Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 112/ШШ2025/0023

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Х.С,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.О-д холбогдох татварын улсын байцаагч А.О-ын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0043862 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага:

 

1.1. Татварын улсын байцаагч А.О-ын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0043862 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

 

2.1. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.О нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 0043862 дугаартай шийтгэлийн хуудсаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Х.С-т Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

2.2. Нэхэмжлэгч нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч  2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн байна.

 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.О-ын 2025 оны 04 сарын 25-ны өдрийн 0043862 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж, уг хэрэгт оролцож байна. Х.С-ын хувьд 2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багаас Монгол Ардын Намаас нэр дэвшсэн. Татварын байгууллагын зүгээс уг нэр дэвшигчтэй холбоотойгоор хандивын дансны банкны нэрийг Төрийн аудитын байгууллагад бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1-ийн 2.1 дэх хэсгийг баримтлан, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг нээн, шийтгэлийн хуудсыг үйлдэн, 10,000 нэгжийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна. Гэвч уг шийтгэлийн хуудсыг гаргах явцад зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчиж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд С-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Тухайн зөрчлийг хянан шийдвэрлэсэн байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагч А.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар, сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансаа санал авах өдрөөс хорь 20 хоногийн өмнө Төрийн аудитын газарт бүртгүүлсэн байх үүрэгтэй. Гэвч нэр дэвшигч нь дээрх хуульд заасан хугацаанд зардлын дансаа бүртгүүлээгүй учраас шийтгэлийн хуудас оногдуулсан гэжээ.

 

 3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нийцлэлийн аудитын байгууллагаас ирүүлсэн аудитын тайлан 01 дүгээр сарын 10-ны өдөр ирсэн. Тус тайланд зааснаар, 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2 жил байна гэж тусгасан байсан. Тэгвэл энэхүү аудитын тайланд эдгээр 23 хүнийг шалгаад, зөвхөн 23 хүний хувьд шийтгэлийн хуудас үйлдсэн гэж байна. Энэ хүмүүс нь тухайн үед зардлын дансаа нээгээгүй байсан. Харин дансаа нээлгээгүй байсан хүмүүст хамаарах зөрчилд үйлчлэх хууль зүйн зүйлчлэл, зохицуулалт тухайн үед байгаагүй юм. Харин шийтгэлийн хуудас үйлдсэн 3 иргэн нь зардлын дансаа нээлгэсэн хэдий ч аудитад бүртгүүлээгүй байсан тул зөрчил болох нөхцөл байдал үүссэн. Иймд бид холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд зөрчлийг шалгаж, шалгалтын ажиллагааг явуулсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0043862 дугаар шийтгэлийн хуудсаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Х.С-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн зардлын дансаа Төрийн аудитын байгууллагад бүртгүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

 

2. Гомдол гаргагч иргэн Х.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэмээс: “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, уг хуулийг ноцтой зөрчсөн, татварын улсын байцаагч зөрчлийн хэргээ бүрэн нотолж чадаагүй” гэж,

хариуцагч татварын улсын байцаагч А.О-аас “...гомдол, мэдээлэл надад 3 дугаар сарын 21-нд шилжиж ирсэн, би хугацаанд нь багтаагаад шалгаад шийтгэл ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулсан, нотлох баримтууд нь байгаа.” гэж тус тус маргадаг.

 

3. Иргэн Х.С- нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намаас нэр дэвшсэн байх бөгөөд Төрийн банкинд сонгуулийн зардлын данс нээсэн байна.

 

4. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн нэрийн данс бүртгүүлсэн эсэх талаар нийцлийн аудит хийсэн байдаг.

 

5. Энэхүү нийцлийн аудитын тайлангаа Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн байна. Энэ тайланг хүлээн авснаас хойш татварын улсын байцаагч нарт мөн оны 03 дугаар сарын сүүлээр хуваарилсан гэх боловч энэ нөхцөл байдлыг нотлох баримт зөрчлийн хэрэгт хавсаргагдаагүй байна.

Тодруулбал, хариуцагч А.О 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” гэсэн тэмдэглэл үйлдэхдээ “...Төрийн аудитын газраас ирүүлсэн 05 дугаар албан бичгээр ирүүлсэн ... тайланд...” гэж дурджээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 2.4.зөрчлийн хэрэг нээх., 3-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус заасан байна.

Үүнээс дүгнэвэл эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч татварын улсын байцаагч, түүнийг удирдах албан тушаалтнаас холбогдох байгууллагаас ирүүлсэн зөрчлийн тухай мэдээллийг хүлээн авсан боловч зөрчлийн хэргийг 75 хоногийн дараа нээж шалгасан нь хуулийн дээрх заалтад нийцсэнгүй. Зөрчлийн хэрэг нээж шалгах нийт хугацаа 58 хоног байхаар хуульчлагдсан, үүн дээр  зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн аваад хянах 5 /ажлын/ хоногийг нэмбэл, нийт 63 орчим хоногт зөрчил шалган шийдвэрлэгдсэн байх зохицуулалттай.

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хуульд нийцүүлэн шалган шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан хугацааг зөрчсөн нөхцөлд түүний гаргасан эрх зүйн акт буюу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үр дагавартай байдаг.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ээс: “Уг зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй учир хойшлуулж шалгасан” гэх тайлбар гаргадаг.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-т Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно, 7-т Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно гэж заасан тул гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг үүсгэхдээ уг хугацааг тоолно. Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа болон эрх бүхий албан тушаалтан хүлээн авсан гомдол мэдээллээ шалгах ажлын 5 хоногийн хугацаа нь өөр өөр ойлголт юм. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх нөхцөл байдал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан хугацааг хойшлуулах, сунгах үндэслэл болохгүй.

 

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан.

Зөрчлийн хэргийг нээж түүнийг шалган тогтоохдоо эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж зөрчлийн хэргийг нотлох үүргээ хэрэгжүүлдэг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-т Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ., 2-т Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно гэж хуульчилсан.

Хариуцагчаас ямар этгээдийн гомдол, мэдээллээр хэрэг үүсгэсэн болох нотлох баримтыг хавсаргаагүй.

 

8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2-т Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно., 4.15 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ., 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гэсэнд тус тус нийцэхгүй байх тул Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0043862 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Х.С-ын гомдлын шаардлагыг хангаж, Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0043862 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.ОЮУНСҮРЭН