| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0101/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 122
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч А.Оюунгэрэл,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /ҮД:1-049/,
шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч А.Бүдханд /ҮД:1-289/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Г.Т-д холбогдох эрүүгийн 1710006520181 дугаартай, 187/2018/0101/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт Г.Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” баарны гадна автомашины зогсоол дээр Н.Б-той маргалдан улмаар хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” баарны гадна автомашины зогсоол дээр өөрийн найз хохирогч Н.Б-той өөрийгөө доромжиллоо гэх зүйлээс болж маргалдан улмаар хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Г.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...Би Н.Б-той найз нөхдийн холбоотой...2017 оны 9 дүгээр сарын 29-ний шөнийн 04 цагийн орчим “......” баарны гадаа...Намайг доромжилж байна гэж буруугаар бодсон байсан...Намайг Г-н шээс гэж дуудсан...Би Н.Б-г хавсарч унагаасан...Хохирогч хоёр гараа пальтоныхоо халаасанд хийсэн байсан...Би буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна...Би найзаасаа болон ар гэрийн хүмүүсээс нь уучлал гуйж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Н.Б-н хууль ёсны төлөөлөгч Ж.Н-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шөнө найзуудтайгаа Э.Б-н төрсөн өдрийг тэмдэглэхээр “.........” бааранд орцгоосон байсан...Н.Б Г.Т-г элдвийн үгээр доромжлоогүй цуг зогсож байсан найзтайгаа тоглоомоор янз бүрийн юм ярьсан гэдэг. Г.Т бид нарыг инээлдэхээр өөрийг нь хэлж байна гэж ойлгож очоод цохих санаагүй хавсарч унагаасан байсан. Н.Б хоёр гараа халаасандаа хийсэн байсан болохоор гараараа газар тулах боломжгүй байсан. Тухайн газар нь чулуун шалтай ба нүүрээрээ савж унасан. Хяналтын камерийн бичлэг дээр хэдэн секунд ухаан алдсан байсан. Г.Т эмчилгээний зардал төлж барагдуулсан. Г.Т, Н.Б хоёр багаасаа тоглож өссөн хүүхдүүд. Би болсон үйл явдалд харамсаж байна. Г.Т-н ирээдүйн амьдралд хар толбо битгий үлдээсэй гэж хүсэж байна. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...Н.Б-н биеийн байдал хэвийн байгаа...Хичээлдээ явж байгаа...Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 00 цагийн үед найзууд болох Г.Т, Э.Б, н.Тү, Г.М, М.Б нарын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “........” баар орсон. Бид хэд “......” баарлуу очихоос өмнө архи уусан халамцуу байрлалтай байсан. Ингээд “......” баарлуу орж суугаад 1 шил 0.75 вино уусан. Нилээн халамцуу байсан бөгөөд би н.Т-тай ярилцаж сууж байхад Г.Т нь хэрүүл үүсгээд байсан. Ингээд “.......” баарнаас гараад баарны гадна автомашины зогсоол дээр найз н.Т-тай юм ярьж зогсож байхад Г.Т хүрч ирээд надтай маргалдаж чи намайг муугаар ярьсан гээд муудалцаж улмаар намайг хавсараад унагаагаад цемент мөргүүлсэн. Тухайн үед би нэг хэсэг ухаан алдаад босч найзуудын хамт яваад Г.М гэх найз залуугийн гэрт нь очиж хоносон. Тухайн үед би бөөлжөөд дотор муухайраад толгой эргээд байсан. Мөн баруун талын нүд орчимоор хөхөрч хавдсан байсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрлүүгээ очоод бүтэн өдөржингөө гэртээ байгаад толгой хүчтэй өвөөд байхаар нь өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад гэмтлийн эмнэлэгрүү ирж үзүүлээд гавал тархины гэмтлийн тасагт хэвтэж эмчилгээ хийлгэж байна...Би н.Т-тай юм ярихад Г.Т нь буруу сонсож өөрийгөө муулсан гэж үл ойлголцоод зогсож байхад намайг хавсараад газар унагаасан. Тухайн үед би баруун талаараа мөр, хацар, нүүр орчмоор цемент мөргөж унасан...Баруун талын нүдний яс хугарсан, шанааны яс цөмөрсөн, тархиндаа цус хуралттай гэсэн оношоор хэвтэн эмчилгээ хийлгэж байна...Бид хоёр хоёулаа халамцуу байсан...Урьд өмнө ийм асуудал гарч байгаагүй. Бид хоёр хэвийн найзууд байсан юм...Миний эмчилгээ хийлгэсэн зардал болох 1.236.650 төгрөгийг Г.Т-н ээж нь төлсөн...Надад одоо гомдол санал байхгүй. Цаашдаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ гэсэн тул түүний төлбөрийг цаг тухайн үед нь нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8, 41-42/
4. Хохирогч Н.Б-н хууль ёсны төлөөлөгч Ж.Н-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Урьд нь эмнэлэгт байхад гарсан зардал болох 1.206.644 төгрөгийг холбогдогч Г.Т-с гаргаж өгсөн. Одоо...цугларсан баримтаар 3.152.472 төгрөг, мөн би 2017 оны 10 дугаар сард ажлаасаа цалингүй чөлөө авч хүү Н.Б-г гэмтлийн эмнэлэгт сахисан учир өөрийн 1 сарын цалин болох 3.200.000 төгрөг, нийт 6.352.472 төгрөгийн бодит зардал хохирол учирсан. Иймд дээрх мөнгийг нэхэмжилж байна...1.206.644 төгрөгийг холбогдогчоос өгсөн байгаа, тэрнээс хойш гарсан 6.352.472 төгрөгийн төлөгдөөгүй зардлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-94/
5. Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад найз Э.Б, Г.М, Н.Б, Г.Т, н.С, н.Д, н.М, н.Т нарын хамт “.........” бааранд орсон, тэгээд бааран дотроо байж байгаад 04 цаг өнгөрч байхад гарсан бөөнөөрөө гадаа тамхи татаад юм яриад зогсож байгаад би н.С, н.Т нартай такси барих гээд зам руу явсан. Тэгээд зогсож байхад н.С Н.Б тэнд цохиулаад уначихсан байна гээд бид гурав очиход Н.Б-н хөмсөгнөөс нь цус гоожчихсон байдалтай байсан. Тэгээд хэн цохьсон юм, юу болсон юм гээд асуусан чинь Н.Б пальтоны халаасандаа гараа хийгээд зогсож байхад нь Г.Т хавсараад унагаачихсан юм гэж байсан...би Н.Б-с өөрөөс нь гайгүй юу, зүгээр үү гээд асуусан чинь би өөрөө маргааш Г.Т-тэй уулзана аа гэж байсан. Тэгээд гайгүй юм шиг байхаар нь н.С, н.Т бид гурав такси барьчихсан байсан болохоор шууд яваад өгсөн..Бааран дотор байхад маргалдаж, муудалцсан хүн байхгүй байсан, баарнаас гарч ирээд бүгдээрээ юм яриад тамхи татаад зогсож байхад Г.Т Н.Б руу хандаж чи миний аавыг доромжиллоо гээд хэрэлдэж байсан...хавсарч унагаах үед нь бол хажууд нь байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/
6. Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед найзууд болох Г.Т, н.Т, М.Б, Н.Б бид хэд миний төрсөн өдрийг тэмдэглэхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “.........” баарлуу орсон. Ингээд тэнд очоод нэг хүний дөрөв дөрвөн Хайнекен нэртэй шилтэй пиво уусан...Ингээд “.........” дотор хэдүүлээ бүжиглэж байгаад 04 цагийн үед гадагшаа гараад үүдний автомашины зогсоолын тэнд зогсож байхад Н.Б, н.Т хоёр хоорондоо тоглоод, нэг нэгнийгээ үгээр шоглоод байсан. Тэгсэн хажууд нь байсан Г.Т нь буруугаар ойлгож, өөрийгөө муулсан, мөн эцгийг нь шээсээр дуудсан гээд үл ойлголцол үүсээд улмаар хоорондоо маргалдсан. Тэгсэн Г.Т, Н.Б-г хавсараад газар унагаасан. Тухайн үед Н.Б нь хоёр гараа пальтоныхоо гадна талын халаасанд хийсэн зогсож байсан. Ингээд баруун хажуу хэсгээр газар мөргөөд унасан. Тэгээд бид нар босгож авахад баруун талын нүдний дээд хэсгээр сэтэрсэн, хавдсан байсан. Тэгээд бүгдээрээ тэнд нэг хэсэг зогсож байгаад явсан. Тухайн үед Н.Б-г Г.М гэрлүүгээ авч явсан...Бид нар бүгдээрээ халамцуу байсан. Мөн Г.Т, Н.Б хоёр урьд өмнө маргалдаж, хэрэлдэж, зодолдож байгаагүй. Бид бүгдээрээ багийн найзууд юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13/
7. Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед найзууд болох Г.Т, н.Т, М.Б, Н.Б, Э.Б бид хэд Э.Б-н төрсөн өдрийг тэмдэглэхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “........” баарлуу очсон...бүжгийн талбайд бүжиглэж байгаад бүгдээрээ харих гээд гадаа гарсан. Тэгсэн Н.Б, н.Т хоёр нь хоорондоо тоглоод, нэг нэгнийгээ үгээр шоглоод байсан. Тэгсэн хажууд нь байсан Г.Т нь буруугаар ойлгож, үл ойлголцол үүссэн ба улмаар хоорондоо маргалдсан. Тэгсэн Г.Т нь Н.Б-г хавсараад газар унагаасан. Тухайн үед Н.Б хоёр гараа халаасандаа хийсэн зогсож байсан. Ингээд баруун хажуу хэсгээр газар мөргөөд унасан. Тэгээд бид хэд босгож авахад баруун талын нүдний дээд хэсгээр сэтэрсэн, хавдсан байсан. Тэгээд бүгдээрээ тэнд нэг хэсэг зогсож байгаад явсан. Тухайн үед би Н.Б-г дагуулж яваад бид хоёр манайд очиж хоносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/
8. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...камерийн бичлэгийг үзэхэд 2017.09.30-ны шөнийн 05 цаг 22 минут 22 секундэд уг баарны гадна талбайд бараан саарал өнгийн урт пальтотой эрэгтэй хүнийг, саарал ногоон өнгийн куртиктэй хар өмд цагаан ултай пүүзтэй эрэгтэй хүн хөлөөрөө зүүн тийш хавсарч, зүүн гараараа цээжин хэсэгрүү нь баруун тийш түлхэн мушгиж унагааж байх баг уг унаж байгаа хүн нь газар нүүрэн хэсгээрээ унаж 20 орчим секунд хэвтэж байсныг тэмдэглэлд тусгав...” /хх-ийн 27/
9. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол: “...Г.Т нь Н.Б-г хавсарч унагаж байгаа “........” баарны гадна талбайн хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул...Эрүүгийн 1710006520181 дугаартай хэрэгт СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тогтоосугай...” /хх-ийн 38/
10. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12473/-ний дүгнэлт:
-Н.Б-н биед суурь ясны зөрөөтэй хугарал, баруун гайморовын хөндий урд хана болон ар ханын цөмөрсөн хугарал, хацар ясны нумын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод болон гадна талын зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 22/
11. Яллагдагч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр...”..........” нэртэй бааранд орсон. Тэгээд “.............” бааранд 2 шил 0,75 литрийн Текела нэртэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн бааранд орсон цагаас эхлэн миний хэлсэн үгийг мушгиад тоглоом, шоглоом болгоод байсан. Тэгээд бид нар авсан юмаа хувааж уугаад шөнийн 04 цагийн орчим баарнаас гараад гадаа 30 минут орчим зогсож юм ярьцгаасан. Тэгтэл Н.Б намайг Г-н шээс гэж хэлсэн чинь манай найз нар над руу хараад инээгээд байсан. Тэгэхээр нь би намайг хэлж болно манай аав, ээж хоёрыг битгий оролцуул гэж хэлсэн. Би Н.Б-г 10-н жилийн сургуулийн доод ангид сурдаг байсан ба надад оны ялгаа гаргах гээд ч юмуу жаахан дээрэлхэнгүй харьцаад байсан. Тэгээд намайг дахин Г-н шээс гэж хэлэхээр нь би зүүн мөрнөөсөө баруун гараараа барьж байгаад баруун талын хөлөөрөө хоёр хөлийг нь хавсарч өшиглөсөн чинь Н.Б газар нүүрээрээ цемент мөргөж унасан. Яг унахдаа хоёр гараа пальтоны халаасанд хийсэн байсан ба гараа гаргаж тулж чадалгүй нүүрээрээ цемент мөргөж унасан. Тэгтэл манай найз н.З, Г.М нар Н.Б-г өргөж босгосон ба тухайн үед би харахад Н.Б-н зүүн хөмсөгнөөс бага зэргийн цус гарсан байсан...за одоо тарцгаая гэсэн чинь Н.Б ийм байдалтай гэртээ орж чадахгүй аав, ээж уурлана гэж хэлсэн...Тэгсэн чинь Г.М за за би гэррүүгээ авч яваад хоночихьё гээд аваад явсан...Н.Б намайг урьд өмнө дээрэлхэж байгаагүй...Н.Б хувь хүнийхээ хувьд хүний хэлсэн үгийг өлгөж аваад шоглох маягтай ярьдаг хүн байгаа юм. Тэгэхдээ намайг ёс бусаар хэлж байгаагүй...Н.Б намайг цохиж зодоогүй...Би огт маргалдаагүй. Намайг Г-н шээс гэж хэлэхэд нь би юу ч хэлээгүй. Дараа нь дахин хэлэхэд нь би уурлаж хариу үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12473/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Г.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” баарны гадна автомашины зогсоол дээр өөрийн найз хохирогч Н.Б-той өөрийгөө доромжиллоо гэх зүйлээс болж маргалдан улмаар хавсарч унагаан биед нь суурь ясны зөрөөтэй хугарал, баруун гайморовын хөндий урд хана болон ар ханын цөмөрсөн хугарал, хацар ясны нумын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод болон гадна талын зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч хохирогч Н.Б-н эмчилгээний зардалд 6.352.472 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний эмчилгээ хийлгэсэн зардал...төгрөгийг Г.Т-н ээж нь төлсөн...Надад одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8, 41-42/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Г.Т эмчилгээний зардал төлж барагдуулсан. Г.Т, Н.Б хоёр багаасаа тоглож өссөн хүүхдүүд. Би болсон үйл явдалд харамсаж байна. Г.Т-н ирээдүйн амьдралд хар толбо битгий үлдээсэй гэж хүсэж байна. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...Н.Б-н биеийн байдал хэвийн байгаа...Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...21 настай, ......................... сургуулийн ......... дугаар ангийн оюутан, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг буюу 10.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Г.Т-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Г.Т-г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т-д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Г.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР