2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/03400

 

 

 

 

 

2025 04 23

191/ШШ2025/03400

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт Б*******ийн Д******* /ИБД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н******* х******* ү******* н******* ХК /рд:*******/-д холбогдох,

 

41,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би бага ангийн багш мэргэжилтэй, Номт наран ЕБС-д багш ажилтай. Хариуцагч Н******* х******* ү******* н******* ХК нь 2020 онд Хувьцаат орон сууц 5000 багш төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зар түгээсэн. Энэхүү төслийн зорилго нь хөнгөлөлттэй үнээр боломжийн нөхцлөөр багш нарыг орон сууцжуулах гэж танилцуулагдсан. Миний бие энэхүү төсөлд хамрагдаж байр орон сууцтай болох хүсэл сонирхолтой байсан тул төсөлд хамрагдах сонирхолтой байсан. Төсөлд хамрагдахын тулд Монголын багш нарын шинэ зуун зөвлөлдөх зөвлөл НҮТББ-ын гишүүнчлэлтэй багш нар хамрагдах нөхцөлтэй байсан бөгөөд би тус ТББ-д гишүүнчлэлээр бүртгүүлсэн. Уг төсөлд хамрагдахаар болж Н******* х******* ү******* н******* ХК-ийн 2020 оны 8 сарын 18-ны өдөр №0577 дугаартай Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж сар бүр тогтмол төлөлт хийж байсан. Гэрээгээр тохиролцсон зүйл нь захиалагч нь сар бүр 500,000 төгрөгийг тогтмол төлөлт хийнэ, харин компани нь төслийн хүрээнд хамрагдах багш нарын гэрээний дугаарлалтын дарааллын дагуу байр орон сууцанд оруулах тохиролцоотой байсан. Миний бие 2020 оны 8 сарын 18-ны өдрөөс хойш 2023 оны 7 сар хүртэл хугацаанд сар бүр 500,000 төгрөгийг Н******* х******* ү******* н******* ХК-ийн харилцах дансанд шилжүүлсэн. 2023 оны 7 сард компаниас холбогдож танайх орон сууцанд орох дараалалд орсон байна, удахгүй орон сууцанд орох тул урьдчилгаа 20 сая төгрөгийг шилжүүлээрэй гэж хэлсэн. Ингээд 20 сая төгрөгийг 2023 оны 7 сарын 05-ны өдөр компанийн данс руу шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, миний бие орон сууцанд ороогүй байна. Би орон сууцанд орж байртай болно гэж итгэж хүлээж явсаар 2024 оны 01 сарын 19-ний өдрийн байдлаар компанид нийт 41 сая төгрөгийг өгсөн. Компанитай очиж уулзах болгонд олон бичиг баримт цаас үзүүлж, хаяа тооцоо нийлж удахгүй байранд оруулна гэдэг боловч гэрээ байгуулснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байхад орон сууцанд хамрагдаж чадахгүй байна. Н******* х******* ү******* н******* ХК-аас биднийг хаана байршилтай ямар орон сууцанд оруулах талаар тодорхой мэдээлэл өгч байгаагүй, өөрсдийнх нь хамтран ажилладаг барилгын компаниудаас бартерын байранд оруулна гэж хэлдэг байсан. Миний бие Н******* х******* ү******* н******* ХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн үүргийг шударгаар биелүүлсэн атал Н******* х******* ү******* н******* ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн учир 577 дугаартай гэрээнээс татгалзаж тус компанийн дансанд шилжүүлсэн 41 сая төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ, Н******* х******* ү******* н******* ТББ-ын данс руу мөнгө шилжүүлсэн банкны гүйлгээний баримтууд, Б.Д*******гийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансны хуулга 2023.09.01-2024.02.01 хүртэл хугацаагаар, захиалагчтай хийх тооцоо нийлсэн акт, Ц.Оийн Хаан банкин дахь данснаас 20,0 сая төгрөг шилжүүлсэн дансны хуулга баримтуудыг шүүхэд бүрдүүлж өгсөн, хариуцагчаас нотлох баримт бүрдүүлж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Б.Д******* нь хариуцагч Н******* х******* ү******* н******* ХК-д холбогдуулан Хувьцаат орон сууц 5000 багш хөтөлбөрт хамрагдаж Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээний дагуу орон сууцны үнэд шилжүүлсэн 41,000,000 төгрөгийг буцаан шаарджээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

4.Орон сууцжуулах хамтын ажиллагааны 2020 оны 08 сарын 18-ны өдрийн №0577 дугаар гэрээгээр, Н******* х******* ү******* н******* ХК-ийн хувьцаа эзэмшигч Б*******ийн Д*******, Н******* х******* ү******* н******* ХК-ийн хооронд гэрээ байгуулж, Компани, өөрийн орон сууц захиалагч хувьцаа эзэмшигч иргэний орон байрны хангамжийн асуудлыг худалдан авалт хийхэд гаргадаг зардал бус, тогтмол мөнгөн урсгал, үл хөдлөх хөрөнгөд суурилсан үнэт цаас хувьцааны хөрөнгө оруулалтад хувирган ашиг орлого олдог хэрэгсэл болгох замаар эдийн засгийн таатай нөхцлөөр шийдвэрлэх, хамтын хариуцлагаар амьжиргааны түвшингээ дээшлүүлэх, амьдран байгаа орчныг оролцогч бүрт үр шимээ өгөх хөгжлийн орон зай болгон зохион байгуулах зорилго тавьж, захиалагч байршил, талбайн хэмжээ, бусад шаардлагатай мэдээллийг агуулсан Орон сууцны захиалгын хуудас бөглөж энэхүү гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана гэж заасан байна.

Уг гэрээнд 2 дугаар зүйлд гэрээний нөхцөл, хугацааг зааж,

-Захиалагч гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгийг тогмол төлнө, захиалагч захиалгын хуудсанд заагдсан байршил, талбай, бусад шаардлагад дүйцсэн, нийцсэн орон сууцанд орж, ашиглалтыг эхлүүлэх хугацаа гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 36 сараас хэтрэхгүй, захиалагчийн орон сууцанд орох дараалал байгуулагдсан гэрээний дугаарлалтын дагуу явагдана, гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сараас хэтрэхгүй хугацаанд орон сууцаа ашиглалтад хүлээн авсан тохиолдолд захиалагч нэг өрөө байранд 2,000,000 , 2 өрөө байранд 4,000,000 , 3 буюу түүнээс дээш өрөө байранд 6,000,000 төгрөгийг нэг удаагийн урьдчилгаа төлбөрт төлнө,

-Компанийн эрх, үүргийн хувьд амьдрах тав тух, аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ сайтай орон сууцыг нь компанийн өмчлөлд авч хувьцаа эзэмшигч буюу захиалагчдаа санал болгоно, хувьцаа эзэмшигч, захиалагчийнхаа эрх ашгийг ямагт дээдлэн хүндэтгэнэ, нээлттэй хувьцаат компанид Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржээс тавигдах шаардлагуудыг бүрэн биелүүлж хувьцаа эзэмшигч захиалагчийг үнэн зөв, бодит, шуурхай мэдээлэл, ил тод шударга шийдвэрээр хангаж ажиллана гэх заалтуудыг тусгасан байна.

Дээрх гэрээнээс орон сууцны байрлал, хэмжээ, үнэ, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, гэрээний нөхцөл, хугацаа хэсэгт заасан сар бүрийн 500,000 төгрөгийн төлбөр, урьдчилгаа төлбөр зэргийг ямар үндэслэлээр тооцон авахаар заасан нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үндсэн дээр сар бүр 500,000 төгрөг нийт 21,000,000 төгрөг, орон сууцанд орох дараалалд орохоор урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг, нийт 41,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, нэхэмжлэгч нь орон сууцанд орох зорилгоор мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаж, мөнгө шилжүүлсэн банкны гүйлгээний баримт, дансны хуулга, 2024.11.13-ны өдрийн огноотой захилагчтай хийх тооцоо нийлсэн акт баримтыг нотлох баримтаар гаргасан ба мөнгө шилжүүлсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд багш нарт зориулсан төсөлд хамрагдаж, сар бүр 500,000 төгрөгийг төлснөөр орон сууцанд орох дараалалд хамрагдаж, урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн нь түүнд орон сууцны захиалгын гэрээ байгуулах хүсэл зориг байсан боловч талуудын хооронд байгуулсан гэрээ нь орон сууцны захиалгын ажил гүйцэтгэх болон худалдах-худалдан авах гэрээ биш, ийм төрлийн гэрээ талуудын хооронд болон бусад этгээдтэй байгуулагдаагүй байна.

Иймээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ нэртэй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Дээрх гэрээнд заасан Орон сууц захиалгын хуудас үйлдэгдээгүй, өөрөөр хэлбэл орон сууц захиалах тодорхой төрлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй, Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Б.Д нь захиалагчийн хувьд хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн ба харин компани гэрээний тавдугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, орон сууцтай болох нэхэмжлэгчийн хүсэл зориг гэрээ болж хэрэгжээгүй байна.

Иймд хариуцагч Н******* х******* ү******* н******* ХК-иас 41,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 362,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 362,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хариуцагч Н******* х******* ү******* н******* ХК-иас 41,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 362,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 362,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/08071 захирамж энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ