000-2,335,000=1,165,000 төгрөг/ зөрүү 1,165,000 төгрөгийн цалингаар О ХХК-н Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болно. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан ...өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх ...хэлбэрээр явагдаж байсан хөдөлмөрийн харилцаа юм.

Компанийн удирдлагаас 2022 оны 9 сарын сүүлээс эхлээд намайг шахаж, ажиллах боломжгүй болгон, үг үйлдлээрээ дарамталж эхэлсэн. Тухайлбал, 2022 оны 9 сарын 30 өдөр орчуулагч Урандэлгэрээр дамжуулан миний эхнэр Н рүү яриулж Нөхрөө компаниас аваад зайл, ажлаас гар" гэж хэлүүлсэн. 2022 оны 10 сарын 02-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч намайг дуудаж ажилдаа хэрэглэж байсан Prada 150 маркын машинаа хурааж авсан. 2022 оны 10 сарын 03-ны өдөр компани дээр ажлын тодорхойлолт хийлгэж авахаар очиход тодорхойлолт гаргаж өгөөгүй. Эдгээр үйлдэл нь тушаал бичгээр гаргаж өгөөгүй ч ажлаас халсан буюу ажил хийлгэхгүй болсныг тодорхой харуулж байгаа юм. Ийнхүү миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд С.Ө******* миний урьд эрхэлж байсан Х ХХК-н талбайн менежерийн ажил болон О ХХК-ийн гүйцэтгэх захирал ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилтийг Х ХХК болон О ХХК-аар хийлгүүлж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасан гомдлоор үүсгэх хэрэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Ө******* болон О******* ХХК, Х ХХК гэх 2 компанитай холбоотой асуудлыг товч танилцуулъя. Х нь одоогийн хэргийн хариуцагч О ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч компани юм. Тэгэхээр Х-д талбайн менежер гэх статустай 2022 оны 5 сард ажилд орж, 7 сард нь О ХХК-ийн захирлаар томилогдсон байдаг, түүнийг томилсон бүртгэл улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн байдаг. Гэтэл компанийн төсөв санхүүтэй холбоотой мөнгө завшсан гэх асуудлаар С.Ө*******ын эхнэр Нийн талаар Х-аас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Эхнэртэй нь асуудал үүсэж яваад нөхрийг нь бас ажиллуулахгүй гэсэн, тухайн үед тушаал юу ч гаргаж өгөөгүй, үндэслэлгүйгээр халагдлаа гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэл дурдахгүйгээр, ажлын тодорхойлолт гаргаж өгөхгүй, мөн хариуцаж унаж явсан машиныг хураан авах зэрэг асуудал үүссэн. Цалин хөлсний хувьд Х дээр 2,335,000 төгрөгийн цалин тохиролцож, 7 сард О ХХК-ийн захирал болоход нь 1,165,000 төгрөгийн цалин хөлс өгөхөөр, нийт 3,500,000 төгрөгийн цалинг Х-аас олгоно гэж хэлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар өөр ажил албан тушаал хавсран гүйцэтгүүлсэн, мөн 56.2-т зааснаар гүйцэтгэх ажил үүрэгт тохирох цалин хөлсийг тохиролцсоны дагуу нэмж олгох ёстой гэх хууль зүйн үндэслэлээр нэхэмжилж байгаа. Мөн хамгийн сүүлд 9 сард ажилласан цалин хөлсийг нь Х болон О ХХК-аас огт олгоогүй, түүнээс ажиллуулахгүй болсон буюу ажилгүй байсан хугацааны цалинтай хамт нэхэмжилж байгаа.

Иймд Х ХХК-тай холбоотой шаардлагыг тусгаарлаж хэрэгсэхгүй болгосон, Орбим унум ХХК-тай холбоотой шаардлага буюу О ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11-р сарын 16-ны өдөр С.Ө*******оос ХХК, О ХХК-д холбогдуулж гаргасан талбайн инженерийн, гүйцэтгэх захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч нарын төлөөлөгч А.Мөнхтулга миний бие танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба үүнтэй холбогдуулж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

ХХК нь 2021 оны 12 сарын 24-ний өдөр Монгол Улсад үүсгэн байгуулагдсан Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд. Үүсгэн байгуулагдснаас хойш албан ёсоор ажилд орсон анхны хүн нь нэхэмжлэгчийн эхнэр Г.Н. Нэхэмжлэгчийн эхнэр Г.Н компанид санал тавьсны дагуу 2022 оны 05-р сараас эхлэн нэхэмжлэгч С.Ө******* нь Хү И ХХК-д Талбайн инженер ажлын байранд ажилд орсон. Анх ажилд ороход 2,335,000 төгрөгийн үндсэн цалинтай байхаар харилцан тохиролцон, О ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах талбайд талбайн инженерийн чиг үүргийг гүйцэтгүүлж байсан.

2022 оны 07-р сарын 07-ны өдөр О ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар С.Ө*******ыг томилсон. Албан ёсоор О ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгүүлж эхлээгүй байсан тул Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн хэлж буй О ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгүүлж, үндсэн цалинг 3,500,000 /гурван сая таван зуу мянга/-н төгрөг болгон нэмэгдүүлнэ гэж тохиролцож байсан нь үнэн. Нэхэмжлэгчээр Гүйцэтгэх захирлын ажил үүргийг 2022 оны 09-р сараас эхлүүлэн гүйцэтгүүлсэн тул нэхэмжлэгчийг ажлаа хаяж явахаас өмнөх сүүлийн сар буюу 09-р сарын үндсэн цалинг 3,500,000 /гурван сая, таван зуу мянга/-н төгрөгөөр бодсон.

ХХК, О ХХК нарын хувьд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь гадаад улсын иргэд ба анх Монгол улсад үүсгэн байгуулагдах үед Монгол Улсын хууль тогтоомж, хөдөлмөрийн харилцааг нарийн мэдэхгүй, мэдлэг дутмаг байсан ба энэхүү нөхцөл байдлыг өөртөө ашигласан этгээд нь нэхэмжлэгч ба түүний гэр бүлийн гишүүн болох Г.Н болон тэдгээрийн хамсаатнууд юм. Нэхэмжлэгчийн эхнэр болох Г.Н нь нэхэмжлэгч С.Ө*******ийн нэр дээр бүртгэлтэй Төрийн банкны тоот данс руу компанийн данснаас 2022 оны 03-р сарын 31-ний өдөр Татварын урьдчилгаа төлбөр гэх гүйлгээний утгатай, 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг шилжүүлэх замаар мөнгөн хөрөнгө завшсан нь нотлох баримтаар тогтоогдсон тул уг үйлдлийг шалгуулах зорилгоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр Хэлтэст гомдол гаргасан ба эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Нэхэмжлэгч болон Г.Н нарын ХХК-д учруулсан үйлдлийг шалгуулах зорилгоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр Хэлтэст гомдол гаргаснаас хойш Монгол Улсын бүхий л төрийн байгууллага Г.Н, С.Ө******* болон тэдгээрийн хамсаатнуудын өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу компанийн бүхий л асуудлыг шалгаж байна. Тус 25,000,000 төгрөгөөс гадна нэхэмжлэгч тал ХХК-иас авсан мөнгөний нийт дүн 111,542,000 /нэг зуун арван нэгэн сая, таван зуун дөчин хоёр мянга/-н төгрөг бөгөөд үүнээс 16,497,090 /арван зургаан сая дөрвөн зуун ерэн долоон мянга ерэн/ төгрөгийн баримт бүрдүүлж өгсөн 95,044,910 /ерэн таван сая дөчин дөрвөн мянга есөн зуун арав/-н төгрөг нь ямар ч төлбөрийн баримтгүй, ямар үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тодорхойгүй, үр ашиггүй байна. Үүнийг манай компанийн зүгээс мөн адил хохирол гэж үзэж байна.

Иймд манай компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Ажил олгогч дараах үндсэн эрхтэй:, 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох8 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: "80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон; гэж заасныг тус тус үндэслэн С.Ө*******ийг ажлаас чөлөөлсөн ба эгүүлэн ажилд нь авах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, нэхэмжлэгч нь Х болон О ХХК-д ажиллаж байхдаа Х-ийн данснаас өөрийн данс руу 25,000,000 төгрөгийг татварын урьдчилгаа төлбөр нэрээр авч, тухайн компанид ажиллаж байсан эхнэр Н гэх хүний хамт завшсан байж болзошгүй байдаг. Үүнд 1 зүйл тодруулж хэлэхэд Х-ийн хувьд С.Ө******* нь талбайн инженерийн албан үүрэг гүйцэтгэж байсан. Харин О ХХК-ийн хувьд хэдийгээр 2022 оны 7 сард гүйцэтгэх захирлаар томилогдсон байсан боловч албан ёсоор энэ компанид бодитоор ажиллаж байгаагүй, гүйцэтгэх захирлын албан үүрэгт гүйцэтгэсэн зүйл байхгүй, өмнөх захирал чөлөөлөгдсөн учир оронд нь өөрсдийнхөө итгэлтэй хүнийг тавихаар энэ хүнийг захирал болгож бичилт хийж томилсон байдаг, гэвч бодитоор ажил үүрэг гүйцэтгээгүй, мөн түүний нэр дээр цалин олгож, нийгмийн даатгал төлсөн зүйл байхгүй. Энэхүү цагдаагийн байгууллагад хандсан асуудлаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж, Х-д холбогдох хэсэг нь хэрэгсэхгүй болсон. Энэ үед 25 сая төгрөгийг завшсан байж болзошгүй үндэслэлээр шалгуулж байсан. Одоо хэрэгт авагдсан баримт байгаа нэхэмжлэгчийн харилцах дансны хуулга байдаг. Үүнээс тодруулж үзэхэд эхнэртэйгээ авсан байж болзошгүй гэж үзэж байгаа 25 сая төгрөгөөс гадна дахин их хэмжээний мөнгийг завшсан байх магадлалтай болсон. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл нэмж гаргаад шалгуулж байгаа, үүнд 2022 оны 6 сарын 21-ний өдрөөс 2022 оны 9 сарын 27-ны өдрийн хугацаанд нийт компанийн болон компанийн хувьцаа эзэмшигчийн данснаас шилжүүлсэн мөнгөнөөс 20,194,600 төгрөгийг шууд эхнэрийнхээ данс руу дамжуулан шилжүүлж 15 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна гэдэг нь тогтоогдсон. Асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Тухайн завшсан байж болзошгүй мөнгөнөөс дотроо задрахад нийт 4,121,200 төгрөг нь О ХХК-д хамаарах мөнгө байсан, үүнийг эхнэрийнхээ данс руу шилжүүлж зориулалтаар ашиглаагүй гэж үзэж байгаа. Мөн энэ шилжүүлсэн мөнгөтэй холбоотой, баримттай юу үгүй юу гэдгийг хүсэлтээр гаргаж байсан. Энэ баримт нь хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэгчийн нэг асуудал байгаа нь хариуцагч компани бол машиныг ашиглаж байсан боловч чөлөөлсөн байдгийг дурдсан байдаг, энэ асуудал нь шийдэгдсэн, энэ мөнгөний асуудал нь тусдаа шүүхээр явж дуусгавар болсон, өөрөөр хэлбэл хариуцагч компанийн цагдаагийн байгууллага болон өнөөдөр шүүх хуралдаанд дурдсан мөнгөтэй хамааралгүй, тусдаа бодогдоод хуулийн байгууллагаар явж шийдвэрлэгдсэн асуудал байгаа. Түрүүн миний хэлсэн О ХХК-д С.Ө******* нь нийгмийн даатгал төлж байгаагүй талаарх баримтыг гаргаж өгч байгаа, мөн тухайн маргаан үүссэн 2022 оны 9 сард энэ компанид данс нээсэн тогтоол нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн сард гарсан гэдгийг нотлох баримтаар гаргаж өгч байгаа. Тухайн үед итгэл алдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, шууд ажлаа хүлээлгэж өгөхийг хариуцагч компанийн зүгээс шаардлага тавьж, хэрэглүүлж байсан машиныг хурааж аваад явуулсан. Ажлаас халах болсон шалтгаан нь ойлгомжтой байсан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзсэн, энэ нь нотлогдож байгаа тул ажлаас нь нэхэмжлэгчийг чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж явж байгаа асуудал нь өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа, энэ асуудаар 2022 оны 9 сарын 30-ны өдрөөр тасалбар болгож С.Ө******* болон Нийг чөлөөлснөөс хойш 2022 оны 10 сараас хойш хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн боловч өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ талаар ирсэн хариугаа шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Энэ хэрэгт нэхэмжлэгчээр, хариуцагч компанийн гаргасан өргөдөлд холбогдогчоор явж байгаа хүмүүс нь одоогийн байдлаар эрэн сурвалжлагдаж байгаа, хаана байгаа нь тодорхойгүй байгаа, энэ талаар прокурорын тогтоолд тодорхой дурдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т зааснаар нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

О******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг хувьцаа эзэмшигч болон Х-ийн данснаас зарцуулж байсан, энэ данснаас гарсан нь компанийн үйл ажиллагаагаар тогтоогддог. Хариуцагч компанийн үйл ажиллагаанд зарцуулахаар нийт шилжүүлсэн мөнгөнөөс 4,908,000 төгрөгийг хувьцаа эзэмшигчийн данснаас шилжүүлсэн, Х-ийн данснаас шилжүүлсэн үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгөнөөс 8,650,000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна гэж үзэж байгаа. О ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Х юм, Х-ийн хувьцаа эзэмшигч нь Хятад улсын иргэн юм. О ХХК-д гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх шийдвэр гаргахын тулд хувьцаа эзэмшигчийн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Жу хунжа гэх хүн юм, энэ нь компанийн дүрмээс харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн эхнэр Н нь энэ компанид эхэлж ажилд орсон, дараа нь нөхөр нь ажилд орсон. Эхнэрт нь итгэж байгаа учир нөхөрт нь итгээд ажилд авъя гэж авсан. Х нь шинээр О ХХК-ийг худалдан авсан, тухайн компанид байсан хүнийг чөлөөлөөд өөрийнхөө хүнийг томилох шаардлага гарсан, итгэж байсан учир С.Ө*******ыг О ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болгож нэрийг нь улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ямар нэгэн чиг үүрэгтэй ажиллуулна гэх зүйл болоогүй, О ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгч талын хэлж байгаа жоншны үйл ажиллагаа эрхэлж байсан гэдэг нь Х-ийн ажил юм. Х-ийн нэр нь хүртэл жонш гэх нэртэй юм. Нэхэмжлэгч О ХХК-д огт ажил эрхлээгүй, нэрийг нь гүйцэтгэх захирлаар оруулахдаа итгэж байсан, итгэлцлийнхээ хүрээнд энэ компанийн үйл ажиллагаанд зарцуулж болохуйц мөнгийг дандаа С.Ө*******ын данс руу хийгээд явж байсан. Гэтэл тэр мөнгийг нь эхнэрийнхээ данс руу хийсэн. Үйл ажиллагаа гэдэг нь компанитай холбоотой ажил үүрэг гүйцэтгэж байгаа талбайн инженерийн хувьд жонштой холбоотой ажил хийж байгаа болохоор, О******* ХХК нь одоогоор ерөөсөө хашаатай газар л байгаа, тэр хашааг шинэчлэх гэж мөнгө шилжүүлж байгаа бол тэрэнд л зарцуулагдах ёстой, нийт 111,500,000 төгрөгийг С.Ө*******ын данс руу шилжүүлсэн байгаа, үнээс зарцуулалтыг нь харахад баримттай, баримтгүй болж байгаа.

Нэхэмжлэгч нь 1 компанид өөрийн үндсэн ажил болох талбайн инженерийн ажлыг гүйцэтгэж байгаад ажил олгогчийн итгэлийг алдаж мөнгө завшиж байгаа үйлдэл нь нөгөө компанид хэвийн ажиллуулах нөхцөл болохгүй тул халсан байгаа юм. Нөгөө талаас тухайн зарцуулж байгаа мөнгөний талаар 2 компани нь нэг гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь ажил олгогчийн итгэлийг алдсан нь шилжүүлсэн мөнгийг зориулалтын бусаар ашигласан үйлдэл нь баримтаар илэрхий тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан 50 сая төгрөгийн тухай аваагүй гэх тайлбар хэлж байна. Энэ баримт нь шүүхэд өгсөн задаргаа, мөн эхний өөрийн данс руу шилжүүлсэн 25 сая төгрөгтэй хамааралгүй тусдаа асуудал байна гэдгийг хэлмээр байна. Албан бичиг дээрх тамгын хувьд хувьцаа эзэмшигчийн энэ компанид байгаагаас шалтгаалж дарсан асуудал байна. Тамга зөрүүтэй байна гэдэг нь нэхэмжлэгчийг зөрчил гаргасныг, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдлийг үндэслэж ажлаас чөлөөлсөн үндэслэлийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Үүнд агуулгын хувьд хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар 80.1.5-т заасныг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага дээр байгаа асуудал нь өнөөдрийг болтол дуусахгүй байгаа шалтгаан нь хэргийн оролцогч нар алга болсон асуудал байгаа, би ажиллаж байгаа өмгөөлөгчийн хувьд өөрөө баримт гаргаж өгсөн. Мөрдөгч нар энэ хүмүүс нь хил гараагүй байна, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж байгаа. С.Ө*******ыг шалгаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй, яагаад гэвэл эхнэрээсээ энэ мөнгийг хамтран завшсан байж болзошгүй байна гэж өргөдөл өгсөн. Үүний хүрээнд гэрчээр С.Ө*******ыг дуудаж тайлбар авсан байгаа. Ер нь бол хэрэгт хамааралтай бүхий л хүнийг гэрчээр асууж байж цааш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа, гэрчээр асуусан гэдэг нь тухайн эдгээд хамааралгүй гэж ойлгох үндэслэлгүй. Ер нь С.Ө*******од энэ зүйлс нь хамааралтай байна гэх хохирлын хэмжээний дэлгэрэнгүйг гаргаж өгсөн байгаа, хүлээгээд тухайн ажиллагаа явагдахгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ дэмжиж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, Талбайн менежертэй байгуулах хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтуудыг нэхэмжлэлд хавсарган өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хаан банкин дахь С.Ө*******ийн дансны хуулга /1хх-68-79/, Х-ийн болон О******* ХХК-тай холбоотой гэх зардлын баримт /1хх-80-109/, С.Ө*******ийн дансны хуулга 1хх-134-148/, зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн,

Хариуцагчаас шүүхэд итгэмжлэл, Х ГХОХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, О ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Х-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 02 дугаар тушаал, цалингийн хүснэгт, Х-ийн дансны хуулга, БНХАУ-ын иргэн -н дансны хуулга /1хх-55/, Х-ийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 06 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн албан бичиг, бэлэн мөнгөний орлогын баримт /1хх-46/, Хаан банкны валют арилжааны хэлцэл баримт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлсээс 2023 оны 03 сарын 23-ны өдрийн албан бичгээр шүүхэд ирүүлсэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа баримтууд /1хх-157-162/, Х-ийн зөрчилтэй холбоотой шийтгэлийн хуудас /бичвэр уншигдахгүй/, цалингаас татварын орлого суутгасан болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /1-р хх-ийн 163-180/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын дардас бүхий нягтлан бодогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 181-187/, Хаан банкин дахь Х-ийн дансны хуулга, Г.Нийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж /231-235/, О ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /1хх 248-250/, О унус ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай тушаал /2хх-16/, О******* ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалтын баримтууд /дүн хэсэгт 00 бичвэртэй/ /2хх-17-28/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Х, О ХХК-иас гаргасан өргөдөл /2хх-29-30/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /2хх-32/, Хаан банк ХК-ийн тодорхойлолт /2хх-33/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /2хх-34-36/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /2хх-37-41/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавах болсон тухай тогтоол /2хх-42/, байгууллагын мөнгийг С.Ө*******ын данс руу зарцуулсан тооцоолол гэх баримтуудыг гаргаж өгсөн,

Шүүхийн журмаар Хаан банк ХК-иас ирүүлсэн С.Ө*******ийн дансны хуулга /1хх-134-148/, Төрийн банк ХК-иас ирүүлсэн С.Ө*******ын дансны хуулга /1хх-151/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2023 оны 09 сарын 14-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн хэрэг бүртгэлтийн 220604860 дугаартай хэрэгт авагдсан 14 хуудас баримтууд /1хх-ийн 200-213/, зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Ө******* нь хариуцагч Х-д холбогдуулан талбайн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, О ХХК-д холбогдуулан О ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 101/ШЗ2023/27179 захирамжаар хариуцагч Х-д холбогдох С.Ө*******ын шаардлагыг тусгаарлаж, уг шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон ба уг захирамжид талууд гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хх-243-245/

3.Талууд С.Ө*******ын нэхэмжлэлтэй хариуцагч О ХХК-д холбогдох хэргийн хүрээнд мэтгэлцэж, шүүх хууль зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэв.

4. Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь ажил олгогчийн итгэлийг алдсан, шилжүүлсэн мөнгийг зориулалт бусаар ашигласан үйлдэл тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн, С.Ө******* нь компанийн хөрөнгийг хувьдаа завшсан, эрүүгийн журмаар хэргийг шалгаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан маргаж байна.

5. Хэргийн үйл баримтаар, нэхэмжлэгч С.Ө******* нь О ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс томилогдож, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөр этгээдийг гүйцэтгэх удирдлагаар томилсон бүртгэл тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийгджээ. /хх-23/

Нэхэмжлэгч нь О ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан хугацааг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 09 сар гэж тодорхойлж, Х-д талбайн инженерээр ажиллаж байхад 2022 оны 07 дугаар сараас О ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар амаар тохирч, цалинг 2 ажлын нийт 3,500,000 төгрөг, үүнийг тооцохдоо энэ дүнгээс өмнөх ажлын цалин 2,335,000 төгрөгийг хасаад зөрүү 1,165,000 төгрөгөөр О ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хийхээр болсон гэж тайлбарлаж байгаа ба хариуцагч нь нэхэмжлэгч С.Ө*******ыг гүйцэтгэх удирдлагаар томилж улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч ажил үүрэг гүйцэтгээгүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15."хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг; гэж ойлгоно гэж заажээ.

Нэхэмжлэгч С.Ө******* нь Х-д талбайн инженерээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгд, мөн ажиллаж байх хугацаандаа цалин хөлс авч байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдох ба харин О ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор ямар ажил үүргийг, ямар эрх хэмжээтэй гүйцэтгэх, ажлын байрны тодорхойлолт заасан ямар ажил үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй, цалин хөлс тогтоосон болон олгосон баримтгүй байна.

Нөгөөтэйгүүр талуудын хооронд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан баримтгүй, ийнхүү өөр төрлийн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй, 41.2.Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ, 41.3.Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь О ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажил үүрэг эрхэлсэнтэй холбоотой тодорхой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч тээврийн захиалга, тээвэр зохицуулалтын ажлыг хийж байсан гэх боловч энэ нь Х болон О ХХК-ийн алиных нь ажил гэдэг нь тодорхойгүй, О ХХК-тай холбоотой ажил гүйлгээ хийсэн баримтгүй, хэрэгт авагдсан дансны хуулга, нөат-ын сугалаатай баримтуудын утга нь Х-д хамааралтай, эсхүл аль компанийн ажил, гүйлгээ гэдэг нь тодорхойгүй баримтууд байна.

Эдгээрийг нэгтгэн дүгнээд, нэхэмжлэгч С.Ө*******, хариуцагч О ХХК-ийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй байх тул О ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх баримт хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан баримтуудаас үзэхэд Х-ийн нягтлан бодогчтой холбоотой үйлдлийг шалгасан байгаа тул нэхэмжлэгч С.Ө*******ын нэхэмжлэлтэй холбоотой шаардлагыг шалгаж байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар хариуцагч О ХХК-д холбогдох О ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай С.Ө*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ