2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/03637

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 29 191/ШШ2025/03637

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух овогт Тгийн Э /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух Б овогт Нгийн Б /РД: ***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 17,325,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О

Хариуцагч Н.Б

Хариуцагчийн өмгөөлөгч А.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Эгаас Бд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлөгдсөн 17,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, автомашины доголдлыг илрүүлэхтэй холбоотой өөрөөс гарсан зардал 295,000 төгрөг, нийт 17,325,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Талуудын хооронд 2024 оны 07 сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, *** улсын дугаартай Nissan маркийн автомашиныг 17,000,000 төгрөгөөр худалдах, худалдаж авахаар харилцан тохиролцож гэрээ хийсэн байдаг. Уг гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Бд төлсөн. Үлдэх 7,000,000 төгрөгийг Жи эс би Кристал банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулж, зээлдэн авч, мөн Бд шилжүүлсэн байдаг. Нийтдээ 17,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Ийнхүү гэрээнд заасан үүргээ худалдан авагчийн зүгээс биелүүлсэн боловч автомашиныг ашиглаж удаагүй байхад буюу 5-6 хоногийн дараа тухайн автомашин нь хүч алдах, газ өгөхгүй байх зэрэг доголдол илрэх болсон байдаг. Үүнийг мэдсэн даруйд Эгийн зүгээс Вентам моторс төвд хандаж, тухайн автомашинд үзлэг хийлгэсэн байдаг. Уг үзлэгээр эрх бүхий ажиллагаануудаар үзлэг хийгээд, доод яндан мэдрэгчид алдаа заасан, мөн хропыг бүтнээр солих шаардлагатай гэж засварын бүртгэлийн гэдэг баримт хийж хийж өгсөн байдаг. Тус баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. 2024 оны 07 сарын 12-ны өдрийн засварын хуудас хэрэгт авагдсан байгаа. Үүний дагуу тухайн автомашин нь хропны эвдрэлтэй байна гэдэг байдлаар Эгийн хувьд худалдагч Б гомдлын шаардлага гаргаж эхэлсэн байдаг. Бгийн хувьд утсаар ярьж байсан байгаа мэйлээр бичиж байсан байгаа. Тэгэхэд тухайн автомашин нь ямар ч асуудалгүй гэдэг байдлаар хандаад ярьж байсан боловч утсаар ярьсан тэмдэглэл байдаг юм. Тус тэмдэглэлийг хэрэгт өгсөн байгаа. Тэмдэглэлийг судлаад үзэхээр доголдолтой байсан гэдэг нь харагдана. 10,000,000 төгрөгийн хооронд нь хохирлын асуудал ч юм уу асууж өгнө үү гэдэг байдлаар хариуг өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хропны асуудлыг маш өндөр хэмжээний зардал гарч байдаг учраас хувиараа хроп зардаг хувь хүн хуулийн этгээдээс судалж авсан байгаа. Гэтэл тухайн хроп нь орж ирсэн гэж яригддаг. Япон улсад ашиглагдаж байгаа Монгол Улсад орж ирсний хувьд 1,000,000 төгрөгийн 2,800,000-3,000,000 төгрөгийн хэмжээнд бас худалдаж авах боломжтой. Ажлын хөлс нь 500,000 төгрөг гэдэг байдлаар хариугаа өгчихсөн байгаа. Тийм хэмжээнд хропыг солих боломжтой юм байна. Тус үнийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Удаа дараа Бд мэдэгдсэн боловч үнийн дүн дээр талууд тохиролцоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаад хариу тайлбар ирсэн. Хариу тайлбараар ямар ч эвдрэлгүй зүгээр байсан автомашиныг худалдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг байдлаар татгалзсан байгаа. Хариуцагч тал хариу тайлбарын үндэслэлээ нотлох зорилгоор шинжээч томилуулсан. Шүүгчийн захирамжийн дагуу шинжээч томилогдоод Ниссан моторс компанийн 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тухайн автомашин нь хурд авахдаа зарим үед хурд авагдахгүй бага, нэг хурдаар тогтмол явахгүй зэрэг хэвийн бус шинж тэмдгүүд илэрсэн. Туршилтын жолоодон явах үед ийм нөхцөл байдал илэрсэн байгаа. Тэр нөхцөл байдал нь яг энэ автомашины бидний нэхэмжлэл дээр дурдаад байгаа 5-6 хоногийн нөхцөл байдал дээр яг ийм нөхцөл байдал илэрсэн байж байна. Машины аваар нэхэмжлэгч нөхрийн ард унаад явж байхад хаазыг гишгээд хааз авахгүй зарим тохиолдолд бараг явахгүй байх нөхцөл байдал илрээд явж байгаа учраас энийг эрх бүхий шинжээч дүгнэлтээр гаргаж ирсэн байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтээр ийм нөхцөл байдлыг тодруулж өгсөн байгаа гэж үзэж байна. Нэгдүгээрт заалт нь энэ автомашин нь хурдны хайрцагт гэмтэлтэй болохыг тогтоосон гэж байгаа юм. Гэмтлийн шалтгаан нь хурдны тосны түвшин шаардлагатай хэмжээний тухай байх зориулалтын бус тос ашиглах ашигласан тосны чанар муудах зэргээр доголдол гарах зэргээр шалтгаалан үүссэн байх магадлалтай гэсэн үг. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгсэл маань өөрөө тв ти гэж нэрлэгддэг хроптой. Тоосыг яг тогтоосон хугацаанд солих шаардлагатай. Зориулалтын тосыг нэмж байнга хийж өгөх шаардлагатай байгаа. Яг тогтоосон хугацаанд зориулалтын тос хийгээгүйгээс шалтгаалаад дээр нь машины хропд гэмтэл гардаг юм байна гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог юм. Тийм учраас энэ автомашиныг бид мэдээллийн хүрээнд доголдлыг цаашид ашиглах боломжгүй тухайн доголдол нь өөрөө машины гол зүйл нь доголдолтой байгаа учраас гэрээний дагуу төлсөн төлбөр болон өөрөөс гарсан зардлыг гаргуулж авах хүсэлттэй байна. гэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би машинаа unegui.mn дээр наадмаас өмнө зарах гээд тавьсан байгаа. Миний зарах анх тавьж байсан үнэ нь 21,000,000 төгрөг гэж байгаад би наадам дөхөөд ирэхээрээ 19,000,000 төгрөг болгоод тавьсан. Надад хоёр хүүхэд холбогдоод машиныг чинь үзье харъя гээд наадам нь яг урд өдөр 9-ний өдөр үзээд 07 сарын 10-ны өдөр өглөө надаас худалдаж авсан байгаа. Хөдөө орон нутагт наадамд явах гэж байгаа юм, яаралтай явах гэж байна гээд би машинаа бэлэн мөнгөөр 17,000,000 төгрөгөөр өгье гээд бэлэн мөнгөөр 17,000,000 төгрөгөөр зарсан Миний машин нэхэмжлэгчид таалагдаад авахаар болоод 10-ны өглөө бид нар Саппорогийн хадгаламж зээлийн хоршоонд цуг очиж барьцаанд тавьж 7,000,000 төгрөгийг нь авсан байгаа. Тэгэхэд ямар ч миний машинд чек асаагаагүй, тос масло арилгасан, дээр доор цохсон юм байхгүй байсан. 07 сарын 17,18-ны өдөр орой над руу эгч дугуйгаа авъя гэж залгаж байсан. Машин надад байхдаа нэг ч удаа чек нь асаж үзээгүй, өөрөө унадаг байсан. Өвөл гараашинд байдаг байсан. Тухайн цаг үед нь би бүх юмаа хийж явдаг байсан. Яагаад гэвэл өвөл халтирна, гулгана энд тэндээ очоод зогсчхож магадгүй гээд манай нөхөр надаа бүх үйлчилгээг нь дандаа өөрөө очиж хийж өгдөг байсан. Би ерөөсөө ажилдаа яваад л орой ирээд л манай ажил 18 цагаас таардаг байсан. Би орой ажлаас ирээд л гараашинд хийгээд л 11 сард ажлаасаа гараад тэрнээс хойш нэг ч унаагүй. Би хавар үзлэг оношилгоогоор оруулсан. Машиныг авахаар ирчхээд би ганцхан өндгөн тулгуурыг нь л солих магадлалтай, тэгвэл эгч нь өндгөн тулгуурынх нь мөнгө төгрөгийг хасаад, цэвэр чамд 17,000,000 төгрөгөөр өгчихье гэж тохирсон. Нэхэмжлэгч нөхөртэйгөө хөдөөгөөс ирэнгүүтээ дугуйгаа авъя, өндгөн тулгуураа солиулъя гээд Сансарын тэнд нэг хувийн засвар дээр очсон байна лээ. Засварын газарт очиж өндгөн тулгуураа солиулсан гэсэн. Дараа нь надад сайхан яваад ирлээ гэсэн. Тэгэхэд нь би тэгвэл миний дүү буцахдаа дугуйгаа авчихгүй юу даа гэсэн. Өндгөн тулгуураа солиулчихсан чинь энэ машин чинь хааз авахаа больчихлоо гэсэн. Тэгэхээр нь эгч нь мэдэхгүй шүү дээ миний дүү чи наад солиулсан газраасаа асуугаад үз. Яасан юм бэ? Юм хумыг нь цохичихсон юм уу? Та хоёр хөдөө гадаа яваад ирсэн гээд 400-500 километр сайхан яваад ирлээ гээд надтай ярьж байсан. Тэгээд би өндгөн толгойгоо сольсон чинь хааз авахгүй байна гэхээр нь эгч нь тэр талаар ямар ч мэдлэг байхгүй тэрийг чинь ерөөсөө мэдэхгүй байна миний дүү гэсэн Маргааш нь над руу өглөө залгаад өглөө би өглөө нэг юмыг нь солиулахаар хропыг нь соль гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртөө хэлэхэд манай нөхөр ямар ч тийм юм байхгүй, наад машинд чинь ямар ч доголдол ямар ч юм байх ёсгүй, наад хүүхдүүд чинь өөрсдөө хөдөө гадаа явж байгаад юм хумаа цохичихсон ч юм уу яачихсан ч юм ямар ч тийм юм байхгүй байна шүү дээ гэж хэлсэн. Нөгөө охин чинь яана эгч гэж залгаад байхаар нь би за миний дүү яг яах юм бэ юу нь болохгүй байгаа юм мотор нь хэдээр солино гэж байна гээд утсаар ярьсан. Тэгсэн чинь 2,800,000 гэж байна гэсэн. Шүүхэд хандана гэхээр нь бүр болохгүй бол эгч нь тал мөнгийг өгье гэж хэлсэн юм. Тэгэхэд нэхэмжлэгч тэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ хэлцлийн хувьд талууд худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Манай улсад гаалиар орж ирж байгаа машинууд бүгдээрээ хугацаа нь дууссан машинууд орж ирдэг. Тэрийг шинэ машин мэтээр манайхан ойлгодог. Гэтэл тэрийг 2 жилийн хугацаанд үйлчлэгч маань унаад тэрийгээ буцаагаад зарчихсан байгаа. Зарах хугацаандаа үнээ тохиролцоод нэхэмжлэгч авсан юм байна. Хугацаандаа мэдээж хөдөө гадаа ажилладаг ч бай, ойр тойрондоо унадаг ч бай хүмүүс тос масло дугуй гээд бүхий л зүйлүүд зэрэг эрх зүйн байдлаа хангаж явдаг. Гэтэл өнөөдөр эрх зүйн байдал нь дордуулсан зүгээр шууд эвдэрхий хамаг юм нь гоожсон мэтээр яриад байх юм. Тэгэхээр үүн дээр нэг юм хэлээд байна л даа. Аль аль нь мэдэх боломжгүй юмнууд байна. Хроп мотор гэдэг асуудлыг гаднаас нь хараад шинжлээд үзэх боломжгүй. Гэхдээ бид нар гадна талын ерөнхий байдал дээр механик биш автомат машинууд учраас ийм доголдолтой байна, энэ чинь ийм асуудал үүсчихсэн учраас ингэж байна гэдэг байдлаар хэлэх боломжтой байсан. 1600 км явсан байгаа. Дээрээс нь өгсөн километрийг тухайн шинжилгээний дүн гарахад бас тэн дээр давхар гаргаж өгсөн. Тэр хооронд 1600 километр байна. 1600 километр яагаад гарсан бэ гэхээр өгсөн километрийнхээ үнийн дүнгийн заагийг тухайн хавтаст хэрэгт оруулсан учраас энүүгээрээ бид нар бас нотолж байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч ерөөсөө 200 километр газар ч юм уу, нэг орчин тойрондоо унаад юм уу хөдөө гараад явж байтал эвдэрчихсэн юм биш. Яагаад гэвэл хөдөөгөөс орж ирээд сайхан явж ирлээ гэж явж ирчхээд, дугуйгаа авъя гэж яриад, үргэлжлүүлээд өндгөн тулгуураар солиулъя гэж явж байгаад машин гэнэтхэн хөдлөхөө больчихлоо гэдэг асуудал яригдаж байна. Тийм болохоор олон километрийг зааж зүгээр засмал замаар явж байсан машин ямар байх уу, хотгор гүдгэр замаар явж байсан машинууд ямар байх уу? Дээрээс нь өөрсдөө худалдаж авсан мөртлөө шинэ машин мэт биш аль аль нь өөрсдөө хариуцлагаа хүлээгээд машинуудаа авч байгаа. Авангуутаа оношлуулах ёстой. Юунд итгэж аваад байдаг юм. Мөнгө гэдэг юм чинь зүгээр аль алинаас нь гараад олгогдоод байхгүй байх. Зээл өгч байгаа байгууллага ч гэсэн машиныг ерөнхийдөө 10,000,000 төгрөгөөр үнэлэгдээд 7,000,000 төгрөгт өгчих боломжтой юм байна гэсэн байдаг. Машины хамаг юм нь асаад эвдэрчихсэн явдаггүй машинд зээл өгөхгүй байх гэж бодож байна. Тэгтэл машиныхаа дутууг гүйцээгээд өгч байгаа хадгаламж зээлийн хоршоон дээрээс үргэлжлүүлээд энэ хүн хэдэн километр явсан, ямар машин байна вэ үнэхээр хроп моторт нь гэмтэл гарч уу гэж хол замд явах хүн шалгах байсан. Бид нар үнэхээр хроп дотор байгаа тухайн жилийнхээ үйлчилгээг л тухайн жил жилдээ хийлгээд явдаг болохоос биш тухайн машиныг худалдаж авсан хүмүүс нь өөрсдөө хийгээд явдаг. Үнэхээр хол ойр ч явахгүй машиныг хэн ч худалдаад мөнгөө зарлагадаад авахгүй байх. Машиныг өөрөө харж үзэж хүлээгээд авчхаад нэгэнт дотроос гарсан механик техникийн эвдрэлийг өөрсдөө үргэлжлүүлээд тос масло солиод авах ёстой гэж бодож байна. Түүнээс биш үнэхээр тос масло нь гоожчихсон хамаг юм нь асчихсан машиныг өгчхөөд нэг хоног ч бай нилээн хэдэн хоног ч бай авсан хүмүүс үргэлжлүүлээд үйлчилгээгээ өөрсдөө хийлгэх ёстой. Машиныг анх авахдаа оношилгоонд ч оруулаагүй байсан. Тэр үед оношилгоонд оруулсан бол эвдрэл гэмтэл нь харагдах л байсан байх. Гэтэл эвдрэл гэмтэл илэрсэн зүйл харагдахгүй байна. Хадгаламж зээлийн хоршоонд очоод зээл авахдаа ч зүгээр зээл гаргахгүй байх гэж бодож байна. Зээл олгож байгаа газар нь машиныг хараад доголдол байгаа эсэхийг нь шалгаж байж 7,000,000 төгрөгөөр үнэлээд зээл олгосон байх гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал өөрсдөө сервис үйлчилгээг нь үргэлжлүүлээд хийх байсан тул шаардах эрхээ алдсан байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. гэв.

 

4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Т.Эгийн Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Т.Эгаас Т.От олгосон 0307 дугаар Итгэмжлэл /хх-5/, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2433 дугаар Худалдах, худалдан авах гэрээ /хх-6-7/, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №ЗГ0201130112056449 дугаар Зээлийн гэрээ /хх-9-10/, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЗБ0201130112056449 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ад хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-11/, ТТД: 5446139 дугаартай баримт /хх-12/, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 30,000 төгрөгийн зарлагын баримт /хх-13/, Monnis motors засварын бүртгэлийн хуудас /хх-14/, Г.Бий 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн **** тоот дансны хуулга /хх-15/, СиДи /хх-18/,

 

4.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Н.Бгийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-26-27/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

4.3 Шүүхээс: Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/24535 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,

ММ ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн АБ-01/696 дугаар дугаар дүгнэлт /хх-61-73/

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Эгаас хариуцагч Н.Бд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 17,325,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

 

Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн 17,000,000.00 төгрөг, тээврийн хэрэгслийн оношлогоо 30,000.00 төгрөг, засварт 295,000.00 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна./хх 1 дүгээр тал/

 

2.1 Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлаа дараах үндэслэлээр тайлбарласан.Үүнд:

 

Хариуцагч тээврийн хэрэгслийг хямдруулж өгсөн, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөхөд аливаа доголдол илрээгүй, худалдан авагч шалгах үүргээ биелүүлээгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлээгүй гэж маргаж байна./х.х-ийн 33 дугаар тал/

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т.Э нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр 2012 онд үйлдвэрлэсэн, **** улсын дугаартай, ниссан жуке маркийн тээврийн хэрэгслийг 17,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч Н.Бтай харилцан тохиролцсон байна./х.х-ийн 6, 7 дугаар тал/.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар худалдагч Н.Б гэрээний зүйл болох 2012 онд үйлдвэрлэсэн, **** улсын дугаартай ниссан жуке маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч Г.Э үнийг төлсөн үйл баримттай зохигчдын хэн аль нь маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар гэж тус тус зааснаар худалдан авагчид гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

4. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж хуульчилсан ба нэхэмжлэгч 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хөдөө явах хэрэгцээ шаардлагад тулгуурлаж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн ба хариуцагч худалдан авагчийн хэрэгцээ шаардлагыг хангасан гэрээний зүйлийг шилжүүлсэн тухай тайлбарыг шүүхэд гаргаж байна.

 

Гэвч худалдсан тээврийн хэрэгслийн хурдны хайрцагт 5 хоногын дараа эвдрэл гарч энэ тухай хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч тээврийн хэрэгслийг тухай бүрд үзлэг, оношлогоо, шаардлагатай моторын масло, тос тосолгоог хийж гүйцэтгэсэн ба худалдан авагчийг шалгаж авсан тухай эд хөрөнгийн доголдын талаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ММ ХХК-иар гүйцэтгүүлсэн **** улсын дугаартай ниссан жуке маркийн тээврийн хэрэгслийн оношлогоо, үзлэгээр доод яндан мэдрэгч дээр алдаа өгсөн, хурдны хайрцагыг бүтнээр солих шаардлагатай тухай засварын бүртгэлийн хуудаст тэмдэглэгджээ./х.х-ийн 14, 15 дугаар тал/

 

Шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/24535 дугаар захирамжаар 2012 онд үйлдвэрлэсэн **** улсын дугаартай ниссан жуке маркийн тээврийн хэрэгслийн хурдны хайрцагны эвдрэл хэрхэн, хэзээ үүссэн эсэхэд ММ ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээчийн дүгнэлтэд уг тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг гэмтэлтэй, хурдны хайрцагны тосны түвшин байх ёстой хэмжээнээс бага, ашиглаж буй тос шаардлага хангаагүй, үзлэгээр дурдсан Р007 гэмтэл нь CVT хурдны хайрцгыг солих заавартай ба завсварлах, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг ирүүлсэн./х.х-ийн 61-73 дугаар тал/

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээндээ худалдаж байгаа зүйлийн чанарын талаар тухайлан тохиролцсон бол уг тохиролцоогоор, хэрэв тохиролцоогүй тохиолдолд гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах боломжтой бол доголдолгүй гэж ойлгох ба хэрэв гэрээний зүйл доголдолтой бол худалдан авагч нь дээр дурдсан хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч буюу худалдан авагч тал доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байдаг.

 

Энэ тохиолдолд дээр дурдсан хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу талууд гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана. гэж тус тус заажээ.

 

Тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн, тээврийн хэрэгслийг тухай бүрд үзлэг, оношлогоо, шаардлагатай моторын масло, тос тосолгоог хийж гүйцэтгэсэн гэх тайлбараа баримтаар нотлох ёстой боловч энэ талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Мөн худалдан авагчийг шалгах үүргээ биелүүлээгүй тул шаардах эрхгүй гэж маргах боловч уг доголдлыг худалдан авагч мэдсэн буюу мэдэх боломжтой доголдол гэж үзэхгүй ба үүнээс үзэхэд худалдан авагчийн хэрэгцээ шаардлага, зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу доголдолтой хөрөнгө шилжүүлсэн болох нь дээр дурьдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.

 

Нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдолтой холбоотой 295,000.00 төгрөгийн зардлыг нэхэмжилж 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хаан банк ХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулгыг хавсаргасан боловч уг баримтаар ямар үйлчилгээг хэрхэн хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй тул хангах үндэслэлгүй ба харин уг доголдлыг оношлуулахад гарсан зардал болох 30,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна./х.х-ийн 13-15 дугаар тал/

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 17,030,00.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 295,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,575.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 243,100.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дугаар зүйлийн 219.1-т тус тус заасныг үндэслэн хариуцагч Н.Бгаас 17,030,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгож, нэхэмлэлийн шаардлагаас 295,000.00 төгрөгт холбогдох хэгсийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,575.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 243,100.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА