Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01137

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01137

 

 

 

Х.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2021/01076 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Аын хариуцагч Т.Б ХХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Х.А нь Т.Бны Хан-уул дүүргийн салбарын захирлаар ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б/2213 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00625 дугаартай шийдвэрээр тогтоож, түүнийг Хан-уул дүүргийн салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 9 000 000 төгрөгийг Т.Б ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэг сарын цалин хөлсний хэмжээ 3 000 000 төгрөг болохыг тухайн үед бид өөрсдөө тооцсон байдаг. Уг шийдвэрт хариуцагч талаас гомдол гаргасан боловч Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 755 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж, хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч Х.Аын зүгээс Т.Бны гүйцэтгэх захирал Ө.Гантөрд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлтийг явуулсан боловч 9 000 000 төгрөгийн цалин хөлсийг олгож, шийдвэрийн бусад заалтыг биелүүлээгүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах 202 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 25 сарын хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Аыг Т.Б ХХК-ийн Хан-Уул салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан үйл баримт болон манай байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрт заасан 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Ат 2021 оны 3 дугаар сард түүний дансаар шилжүүлсэн талаар маргахгүй. Гагцхүү Х.А нь өөр ажил эрхэлж байгаа, ажилдаа эргэн орох сонирхолгүй байгаа гэдэг шалтгаанаар цалин хөлсийг олгох боломжгүй, тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Т.Б ХХК-иас 74 657 396 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Аад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, Х.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Т.Б ХХК-нд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.А нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 679 900 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Аад олгож, хариуцагч Т.Б ХХК-иас 531 237 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхэд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрхтэй бөгөөд Х.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1 сарын дундаж цалинг 3 000 000 төгрөг гэж тодорхойлсон. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалингийн дүнг нэмэгдүүлж 3 069 090 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Х.Аын 1 сарын дундаж цалин хөлс нь 2019 оны 4 дүгээр сарын 09- ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 24 сар / 3 000 000 төгрөг *24 сар =72 000 000 төгрөг /, 7 өдөр / 3 000 000 төгрөг :21,5 хоног = 139 534 төгрөг * 7өдөр = 976 738 төг /- ийн ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нийт олговор 72 976 738 / 72 000 000 төгрөг + 976 738 төгрөг / байх тул зөрүү болох / 74 658 160 төгрөг 72 976 738 төгрөг = 1 681 422 төгрөг/-ийн зөрүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.А нь Т.Б ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Т.Б ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ..Х.А нь өөр ажил эрхэлж ажилдаа эргэн орох сонирхолгүй байгаа.. гэх үндэслэл заан маргасан байна.

Анхан шатны шүүх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Т.Б ХХК-аас 74 657 396 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ат олгож, нэхэмжлэгч Х.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Т.Б ХХК-д үүрэг болгон шийдвэрлэжээ. /хх85-89/

Хариуцагч тал нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 1 сарын дундаж цалин хөлсийг 3 000 000 төгрөг гэж тодорхойлсон байхад шүүхээс сарын дундаж цалин хөлсийг 3 069 090 төгрөгөөр тооцсон гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, цалингийн зөрүү болох 1 681 422 төгрөгийг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн байна. /хх92-93/

Нэхэмжлэгч тал уг давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Т.Б ХХК-аас 72 975 974 төгрөг /74 657 396 төгрөг- 1 681 422 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгч Х.Ат олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасан талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2021/01076 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 74 657 396 гэснийг 72 975 974 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 681 422 төгрөгийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтын 531 237 гэснийг 522 830 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 853 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД