| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00432/И |
| Дугаар | 309/ШШ2025/00621 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 309/ШШ2025/00621
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ийн *******т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 сарын 26-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би нөхрийн хамт ******* ахтай ярилцаж Норд бенз маркийн ******* ******* улсын дугаартай шланз машиныг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг түүний эхнэр *******н данс руу 2021 оны 03 сарын 17-ны өдөр шилжүүлсэн. Анх машин аваад тээвэрт бэлэн болгох зорилгоор засвар үйлчилгээ, гагнуур, дугуй солих зэрэг төлөвлөөгүй зардлууд гарч байсан. Үүнд 5,000,000 төгрөгийн зардал гаргасан. Ингээд 2021 оны 04 сараас 05 сарын 09-н хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны бичигтийн боомт руу нүүрс тээвэрт машинаа явуулсан. 05 сарын 09-нд хүү маань нас бараад нөхөр маань тээвэр хийхгүй хэсэг байсан. Энэ хооронд бидний авсан машиныг ******* ах тээвэрт явуулж байсан. Манай нөхөр энэ үедээ 3 удаа уг машинаараа тээвэрт явж ******* ах мөнгийг нь өөрөө авч байсан. Тэгээд 09 сарын сүүлээр Дорнод аймгийн Дашбалбар сумаас 1 удаа будаа тээвэр, 2022 оны 03 сард Дорноговь аймгийн Даланжаргалан суманд нүүрс тээвэрт гарсан боловч 2 удаа яваад л уг машин нь бичиг баримтын зөрчилтэй гээд явж чадаагүй, явуулахгүй байсан. Нөхөр маань 2022 оны 03 сараас “Шунхлай говь” ХХК-д жолоочоор ажилд орохоор болж, бид машинаа ******* ахад хүлээлгэн өгч урьдчилгаа мөнгөө авах талаар тохирсон байсан. Би ******* ахтай удаа дараа ярьж мөнгөө нэхэхэд шалтгаан хэлж байснаа сүүлдээ утсаа авахгүй болсон. Иймд *******аас машины урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөг, засвар үйлчилгээ хийсэн 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* /утас /, хариуцагч Э.******* /утас /-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Бид дараах нөхцөлтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулав.
1. Б.******* би 25,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаасаа 17,000,000 төгрөгөөс татгалзаж, 8,000,000 төгрөгийг Э.*******аас гаргуулахаар тохиролцсон болно.
2. Э.******* нь 2025 оны 07 сарын 05-ны өдрийн дотор 3,000,000 төгрөгийг, 2025 оны 09 сарын 05-ны өдрийн дотор 2,500,000 төгрөгийг, 2025 оны 11 сарын 05-ны өдрийн дотор үлдэх 2,500,000 төгрөгийг төлж бүрэн барагдуулахаар харилцан тохиролцов.
3. Дээрх заасан хуваариар төлж барагдуулж байгаа тохиолдолд нэхэмжлэгч Б.******* би шүүхэд албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт гаргахгүй болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд хариуцагч Э.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 25,000,000 төгрөгөөс 17,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 8,000,000 төгрөгийг хариуцагч Э.*******аас гаргуулах, хариуцагч нь 8,000,000 төгрөгийг заасан хугацаанд төлж барагдуулах”-аар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийн 50 хувь болох 141,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 141,475 төгрөгийг, хариуцагч Э.*******аас 71,475 төгрөг /8,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.******* /РД: /-т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөгийг 2025 оны 07 сарын 05-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 05-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 05-ны өдрийн дотор 2,500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийн 50 хувь болох 141,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 141,475 төгрөгийг, хариуцагч Э.*******аас 71,475 төгрөг /8,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.******* /РД: /-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ