| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2025/0018/З |
| Дугаар | 112/ШШ2025/0025 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 112/ШШ2025/0025
Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би Говь-Алтай аймгийн Прокурорын газраас аймгийн “......” ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Ганцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн улсын чанартай А0303 дугаартай, Говь-Алтай-Ховд чиглэлийн улсын чанартай А0304 дугаартай авто замууд МNS4596:2014 Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чийгшүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм, МNS4597:2014 авто замын тэмдэг, техникийн ерөнхий шаардлага, МNS4759:2014 авто замын тэмдэглэл, техникийн ерөнхий шаардлага стандартад нийцүүлэн засаж, сайжруулахыг Говь-Алтай аймгийн ...... ТӨХК-д даалгах гэжээ.
Нэхэмжлэлийн үндэслэлээ: Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас тус аймгийн “......” ТӨХК-нд 2023 онд Алтай-Баянхонгор чиглэлийн улсын чанартай А0303 дугаартай авто замын 76 километрээс 87 километр хүртэл замын эвдрэл гэмтлийг нөхөх чиглэлээр 3 албан мэдэгдэл, Алтай-Ховд чиглэлийн улсын чанартай А0304 дугаартай авто замын эвдэрсэн гэмтлийг нөхөх чиглэлээр 2 удаа албан мэдэгдэл хүргүүлж, мөн 2024 онд улсын чанартай А0303 дугаартай авто замтай холбоотой 4 албан мэдэгдэл, А0304 дугаартай авто замтай холбоотой 2 албан мэдэгдэл тус тус хүргүүлж ажилласан боловч стандартын дагуу хийж гүйцэтгээгүй байна.
Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн улсын чанартай А0303 дугаартай, Говь-Алтай-Ховд чиглэлийн улсын чанартай А0304 дугаартай авто замуудад МNS4596:2014 Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чийгшүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм, МNS4597:2014 авто замын тэмдэг, техникийн ерөнхий шаардлага, МNS4759:2014 авто замын тэмдэглэл, техникийн ерөнхий шаардлага-ууд хангагдаагүй байгаа болох нь Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаартай албан бичиг, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 35/2180 дугаартай албан бичиг, Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.
Говь-Алтай аймгийн прокурорын газарт нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллуулахаар Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан бичгээр хандсан байна.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно хэмээн хуульчилсан байна.
Нийтийн эрх ашиг гэдэг нь нийгмийн бүх гишүүдэд, олон нийтэд нийтээр нь ашигтай, тэдний сайн сайхан байдлыг хангах зорилготой нийтлэг ашиг сонирхлыг хэлнэ. Энэ нь хувь хүний бус, харин нийт нийгмийн эрх, ашиг сонирхлыг дээдэлсэн ойлголт юм.
Хөдөө орон нутгийн авто замын стандарт нь олон талын ач тустай бөгөөд дараах үндсэн чиглэлүүдээр илэрхийлэгддэг:
1. Аюулгүй байдлыг хангах: Стандартад нийцсэн зам нь хөдөлгөөний осол, гэмтэл аваараас сэргийлэхэд чухал үүрэгтэй. Замын өргөн, тэмдэг тэмдэглэгээ, хашлага, гэрэлтүүлэг зэргийг зөв төлөвлөснөөр жолооч, зорчигчдын аюулгүй байдал дээшилдэг.
2. Эдийн засгийн үр ашиг: Сайн чанарын, стандартын шаардлага хангасан зам нь тээврийн зардлыг бууруулж, шатахуун хэмнэж, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт хурдан, найдвартай болдог. Ингэснээр бүс нутгийн эдийн засаг хөгжих суурь болдог.
3. Байгаль орчны хамгаалалт: Замыг зохистой байрлал, бүтэц, ус зайлуулах системтэйгээр баривал хөрс, ус, ургамалд үзүүлэх сөрөг нөлөө багасна. Стандарт зам нь эвдрэл багатай тул засвар үйлчилгээний давтамж, зардал буурна.
4. Нийгмийн хүртээмж, хөгжил: Чанартай зам нь иргэдийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээтэй ойртуулж, амьдралын чанарыг сайжруулна. Мөн аялал жуулчлал, дотоодын худалдааг дэмжих боломжийг нэмэгдүүлдэг.
5. Тогтвортой хөгжил ба төлөвлөлт: Стандартад нийцсэн зам нь урт хугацааны ашиглалтын хугацаа, засвар арчилгааны оновчтой төлөвлөлтийг хангадаг. Энэ нь улсын болон орон нутгийн төсвийн оновчтой зарцуулалтад хувь нэмэр оруулна.
........ ТӨХК-уудын үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын авто замын засвар, арчлалт, ашиглалт, нөхөн сэргээлт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажил үүргүүдийг гүйцэтгэхэд оршино. Тодруулбал, дараах чиглэлүүд багтана:
Үндсэн чиг үүрэг:
1. Авто зам, замын байгууламжийн арчлалт:
- Замын хучилт, хөвөө, ус зайлуулах систем зэрэг бүтцийг байнгын үйлчилгээнд байлгах.
- Өвөл, зун цагийн арчлалтын ажил (цас мөс цэвэрлэх, ус зайлуулах, шороо тоос дарах гэх мэт).
2. Авто замын засвар:
- Замын эвдэрсэн хэсгийг нөхөх, хучилтыг сэргээн засах.
- Үер, ус, цас, байгалийн гамшгаас үүдсэн эвдрэл гэмтлийг шуурхай засварлах.
3. Авто замын ашиглалт, хяналт:
- Замын хөдөлгөөний нөхцөл байдалд хяналт тавих.
- Замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, хамгаалалтын байгууламжийг суурилуулах, хадгалах.
4. Бусад зам тээврийн дэд бүтцийн ажил:
- Гүүр, хоолой, шугам сүлжээний арчлалт, засвар.
-Захиалгаар зам барих болон бусад иргэний барилгын ажил гүйцэтгэх.
5. Техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, бэлэн байдал:
- Зам арчилгааны машин техник, багаж хэрэгслийг бүрэн хүчин чадлаар ашиглах, засвар үйлчилгээ хийх.
Эдгээр үүргийг орон нутгийн болон улсын чанартай авто замуудад хэрэгжүүлдэг бөгөөд тухайн бүс нутгийн замын нөхцөл байдлыг сайжруулахад чухал үүрэгтэй байгууллага юм.
Гэтэл Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн улсын чанартай А0303 дугаартай, Говь-Алтай-Ховд чиглэлийн улсын чанартай А0304 дугаартай авто замууд стандарт шаардлагад нийцээгүй байгаа нь төр, нийтийн эрх ашгийг хөндөж байна хэмээн үзэв.
Иймд тус аймгийн прокурорын газраас нийтийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлийг бууруулах зорилгоор Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн улсын чанартай А0303 дугаартай, Говь-Алтай-Ховд чиглэлийн улсын чанартай А0304 дугаартай авто замууд МNS4596:2014 Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чийгшүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм, МNS4597:2014 авто замын тэмдэг, техникийн ерөнхий шаардлага, МNS4759:2014 авто замын тэмдэглэл, техникийн ерөнхий шаардлага стандартад нийцүүлэн засаж, сайжруулахыг Говь-Алтай аймгийн ......... ТӨХК-д даалгаж өгнө үү гэжээ.
АЗЗА ТӨХК-ийн нэгтгэлийн Говь-Алтай салбарын менежер В.Сүррагчаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус байгууллагын хувьд 2025 оны 2 сард бүтцийн өөрчлөлт орж “Говь-Алтай АЗЗА” ТӨХК байсныг татан буулгаж, АЗЗА нэгтгэл ТӨХК-ны Говь-Аптай салбар болон өөрчлөгдсөн. Байгууллагын хувьд ажлын тоо хэмжээ буюу тухайн жилд хийх ажлыг Зам тээврийн яам баталж, санхүүжилтыг олгосны үндсэн дээр батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. 2024 оны хувьд зам засвар арчлалтын чиглэлээр дараах ажлыг гүйцэтгэлээ. Үүнд:
1 .Хоолойн амсар 230 м3 газар цэвэрлэсэн
2. Зурвас газар болон зорчих хэсэг дээрх 25,2 тонн хог цэвэрлэж зайлуулсан
3. Замын тэмдэг 45 ширхэгийг холбогдох стандартын дагуу суурилуулсан
4. 2 ширхэг мэдээлэх тэмдэгийн хөл сольсон
5. Дохионы төмөрбитон 35 ширхэг шон суулгасан
6. Дохионы төмөрбетон шон 700 ширхэгийг будаж өнгө үзэмжийг сайжруулсан Урсгал засварын ажлын чиглэлээр:
1. Хөвөөний угаадсан буюу суулт үүссэн 300 м2 хэсгийг засаж янзалсан
2. 65000 м3 ус зайлуулах шуудууны хэв дүрсийг автогрейдерээр хэсэгчлэн сэргээсэн
3. 23500 м асфальтбетон хучлагын ан цав хагарлыг гар заадас цутгах төхөөрөмжөөр гагнасан
4. Асфальт битон хучлагын хэсэгт 226,1 м3 нүхийг нөхсөн
5. 126 м3 Төмөрбитон гүүрийн бетон хайс, дугуй цохигчийг будсан
6. Төмөрбитон гүүрийн 126 м3 хайсыг будаж засварласан
5. 126 м3 Төмөрбитон гүүрийн бетон хайс, дугуй цохигчийг будсан
6. Төмөрбитон гүүрийн 126 м3 хайсыг будаж засварласан
7. Төмөрбитон гүүрийн 155 м хоолойн битон хийц элиментийг өнгөлсөн
8. 215 м2 замын тэмдэгийн призм засварласан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Манай компани нь А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам хариуцан ажилладаг. Алтай хот талаас 126 км авто зам нь 2012 онд ашиглалтанд орсон бөгөөд ээлжит болон их засвар хийгдэх хугацаа нь болсон насжилт өндөртэй зам юм. А0303 буюу Алтай-Баянхонгор чиглэлийн зам нь 2024 онд ээлжит засвар хийгдэхээр төсөвлөсөн боловч манай аймагт асфальтны үйлдвэр байхгүйтэй холбоотойгоор хойшлогдож энэ жил засвар хийгдэхээр төсөвт тусгагдаад байгаа юм.
Асфальт бетон замын эвдрэл нь насжилт болон эдэлгээнээс хамаарч жил бүр эвдрэл нь нэмэгдэж байдаг. Тус чиглэлийн замын 75-85 км хооронд зам эвдрэл ихтэй ба түүнээс 3,2 км зам нь маш их эвдрэлтэй ээлжит болон их засварын хугацаа болсон байгаа.
Энэ оны тухайд манай байгууллага зам засварын ажлыг батлагдсан төсвийн хүрээнд гүйцэтгэж байгаа бөгөөд графикт төлөвлөгөөний дагуу хучилтанд үүссэн нүхэн эвдрэл засварлах, асфальтбетон хучлагын ан цав хагарлыг гагнах, үерийн суваг шуудуу сэргэх ажилууд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд 120м3 асфальтбетон хучилтанд гарсан нүхэн эвдрэлийг засварлах, 29ш замын тэмдэг шинээр суулгах болон 26ш тэмдэгийн самбар солих болон бусад ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Ганцэцэгээс, тус аймгийн .......... ТӨХК-д холбогдох Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн улсын чанартай А0303 дугаартай, Говь-Алтай-Ховд чиглэлийн улсын чанартай А0304 дугаартай авто замууд МNS4596:2014 Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чийгшүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм, МNS4597:2014 авто замын тэмдэг, техникийн ерөнхий шаардлага, МNS4759:2014 авто замын тэмдэглэл, техникийн ерөнхий шаардлага стандартад нийцүүлэн засаж, сайжруулахыг Говь-Алтай аймгийн .......... ТӨХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Үүний дагуу аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Ганцэцэг, ............. ТӨХК-ийн нэгтгэлийн Говь-Алтай салбарын менежер В.С нар нь харилцан тохиролцож, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Эвлэрлийн хүрээнд: “......” ТӨХК-ний Говь-алтай салбараас тус аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт эвлэрлийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан ирүүлсэн байна. Энэхүү төлөвлөгөөг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрсөн болно.
Мөн “......” ТӨХК-ийн Говь-Алтай салбарын менежер В.С: Тус салбарын батлагдсан төсвийн хүрээнд хийсэн ажлынхаа талаар шүүхэд тайлбар ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.
Тус захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа дараах байдлаар тодорхойлон эвлэрэн хэлэлцсэн тул талуудын эвлэрлийг батлав.
А0303 Алтай-Баянхонгор
| Д/д | Зохион байгуулах ажил | Хэмжих нэгж | Хугацаа | Хариуцах эзэн |
| 1 | Авто замын тэмдэг суурилуулах | 29ш | 07.20-08.15 | А.Э |
| 2 | Авто замын тэмдэгийн самбар солих | 20ш | 07.20-08.15 | А.Э |
| 3 | Тэмдэгийн ховхорч хууларсан хэсгийг засварлах | 26ш | 07.20-08.15 | А.Э |
| 4 | Халуун асфальтбетоноор нүхэн эвдрэл засварлах | 137м3 | 07.20-08.10 | А.Э |
| 5 | Хамгаалалтын төмөр туузан хашлага хийх | 148м | 08.20-08.30 | М.Д |
| 6 | Дохионы төмөрбетон шон будах | 550ш | 07.15-08.10 | М.Д |
| 7
| Ус зайлуулах шуудууны хэв дүрсийг автогрейдерээр хэсэгчлэн сэргээх | 65000 у/м | 07.15-07.20 | А.Э |
| 8 | Хөвөөний угаагдсан буюу суулт үүссэн хэсгийг механизмаар засварлах | 45000м2 | 07.15-07.20 | А.Э |
| 9 | Дэлгэрийн талын 2.1 км суурийг цементээр бэхжүүлэн хучилтыг шинчлэх засварын ажил | 2.1км | 07.20-08.10 | М.Д |
А0304 Алтай-Ховд
| Д/д | Зохион байгуулах ажил | Хэмжих нэгж | Хугацаа | Хариуцах эзэн |
| 1 | Замын тэмдэг суурилуулах | 32ш | 08.20-08.30 | Ж.Н |
| 2 | Дохионы төмөрбетон шон суулгах | 23ш | 08.20-08.30 | Ж.Н |
| 3
| Дохионы төмөрбетон шон будах | 550ш | 08.20-08.30 | М.Д |
| 4 | Хог гараар ачих | 43402кг | 06.20-09.30 | М.Д |
| 5 | Ус зайлуулах шуудууны хэв дүрсийг автогрейдерээр хэсэгчлэн сэргээх | 41792у/м | 07.20-08.10 | Ж.Н |
| 6 | Халуун асфальтбетоноор нүхэн эвдрэл засварлах | 20.5м3 | 07.15-07,30 | Ж.Н |
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно гэж заажээ.
Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрэл нь хуулийн энэхүү заалтын зөрчихгүй гэж шүүх үзлээ. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзаагүй, харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох байдлаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Ганцэцэгээс, тус аймгийн “......” ТӨХК-д холбогдуулан гаргасан “Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн улсын чанартай А0303 дугаартай, Говь-Алтай-Ховд чиглэлийн улсын чанартай А0304 дугаартай авто замууд МNS4596:2014 Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чийгшүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм, МNS4597:2014 авто замын тэмдэг, техникийн ерөнхий шаардлага, МNS4759:2014 авто замын тэмдэглэл, техникийн ерөнхий шаардлага стандартад нийцүүлэн засаж, сайжруулахыг Говь-Алтай аймгийн “......” ТӨХК-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН