2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/03363

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******5/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ***** тоот хаягт байрлах, ******* ХК-ийн Офицер тооцооны төв / регистрийн дугаар *******/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар / нарт холбогдох,

 

Хүүхдийн хугацаатай хадгаламжийг буцаан сэргээхийг даалгах, 3,632,137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид :

Нэхэмжлэгч П.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа /Ү№2230/,

Харуицагч С.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., Р. нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.Алтантуяагийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

******* ХК, Офицер тооцооны төвд *******ын , хамтран эзэмшигч *******гийн ******* нарын тоот дугаар хугацаатай 23,702,860.54 / хорин гурван сая долоон зуун хорин хоёр төгрөг, тавин дөрвөн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй хүүхдийн хадгаламжийг, өнөөдрийг хүртэлхи хүүгийн хамт буцаан сэргээхийг даалгах, С.*******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний төлбөрт 3,632,137 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

2013 онд П.******* би өөрийн хүү Д.н нэр дээр тухайн үеийн Хадгаламж банканд хүү г 18 нас хүртэл хүүхдийн хадгаламж нээж, П.******* би хамтран эзэмшигчээр бүртгүүлэн, мөнгө хадгалуулж байсан болно.

Хадгаламж банк тэр жилдээ дампуурч бидний хадгаламжийг *******анд шилжүүлснээр хүү бид хоёрын данс *******ны дугаартай дансны хадгаламж эзэмшигч болсон бөгөөд 2013 оноос 2023 он хүртэл бидний *******ан дахь хадгаламжийн дүн 23,702,860.54 төгрөг болж өссөн.

Хүү н эмээ болох С.*******д энэхүү хадгаламжийн талаар хэлэхэд, С.******* нь та хоёрын хадгаламжид би хяналт тавьж байя, чи хүүг өсч том болоод сургуульд ороход ашиглагдах энэ мөнгөө үрчихэж магадгүй, хадгаламжийн дэвтрээ надад өгчих, би сунгуулж байя гэхээр нь зөвшөөрч дэвтрээ өгч, жил бүр хадгаламжийн дэвтэрт бичилт хийлгэх, дэвтэр сунгалттай холбоотой бичиг баримтад гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр олгосон.

2023 он 3 дугаар сарын 06-ны өдөр би бизнесээ өргөжүүлэх зорилгоор мөнгөний хэрэгцээ гарахаар нь хүү н хамтран эзэмшдэг хадгаламжаа барьцаалан *******наас онлайнаар 19,000,000 төгрөгийн зээл авсан.

Гэтэл С.******* нь миний зөвшөөрөлгүйгээр хадгаламжийн дэвтэрт бичилт хийлгэх, сунгуулах итгэмжлэлийг ашиглан 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр миний онлайн зээлийг хаалгаж, үлдэгдэл 3,632,137 төгрөгийг авч хүү н 18 нас хүртэл хугацаатай хадгалуулсан хүүхдийн хадгаламжийг хууль зөрчин бүрмөсөн хаалгасан байна.

Харин ******* ХК-ийн Офицер тооцооны төв нь зээл хаах болон мөнгө авах эрх олгогдоогүй байхад хадгаламжийн дэвтэрт бичилт хийх, сунгалт хийх эрх олгосон итгэмжлэлээр, миний зөвшөөрөлгүйгээр С.*******д миний хадгаламжаас мөнгө олгосон, хадгаламж хаах эрх олгогдоогүй байхад хадгаламж хаасан, тэрбайтугай миний онлайн зээлийн талаар хэлж, хувь хүний нууц задруулсан, зээл хаах эрх олгогдоогүй байхад зээл хаасан байна.

Миний бие үүнийг дээрх зээлээ төлөх гээд *******инд очихдоо мэдэж ихэд гайхсан бөнөөд банкнаас дээрхи хадгаламж болон зээлтэй холбоотой баримтаа авах гэсэн боловч гаргаж өгөхгүй, зөвхөн зээлийн дансны харилцагчийн хуулга, хугацаат дансны харилцагчийн хуулга хоёрыг гаргаж өгсөн болно.

Хүүхдийн хугацаатай хадгаламжийг буцаан сэргээснийг мэдээгүй бөгөөд тухайн данс руу 10,000,000 төгрөгийг хийсэн, харилцагчийн зөвшөөрлөөр зээлийн данс хаагдаагүй бөгөөд ******* ХК-ийн ажилтны буруутай үйлдлээс болж хаагдсан. Үүнээс бол хүүхдийн эрх зөрчигдсөн, хэрэв хүүхдийн хугацаатай хадгаламж байсан бол түүний хүү бодогдох ёстой байсан. Хамгийн гол нь бид хадгаламж цуцлагдах үед байршиж байсан 23,702,860.54 төгрөгийг ******* ХК-иас нэхээгүй, бид өөрсдийн 10,000,000 төгрөгийг буцааж байршуулаад хүүг нь тооцуулах шаардлага гаргасан.

Иймд Иргэний хуулийн 454 дүгээр зүйл, 454.1-д зааснаар ******* ХК, Офицер тооцооны төв-д *******ын , хамтран эзэмшигч *******гийн ******* нарын тоот дугаар хугацаатай 23,702,860.54 төгрөгийн үлдэгдэлтэй хүүхдийн хадгаламжийг өнөөдрийг хүртэлхи хүүгийн хамт буцаан сэргээхийг даалгах, Иргэний хуулийн 492 дугаар зүйл, 492.1.1-д зааснаар С.*******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,632,137 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь үндэслэлгүй хөрөнгөжсөний төлбөрт 3,632,137 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, үүнийхээ үндэслэлийг ...2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бизнесээ өргөжүүлэх зорилгоор мөнгөний хэрэгцээ гарахад хүү бид хоёрын хадгаламж барьцаалан *******наас онлайнаар 19 сая төгрөгийн зээл авсан... гэсэн.

С.******* нь 2023 оны 06 сарын 21-нд зээ Д.н хадгаламжинд мөнгө хийхээр банкинд очиж *******ны дугаартай хадгаламжийн дансыг шалгахад 23,702,860.54 төгрөг байх ёстойгоос 19,000,000 /арва есөн сая/ төгрөгийг П.******* нь авч өөртөө зарцуулсан байсан.

Нэхэмжлэгч нь тус хадгаламжийн хүү бид хоёрын хадгаламж гэж тайлбарлаад байгаа нь хачирхалтай. Энэ хадгаламж нь хүү Д.н хүүхдийн мөнгө болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгөнүүд тус тус ордог, хүүд өөрт нь зарцуулагдах ёстой хадгаламж юм. Гэтэл хариуцагч нь өөрийн болон хүүгийн хадгаламж мэтээр тайлбарлаж хүүхдэд өөрт нь зарцуулагдах ёстой мөнгөнөөс 19,000,000 төгрөгийг авч хүүхдийн эцэг гэх нэрийн дор өөрийн хэрэгцээнд зарцуулсан байдаг. Үүнийгээ хадгаламж барьцаалсан зээл гэж тайлбарладаг боловч энэ нь зээл биш болох нь хариуцагч С.******* хадгаламжийг шалгахад хадгаламжийн үлдэгдэл 3,632,137 төгрөг байснаас харагдах юм.

С.******* нь тухайн үед хадгаламжинд үлдсэн байсан 3,632,137 төгрөгийг П.*******ыг дахин авч өөртөө зарцуулж магадгүй гэж үзсэн учраас тус хадгаламжаас гаргуулан хүү Д.н ойр зуурын хэрэгцээнд зарцуулж өнөөдрийг хүрч байна.

Хэрэв Д.******* нь хүү Д.г 18 нас хүртэл хугацаатай, уг гэрээг хэн ч өөрчлөх боломжгүй байдлаар 20,000,000 төгрөгийг банкны дансанд байршуулсан гэдгээ мэдэгдсэн тохиолдолд 3,632,137 төгрөгийг 1 жилийн дотор буцааж байршуулах боломжтой гэв.

 

3. Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., Р. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон татгалзлынхаа үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.*******ын хамтран эзэмшдэг Д.гийн MN тоот Хүүхдийн хадгаламжийг 2023.06.21-ний өдөр П.*******аас С.*******д олгосон итгэмжлэлийн дагуу гүйлгээ хйисэн бөгөөд ингэхдээ уг хадгаламжийг барьцаалан зээл авсан П.*******ын 19,000,000 төгрөгийн зээлийг хааж, үлдэх 3,627,000 төгрөгийг С.*******д зарлагадаж олгосон.

Баянзүрх дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн Шүүгчийн 2024.04.22-ны өдрийн 101/ШЗ2024/11348 тоот захирамжийн дагуу Д.гийн MN тоот данс нээлттэй болохыг тодорхойлсон дансны үлдэгдлийн тодорхойлолтыг 2024.05.09-ний өдрийн 25-08/253 тоот албан бичгээр гаргаж өгсөн болно.

Өнөөдрийн байдлаар Д.гийн MN тоот хадгаламж 10,184,049.47 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, хугацаагүй хадгаламж болсон. Уг нь дансыг хүүхдийн хугацаатай хадгаламж болгоод сэргээсэн боловч П.******* өөрөө цуцалсан учир одоо энгийн хугацаагүй хадгаламж болсон. Энгийн хугацаагүй хадгаламжийн тухайд 2025.12.31-ний өдөр хүү бодогдоно.

С.*******д олгосон итгэмжлэлийн агуулгыг буруу ойлгосноос болж уг хадгаламжийг цуцалсан бөгөөд үүнтэй холбоотой тухайн холбогдох ажилтан сахилгын арга хэмжээ авагдсан, хариуцлага хүлээсэн.

Энэ хадгаламжийг П.******* өөрөө сэргээх, цуцлах эрхтэй бөгөөд хугацаатай байсныг өөрөө цуцалсан учраас өнөөдрийг хүртэлх хугацааны хүүг тооцох боломжгүй. Хадгаламж цуцлагдаагүй, хугацаатай байх үед хүүхдийн хадгаламж хамгийн өндөр буюу 11.7 хувийн хүүтэй байсан, хэрэв цуцлагдаагүй байсан бол хүү нь 2,773,234 төгрөг болох байсан, гэхдээ хүүг жилийн эцэст данс руу шууд байршуулдаг, тухайн үеийн хүүгийн талаарх мэдээлэлийг хэрэгт гаргаж өгөөгүй. П.******* нь 20,000,000 төгрөг байршуулсныхаа дараа гэрээгээ цуцалсан байсан учир манайх тухайн хугацааны хүү нөхөж бодох боломж байхгүй. Өнөөдрийн байдлаар банкнаас хүүхдийн хугацаатай хадгаламжийн хүүг жилийн 12,3 хувийн хүүтэй гэж зарласан нь нийтэд нээлттэй байршсан. Тухайн үед П.*******ын хадгаламж барьцаалсан зээлийг С.*******ы хүсэлтээр хаасан, гэрээний дагуу хүүг хэвийн төлөлт хийсэн бол зээлийн хүүд 3,492,616 төгрөг төлөх ёстой, хүүг 2023.03.21-2024.02.24-ний өдрийн хооронд төлж дуусгах үүрэгтэй бөгөөд 2023.06.21-ний өдөр хүртэл хүүд 1,052,704.10 төгрөг төлөгдсөн байсан, эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөөгүй байсан гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

4а.Нэхэмжлэгчээс ирүүлсэн : нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, П.*******аас 2023.05.17-ны өдөр С.*******д олгосон итгэмжлэл, ******* ХК-ийн 103800280339 тоот хугацаат дансны харилцагчийн хуулга, эвлэрлийн гэрээ, өмгөөлөгч Д.Алтантуяаг оролцуулах хүсэлт, /хх 1-6, 28-30/,

4б. Хариуцагч С.*******аас ирүүлсэн: 2024.04.25-ны өдөр Б.д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, өмгөөлөгч Б.Отгонпүрэвийг оролцуулах хүсэлт /хх 14, 17, 45/,

4в. Хариуцагч ******* ХК-иас ирүүлсэн: Д.н 103800280339 тоот дансны талаарх тодорхойлолт, 2024.11.18-ны өдөр Ж., Р. нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 103800280339 тоот хугацаат дансны 2021.01.01-2025.03.27-ны өдрийн хугацааны харилцагчийн хуулга /хх 15-16, 33, 52-54, 62-64/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.******* нь хугацаатай хүүхдийн хадгаламжийг, хүүгийн хамт сэргээхийг даалгах, 3,632,137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* ХК, С.******* нарт холбогдуулан гаргасан.

 

2. Хариуцагч С.******* нь хадгаламжид байршиж байсан 20,000,000 төгрөгийг байршуулсан гэдгээ мэдэгдсэн тохиолдолд 3,632,137 төгрөгийг 1 жилийн дотор буцааж байршуулах боломжтой гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч ******* ХК нь банкны ажилтны буруугаас хугацаатай хадгаламж цуцлагдсан, өнөөдрийг хүртэлх хуацаагаар хүү тооцохыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5а. Нэхэмжлэгч П.******* нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр миний хүү *******ын /РД:УЛ12303115/-н *******ны 103800280339 тоот хугацаатай хадгаламжийн дансанд дэвтрийн бичилт хийлгэх, сунгуулах, холбогдох бичиг баримтанд төлөөлөн гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож байна гэх итгэмжлэлийг С.*******д 1 жилийн хугацаатай олгожээ. /хх 4/

 

5б.П.******* нь дээрх хугацаатай хадгаламжийн дансыг хүү Д.н хамт, хамтран эзэмшдэг байсан байх ба тэрээр уг хадгаламж дах 23,702,860.54 төгрөгийг барьцаалан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19,000,000 төгрөгийн онлайн зээл авсан болох нь хугацаат дансны харилцагчийн хуулга, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтаар тогтоогдсон. /хх 5-6/

 

5в.Үүнээс үзэхэд П.******* болон ******* ХК-ийн хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-т Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ гэж заасан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

 

5г. Хариуцагч ******* ХК нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр П.*******аас 2023.05.17-ны өдөр С.*******д олгосон итгэмжлэлийг үндэслэн түүний хадгаламж барьцаалсан онлайн зээл болох үндсэн зээл 19,000,000 төгрөг, хүү 1,052,704.10 төгрөг, нийт 20,052,704.10 төгрөгийн зээлийг хааж, үлдэх 3,632,137 төгрөгийг С.*******д хүлээлгэн өгч, хүүхдийн хугацаатай хадгаламж-ийг энгийн хугацаагүй хадгаламж болгож өөрчилсөн.

 

6.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн мөнгийг буцаан өгч, гэрээнд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй, 12.7Хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй, 12.8Хадгалуулагч нь хадгалагчаас энэ хуулийн 12.3, 12.7-д заасан үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

6а.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч ******* ХК нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр П.*******ын тус банктай байгуулсан хугацаатай мөнгөн хадгаламж-ийн гэрээг цуцлах эрх олгогдоогүй байхад С.*******д олгогдсон итгэмжлэлийг үндэслэн цуцалсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалсантай холбоотой хохирлыг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

6б.Нэхэмжлэгч нь хүү *******ын н хамтран эзэмшдэг 103800280339 тоот хүүхдийн хугацаатай 23,702,860.54 төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийг, өнөөдрийг хүртэлх хүүгийн хамт буцаан сэргээхийг даалгах шаардлагыг гаргасан.

 

6в.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1Хадгалагч хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүү, нөхцөлөөс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан.

 

Хариуцагч ******* ХК нь хүүхдийн хугацаатай хадгаламжийн хүүгийн хэмжээ 12.30 % гэдгийг нийтэд ил тод зарласан байх тул уг хэмжээгээр буюу гэрээ цуцлагдах үед 2023.06.21-ний өдрийн байдлаар хадгаламжинд байршиж байсан 23,702,860.54 төгрөгт ногдох хүүг дээрх хүүгийн хэмжээгээр тооцох нь зүйтэй. /23,702,860.54х12,30%=2,915,451.84төгрөг/

 

7.Иймд нэхэмжлэгч П.*******ын хүү Д.н хамт эзэмшдэг, ******* ХК-ийн 103800280339 тоот хүүхдийн хугацаатай хадгаламжийг, хүү 2,915,451.84 төгрөгийн хамт сэргээхийг, хариуцагч ******* ХК-д даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.

 

8а.Хариуцагч С.******* нь 2023.06.21-ны өдөр П.*******аас олгосон итгэмжлэлийг үндэслэн, П.******* болон ******* ХК-ийн хооронд байгуулагдсан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах хүсэлт гаргасны дагуу банк дээрх гэрээ цуцалсан, ийнхүү гэрээ цуцалснаар уг хадгаламж дах үлдэгдэл болох 3,632,137 төгрөгийг өөрийн өмчлөлд хүлээн авсан болох нь тогтоогдсон.

 

8б.Тэрээр дээрх хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах эрх олгосон, түүнчлэн уг гэрээний дагуу хадгалагдаж буй мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

9.Иймд П.******* болон С.******* нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй хэдий боловч С.******* нь хугацаатай мөнгөн хадгаламж дах 3,632,137 төгрөгийг ******* ХК-иас хүлээн авсан үйл баримт тогтоогдсон тул тэрээр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй тул С.*******аас 3,632,137 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгох нь зүйтэй.

 

10.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 73,064 төгрөг, хариуцагч ******* ХК-иас 131,797 төгрөг, нийт 204,861 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 61,561 төгрөг нөхөж гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т заасантай тус тус нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч П.*******ын хүү Д.н хамт эзэмших, ******* ХК-ийн 103800280339 тоот хүүхдийн хугацаатай хадгаламжийг, хүү болох 2,915,451.84 төгрөгийн хамт сэргээхийг, хариуцагч ******* ХК-д даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан, хариуцагч С.*******аас 3,632,137 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 73,064 төгрөг, хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 131,797 төгрөг, нийт 204,861 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 61,561 төгрөг нөхөж гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ