| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2022/01599/И |
| Дугаар | 191/ШШ2025/04079 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/04079
| 2025 05 09 | 191/ШШ2025/04079 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* овогт Л*******гийн М******* /*******/
Хариуцагч: Ч******* овогт О*******ы А******* /*******/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 72,156,260 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Иргэдийн төлөөлөгч Г.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь Архангай аймгийн Х сум, Ө, Цагаан хөндий гэх газар аялал жуулчлалын бааз ажиллуулдаг. 2019 оны зун 2 шинэ Канад байшинг бааз дээрээ барьж эхэлсэн байгаа. 2020 оны 06 сард сантехникийн болон хашааны ажил хийгдэж дууссан. Тухайн байшингууд нь тансаг зэрэглэлийн, цэвэр бохир усны ажлуудаа шийдвэрлэсэн, сонгодог загварын дөрвөн улиралд ажилладаг, халуун рашааны хажууд байрладаг байшин байсан, дандаа Япон улсын аялагч нарыг хүлээж авдаг зориулалттай байсан. Гэтэл 2020 оны 07 сарын 21-ний өглөө 08 цагийн үед согтуу хүн хариуцагчийн өмчлөлийн улсын дугаартай Лексус RХ 400 маркийн тээврийн хэрэгслээр амралтын газрын хашааг нэвт дайраад нэг Канад байшингийн дундуур нь нэвт мөргөөд гараад мөргөсөн. Тухайн өдөр нь нэхэмжлэгчийн нөхөр нь кемп дээрээ очихоор ирж байсан учраас аялагч аваагүй хоосон байдалтай байсан байгаа. Тухайн машин дотор нь очиж үзэхэд Т гэх хүн болон өөр бас нэгэн хүний хамт согтуу тасраад байшин мөргөснөө ч мэдэхгүй ухаангүй байдалтай байсан. Хариуцагчид холбогдох зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэлийн хуудас гарсан байсан. Үүнийг нь Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 437 дугаар шийдвэрээр хохирлын асуудлыг шийдээгүй байхад хялбаршуулсан нь буруу байсан гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон байгаа. Тухайн гэм хор үүссэнтэй холбоотойгоор хохирлын хэмжээг дараах байдлаар тооцсон. Канад байшингийн тухайд 2019 оны 06 сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2 ширхэг Канад байшинг 42,000,000 төгрөгөөр бариулсан. Иймд нэг байшин барих ажлын хөлс нь 21,000,000 төгрөг байсан. Мөн байшингийн сантехникийн хэрэгсэл, хашааны ажлын хөлс дотор нь эвдэрсэн зүйлүүд нь гэх юм бол ванн, мөн байшинг барихад ашигласан банз манай нэхэмжлэгчийн өөрийнх нь бараа материалаар тухайн байшинг барьж босгосон. Тус байшинг барихад нийтдээ 27,642,760 төгрөгийн зардал гарсан. Нийт 14 нэр төрлийн бараа материал татсан ажлын хөлс төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Хоёрдугаарт, доторх тавилга эд хөрөнгөд хохирол учирсан. Үүнд нь тухайлбал ширээ, матраас, хөнжлийн уут, даавуу, хөшиг, өлгүүр, шилэн тавцантай ширээ, цайны халуун сав, никель хогийн сав, хивэгтэй аяга гэх зэрэг нийт 11 эд хогшил устсан юм. Хөшиг зэрэг урагдсан, гэмтсэн, ашиглах боломжгүй болсон зүйлсийн дүн нь 7,263,500 төгрөг болж байгаа юм. Гуравдугаарт, уг байшинд үйлчлүүлэгч аваад сар гаруй хугацаа өнгөрч байсан бөгөөд 1 хоногийнх нь түрээсийн төлбөр нь 250,000 төгрөг байдаг байсан. Улирлын шинжтэйгээс гадна уг нь тус байшин нь халаалттай учраас дөрвөн улиралд ашиглах боломжтой. Гэхдээ өвлийн улиралд үйлчлүүлэгч цөөтэй байдаг учраас нэхэмжлэгчийн зүгээс яг аялал жуулчлалын сар болох 6, 7, 8 сараар тооцож 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх 92 хоног, нийт олох байсан ашиг 133 хоногийг өдрийн 250,000 төгрөгөөр тооцсон байгаа. Тэр нь 33,250,000 төгрөг байгаа. Түүнээс хойш байшин ашиглах боломжгүй болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа учраас 2022-2024 онд бид нар нэмэгдүүлсэн шаардлага гаргаж нэхээгүй байгаа. Дөрөв дэх үндсэн нэхэмжлэлийн зүйл нь энэ хэргийн хувьд хариуцагчтай ярьж хохирлоо барагдуулах гэхээр хохирлоо барагдуулдаггүй. Л.М*******ын хувь эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас өөрөө дахин дахин нэхэж явах боломжгүй байсан. Эхлээд Тийг нь шүүхэд өгөөд эрэн сурвалжлах шийдвэр гараад, дараа нь А******* буюу машины эзэнд нь холбогдуулж нэхэмжлэл гаргахад, хаяг тодорхойгүй тул буцаад эрэн сурвалжлаад дахиад нэхэмжлэл гаргаад, өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 5-6 удаагийн шүүхийн ажил болсон. Тийм учраас аргагүй өмгөөлөгч авч өөрөө гүйцэтгэх боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас өмгөөллийн хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөгийг хохиролд тооцож гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг 4,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шалтгаан үндэслэл нь гэм хорын хохирол учирсантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулан ажиллаж, шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч 4,000,000 төгрөг төлсөн. Үүнийгээ бас нэмж шаардаж байгаа. Нэхэмжлэлийн агуулга үндэслэлийн тухайд 5 үндэслэлээр нийтдээ 72,156,260 төгрөгийг хариуцагчаас гаргуулъя гэсэн шаардлага гаргаж байгаа юм гэв.
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэгдүгээрт, нэхэмжлэлээс 72,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. Учир нь үнэлгээний байгууллагаар байшингийн үнэлгээ гаргуулсан байгаа. Гэтэл уг үнэлгээгээр үнэлэхгүй бариулсан үнээр шаардаж байгаа нь үндэслэлгүй, Хоёрдугаарт, ирээдүйд олох байсан ашиг орлого гэж нэхэмжилж байгааг бас эсэргүүцэж байгаа юм. Нэхэмжлэгчийн компани нь зөвшөөрөл аваагүй, үйл ажиллагаа явуулах эрхгүй, бусад этгээдтэй хийсэн гэрээ хэлцэл байхгүй, ийм хэмжээний орлого олно гэж үзэх боломжгүй. Гуравдугаарт, осол гаргасан жолооч Т оргон зайлаад олдохгүй л гэж яриад байгаа. Т Би өөрөө энэ хэргийн хариуцагч мөн. Намайг энэ хэргийг хариуцагчаар оруулж өгөөч гэж өөрөө хүсэлтээ өгсөн материал нь хэрэгт авагдсан байгаа. Дөрөвдүгээрт, шударгаар үнэлгээний дүнгээр нь асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм болов уу гэж үзэж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхний хуулбар, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, кадастрын зураг, Смарт контейнер ХХК, Л.М******* нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, мөнгө төлсөн тодорхойлолт эх хувиар, Мастер матрас захиалгын хуудас, Икеа зарлагын баримт, Хаан банкны дансны хуулга, Жолоочийн согтууруулах, мансууруулах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, LEXUS RX330 суудлын машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хариуцагч О.А*******, О.Тийн иргэний үнэмлэхний хуулбар, Зөрчлийн тухай тэмдэглэл, Архангай аймгийн цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схэм зураг, гэрэл зургийн үзүүлэлт, шийтгэлийн хуудас, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 437 дугаартай шийтгэл хүчингүй болгуулах шийтгэвэр, өмгөөллийн Рэкс лэкс ХХН, Л.М******* нарын байгуулсан хууль зүйн туслалцааны гэрээ, өмгөөллийн Рэкс лэкс ХХН-д өмгөөллийн хөлс 4,000,000 төгрөг Л.М*******аас шилжүүлсэн дансны хуулга, өмгөөллийн Рэкс лэкс ХХН-ийн өмгөөллийн хөлс 4,000,000 төгрөг хүлээн авсан тухай 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 38 дугаар албан бичиг, итгэмжлэл, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн О.А*******ын оршин суух хаягийг олж тогтоосон тухай албан бичиг, О.А*******аас Б.Бд олгосон итгэмжлэл, Б.Бийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан баталгаа, Л.М*******ын Хаан банкны дансны хуулга /4,000,000 төгрөг хохирлын үнэлгээнд шилжүүлсэн гүйгээ/ баримтуудыг шүүхэд бүрдүүлж өгсөн,
Хариуцагчаас итгэмжлэл, О.Тийн хүсэлт, УБХ тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, өмчлөгчийн мэдээлэл, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах шийтгэлийн хуудас, О.Төөс 400,000 төгрөгийн торгууль төлсөн Хаан банкны шилжүүлгийн баримт, зөрчлийн тухай тэмдэглэл, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Архангай аймгийн Цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, УБХ Lexus RX 330 маркийн суудлын машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Смарт контейнер ХХК, Л.М******* нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 437 дугаартай шийтгэл хүчингүй болгуулах шийтгэвэр зэрэг баримтыг Архангай аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын Хуулбар үнэн дарсан баримтууд, В вэй ХХК-ийн 15,000 төгрөг, 685,000 төгрөг үнэлгээний хөлсөнд хүлээн авсан баримт, В Вэй ХХК-ийн 2020 онд гаргасан, Архангай аймгийн Х сумын Цагаан сүм баазын амралтын зориулалттай зөөврийн сууцыг машин мөргөсний улмаас учирсан хохирлыг 11,028,401 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, хавсралт, тайланд хавсаргасан гэрэл зургууд, Л.М*******ын Архангай аймаг, Х сумын Цагаан Сүм баазын амралтын зориулалттай 7*5 хэмжээтэй сууцийн эвдрэлийг шинээр засч янзлах ажлын нэгдсэн төсөв, В вэй ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, О.Бат-Эрдэнийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл зэрэг В вэй ХХК үнэлгээ гэсэн бичвэр бүхий дардастай баримтууд, 2022.10.15-ны байдлаар Цагаан сүм жуулчны баазын зураг 4 ширхэг,
Шүүхийн журмаар Архангай аймаг дах Цагдаагийн газраас ирүүлсэн 12 хуудас баримтууд, үүнд; Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 437 дугаартай шийтгэл хүчингүй болгуулах шийтгэвэр, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах шийтгэлийн хуудас, Шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ тогтоох тухай Зохицуулагчийн тогтоол, Шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ тогтоох тухай Архангай аймаг дахь Цагдаагийн газар эрх бүхий албан тушаалтны тогтоол, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл-4 хуудас, Зөрчлийг хянан шалгасан материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, шинжээчийн зардал нэхэмжилсэн албан бичиг, М,ны үнэлгээний тайлан, Даатгалын ТББ-ийн гэрчилгээний хуулбар, М,ны гүйцэтгэх захирлын Шинжээч томилон ажиллуулах тухай тогтоол, М, ГҮТББ-ын тайлан /2-р хх-ийн 26-48/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь шүүхэд гэм хорын хохиролд канад байшингийн үнэ 27,642,760 төгрөг, доторх тавилга, эд хөрөнгө 7,263,500 төгрөг, олох байсан ашиг 33,250,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4,000,000 төгрөг нийт 72,156,260 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг шинжээчийн зардалд төлсөн 4,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 76,156,260 төгрөг нэхэмжилжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй, машин жолоодож явсан жолооч О.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт өгөхөд оролцуулаагүй, хариуцагч О.А******* тээврийн хэрэгсэл жолоодоогүй, канад байшингийн хохирлын үнэлгээг гаргасан байхад анх бариулсан үнээр шаардсан нь үндэслэлгүй, нэхэмжлэлээр шаардсан хэмжээний ашиг олох байсан гэдэг нотлогдохгүй, өмгөөлөгчийн хөлс, шинжээчийн зардлыг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
4.Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1. Зам тээврийн осол болсон, түүнийг шалган шийдвэрлэсэн ажиллагааны талаар;
Архангай аймгийн Х сумын Цагаан сүм гэх газарт О.Т нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 12 цаг 40 минутын орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Лексус РХ маркийн улсын дугаар бүхий автомашиныг жолоодож явахдаа уг газарт үйл ажиллагаа явуулж буй баазын амралтын зориулалттай зөөврийн орон сууцыг мөргөн зам тээврийн осол гаргаж, иргэн Л.М*******д нийт 11,028,401 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0279443 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн холбогдогч О.Төд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулахдаа Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаар тогтоол, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан журмыг тус тус зөрчсөн үндэслэлээр шийтгэлийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт гаргажээ.
Уг дүгнэлтийг үндэслэн зөрчлийн хэргийг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 437 дугаар шийтгэврээр, зөрчлийн хэргийн хохирогчид хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон зөрчлийн хэргийн материалыг танилцуулаагүй, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах шаардлагатай байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй мөн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Эрүүгийн хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр хуульчилсан байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч цагдаагийн эрх бүхий албан тушаалтны 0279446 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байна. /хх-60-62/
4.2. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын тухайд;
Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад хандсан боловч хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэснийг үндэслэн тээврийн хэрэгслийн өмчлөгч О.А*******д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч О.А******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг ч би унадаггүй, миний бие жолооч биш манай нөхөр унадаг, тухайн үед О.Т зөвшөөрөлгүй унаж явсан, миний машинд хохирол учирсан би бас хохирогч гэж маргажээ.
Мөн осол гаргасан О,Т нь автомашиныг зөвшөөрөлгүй унаж осол гаргасан, О.А******* бусдад хохирол учруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул би өөрөө хариуцагчаар оролцож, мөн хариуцагчийг солиход татгалзахгүй гэсэн тайлбарыг нотариатчаар гэрчлүүлэн хариуцагч тал шүүхэд ирүүлжээ. /хх-81/
Хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах, хариуцагчийг солих эсэх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх ба нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй бол шүүх хариуцагчийн болон бусад этгээдийн хүсэлтээр хариуцагчийг солих ажиллагаа хийхгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ.
1. Канад байшин бариулсан хөлс 21,000,000 төгрөг, байшингийн сантехникийн хэрэгсэл, хашааны ажлын хөлс, сантехникийн ажлын хөлс, ванны үнэ, банз, банз ачилтын хөлс, банз шургааг, хашааны банз, будаг, цахилгааны пускатель, цахилгааны утас, цахилгааны ажлын хөлс, амалгаа бүгд 6,642,760 төгрөг, нийт 27,642,760 төгрөг,
2. Байшин дотор тавилга, эд хогшлын үнэ 7,263,500 төгрөг,
3. Олох байсан ашиг 133 хоногт өдөрт 250,000 төгрөг, нийт 33,250,000 төгрөг,
4. Өмгөөлөгчийн хөлс 4,000,000 төгрөг,
5. Шинжээчийн ажлын хөлс 4,000,000 төгрөг, бүгд нийлээд 76,156,560 төгрөг шаарджээ.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь байшингийн зардалд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 12,196,380 төгрөгөөр тооцох нь зөв байх, амралтын газрын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул олох байсан ашиг тооцохгүй, тухайн үед газар дээр нь тохироод мөнгөө төлөх саналыг гаргаж байсныг нэхэмжлэгч тал хүлээж аваагүй тул өмгөөлөгчийн зардлыг төлөх үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж байна.
Дээрх үйл баримтууд, зохигчийн тайлбар зэргийг нэгтгэн дүгнээд шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1. Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.,
Мөн зүйлийн 499.3. Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан.
Хариуцагч О.А******* нь осол гаргасан жолооч О.Тийн төрсөн эгч гэх ба нэхэмжлэгч нь хариуцагчийг тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувиар тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн Хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтэд зааснаар дүгнэх боломжтой гэсэн дүгнэлт, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох болон үгүйсгэх бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, мөн үнэлгээний байгууллагын гаргасан үнэлгээгээр тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгчийн захирамжаар томилогдож, дүгнэлт гаргасан М, хохирол үнэлгээчдийн холбоо ГҮТББ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээгээр ослын улмаас эвдэрсэн байшин /зөөврийн сууц/-г нөхөн сэргээх буюу засварын нийт зардлыг 12,196,380 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна. /хх-25-48/
Нэхэмжлэгч тавилга, эд хогшил худалдан авсан зарлагын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч байшин доторх тавилга, эд хогшлын үнэлгээг хэрэгт авагдсан осол болсон цаг хугацаанд үзэж үнэлгээ хийсэн Виннэр вэй ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан үнэлгээний хавсралтад заасан эвдэрсэн эд ангийн үнэлгээ 6,107,912 төгрөгөөр тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас амралтын газар ажиллуулж олох байсан орлого 33,250,000 төгрөгийн шаардлагын тухайд тухайн эвдэрсэн байшинг ашиглаж ийм хэмжээний орлого олох боломжтойг нотолсон хангалттай баримтгүй, өмгөөлөгчийн хөлсний тухайд нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд хууль зүйн туслалцаа авсан хөлсийг хохиролд тооцох үндэслэлгүй, шинжээчийн зардал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар шүүхийн зардалд хамаарах тул хуваарилж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 76,156,560 төгрөгөөс 18,304,292 төгрөгийг хангаж, үлдэх 57,852,268 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шинжээчийн зардал шүүхийн зардалд тооцогдон хуваарилагдах тул нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон дүнд орсон болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 518,731 төгрөг, 78,950 төгрөг, нийт 597,681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 249,471 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч О.А*******аас 18,304,292 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.М*******д олгож, нэхэмжлэлээс 57,852,268 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар шинжээчийн зардалд хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,681 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 249,471 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Д.ЯНЖИНДУЛАМ