| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/08443/И |
| Дугаар | 191/ШШ2025/04996 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/04996
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, “МО” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт байрлах, “ИА” ХХК /РД:.../-д холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 292,656,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, өөрөө буулгагч төрлийн техникийн үнэ 375,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б…., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхзул, Ц.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваабилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “МО” ХХК нь “Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г “ИА” ХХК-тай байгуулсан. Тус гэрээний нэмэлт гэрээ №1-д заасны дагуу “МО” ХХК нь MNS216:2006, ОХУ-ын Гост 305-81 3-0,2-35 болон Л-0,2-62 марктай техникийн шаардлага хангасан 52,000 литр дизель түлшийг нийлүүлэх, “ИА” ХХК нь дээрх түлшний нэгжийн үнэ 3,200 төгрөг буюу нийт 166,400,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Түүнчлэн, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “МО” ХХК нь 26,000 литр дезиль түлшийг нэмж нийлүүлсэн бөгөөд “ИА” ХХК нийт 249,600,000 төгрөгийн 78,000 литр дизель түлшийг зээлээр худалдан авсан билээ.
Нэхэмжлэгч нь “Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан үүргээ бүрэн биелүүлсэн буюу нийт 78,000 литр дизель түлшийг “ИА” ХХК-д нийлүүлсэн тул худалдан авагч талаас нийлүүлсэн барааны төлбөр, алдангийг гаргуулж авах дараах хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнд, Талуудын байгуулсан “Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.3.-т Худалдан авагч нь тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк, түүний жолоочийн нэрс бүртгэлийг гаргаж өгөх ба уг бүртгэлээр бүтээгдэхүүн олгоно гэж заасны дагуу “МО” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 26,000 литр, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 26,000 литр, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 26,000 литр буюу нийт 78,000 литр дизель түлшийг нийлүүлсэн.
“МО” ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч “ИА” ХХК нь төлбөрөө төлөөгүй өдийг хүрсэн. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шшжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” хэмээн заасныг үндэслэн гэрээний төлбөр 249,600,000 төгрөгийг “Их асур” ХХК-аас гаргуулах.
“МО” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээгээр тохиролцсоны дагуу 78,000 литр дизель түлшийг нийлүүлсэн ба худалдан авагчийн төлбөр төлөх хугацаа дуусгавар болсон. Гэвч өнөөдрийг хүртэл “ИА” ХХК нь төлбөрөө төлөөгүй бөгөөд талуудын байгуулсан гэрээний 4.1”-д “Талууд гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор гэрээний хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,15 хувьтай тэнцэх алданги төлнө мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1”-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4.-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг тус тус үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,15 хувьтай тэнцэх хоногийн алданги 374,400 төгрөг бөгөөд 115 хоногийн алданги 43,056,000 төгрөг тул нийт 292,656,000 төгрөгийг “ИА” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч “ИА”” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа:
“...”Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан өдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөр “МО” ХХК-ний нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлдээ “ИА” ХХК-ний эзэмшлийн 00-00 УНР улсын дугаар бүхий HOWO маркийн, ZZ5707S3840АJ загварын, өөрөө буулгагч төрлийн техникийг компанийн гүйцэтгэх захирал Б.Х...-ын нэр дээрээ шилжүүлэн авч, тухайн тээврийн хэрэгслийнхээ үнэнд түлш нийлүүлсэн байдаг. Харин шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнийн дүнд нийлүүлбэл зохих түлш хүрээгүй байхдаа нийлүүлэлтээ зогсоосноор бидний дунд маргаан үүссэн. Гэтэл өнөөдөр түлшний төлбөр дахин нэхэмжилж шүүхэд хандаад, тухайн машиныг ямар шаардлагаар эзэмшлийг шилжүүлэн авснаа тодорхойлохгүй байх тул энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Тухайн тээврийн хэрэгслийг “ИА” ХХК банкны санхүүгийн түрээсийн гэрээгээр 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөр 375,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд гэрээний хугацааны эцэст түрээсийн төлбөр хүүг багтаан 475,239,378 төгрөгөөр төлөх байсан. ИА” ХХК нь хугацааны өмнө үүргийг биелүүлэн төлбөрийг төлж, тээврийн хэрэгслийн өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Тээврийн хэрэгслийн ашигласан байдал (ажил үүргийн улирлын шинж чанараас хамаарч 2 зун буюу нийт 1 жил ашигласан) мөн санхүүгийн түрээсийн гэрээг хугацааны өмнө төлөлтийг дуусгавар болгосон байдлыг харгалзан анх худалдах худалдан авах гэрээний үнэ буюу 375,000,000 төгрөгийг төлүүлэх сөрөг шаардлага гаргаж байна.” гэжээ.
3.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:
“Нэхэмжлэгч нь 00-000 УНР улсын дугаартай, HOWO, ZZ5707S3840АJ марк, загварын, LZZ5EMSD9MB075501 арлын дугаартай, өөрөө буулгагч төрлийн техникийг хариуцагчийн өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэн өгөх, хариуцагч нь 292,659,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МО” ХХК нь хариуцагч “ИА” ХХК-д холбогдуулан, Гэрээний үүрэгт нийт 292,656,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь өөрөө буулгагч төрлийн техникийн үнэ 375,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “МО” ХХК нь 00-00 УНР улсын дугаартай, HOWO, ZZ5707S3840АJ марк, загварын, LZZ5EMSD9MB075501 арлын дугаартай, өөрөө буулгагч төрлийн техникийг хариуцагч “ИА” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэн өгөх, хариуцагч “ИА” ХХК нь 292,659,000 төгрөгийг нэхэмжлэгч “МО” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн нь талуудын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,621,230 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,032,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 810,615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 1,016,475 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”МО” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ИА” ХХК-д холбогдох, Гэрээний үүрэгт нийт 292,656,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, өөрөө буулгагч төрлийн техникийн үнэ 375,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэгч “МО” ХХК нь 00-00 УНР улсын дугаартай, HOWO, ZZ5707S3840АJ марк, загварын, LZZ5EMSD9MB075501 арлын дугаартай, өөрөө буулгагч төрлийн техникийг хариуцагч “ИА” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэн өгөх, хариуцагч “ИА” ХХК нь 292,659,000 төгрөгийг нэхэмжлэгч “МО” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 1,621,230 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 5 дугаар сарын 22-ны төлсөн 2,032,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИА” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 810,615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МО” ХХК-д, нэхэмжлэгч “МО” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,016,475 төгрөгийг гаргуулж хариуцагч “ИА” ХХК-д олгосугай.
4.Зохигчид захирамжид давж заалдах болон, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА