| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/01563/И |
| Дугаар | 191/ШШ2025/03488 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/03488
2025 04 24 191/ШШ2025/03488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт Цгийн Б /РД: ****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах Б ХХК /РД: ***/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, хариуцагчаас 32,820,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:,
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагчийн төлөөлөгч М.Н
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаТ.Маргад-Эрдэнэ нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б миний бие 60,835.000 төгрөгийн өр төлбөртөө Г.Дгийн Б ХХК-ийн баригдаж буй барилгад 100 хувь төлбөрийг төлсөн 1 өрөө орон сууцыг захиалгын гэрээгээр шилжүүлэн авснаар Г.Д бид хоёрын хоорондын өр төлбөрийн зарим хэсгийг барагдуулсанд тооцсон болно. Өөрөөр хэлбэл миний бие 60,835.000 төгрөгийн төлбөртөө ****өрөө орон сууцыг 47,820.000 төгрөгт тооцон шилжүүлэн авч Б ХХК-тай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан болно.
"Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2.1 дэх заалтад орон сууцны төлбөр, тооцоог 31.88 м.кв 1 өрөө орон сууцыг м.кв-ыг нь 1,500.000 төгрөгөөр тооцон 47,820.000 төгрөгөөр үнийг тогтоосон боловч 2.2 дахь заалтаараа дээрх үнийг 40,000.000 /дөчин сая/ төгрөг болгон төлөхөөр бууруулахдаа засал хийгдээгүй байрыг хүлээн авах болон 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 100 хувь бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно.
Гэтэл "Б ХХК-ийн захирал М.Н нь дээрх тохиролцоогоо үл биелүүлэн удаа дараа намайг аргалан худал хэлсээр 2016 он гаргасан бөгөөд манай эхнэрийн бие муудан зайлшгүй мөнгөний хэрэгцээ шаардлага гарч бид гадагшаа эмчилгээнд яаралтай явах болсон учраас түүний аманд багтан тухайн байрыг буцаан худалдах худалдан авах гэрээг байгуулан үнийн дүнгээ өмнөх дүнгээр өөрчлөлгүйгээр тусгасан 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно.
М.Н нь тухайн байрыг Төмөр-очир гэх хүн худалдан авах гэж байна урьдчилгаа төлбөрөө шууд хийгээд үлдэх төлбөрийг манай компанийн зүгээс гэрээнд заасан хугацаанд шилжүүлж эмчилгээний төлбөрийг чинь шийдэж өгье гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу даруй 9 жилийн хугацаанд төлбөрөө төлөлгүй намайг хохироож байна.
Миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б ХХК-аас шаардах эрхээ хэрэгжүүлэхэд 181/ШШ2024/03697 дугаартай шийдвэр саад болохгүй болохыг дурдсан болно.
"Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.1-т заасан худалдагч нь дээрх орон сууцыг нийт 40,000.000 /дөчин сая төгрөг/ төгрөгөөр худалдан авагч талтай харилцан тохиролцон худалдав гэх заалтыг 2.3, 2.4-т заасан хугацааны дотор хэрэгжүүлж дуусгавар болгоно хэмээн үгийн сайхнаар хуурч мэхлэн хийсэн болно. Миний бие энэ хугацаанаас хойш даруй бүтэн 9 жилийн хугацаанд энэ хүний араас хөөцөлдөн аргаа барж орон сууцаа буцаан авъя гэх нэхэмжлэлийг хүртэл гаргасан болно.
Тодруулбал "Б ХХК-ийн захирал М.Н нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан төлбөр тооцоог 40 сая төгрөгийг хурдан өгөх боломжтой мэтээр ойлгуулан гэрээнд дурдсан хэдий ч гэрээний 2.3-т заасан хугацаанд төлбөр тооцоогоо хийгээгүйгээр барахгүй бүхэл бүтэн 9 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болохоо уг барилгатай холбоотой зөвшөөрөл болон бусад нөхцөлүүдийг бүрдүүлсэн болон комисс аваагүй барилгад айлууд оруулснаас улсын комисс ажиллахгүй байгаа гэх тайлбарууд нь нэг талаас хэлцэл хийх үед Ц.Б би төлбөрөө авах боломжгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэж үзэж байна.
Иймээс "Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.1-т заасан худалдагч нь дээрх орон сууцыг нийт 40,000.000 /дөчин сая төгрөг/ төгрөгөөр худалдан авагч талтай харилцан тохиролцон худалдав гэх заалтыг хуурч мэхлэн хийсэн гэж үзэж хүчин төгөлдөр бусд тооцуулж, тухайн үеийн ханш болох м.квын нэгж үнэ болох 1,500.000 төгрөгөөр тооцон төлбөрийг 47,820.000 төгрөгөөс 15 сая төгрөгийг хасаж үлдэгдэл төлбөр болох 32,820.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Бы "Б ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд, Ц.Бы шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Учир нь талууд 2016 оны 12 сарын 08 өдөр "Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 1, 2 гэсэн хүснэгтэд зааснаар хамгийн сүүлд 2017 оны 05 сарын 31 өдөр төлбөрийг үүргийг шаардах эрх нь нээгдсэн. Үүнээс хойш 3 жилийн хугацаа буюу 2020 оны 05 сарын 31 өдрөөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; " байхаар заасан.
Ц.Б Б ХХК-ын хооронд байгуулагдсан 2016 оны 12 сарын 16/12/08 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ" нь хуурч мэхэлсэн, тулган шаардаж байгуулсан гэрээ биш. Тухайн үед барилга угсралтын ажил удаашралтай явагдаж байгаа тул өөрийн эзэмшлийн байрыг борлуулж өгөх тухай хүсэлт гаргаж, тус байрыг "Б ХХК-ийн М.Н миний нэр дээр шилжүүлж дээрх гэрээг байгуулсан. Дээрх гэрээний 2.1-д зааснаар талууд тус байрыг 40,000,000 төгрөгөөр тохиролцсон. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно." гэж заасны дагуу Ц.Бы хүсэлт, саналынх нь үндсэн дээр зөвшөөрч байгуулсан гэрээ юм. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж зааснаар бид гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлж, гэрээгээ чөлөөтэй байгуулсан.
Тус байрыг Б.Тт худалдсан бөгөөд Б.Тоос 2016 оны 12 сарын 26 өдөр 15,000,000 төгрөгийг Ц.Бы Хаан банкны ***** тоот дансанд шилжүүлсэн.
Гэтэл Ц.Б нь байрны 1 м.кв-ын үнийг 1,5 сая төгрөгөөр үнэлж гэрээгээр тохиролцоогүй, үндэслэлгүй үнийн дүнг шаардаж байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ... худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж ...... гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д " Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл;-д иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан. Гэтэл Ц.Бы эрх нь 32,820,000 төгрөгийн хэмжээгээр зөрчигдөөгүй. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3- т" Хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх байдлаар иргэний эрхийг хамгаална гэж заасан. Иймд манай компани нь 32,820,000 төгрөг төлөх үүрэггүй. 6. Ц.Бы гаргасан нэхэмжлэл, үйлдэл нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд Ц.Бы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.1-д 40 сая төгрөг гэж заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулан, 32,820,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ц.Бы шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Учир нь талууд 2016 оны 12 сарын 08 өдөр "Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 1, 2 гэсэн хүснэгтэд зааснаар хамгийн сүүлд 2017 оны 05 сарын 31 өдөр төлбөрийг үүргийг шаардах эрх нь нээгдсэн. Үүнээс хойш 3 жилийн хугацаа буюу 2020 оны 05 сарын 31 өдрөөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д " Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;" байхаар заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэрээний 2,1-д заасан 40 сая төгрөг гэж заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан байж алданги гэж зүйл ярьж байна. Хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл биш. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлж нэгдэн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээний талууд агуулгаа өөрсдөө тодорхойлж гарын үсэг зурсан тул 40,000,000 төгрөг гэсэн заалт хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Тус байрыг Б.Тт худалдсан бөгөөд Б.Тоос 2016 оны 12 сарын 26 өдөр 15,000,000 төгрөгийг Ц.Бы Хаан банкны ***** тоот дансанд шилжүүлсэн. Мөн 2017 оны 09 сарын 08-ны өдөр "Б" ХХК-ийн захирал М.Нын Хаан банкны *** тоот данснаас Ц.Бы эхнэр Ц.Цолмонсүрэнгийн Хаан банкны ***** тоот дансанд 2,000,000 төгрөг шилжүүлж, гэрээний дагуу төлөх 40,000,000 төгрөгөөс 17,000,000 төгрөгийг Ц.Бд төлсөн. Одоо 23,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Холбогдох баримтуудыг шүүхэд гарган өгсөн. Ц.Б нь нэхэмжлэлдээ байрны 1 м.кв-ын үнийг 1,5 сая төгрөгөөр үнэлж гэрээгээр тохиролцоогүй, үндэслэлгүй үнийн дүнг шаардаж байгаа тул үндэслэлгүй үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "Худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлнө гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д " Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл;"-д иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан. Гэтэл Ц.Бы эрх нь 32,820,000 төгрөгийн хэмжээгээр зөрчигдөөгүй. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т Хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх" байдлаар иргэний эрхийг хамгаална гэж заасан. Иймд манай компани нь 32,820,000 төгрөг төлөх үүрэггүй. Ц.Бы гаргасан нэхэмжлэл, үйлдэл нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ." гэж заасантай нийцэхгүй байна. Шударга бусаар илүү мөнгө нэхэж байна. Иймд Ц.Бы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/03697 дугаар шийдвэр /хх-4-11/,
4.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Б ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-30-31/, хариу тайлбар /хх-32-33/, М.Нын Хаан банк дахь *** тоот дансны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуулга /хх-49-50/, Ц.Бы Хаан банк дахь ***** тоот дансны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дансны хуулга /хх-51/, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ /хх-52-53/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Б ХХК-нд холбогдуулан 32,820,000,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б ХХК-нд холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг гэрээний үүрэгт хариуцагчаас үнийн зөрүү 7,820,000.00 төгрөг, үлдэгдэл төлбөр 25,000,000.00 төгрөг, нийт 32,820,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна./х.х--ийн 1, 2 дугаар тал/
2.1 Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлаа дараа үндэслэлээр тайлбарласан.Үүнд:
Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлд зааснаар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээний үүргийг шаардах эрх үүссэн ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр ба хариуцагч гэрээний үүрэгт нийт 17,000,000.00 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл төлбөр 23,000,000.00 төгрөг үлдээд байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна./х.х-ийн 32, 33 дугаар тал/
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ц.Б нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03/115а тоот Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, 31,88 м.кв талбайг 1,500,000.00 төгрөгөөр тооцож, нийт 47,820,000.00 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, улмаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16/12/08 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр уг захиалсан орон сууцыг буцаан Б ХХК-д нийт 40,000,000.00 төгрөгөөр хямдруулан худалдахаар харилцан тохиролцсон байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ц.Б нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 15,000,000.00 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000.00 төгрөг, нийт 17,000,000.00 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан, уг орон сууцыг хариуцагч Б ХХК нь Б.Тт дамжуулан худалдсан, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03/115а тоот Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16/12/08 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г зохигчид байгуулсан эсэх үйл баримттай зохигчдын хэн аль нь маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Талууд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16/12/08 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр үнийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 15,000.000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000.00 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000.00 төгрөгийг тус тус хэсэгчилж төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар гэж тус тус зааснаар худалдан авагчид гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
4. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заажээ.
Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээндээ худалдаж байгаа зүйлийн чанарын талаар тухайлан тохиролцсон бол уг тохиролцоогоор, хэрэв тохиролцоогүй тохиолдолд гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах боломжтой бол доголдолгүй гэж ойлгоно.
Гэхдээ талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа худалдах, худалдан авах гэрээний зүйлийг доголдолтой байсан гэж маргаагүй бөгөөд гагцхүү хариуцагч буюу худалдан авагчийг үнийг төлөөгүй гэж маргасан.Тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.
Гэтэл хариуцагч Б ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16/12/08 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үнийг хэсэгчилж төлөх үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор гүйцэтгээгүй тул хариуцагч Б ХХК нь гэрээний үүрэгт 23,000,000.00 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.
5. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. мөн хуулийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хэлцлийн агуулгыг үгийн шууд утгаар тайлбарлахаар хуульчилсан ба зохигчдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16/12/08 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний гол нөхцөл буюу үнийг талууд 40,000,000.00 төгрөг байхаар харилцан тохиролцсон ба нэхэмжлэгч уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-т Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь хууран мэхэлж хийсэн хэлцэл гэх үндэслэл, шаардлагатай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа баримтаар нотлоогүй.
6. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. мөн хуулийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; байхаар тус тус хуульчилсан.
Хариуцагч Б ХХК болон түүний өмгөөлөгч зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16/12/08 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр шаардах эрх тоолбол хуульд заасан хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. гэж маргасан.
Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа худалдах худалдан авах гэрээний үүргийг хариуцагч Б ХХК-иас зохих ёсоор байнга шаардаж байсан гэх тайлбарыг гаргасан ба хариуцагч Б ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөрийг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан олгохоо илэрхийлж албан тоот өгсөн тухай тайлбарыг хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд захирал М.Н үүнийг үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж зааснаар зохигчид үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан үйл баримттай хэн аль нь маргаагүй тул үүргийг хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж шүүх дүгнэв.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,000,000.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,820,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,012.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 272,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг үндэслэн хариуцагч Б ХХК-аас 23,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,820,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,012.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 272,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА