Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 112/ШШ2025/0024

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Б, 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Дд холбогдох татварын улсын байцаагч Б.Дгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0043864 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аюурзана, хариуцагч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага:

 

1.1. Татварын улсын байцаагч Б.Дгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0043864 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

 

2.1. Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Д нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0043864 дугаартай шийтгэлийн хуудсаар тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Бд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

2.2. Нэхэмжлэгч нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч  2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн байна.

 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2024 оны Орон нутгийн сонгуулиар Есөнбулаг сумын Баяншанд багаас нэр дэвшсэн байгаа. Тухайн үед Сонгуулийн хуулийн дагуу дансаа нээлгээд Аудитын газар бүртгүүлсэн хэдий ч он гараад 03 сард Татварын газраас над руу яриад өөр дээр чинь зөрчил ирсэн байна, ирж мэдүүлэг өг гэж ярьсан. Тэгээд очоод мэдүүлэг өгөхөд сонгуулийн дансаа Аудитын газар бүртгүүлээгүй гэсэн зөрчил ирсэн гэхээр нь тайлбар өгсөн. Энэний дагуу би Аудитын газар очоод надад ямар нэгэн зөрчил байхгүй, хуулийнхаа хугацаанд гаргаж өгсөн материал юмнуудаа үзье, танай дээр өгөх юмнуудаа өгсөн байж байгаа гэж хэлсэн. Татварын дансаа нээлгэсэн ч ирж бүртгүүлээгүй гэсэн тайлбар өгсөн. Тухайн үед данс нээлгэсэн өдрөө Аудитын газар дээр очиж дансаа бүртгүүлсэн байгаа. Дансаа нээлгэчхээд сурталчилгааны мэдээлэл хийх штаб дээр үйл ажиллагаатай байсан учраас штаб дээр ирсэн. Тухайн үед Наран багт цуг нэр дэвшиж байсан Баттөр гэж хүн чи дансаа бүртгүүлсэн үү? би одоо бүртгүүлэх гэж байна цуг явъя гээд Аудитын газар руу явсан. Дансаа бүртгүүлэхээр тухайн үед өрөөнд нь ороход 3-4 хүн байсан санагдаж байна. Оочир дарааллын дагуу хүлээгээд байж байхад та ямар тухай явж байна гээд асуухад нь би материал өгөх гэсэн юм гэж хэлээд өгсөн. Миний материалыг авч үзчихээд тухайн үед нь юм хэлээгүй учраас материалыг бүртгэчихсэн гэж ойлгосон. 03 сард очиж үзэхэд гарын үсэг зурагдаагүй байна гэж байсан. Тухайн үед би гарын үсэг зурдаг байсныг мэдээгүй, энэ дээр таны гарын үсэг алга байна, таны ямар нэгэн материал дутуу юм уу, эсвэл та өгөөгүй байх магадлалтай гэсэн. Миний зүгээс өөрт чинь өгсөн, тухайн үед нэр дэвшиж байгаа байдалтай хүмүүс байж байсан. Тэгээд миний материалыг ширээн дээрээ аваад тавьчихаар нь болчихсон юм байна гээд гараад явчихсан. Тэр үед нь гарын үсэг зурдаг байсныг мэдсэн бол би хүлээж зогсож байгаад гарын үсгээ зурах байсан гэж Аудитын мэргэжилтэнд хэлсэн байгаа. Надад ямар нэгэн байдлаар санаатай ч юм уу, санамсаргүйгээр Сонгуулийн хуулийг зөрчье гэсэн бодол байхгүй байсан. 2020 онд мөн адил Есөнбулаг сумын Иргэдийн хуралд нэр дэвшиж байсан, ер нь бол дансаа нээлгэдэг, бүртгүүлэх, хөндлөнгийн аудитаар оруулж баталгаажуулж Аудитын газар хүлээлгэж өгдөг энэ процессыг би мэддэг байсан. Тиймд татварын байцаагчийн шийтгэврийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

3.2. Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Төрийн Аудитын газрын 05 албан тоотоор нийцлийн тайланг Татварын газарт ирүүлсэн байгаа. Уг албан тоотоор 03 дугаар сарын 21-ний өдөр ажил дээр гомдол мэдээлэл хуваарилагдаж орж ирсэн. Энэ гомдол мэдээллийн дагуу иргэн Б-ээс мэдүүлэг авч, зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэргийнхээ дагуу Төрийн Аудитын газар руу албан бичиг хүргүүлээд сонгуулийн зардлын данс бүртгүүлсэн эсэх талаар тодруулахад бүртгүүлээгүй байна гэдэг албан бичиг ирсэн. Уг албан бичгийн дагуу зөрчил үйлдсэн гэж шийдвэрлэсэн байгаа гэжээ.  

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аюурзана шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...Төрийн Аудитын газрын 05 дугаар дугаар албан бичгээр гомдол мэдээллийг ирүүлсэн байдаг. Гэтэл гомдол мэдээлэл албан бичгээр ирчихсэн байхад эрх бүхий албан тушаалтнаас цахимаар болон амаар гомдол мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл үйлдсэн нь Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн ..... шийтгэлийн хуудсан дээр тухайн гомдол гаргах байгууллага албан тушаалтныг дурдахдаа буруу тодорхойлж өгсөн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гомдол гаргана гэдэг байдлаар тусгах байтал энийг Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана гэдэг байдлаар буруу томьёолж оруулж ирж байгаа нь бичмэл захиргааны актад тавигдах шаардлагыг зөрчсөн байгаа ... Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж байгаа. Б.Бийн тухайд тухайн сонгуулийн зардлын дансыг нээлгэсэн өдрөө Төрийн Аудитын байгууллагын байранд нь очоод зүүн гар тийшээ эргээд нүдний шилтэй залууд холбогдох баримтаа өгсөн талаараа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн байдаг. Тухайн үед Б гэдэг хүнтэй хамт явж байсан талаар мөн энэ нөхцөл байдлыг тодруулж Б гэдэг хүн нь мэдүүлэг өгсөн байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Б.Бийн дээрх үйлдэл нь тухайн хэм хэмжээний актыг биелүүлэх талаар зохих арга хэмжээг авч байсныг илтгэж байгаа бөгөөд түүнчлэн хараат бус аудитаар дүгнэлт гаргуулж санхүүжилтээ тайлагнаж байгаа зэрэг үйлдлүүд нь зөрчил гаргах санаа сэдэл зорилгогүй байсныг нь илтгэж байгаа гэж үзэж байна. Харин зөвхөн тухайн цаг хугацаанд гарын үсэг зурах байсан эсэх асуудалд төөрөгдөл үүсэж байсныг анхаарч үзээсэй гэж шүүгчээс хүсэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-т зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлохыг хуульчилчихсан байгаа. Гэтэл зөрчлийн хэргийн материалд Төрийн Аудитын газраас ирүүлсэн нотолсон гэх 05 дугаартай албан тоот нь байдаггүй. Шүүх дээр ирээд тухайн 05 албан тоотыг нотлох баримтаар албадан гаргуулаад үзэхээр тухайн албан тоот нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Татвар газарт Аудитаас ирсэн албан тоот байдаг юм байна. Тэгэхээр энэ албан тоотыг тухайн зөрчлийн хэрэгт хавсаргаагүй нь нотлох баримтгүйгээр шийтгэлийг оногдуулсан болохыг харуулж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхийг илрүүлсэн эс үгүй бол гомдол мэдээллийг хүлээн авснаас ажлын 5 өдрийн дотор шалгаж, зөрчлийн хэрэг нээх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл 01 дүгээр сарын 10-нд ирчихсэн гомдолд 03 дугаар сарын 24-нд зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж харж байна. Тухайн зөрчлийн хэрэг эрх бүхий албан тушаалтанд 2025 оны 03 дугаар сарын 24-нд хуваарилагдаж ирсэн гэж байх шиг байна. Гэтэл энэ нь өөрөө 01 дүгээр сарын 10-нд ирсэн албан бичгээр ирчихсэн гомдол, мэдээлэл байгаад байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дээр цаг хугацаа хожимдуулж шалга, хүлээлгэж байгаад шалга гэсэн асуудал байхгүй. Хуульд зааснаар 5 хоногийн дотор эхлээд ажиллагаа хийх эсэхээ шийдэх ёстой ийм процессын алдаа энд гарсан байна гэж үзэж байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж эд зүйлийг хурааж авсан тэмдэглэл тогтоолуудыг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал байгаа гэж харж байгаа. Хавтаст хэргийн 39-рт жишээлбэл хариуцагчийн тайлбар байдаг. Хариуцагчийн тайлбар дээр 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15:00 минутад гомдлыг хүлээн авч ажиллагаа явуулаад 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зөрчлийн хэрэг нээлээ гэж байгаа юм. Тэгэхээр энэ дээр цаг хугацааны хувьд зөрүүтэй боломжгүй байдлууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд харагдаж байгаа. Мөн энэ гомдол, тайлбар болон зөрчлийн хэрэг үүсгэж байгаа асуудлууд дээр энэ гомдлын дугаар нь 2025 09 эсвэл 2025 07 гэсэн зөрүүтэй баримтууд авагдаад байна. Хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагт тухайн гомдол мэдээллийг хүлээж авлаа гэсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл байдаг. Тэмдэглэл дээр Говь-Алтай аймгийн Төрийн Аудитын газрын 05 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээллийг шалгаад оллоо гэж байгаа юм. Гэтэл эрх бүхий албан тушаалтны тогтоол дээр гомдол мэдээллийг шалгаад оллоо гэж байгаа боловч тухайн зөрчлийн хэрэгт 05 дугаартай тогтоол нь байдаггүй. Хавтаст хэргийн 132 дугаар хуудсанд эрх бүхий албан тушаалтны прокуророос зөвшөөрөл авах тухай санал байдаг. Энэ саналыг үйлдэхдээ 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэж огноолж үйлдээд агуулгад нь Татварын газрын бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Б.Д би 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гэж байгаа юм. Тэгэхээр 25-нд энэ санал боловсруулагдаж байгаа юм бол 28-нд болж байгаа үйл ажиллагааг энэ дээр яаж тодорхойлж оруулж ирээд байгаа нь өөрөө ойлгомжгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд энэ баримтуудыг нөхөж хийсэн юм уу? эсвэл зөрчиж хийсэн юм уу гэдэг эргэлзээ бүхий баримтууд хэрэгт авагдсан байдаг. Ийм учраас нэгдүгээрт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон болон хуулийг зөрчсөн, хоёрдугаарт нь Б.Бийн Төрийн Аудитын байгууллага дээр очоод дансаа бүртгүүлэх гээд яваад байгаа үйлдэл зэрэг нь зөрчлийн шинжгүй байгаа учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна гэжээ.

 

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манай талаас шүүхийн нэршил дээр гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ прокуророос тийм чиглэл өгөөгүй, манай эрх бүхий албан тушаалтнаас шүүхийн нэршлийг сум дундын болсон гэж хэлж өгсөн байгаа. Мөн хугацаа гэж ярьж байна. Манайд Аудитын газраас 01 дүгээр сарын 10-ны өдөр тайлан ирсэн байдаг. Ирсэн өдрөөс 5 хоног дотроо багтаан шалгана гэсэн байдаг. Гэхдээ 426 хүнийг 5 өдөрт шалгах боломжгүй. Манай талаас хөөн хэлэлцэх хугацааг ярьж байгаа. 10,000,000 төгрөгөөс дээш хөөн хэлэлцэх хугацаа 1-2 жил байна гээд ярьж байгаа. Манайх уг хугацааг үндэслээд дотоод ажлаа зохицуулаад 3 сард хуваарилаад төлөвлөгөө батлуулаад явдаг байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

1. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0043864 дүгээр шийтгэлийн хуудсаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Бд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн зардлын дансаа Төрийн аудитын байгууллагад бүртгүүлээгүй  гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

 

2. Гомдол гаргагч иргэн Б.Бээс: “...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хас банкинд нэр дэвшигчийн хандивын данс нээлгэж, тухайн өдөр мөн нэр дэвшиж байсан Н.Б-тэй хамт явж байхдаа Төрийн аудитын газар материалаа өгсөн” гэж,

Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс: “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, уг хуулийг ноцтой зөрчсөн, татварын улсын байцаагч зөрчлийн хэргээ бүрэн нотолж чадаагүй” гэж

хариуцагч татварын улсын байцаагч Б.Дгаас “...гомдол, мэдээлэл надад 3 дугаар сарын 24-нд шилжиж ирсэн, би хугацаанд нь багтаагаад шалгаад шийтгэл ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулсан, нотлох баримтууд нь байгаа.” гэж тус тус маргадаг.

 

3. Иргэн Б.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намаас нэр дэвшсэн байх бөгөөд Хас банкинд сонгуулийн зардлын данс нээсэн байна.

 

4. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн нэрийн данс бүртгүүлсэн эсэх талаар нийцлийн аудит хийсэн байдаг.

 

5. Энэхүү нийцлийн аудитын тайлангаа Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн байна. Энэ тайланг хүлээн авснаас хойш татварын улсын байцаагч нарт мөн оны 03 дугаар сарын сүүлээр хуваарилсан гэх боловч энэ нөхцөл байдлыг нотлох баримт зөрчлийн хэрэгт хавсаргагдаагүй байна.

Тодруулбал, хариуцагч Б.Д 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” гэсэн тэмдэглэл үйлдэхдээ “...Төрийн аудитын газраас ирүүлсэн 05 дугаар албан бичгээр ирүүлсэн ... тайланд...” гэж дурджээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 2.4.зөрчлийн хэрэг нээх, 3-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус заасан байна.

Үүнээс дүгнэвэл эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч татварын улсын байцаагч, түүнийг удирдах албан тушаалтнаас холбогдох байгууллагаас ирүүлсэн зөрчлийн тухай мэдээллийг хүлээн авсан боловч 74 хоногийн дараа зөрчлийн хэргийг нээж шалгасан нь хуулийн дээрх заалтад нийцсэнгүй. Зөрчлийн хэрэг нээж шалгах нийт хугацаа 58 хоног байхаар хуульчлагдсан, үүн дээр  зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн аваад хянах ажлын 5 хоногийг нэмбэл, нийт 63 орчим хоногт зөрчил шалган шийдвэрлэгдсэн байх зохицуулалттай.

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хуульд нийцүүлэн шалган шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан хугацааг зөрчсөн нөхцөлд түүний гаргасан эрх зүйн акт буюу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үр дагавартай байдаг.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ээс: “Уг зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй учир хойшлуулж шалгасан” гэх тайлбар гаргадаг.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-т Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно, 7-т Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно гэж заасан тул гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг үүсгэхдээ уг хугацааг тоолно. Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа болон эрх бүхий албан тушаалтан хүлээн авсан гомдол мэдээллээ шалгах ажлын 5 хоногийн хугацаа нь өөр өөр ойлголт юм. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх нөхцөл байдал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан хугацааг хойшлуулах, сунгах үндэслэл болохгүй.

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан.

Зөрчлийн хэргийг нээж түүнийг шалган тогтоохдоо эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж зөрчлийн хэргийг нотлох үүргээ хэрэгжүүлдэг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-т Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ, 2-т Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно гэж хуульчилсан.

Хариуцагчаас ямар этгээдийн гомдол, мэдээллээр хэрэг үүсгэсэн болох нотлох баримтыг хавсаргаагүй.

8. Гомдол гаргагчаас: “...би Төрийн аудитын газар материалаа өгсөн” гэж хариуцагч татварын улсын байцаагчид холбогдогчийн мэдүүлэг өгчээ. Энэ мэдүүлгийг шалган тогтоож нотлох ажиллагаа бүрэн хийгдээгүй байна.

Энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий байна. Тодруулбал: Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар нэр дэвшигчдийн хандивын дансны мэдээллийг хүлээн авахдаа өөрөө биечлэн ирэх, гарын үсэг зурж хүлээлгэн өгөх шаардлага тавиагүй болох нь хэрэгт авагдсан зардлын дансны бүртгэл хийсэн баримтаар тогтоогдож байна. Энэ тохиолдолд гомдол гаргагчийг данс бүртгүүлэх материалаа хүлээлгэн өгөөгүй гэж шууд дүгнэн буруутгах боломжгүй. Гомдол гаргагчтай хамт тус аймгийн Төрийн аудитын газар очсон гэх гэрч Н.Б 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 35 минутад материалаа хүлээлгэн өгч гарын үсэг зурсан байх бөгөөд үүнээс хойшхи цаг хугацаагаар уг  бүртгэлийг хянаж үзвэл: мөн өдрийн 17 цаг 46 минут гэснээс хойш цаг тэмдэглээгүй нэрс бичсэн, 149 гэсэн дугаараас 154 хүртэл нэр, бүртгэл хийлгүй цэг тавьж хоосон зай орхисон, мөн 154 гэсэн дугаараас дахин 17 цаг 00 минут гэж бүртгэсэн зэрэг орхигдсон болон нөхсөн нөхцөл байдлуудыг тодруулж шалгаагүй байдаг. 

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан тул зөрчил үйлдэгдсэн гэх нөхцөл байдлыг бүрэн нотлоогүй тохиолдолд гомдол гаргагчид хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.

9. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-т Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ, 2-т Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно., 4.15 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ., 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: гэсэнд тус тус нийцэхгүй байх тул Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0043864 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Б-ийн гомдлын шаардлагыг хангаж, тус аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Д-гийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0043864 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.ОЮУНСҮРЭН